Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

MDDIC

ИННОВАЦ, ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН “NEW NORMAL 2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Инновацын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжиж, шинэ мэдлэгийг олон нийтэд хүргэх, практикт хэрэгжих боломжтой шийдэл болгоход чиглэсэн “New Normal 2026” эрдэм шинжилгээний хурал 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд зохион байгуулагдлаа. Инновацын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шинэ санал санаачлагыг шалгаруулах, дэмжих зорилготой тус эрдэм шинжилгээний хурал “Инновац, хиймэл оюун, их өгөгдөл, ногоон дата төв” сэдвийн хүрээнд эрдэмтэн, багш, судлаач, оюутнуудын дунд болж, 2 төрөлд нийт 58 бүтээл ирүүлснээс 5 шүүгчийн нэгдсэн дүн, урьдчилсан шалгаруулалтаар шалгарсан шилдэг 18 эрдэм шинжилгээний бүтээл танилцуулагдлаа. Үүнээс 6 бүтээл шалгарч, 2 төрөлд түрүүлсэн нэг, нэг бүтээл 10 дугаар сарын 20-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд болох нэгдсэн хуралдаанд оролцох юм. Эрдэм шинжилгээний хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 13-аас 18-ны өдрүүдэд дараах 4 чиглэлээр үргэлжлэн зохион байгуулагдана.1.Олон улсын харилцаа2.Анагаах ухаан3.Хот төлөвлөлт4.Хүнс, хөдөө аж ахуй

ИННОВАЦ, ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН “NEW NORMAL 2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО Read More »

Монгол Улсын Үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул төсөлд урьдчилсан санал авах хүсэлт ирүүлэхийг урьж байна

Монгол Улсын Их Хурлын 2026 оны “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 35 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл болон цаашдын сонгон шалгаруулалтын шаардлагыг боловсруулах ажлын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс хиймэл дагуул, сансрын технологи, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, сонирхсон байгууллагуудыг “Үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул төсөлд урьдчилсан санал авах хүсэлт”-ийн хүрээнд санал, хүсэлтээ 2026 оны 11 дүгээр сарын 10-ны дотор ирүүлэхийг урьж байна. In order to ensure the implementation of Resolution No. 35 of 2026 of the State Great Khural (Parliament) of Mongolia, entitled “On Certain Measures to Be Taken Regarding the National Satellite Launch Project,” and to develop an updated feasibility study and the requirements for the subsequent selection process for the national telecommunications satellite launch project, the Ministry of Digital Development, Innovation and Communications of Mongolia (MDDIC) invites interested organizations operating in the fields of satellites, space technology, and telecommunications to submit their proposals and expressions of interest under the “Request for Preliminary Proposals for the National Telecommunications Satellite Project” (as attached below) no later than 10 November 2026.

Монгол Улсын Үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул төсөлд урьдчилсан санал авах хүсэлт ирүүлэхийг урьж байна Read More »

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙМЭЛ ОЮУНЫГ ХАРИУЦЛАГАТАЙ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

“Хиймэл оюуны засаглалын практик: Бодит хэрэглээ, институцийн чадавх, инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдэвт бүс нутаг хоорондын бага хурал 2026 оны 10 дугаар сарын 6–8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо зохион байгуулагдлаа. Тус хурлыг Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам (MOIS), Үндэсний мэдээллийн нийгмийн агентлаг (NIA), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Астанагийн Төрийн албаны хаб (ACSH) хамтран зохион байгуулж, Кавказ, Төв Ази, Ази, Номхон далайн бүс нутгийн нийт 14 улсын төлөөлөгчид, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд оролцов. Хурлаар төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд хиймэл оюуныг нэвтрүүлж буй улс орнуудын бодлого, бодит хэрэглээ, сайн туршлага, хэрэгжилтийн сорилтыг хэлэлцэж, хариуцлагатай, хүртээмжтэй, хүн төвтэй хиймэл оюуны засаглалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Хиймэл оюуныг төрийн байгууллагуудад үр дүнтэй нэвтрүүлэхэд өгөгдлийн чанар, байгууллагын бэлэн байдал, хүний нөөцийн чадавх, мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Энэхүү хурал нь хиймэл оюуны засаглал, төрийн үйлчилгээний инновацын чиглэлээр олон улсын сайн туршлагыг судлах, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх боломжийг бүрдүүллээ.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙМЭЛ ОЮУНЫГ ХАРИУЦЛАГАТАЙ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО Read More »

