
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, хот, хөдөөгийн суралцагчдын боловсрол эзэмших боломжийг тэгш хангах зорилгоор ерөнхий боловсролын сургууль бүрийг өндөр хурдны интернэтэд холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Боловсролын мэдээллийн технологийн төв болон “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК хамтран сумын төвийн тоон урсгалын хурдыг 100 Mbps-ээс 1 Gbps, аймгийн төвийн хурдыг 1 Gbps-ээс 10 Gbps болгон нэмэгдүүлээд байна.
Дэд бүтцийн энэхүү шинэчлэлийн үр дүнд ерөнхий боловсролын сургуулиудын 98 хувь нь интернэтэд холбогдож, үйлчилгээний дундаж хурд 140 Mbps хүрлээ. Цаашид үлдсэн сургуулиудыг интернэтэд холбохын зэрэгцээ холболтын чанар, найдвартай ажиллагаа, хурдыг сайжруулахад анхаарч ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааг бататгаж “GIGA санаачилга: Сургууль бүрд интернэт, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй боловсрол” арга хэмжээний үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Боловсролын яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, боловсролын салбарын цахим шилжилт, тэр дундаа сургуулиудын интернэтийн дэд бүтэц, хүртээмжийг сайжруулах чиглэлд дэмжиж ажиллахаар боллоо.
Мөн Монголын цахилгаан холбоо ХК, Mobinet, Nexmind, G-Mobile, Kewiko компаниуд Боловсролын яамтай ерөнхий гэрээ байгуулж, харилцаа холбооны салбарын компаниудын оролцоонд тулгуурлан сургуулиудын интернэтийн үйлчилгээг өргөжүүлэхэд хамтарч ажиллана.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Боловсролын яам хамтран хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээ нь боловсролын салбарын цахим дэд бүтцийг бэхжүүлэх, сургуулиудын интернэтийн хүртээмж, чанарын ялгааг бууруулах, суралцагч бүрд газар зүйн байршлаас үл хамааран цахим хичээл, сургалтын нээлттэй контент, боловсролын цахим үйлчилгээг ашиглах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.












