Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

June 2026

Сонгинохайрхан дүүргийн 250 цагдаагийн алба хаагчийг кибер аюулгүй байдлын сургалтад хамрууллаа

ЦХИХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөл, ЦЕГ хамтран Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчдад зориулсан “Кибер аюулгүй байдлын чиглэлээр чадавхжуулах” сургалтыг өнөөдөр /2026.06.08/ зохион байгууллаа. Сургалтад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 250 алба хаагч хамрагдаж, цахим гэмт хэргийн нөхцөл байдал, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дижитал нотлох баримтыг шинжлэн судлах, хиймэл оюунд суурилсан халдлагаас хамгаалах зэрэг сэдвээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв. Арга хэмжээний үеэр энэ сарын 02-03-нд зохион байгуулсан “ЦЕГ-ын мөрдөгчдийн цахим залилан болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр”-т амжилттай хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мөрдөгчдөд гэрчилгээ гардууллаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин сургалтыг нээж хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор батлагдсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй болгох үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж байгаа билээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 99 дүгээр захирамжаар шүүх, хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбоотой нөхцөл байдлыг үнэлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Цагдаагийн алба хаагчдыг кибер аюулгүй байдлын чиглэлээр чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Кибер аюулгүй байдлын мэдлэг нь зөвхөн мэдээллийн технологийн ажилтны бус, хууль сахиулах байгууллагын алба хаагч бүрийн эзэмших суурь чадамж болсон” хэмээн онцоллоо. Монгол Улс НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр 193 орноос 46-д, Ази, Номхон далайн бүс нутагт 13 дугаарт эрэмбэлэгдэж байна. Гэвч цахим хөгжилтэй зэрэгцэн цахим орчин дахь эрсдэл нэмэгдсээр буй. Өнөөдөр бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн 35 хувь буюу гурван гэмт хэрэг тутмын нэг нь цахим орчинд үйлдэгдэж байна. Мөн кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж буй нэг мөрдөгчид 120-150 хэрэг ногдож буй нь бусад чиглэлийн мөрдөгчдийн ачааллаас хоёр дахин өндөр байна. Иймээс цагдаагийн алба хаагчдын кибер аюулгүй байдлын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, цагдаагийн алба хаагчдыг үе шаттай хамруулах юм.

Сонгинохайрхан дүүргийн 250 цагдаагийн алба хаагчийг кибер аюулгүй байдлын сургалтад хамрууллаа Read More »

Үндэсний дата төвийн Нөөц төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Дархан-Уул аймагт байрлах Үндэсний дата төвийн Нөөц төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Үндэсний дата төвийн Нөөц төв нь гамшгийн үеийн нөхөн сэргээх төв бөгөөд төрийн мэдээллийн системүүдийн нөөцлөлтийг хийж ажилладаг чухал дэд бүтэц юм. Үндэсний дата төвийн гүйцэтгэх захирал Б.Дагвасүмбэрэл, “И Монгол академи” УТҮГ-ын гүйцэтгэх захирал М.Баттулгар нар байлцав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-II” төслийн хүрээнд Үндэсний дата төвийн Нөөц төвийн Б өрөөг тоноглож GPU сервер байршуулах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр төрийн байгууллагууд, их дээд сургууль, судалгааны байгууллага болон хиймэл оюуны гарааны бизнесүүдэд зориулсан туршилт, хөгжүүлэлтийн sandbox орчин бүрдэнэ. Энэ нь хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт, өгөгдөл боловсруулах чиглэлийн шийдлүүдийг бодит мэдээллийн системд шууд нөлөөлөхгүйгээр аюулгүй, хяналттай орчинд турших боломжийг олгоно. Мөн GPU серверийн тооцоолон бодох хүчин чадлыг ашиглан дотоодын хөгжүүлэгчид, стартапууд хиймэл оюуны бүтээгдэхүүн, үйлчилгээ, загваруудаа хөгжүүлэх, турших, сайжруулах нөхцөл бүрдэх юм. Үндэсний дата төвийн Нөөц төвийг ийнхүү өргөтгөн хөгжүүлснээр зөвхөн гамшгийн үеийн нөхөн сэргээх чадавхыг нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсад хиймэл оюун, их өгөгдөлд суурилсан инновацын шинэ орчныг бүрдүүлэх чухал алхам болно.