“TRAVESIM.MN” КОМПАНИ ПАРА НААДАМД ОРОЛЦОХ БАГ, ТАМИРЧДАД ДАТА СИМ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Азийн V Пара наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдыг дэмжих хүрээнд “traveSIM.mn” буюу “Клоуд сольюшнс” ХХК Япон улсад ашиглах 10GB дата бүхий, 15 хоногийн хүчинтэй хугацаатай 98 ширхэг дата симийг үнэ төлбөргүй олголоо. Дата сим хүлээлгэн өгөх арга хэмжээ 2026 оны аравдугаар сарын 9-ний өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хүндэтгэлийн танхимд боллоо. Арга хэмжээнд ЦХИХХЯ-ны Сайдын зөвлөх С.Оюунбилэг, Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав, Монголын Үндэсний Паралимпын Хорооны ТУЗ-ийн гишүүн С.Эрдэнэтуяа, нарийн бичгийн дарга Б.Ууганхүү болон “Клоуд сольюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэмбэрэл нар оролцов. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү дэмжлэгээрээ баг, тамирчдын Япон улсад байх хугацааны харилцаа холбооны хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулж байна. Мөн цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон түүний салбар, харьяа байгууллагуудтай бусад чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

“TRAVESIM.MN” КОМПАНИ ПАРА НААДАМД ОРОЛЦОХ БАГ, ТАМИРЧДАД ДАТА СИМ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ Read More »

ХҮҮХДИЙН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Номин нарын 9 гишүүнээс 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Тус хуулийн төсөл нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах, цахим орчинд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэж байна. 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхээс хязгаарлах, 13–16 насны хүүхдэд насанд нь тохирсон хамгаалалтын тохиргоотойгоор ашиглуулах зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн нийгмийн сүлжээ болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүрэг, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын оролцоог тодорхойлохоор тусгасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон холбогдох салбарын төлөөллийн саналыг авч, олон улсын туршлага, судалгаанд тулгуурласан байна. Уг зохицуулалт нь хүүхдийг нийгмийн сүлжээнээс бүрэн тусгаарлах бус, нас, хөгжлийн онцлогт нь нийцсэн, хамгаалалттай орчинд цахим оролцоог нь хангахад чиглэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар цахим дарамт, заналхийлэл, хүчирхийлэл, мөлжлөг зэрэг эрсдэлээс хүүхдийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оролцогч талуудын үүрэг, хариуцлага тодорхой болно.

ХҮҮХДИЙН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ Read More »

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” бодлогын хүрээнд ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Үндэсний дата төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангах эх үүсвэрийг ашиглалтад оруулах ажил эхэллээ. Энэ хүрээнд төрийн өгөгдлийн дэд бүтцийн эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, мэдээллийн сангийн аюулгүй байдал болон төрийн цахим үйлчилгээний тасралтгүй ажиллагааг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн Өгөгдлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, өгөгдлийн аюулгүй байдал, чанар, хүртээмжийг хангах, өгөгдлийг хариуцлагатай ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна. Цаашид өгөгдөл хадгалах дэд бүтцээс гадна их өгөгдөл боловсруулах, GPU-д суурилсан хиймэл оюуны тооцоолол хийх дэд бүтцийг хөгжүүлж, төрийн шийдвэр гаргалтад өгөгдөлд суурилсан аргачлалыг ашиглах боломжийг бүрдүүлнэ. Төрийн мэдээллийн сангийн аюулгүй байдал, цахим үйлчилгээний тасралтгүй ажиллагаа Үндэсний дата төвийн хамт олны өдөр тутмын хариуцлагатай ажил дээр тулгуурладаг. Та бүхний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлье. Ногоон шилжилт, хиймэл оюуны дэд бүтцийн дараагийн шатыг та бүхэнтэй хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ Read More »

E-MONGOLIA СИСТЕМД #AI ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЖ, ШИНЭ ҮЕИЙН ДАТА ТӨВИЙН ТЕХНОЛОГИЙГ НУТАГШУУЛНА

