Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

Онцлох мэдээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай (анхдагч) хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.05.26) Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборт зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн гол зорилго нь хүүхдүүдийн санал бодлыг сонсох, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлоход чиглэж байна. Мөн үдээс хойш тус хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуульд үргэлжилж, хүүхдүүдээс санал, судалгаа авсан юм. Хэлэлцүүлгийг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлсэн үгэндээ: “Хууль гэдэг хүний амьдралд хэм хэмжээ тогтоож өгдөг. Тиймээс цахим сүлжээнд хүүхдүүдэд аюулгүй орчныг бүрдүүлэх, сөрөг мэдээлэл, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, дадалтай болгоход тэдний санал бодол чухал үнэ цэнтэй. Хуулийн төслийг боловсруулахдаа хааж хорих бус, харин аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнд эрсдэлд өртөхөөс хамгаалахыг чухалчилсан. Хэлэлцүүлгийг цаашид ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд үргэлжлүүлэн зохион байгуулна. Хүүхдүүд та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал бодлоо хэлж, дуу хоолойгоо хүргээрэй. Хүүхэд бүрийн санал хуулийн төсөлд ач холбогдолтой” хэмээн онцлов. Хуулийн төсөлд тусгасан онцлох зохицуулалтууд Манай улсад нийгмийн сүлжээн дэх хүүхдийн аюулгүй байдлыг холбогдох хууль тогтоомжоор тодорхой хэмжээнд зохицуулж ирсэн хэдий ч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалт болон насны хязгаарлалттай холбоотой заалт байдаггүй. Иймээс шинээр боловсруулж буй хуулийн төслийг 6 бүлэг, 22 зүйлтэйгээр боловсруулж, дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгажээ. Үүнд: Олон улсын чиг хандлага ба туршлага НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2021 онд баталсан “Цахим орчин дахь хүүхдийн эрхийн талаарх 25 дугаар Нэмэлт тайлбар”-ын 23-т заахдаа, оролцогч улсууд цахим орчныг Хүүхдийн эрхийн тухай конвенцод нийцүүлэхийн тулд олон улсын стандартад тулгуурлан үндэсний хууль тогтоомжоо шинэчлэхийг зөвлөсөн байдаг. Тиймээс хуулийн төслийг боловсруулахдаа АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, ОХУ, Их Британи, БНХАУ, Сингапур, Казахстан, Малайз, Норвеги, Испани, Герман, Эстони зэрэг улсын туршлагыг судалжээ. Эдгээр орнууд нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч (платформ)-ийн үйл ажиллагааны хүрээ, үйлчилгээний төрөл, хүүхдэд учруулж болзошгүй эрсдэлийн түвшинд үндэслэн ялгамжтай зохицуулалт хийдэг байна. Тухайлбал: Иймд Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөлд олон улсын жишгээр үйлчилгээ үзүүлэгчийг эрсдэлийн түвшнээр нь ангилж, хүүхдийн эрхийг хамгаалах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалтыг тодорхойлон тусгаж өгсөн байна.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ Read More »

Нээлттэй өгөгдөл, их өгөгдөл, хиймэл оюуны дэд Ажлын хэсэг хуралдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны дөрөвдүгээр дэд Ажлын хэсэг өнөөдөр /2026.05.18/ хуралдлаа. Хурлыг нээж ЦХИХХЯ-ны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав хэлсэн үгэндээ, “Монгол Улс “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо их өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, иргэн, төр, бизнесийн байгууллагууд цахимаар мэдээлэл солилцох, ашиглах дэд бүтцийг бий болгохоор тусгасан. Энэ хүрээнд “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг боловсруулж, 2026-2030 оны Таван жилийн үндсэн чиглэлд тодорхой зорилтуудыг тусган, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг тууштай баримталж байна. Засгийн газраас “Үндэсний их өгөгдлийн сан”-г байгуулах, суурь болон төрөлжсөн мэдээллийн санг зохицуулах журмыг баталж, төрийн байгууллагуудыг “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем”-д датагаа тогтмол нийтлэхийг үүрэг болгон, бодит ажлуудыг хэрэгжүүлж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2026 оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны жил”-ээр зарласан нь цаг үеэ олсон алхам юм. Энэ жилийн хүрээнд бид төрийн үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг шинэ шатанд гаргах суурь нөхцөл болох Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Уг хуулиар их өгөгдлийг цуглуулах, солилцох дэд бүтцийг тодорхой болгож, түүнийг дахин ашиглах, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэхээр зорьж байна” хэмээн онцлов. Түүнчлэн чухал шилжилтийн, хариуцлагатай цаг үед Япон Улсын баялаг туршлага, өндөр технологийн ноу-хау, нарийн арга зүйд суурилсан ЖАЙКА-ийн төсөл, тэр дундаа энэхүү дөрөвдүгээр дэд ажлын хэсгийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байгаа нь бидэнд асар том дэмжлэг, шинэ боломжийг нээж буйг дурдав. Мөн төрийн өгөгдлийн нээлттэй байдлыг хангах, их өгөгдлийн архитектурыг зөв тодорхойлох, хиймэл оюуныг ёс зүйтэй, үр дүнтэй нэвтрүүлэх чиглэлээр Ажлын хэсэг бодитой, системтэй үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна. Бидний хамтын ажиллагаа, талуудын хичээл зүтгэл Монгол Улсын дижитал шилжилтийн түүхэнд шинэ, чухал хуудас болон үлдэх болно гэлээ. Ажлын хэсгийн дэд дарга, МУИС-ийн профессор Г.Амарсанаа “Нээлттэй өгөгдөл бол маш том экосистем. Их өгөгдлийн чиглэлээр Засгийн газар тодорхой зорилтууд дэвшүүлж, бодлогын төвшинд арга хэмжээ авч байна. Мэдээж олон сорилтууд хүлээж байгаа. Ийм хариуцлагатай үед талуудын оролцоог бий болгож, төсөл хэрэгжүүлж байгаа нь чухал юм” хэмээн онцоллоо. Ажлын хэсгийн гишүүдийн танилцуулга, санал солилцож хурал үргэлжлэв.