Үндэсний дата төвийн Нөөц төвийн үйл ажиллагаатай танилцлаа Read More »

Өсвөрийн “Хурдан” клубийн тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Дархан-Уул аймагт томилолтоор ажиллах үеэрээ Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, “Хурдан” клубийн үйл ажиллагаатай танилцлаа.  Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Б.Борхүү, Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Соёлмаа нар хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулав. Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн хувьд аймгийн хэмжээнд 13 цэгт “Хурдан” төвийг байгуулснаар иргэд, хуулийн этгээдэд 43 байгууллагын 451 үйлчилгээг шуурхай хүргэж байгаа юм. Мөн 7 байршилд Киоск төхөөрөмж байрлуулж, үйлчилгээ үзүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хурдан” клуб 32, ахмад настнуудын “Хурдан” клуб 73 гишүүнтэйгээр мэдээллийн технологийн багш нартай хамтран цахим ур чадварын сургалтууд зохион байгуулан ажиллаж буй. Харин өсвөрийн “Хурдан” клубт 135 хүүхэд нэгдэж, мэдээллийн технологи, цахим спорт, илтгэх ур чадварын сургалтад хамрагдаж, цахим ур чадвараа дээшлүүлж байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвдөө Дроны туршилтын бүс буюу Сургалт хөгжлийн танхим байгуулсан нь хүүхдүүд өдөр бүр дрон жолоодож, ур чадвар, амжилтаа ахиулахад үр дүнтэй ажил болжээ. Үүний нэг жишээ нь, өсвөрийн “Хурдан” клубийн тамирчин Г.Тэнтэргэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 05 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болсон “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл /дрон/-ийн жолоодлогын олон улсын тэмцээн”-ий багийн ангилалд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн юм. Мөн багаараа Төвийн бүсийн аваргаар шалгарсан бөгөөд ирэх сарын 27-28-нд БНСУ-ын Инчон хотноо болох Дроны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 8 тамирчин Drone soccer, Tiny whoop төрлөөр оролцохоор бэлтгэлээ хийж байна. “Хурдан” клубийн хүүхдүүддээ баяр хүргэж, эх орноо төлөөлөн өрсөлдөх тэмцээнд нь амжилт хүслээ.

Өсвөрийн “Хурдан” клубийн тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ Read More »

“OpenTech Executive Summit 2026” арга хэмжээнд салбарын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг нээлттэй хэлэлцүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Монголын мэдээллийн технологийн салбарын удирдах түвшний “OpenTech Executive Summit 2026” арга хэмжээнд салбарын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар нээлттэй хэлэлцүүллээ. Мөн Үндэсний дата төвийн гүйцэтгэх захирал Б.Дагвасүмбэрэл, “И Монгол академи” УТҮГ-ын гүйцэтгэх захирал М.Баттулга нар оролцов. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын бодлогын тэргүүлэх чиглэлүүд нь: -Өгөгдөлд суурилсан цахим эдийн засгийг хөгжүүлэх; -Хиймэл оюунд суурилсан инновацыг дэмжих; -Цахим засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх; -Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулж, нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог хамгаалах; -Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх. Манай улсын хувьд цаг агаар, газар зүйн байршлын давуу талаа ашиглаж ногоон буюу сэргээгдэх эрчим хүчний найдвартай, хямд эх үүсвэр бүхий дата төвүүд байгуулах боломжтой. Тиймээс үүний хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, дата төвийн үйл ажиллагаа эрхлэгчдэд: –         Эрчим хүчний бие даасан байдал; –         Харилцаа холбооны сүлжээний бие даасан байдал; –         Хууль, эрх зүйн хараат бус байдлыг нэг дор санал болгож буй. Өгөгдөлд суурилсан цахим эдийн засгийг хөгжүүлэх гол бодлого юунд чиглэх вэ? Өнөөдөр Монголд хамгийн том өгөгдлийн эзэмшигч, хэрэглэгч нь төр байна. Иймээс өгөгдлийн төвлөрсөн бүтцээс тархмал дэд бүтцэд шилжих шилжилтийн ажлыг эхлүүлсэн бөгөөд төр-хувийн хэвшлийн түншлэлээр дотоодын хөрөнгө оруулалттай дата төвүүдэд төрийн өгөгдлийн тархмал дэд бүтцийг байршуулж ажиллах юм. Энэ бүхэнд тулгуурласан цогц бодлогыг боловсруулж, гүйцэтгэх, хэрэгжих суурь орчныг бүрдүүлэхийн тулд Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг салбарын оролцогч талууд, төлөөллүүд, мэргэжилтнүүдийн хамтаар боловсруулж байна. Хуулийн төслийг тун удахгүй олон нийтээр хэлэлцүүлж эхэлнэ.

