Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ АНХНЫ МУЗЕЙН ТҮҮХ

БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Холбооны ерөнхий газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр тушаалаар БНМАУ-ын холбоо байгуулагдсаны 70 жилийн ой, Холбоочдын 3 дугаар зөвлөгөөнийг угтаж, Харилцаа холбооны түүхэн замналын музей байгуулахаар хуучин ашиглаж байсан байр (Анхны холбооны байшин)-нд бүрэн засвар хийж, 1991 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 84 дүгээр тушаалаар орон тоог баталж, музейг байгуулж, 1997 он хүртэл ажиллуулсан.

Монгол Улсын анхны Ерөнхий сайд, сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 оны 12 дугаар сарын 15-нд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталж, Монгол Улсад телефон холбоо үүсэж хөгжсөн хэмээн үздэг билээ. Энэхүү телефон станц нь өнөөгийн Бөхийн өргөөний баруун хойно байрлах нэг давхар ногоон байшинд (“Анхны холбооны байшин”) байрлаж байсан. Орос загварын энэхүү байшинд Оросын худалдааны төлөөлөгчийн газар байрлаж байсан ба зүүн талд нь Цогт Бадамжавын байшин (эдүгээ нийслэл Улаанбаатарын музей байгаа) зэрэг оросууд суурьшиж байсан гэдэг. Ерөнхий сайд Т. Намнансүрэнд 1913 онд Орос Улсын II Николай хааны бэлэглэсэн 25 хэрэглэгчийн багтаамжтай телефон станцыг цахилгаан, байр, угсарч ажиллуулах хүний боломжийг харгалзан энэхүү байшинд суурилуулсан тухай түүх болон дурдатгал номуудад тэмдэглэсэн байдаг. Дээрх телефон станц нь 1934 он хүртэл энэ байшиндаа ажиллаж 60, 100, 300, 500 дугаараар тус тус өргөтгөн ажиллуулж байгаад зай талбай бага учраас цаашид өргөтгөх боломжгүй болж, 1934 онд одоогийн Төв шуудан буй байшингийн суурин дээр радио холбоо, цахилгаан мэдээ, телефон холбоо, шуудангийн үйлчилгээ бүхий холбооны нэгдсэн хоёр давхар байшинд шилжүүлсэн түүхтэй. 

Музейн үзмэрийг цуглуулах, барилгын засвар хийлгэх ажлын комиссыг байгуулж, түр захиргааны даргаар Б.Нямааг томилсон. Гавьяат холбоочин С.Бат-Очир, ахмад холбоочин С.Пүрэвдорж, Б.Нямаа нар 1990 онд санаачилга гарган идэвхтэй ажиллаж, музей байгуулах байшингийн засвар, үзмэр цуглуулах, хорго тавиур хийх ажил бүтэн жил гаруй үргэлжилжээ. Музейн санг ахмадуудаас ихэвчлэн фото материал, холбооны ахуйн хэрэглээний төхөөрөмжүүдийг цуглуулж, аймгууд, ашиглалтын газруудаас зарим ашиглагдаж байсан бага оврын төхөөрөмжүүдийг нэгтгэн бүрдүүлжээ. Холбооны музей байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улаанбаатар хотын даргатай уулзаж, анхны телефон станц ажиллаж байсан байшинг музейн зорилгоор ашиглуулахаар тохиролцсон байдаг.

1996 онд Улаанбаатар хотын захиргаанаас байр чөлөөлөх албан шаардлагын дагуу 1997 онд тус байрыг чөлөөлж, 4 дүгээр хороололд байрлах АТС-36-ийн автоматын танхимд шилжүүлэн байрлуулжээ. Харилцаа холбооны түүхэн замналын музей нь үзүүлэнгийн хоёр танхимтай, 280 гаруй үзмэр, 100 гаруй номын фонд, 2 мянгаад фото зургийн сан, 38 хавтас эх баримтын цуглуулагатайгаар стандартын бус байранд үйл ажиллагаагаа явуулсаар байв.

Харилцаа холбооны энэхүү түүхэн байшингийн өнөөгийн ашиглалтад анхаарал хандуулан 2003 оноос хойш өмчлөгч-эзэмшигчийн талаар судалж, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үндсэн дээр 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилга (441 м.кв)-ыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр тогтсон билээ. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дүгээр тушаалаар аймаг нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт газрын жагсаалтыг баталсан ба “ Анхны холбооны байшин” нэрээр түүх, соёлын өвд бүртгэгдээд байна. 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 532 дугаар тогтоолоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах Анхны холбооны барилга, холбогдох газар эзэмших эрхийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд бүртгэхийг зөвшөөрсөн. Тус барилгыг зориулалтын дагуу ашиглах шийдвэр гарсны дагуу цаашид ашиглалт, хамгаалалт, сэргээн засах, аюулгүй байдлыг хангаж, музейг ашиглалтад оруулж, харилцаа холбооны соёлын эд өлгийн зүйлсийг дэлгэн олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.

Зураг 1. 1914 онд Өргөө хот дахь засгийн газрын телефон холбоо байгуулагдсан булан

Зураг 2.  1920 иод онуудад Харилцаа холбооны салбарт ашиглагдаж байсан тамга, тэмдэг

Зураг 3. 1934 онд суурилуулсан Радио холбооны түүхчилсэн булан

Зураг 4. Монгол улсад 1924 оноос шуудангийн марк хэрэглэж эхэлсэн булан

Зураг 5.  1990 –ээд оноос харилцаа холбооны салбарт цахим систем нэвтэрч эхэлсэн булан

Зураг 6. 1889 оноос Өргөө хотыг дайран байгуулсан телеграфын сүлжээний Чойр дахь салбарын байшингийн туурь одоо Дорноговь аймгийн Дулаанжаргалан сумын нутаг байгаа байдал.

Зураг 7. Сургуулийн хүүхдүүд музейн идэвхтэй зочид

Зураг 8. 1914 онд Өргөот дахь Засийн газрын телефон станц ажиллаж байсан, 1991 онд харилцаа холбооны түүхийн музей нээгдэж байсан байшин

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 209 тоот. Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтсийн Ахлах нягтлан бодогч О.Золзаяа, цахим шуудан: zolzaya@mddic.gov.mn, утас: 51-266211