Казахстан Улсын Астана хотод ажиллах үеэр хиймэл оюун, төрийн цахим үйлчилгээ болон дата төвийн дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй шийдэл, туршлагатай танилцлаа. Alem.ai болон National Information Technologies JSC (NITEC)-ийн төлөөлөлтэй уулзаж, E-Mongolia системийг хиймэл оюунд суурилсан шийдлээр хөгжүүлэх, Монгол хэлний Sovereign LLM, AI Agent зэрэг технологийг төрийн цахим үйлчилгээнд ашиглах талуудын сайн туршлагуудаас хуваалцав. Мөн Астана хотод хэрэгжиж буй Төв Азийн анхны Tier IV түвшний “AKASHI” дата төвийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Тус төв нь 100 МВт хүртэлх хүчин чадал, 4,224 серверийн рактай байхаар төлөвлөгдсөн бөгөөд өндөр нягтралтай сервер, шингэн хөргөлт, цахилгаан хангамжийн нөөцлөлтийн шийдлүүдийг ашиглаж байна. Эдгээр технологийн шийдэл, туршлагыг Монгол Улсын AI болон ногоон дата төвийн дэд бүтцийн хөгжилд тусгаж, цаашид Казахстантай GovTech, хиймэл оюун болон төрийн цахим үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагааг бодит төсөлд шилжүүлнэ.

E-MONGOLIA СИСТЕМД #AI ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЖ, ШИНЭ ҮЕИЙН ДАТА ТӨВИЙН ТЕХНОЛОГИЙГ НУТАГШУУЛНА Read More »

МОНГОЛ, ТӨВ АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН ДИЖИТАЛ КОРИДОРЫГ БИЙ БОЛГОНО

Казахстан Улсын Шадар сайд, Хиймэл оюун, цахим хөгжлийн сайд Жаслан Мадиевын урилгаар “Kazakhstan is the Eurasian AI Hub” уриан дор болсон AI & Digital Bridge 2026 олон улсын технологийн форумд оролцлоо. Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нээж, NVIDIA-ийн дэд ерөнхийлөгч Рев Лебаредян, General Atlantic-ийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Билл Форд, E-Space-ийн үүсгэн байгуулагч Грег Уайлер, 01.AI болон Sinovation Ventures-ийн Кай-Фу Ли нар форумд оролцож, хиймэл оюуны дэд бүтэц, дата төв, GovTech, кибер аюулгүй байдал, хөрөнгө оруулалт, технологийн хүний нөөцийн асуудлаар үзэл бодлоо хуваалцав. Мөн Хиймэл оюун, цахим хөгжлийн яамны төлөөлөлтэй уулзан хоёр улсын хамтын ажиллагааг хиймэл оюун, төрийн цахим үйлчилгээ, сансрын технологи, стартап экосистем болон дижитал холболтын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Түүнчлэн хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах эрх зүйн зохицуулалт, насны хязгаарлалтын технологийн шийдэл, хамтарсан хиймэл дагуулын төсөл болон Astana Hub, Монголын стартап экосистемийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Хоёр улсын дижитал холболтыг өргөжүүлэх хүрээнд Казахстан болон Төв Азиар дамжин Европт хүрэх олон улсын сүлжээний шинэ гарц бий болгох боломжийг холбогдох байгууллагуудын түвшинд судлахаар тохиролцов. Энэ нь Монгол Улсад олон улсын интернэт сүлжээний найдвартай байдлыг нэмэгдүүлж, Монгол, Төв Ази, Европыг холбосон дижитал коридор хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

МОНГОЛ, ТӨВ АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН ДИЖИТАЛ КОРИДОРЫГ БИЙ БОЛГОНО Read More »

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж, хоёр улсын мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Хуралдаанаар “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025–2027 онд эрчимжүүлэх замын зураглал”-ын талаар хэлэлцэж, хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтыг тохиролцов. Мөн хоёр улсын газарзүйн байршлын давуу талд суурилан олон улсын сүлжээний шинэ гарц бий болгох, харилцаа холбооны дэд бүтцээр холбогдох боломжит чиглэл, маршрутыг хамтран судлахаар болов. Энэ нь Монгол Улсыг Төв Ази болон цаашлаад Европын олон улсын сүлжээтэй холбох боломжийг нэмэгдүүлэх юм. Хуралдааны үр дүнд дээрх болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарсан протокол байгуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын чиглэлүүдийг тодорхойллоо.