“OpenTech Executive Summit 2026” арга хэмжээнд салбарын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг нээлттэй хэлэлцүүллээ Read More »

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ЦХИХХ-ны Сайд Ч.Номин Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли, Дэлхийн банкны Төслийн багийн дэд ахлагч Женнифер Гуи болон бусад мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Ухаалаг засаг-II” төслийн хэрэгжилт, дэд төслүүдийн хүрээнд хийгдэж буй ажлын явц, зээлийн чанар, ашиглалт, зарцуулалт болон үр дүнгийн талаар ярилцав. ЦХИХХ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав болон албаны бусад хүмүүс уулзалтад байлцав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг-II” төслийг 2023 оноос хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогыг хэрэгжүүлэхэд уг төсөл бодит хувь нэмэр оруулж байгаа бөгөөд дунд хугацааны үнэлгээний хүрээнд төслийн бүтцийг шинэчлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Дэлхийн банкны багтай нягт хамтран ажиллаж байгаа юм. Төслийн Удирдах хорооны хурлыг 2026 оны 01 дүгээр сард зохион байгуулж, худалдан авах ажиллагаа, санхүүжилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Үүний дагуу Дэлхийн банк, ЦХИХХЯ болон Сангийн яам хамтран төслийн бүтцийг шинэчлэх санал боловсруулж, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор хүргүүлээд байна. Мөн Дэлхийн банкны багтай хамтран Нэгдсэн мастер төлөвлөгөөг боловсруулж, төслийн явцад хяналт тавин ажиллаж байна. Төслийн хэрэгжилт энэ оны 05 дугаар сарын 29-ний байдлаар 73.4 хувьтай байна.

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав Read More »

Хуулийн төслийг багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдээр хэлэлцүүллээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг багш, сурган хүмүүжүүлэгчдээр хэлэлцүүллээ Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) 250 гаруй багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн төлөөлөл оролцлоо. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Хүүхдүүдтэй өдөр тутам харилцаж, тэдний өмнө ямар асуудал тулгамдаж, юу хэрэгтэй байгааг нээлттэй ярилцан, сонсож байдаг та бүхний санал, санаачилга энэхүү хуулийн төсөлд чухал ач холбогдолтой” хэмээн онцлов. Уг хуулиар цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэднийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, сөрөг агуулгатай контентоос ангид байлгах, цахим аюулгүй байдлын мэдлэг олгох зэрэг олон харилцааг зохицуулах юм. Хуулийн хэрэгжилтэд багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо хамгийн чухал тул боловсролын байгууллага, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн эрх үүрэг, тулгамдсан асуудлын гарц шийдлийг чөлөөтэй ярилцаж, хуулийн төсөлд тусгах нь энэ удаагийн хэлэлцүүлгийн гол зорилго байв. Хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулсны дараах эхний хэлэлцүүлгүүдийг цахимаар болон сургуулиудад зохион байгуулж, 6000 гаруй хүүхдийг хамруулсан байна. Үүнээс 1700 гаруй хүүхэдтэй биечлэн хэлэлцүүлэг хийж, 606 хүүхдээс судалгаа авчээ. Судалгааны үр дүнгээс онцолбол: Хамгийн түгээмэл ашигладаг платформ нь: -Instagram 84.7 хувь -YouTube 58.6 хувь -TikTok 53.1 хувь байна. Түүнчлэн хүүхдүүд цахим орчинд олон төрлийн эрсдэлтэй тулгарч буйг судалгааны дүгнэлт харуулж байгаа юм. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн  -37.3 хувь нь танихгүй хүнээс ирсэн чат, мессеж хүлээн авч байсан -26.7 хувь нь хуурамч хаяг, залилан -22.4 хувь нь бэлгийн агуулгатай контент -18.3 хувь нь цахим дээрэлхэлт, доромжлол -11.1 хувь нь амиа хорлох, өөрийгөө гэмтээхийг өдөөсөн контенттой тулгарч байсан гэж хариулжээ. Энэ бол ноцтой баримт. Тиймээс ч хүүхдүүдийн 70 хувь нь цахим орчин дахь хамгаалалтын арга хэмжээ, зохицуулалтыг дэмжиж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр ч, судалгааны асуумжаар ч илэрхийлсэн. Мөн 88.1 хувь нь насанд тохироогүй контентыг хязгаарлах, 84.7 хувь нь ёс бус сэтгэгдлийг автоматаар устгах, 84.3 хувь нь байршлын мэдээллийг хамгаалах, 81.7 хувь нь хувийн хаягийг хаалттай болгох, 79.4 хувь нь танихгүй хүнээс чат бичихийг хязгаарлах шаардлагатай гэж үзсэн байна. Хэлэлцүүлэг цаашид үргэлжилж, бүх оролцогч талыг хамруулах юм.

Хуулийн төслийг багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдээр хэлэлцүүллээ Read More »