Нээлттэй өгөгдөл, их өгөгдөл, хиймэл оюуны дэд Ажлын хэсэг хуралдлаа Read More »

“Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийн зорилго, хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэв

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЖАЙКА, Мэдээлэл технологийн үндэсний парк болон холбогдох байгууллагууд хамтран “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийн зохицуулах хорооны анхдугаар хурлыг өнөөдөр /2026.05.14/ зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс”-ийг байгуулж, бүртгэлийг 2026 оны нэгдүгээр сараас эхлүүлсэн”-ийг дурдаад “Манай улс НҮБ-аас гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2024 онд 193 орноос 46 дугаар байрт эрэмбэлэгдсэн сайн үзүүлэлттэй  байгаа ч цаашид инновацын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн гарааны бизнесийн экосистемийг бүхэлд нь хөгжүүлэх шаардлагатай”-г онцлов. Уулзалтаар ЖАЙКА олон улсын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийн зорилго, төлөвлөгөө, хамтын ажиллагааны чиглэл болон мониторингийн үзүүлэлтүүдийн талаар хэлэлцэж, санал солилцов. Уг төсөл нь Монгол Улсын ICT салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр ЖАЙКА байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Иноүэ Юкигээс төслийн талаар тодруулав. Тэрбээр, -Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар  Монгол Улсад орон зайнаас үл хамааран хөгжих бүрэн боломжтой. Тиймээс энэ салбарын хууль эрх зүй, бодлогын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшлүүдийг дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг нээх, дотоодын гарааны бизнесийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг Японы сайн жишгийг Монголд нэвтрүүлэхээр төслийг эхлүүлсэн. Төсөл 2026-2029 онд хэрэгжиж дууссаны дараа мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт Төр-Хувийн хэвшил-Шинжлэх ухааны байгууллагуудын хамтарсан хөгжлийн тогтолцоо бий болж үлдэнэ гэсэн хүлээлттэй байна гэлээ.

“Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийн зорилго, хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэв Read More »

“DRONECON 2026” ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛНЭ

Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд дрон технологи хурдтай хөгжиж, харилцаа холбоо, эрүүл мэнд, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, аюулгүй байдал зэрэг бүх салбарт шинэ боломжуудыг бий болгож, бүтээмжийг нэмэгдүүлж байна. Иймээс технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Улсын аварга шалгаруулах хоёр дахь тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 21 аймгийн 8-40 насны 659 тамирчин 5 ангилалд хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. “DRONECON 2026” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар бусад салбарын яам, байгууллагууд оролцож байна. Энэ жилийн тэмцээнд Дрон кодчилол, Хиймэл оюун ухааны ангилал нэмэгдсэн нь залуучуудын бүтээлч сэтгэлгээ, инновац, цахим ур чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой. Үүний зэрэгцээ ирээдүйн инженер, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулж буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, “DRONECON 2026” нь зөвхөн хурд, ур чадварын өрсөлдөөн бус инженерчлэл, роботик, инновацын хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний технологийн томоохон арга хэмжээ болж байна. Дашрамд дуулгахад, манай улс тавдугаар сарын 30, 31-нд Нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын Зүүн Азийн бүсийн тэмцээнийг анх удаа зохион байгуулах бөгөөд энэ үеэр DRONE, AIR SHOW зэрэг арга хэмжээ болох юм.