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ Read More »

“ЦАХИМ ГОВЬ-АЛТАЙ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Цахим Говь-Алтай” арга хэмжээ зохион байгуулагдаж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Говь-Алтай аймагт ажиллан, орон нутгийн удирдлага болон салбарын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, цахим шилжилт, мэдээлэл холбооны дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Уулзалтын үеэр Говь-Алтай аймгийн “Цахим-Алтай” хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн цахим үйлчилгээний хүртээмж, мэдээлэл холбооны дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Сайд Ч.Номин салбарын бодлого, төрийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиглэлийн талаар мэдээлэл өгч, орон нутгийн хэрэгцээ, онцлогт нийцсэн цахим үйлчилгээг хөгжүүлэх, мэдээлэл холбооны дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангахын ач холбогдлыг онцоллоо. Уулзалтаар Говь-Алтай аймгийн 10 суманд гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний нөөц болон сэрүүн уур амьсгалын онцлогт тулгуурлан ногоон дата төв байгуулах боломжийг судлах, мэдээлэл холбооны сүлжээний найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. Мөн “Монгол Шуудан” ХК-ийн Баруун бүсийн шуудан, логистикийн дэд төвийг Говь-Алтай аймагт байгуулах асуудлыг хэлэлцэж, аймгийн зүгээс тус төвийн байршилд шаардлагатай газар, инженерийн дэд бүтцийн асуудлыг 2027 онд багтаан шийдвэрлэхээр тохиролцов. Тус төв нь Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий, Өвөрхангай зэрэг долоон аймгийн шуудан, тээвэр, логистикийн урсгалыг Улаанбаатар хоттой холбох баруун бүсийн зангилаа болох юм. Ашиглалтад орсноор 11 мянга гаруй аж ахуйн нэгж, 650 мянга орчим иргэнд хүрэх шуудан, логистикийн үйлчилгээг илүү шуурхай, үр ашигтай зохион байгуулах боломж бүрдэх юм. Говь-Алтай аймаг бүх суманд “ХУРДАН” цэг байгуулж, киоск төхөөрөмжөөр төрийн үйлчилгээг 24/7 горимоор хүргэж байна. Одоогоор 18 суманд 20 “ХУРДАН” цэг, 23 киоск ажиллаж, 2026 он гарснаас хойш 9,800 гаруй төрийн үйлчилгээ үзүүлэн, 1,000 гаруй иргэнд биечлэн зөвлөгөө, мэдээлэл хүргэжээ. Тус аймаг төрийн цахим үйлчилгээний чиглэлээр 2025 оны шилдэг аймгаар шалгарсан байна. “Цахим Говь-Алтай” арга хэмжээний хүрээнд аймгийн төрийн байгууллагын удирдлагууд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт “ХУРДАН” цэгийн үйл ажиллагаа, киоск төхөөрөмжийн ашиглалт, цахим бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээг цахимаар хүргэх боломж, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч байна. Мөн хүүхэд, залуучуудын дижитал ур чадвар, техник сэтгэлгээ, инновацын сонирхлыг дэмжих зорилгоор STEAM боловсрол, хиймэл оюун, дрон технологийн өдөрлөг, сургалт, тэмцээнийг зохион байгууллаа. Өдөрлөгт 300 гаруй багш, сурагч оролцож, дрон технологи, дрон кодчилол, хиймэл оюун, STEAM боловсролын чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэн, дөрвөн төрлийн тэмцээнд өрсөлдсөн байна. Аймгийн хэмжээнд 166 үүрэн холбооны антен, 1,550 км газрын болон 103 км агаарын шилэн кабелийн сүлжээ ажиллаж байна. “Монголын цахилгаан холбоо” ХК 10 суманд гурвалсан үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр иргэд интернэт, телевиз, суурин холбооны үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэх юм. “Цахим Говь-Алтай” арга хэмжээ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ мэдээлэл холбооны дэд бүтэц, шинэ технологийн хэрэглээ, шуудан, логистикийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр салбар болон орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.

“ЦАХИМ ГОВЬ-АЛТАЙ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Read More »