“DRONECON 2026” ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛНЭ Read More »

САНХҮҮ, ТАТВАРЫН СИСТЕМҮҮД ДАН-ГААР НЭВТРЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Санхүүгийн болон татварын мэдээллийн системүүд Танилт нэвтрэлтийн ДАН системээр нэвтрэх боломжтой боллоо. Энэхүү ажил нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/29 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Санхүү, татварын мэдээллийн системүүд Танилт нэвтрэлтийн ДАН системээр нэвтэрдэг болсноор төрөөс иргэд, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх үед хэрэглэгчийг таних, нэвтрэлтийн боломжийг сайжруулна.

САНХҮҮ, ТАТВАРЫН СИСТЕМҮҮД ДАН-ГААР НЭВТРЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО Read More »

НОГООН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЖ 600 ГАРУЙ МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 9 дүгээр сард “Мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулж, бүх нийтээр мод тарих үйлсэд нэгддэг уламжлалтай. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, харьяа, салбар байгууллагууд энэхүү арга хэмжээнд нэгдэж, өнөөдөр /2026.05.08/ Баянзүрх дүүргийн нутагт байрлах Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд 600 гаруй мод тарилаа. Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа, холбооны зохицуулах хороо, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, И Монгол академи УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ, Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ, Монгол шуудан ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монголын цахилгаан холбоо ХХК зэрэг байгууллагуудын албан хаагчдын төлөөлөл хайлаас, монос, монгол сакура буюу бүйлс, гацуур зэрэг мод тарьж цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд хүлээлгэн өгсөн. Эко цэцэрлэгт хүрээлэнд энэ жил 26 мянган суулгацыг цэцэрлэгжүүлэлт, 28 мянган модыг ойжуулалтын хүрээнд тарихаар төлөвлөжээ. Нэг мод тарих нь нэг насны буян билээ. Хүн бүр мод тарих үйлсэд нэгдэж, Ногоон ирээдүйг хамтдаа бүтээхийг уриалж байна.

НОГООН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЖ 600 ГАРУЙ МОД ТАРИЛАА Read More »

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ӨГӨГДЛИЙН ҮНЭ ЦЭН”-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Эрүүл мэндийн өгөгдлийн үнэ цэн” салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын Ажлын алба, ЗГХЭГ, ЭМЯ, Боловсролын яам, ГБХНХЯ, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар зэрэг 20 байгууллагын төлөөлөл оролцож, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэн, салбар хоорондын мэдээлэл солилцоог хэрхэн сайжруулах талаар ажил хэрэгч санал санаачилга өрнүүлж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт “Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”, “Цахим эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа”, “Эрүүл мэндийн мэдээллийн солилцоо ба төрөлжсөн мэдээллийн сангийн өнөөгийн нөхцөл байдал”, Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сангийн ажиллах журмын төсөл” сэдвээр Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс илтгэл тавьж мэдээлэл өглөө. Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас бүх салбарын үйл ажиллагаа, мэдээлэл, шийдвэрийг иргэдэд нээлттэй, ил тод болгох, төрийн үйлчилгээг шуурхай, хялбар хүртээмжтэй хүргэх цахим бодлогыг хэрэгжүүлж байна. Эхний салбар нь эрүүл мэнд. Манай улс эрүүл мэндийн салбарт 10 жилийн өмнөөс цахимжилтыг нэвтрүүлж эхэлсэн ч эмнэлэг бүр бие даасан тусдаа систем хөгжүүлж, мэдээллээ хоорондоо солилцдоггүйгээс иргэд олон дахин шинжилгээ өгөх, эмчилгээ тасалдах, цаг хугацаа, санхүүгийн дарамтад орох зэрэг сөрөг үр дагавар байсаар ирсэн. Иймээс эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлж, иргэдэд дарамтгүй, ачаалалгүй, шуурхай, нээлттэй үйлчилгээ үзүүлдэг болох шаардлага зүй ёсоор тулгарсан. Өнгөрсөн онд ЦХИХХ, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)”-г батлан хэрэгжүүлж байна. Хоёр яамнаас 2024-2025 онд хийсэн судалгаагаар эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн индекс 5 онооноос 2.9, кибер аюулгүй байдлын төлөвшлийн индекс 5-аас 2 байгаа юм.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ӨГӨГДЛИЙН ҮНЭ ЦЭН”-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА Read More »

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Монгол Улсын хэмжээнд бүх салбарын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын цахимжилтад үнэлгээ хийж иргэдэд нээлттэй, ил тод, хялбар иргэдийн хяналттай болгох зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийн чиг үүрэг: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, И Монгол академи, Үндэсний дата төв, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв: Салбарын хэмжээнд ашиглагдаж буй системийн үйл ажиллагаа болон аюулгүй байдал, техник тоног төхөөрөмжийг үнэлэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, ажлын уялдаа холбоог хангахад зөвлөн туслах. Хууль зүй, дотоод хэргийн яам: Холбогдох хууль тогтоомжид дагалдах өөрчлөлтүүдийг хийх. Талууд ийнхүү чиг үүргээ харилцан тохиролцож, салбарын цахимжилтыг шинэ шатанд гаргахаар хэлэлцлээ.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА Read More »