Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

January 2026

Jaap van Hierden: НҮБ Монгол Улсын Засгийн газрын дижитал шилжилтийн бодлогыг дэмжин ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь суурин зохицуулагч Jaap van Hierden-ийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын дижитал шилжилтийн бодлого, хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд НҮБ-аас Монгол Улстай хамтран хэрэгжүүлсэн Хиймэл оюуны орчны үнэлгээ (UNDP), мөн НҮБХХ, НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн хамтран хэрэгжүүлсэн DEMOSC хөтөлбөрүүдийг хүртээмжтэй, дижитал шилжилтийг өргөжүүлэхэд бодит үр дүнд хүрсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, албан бус бизнесийг дэмжихэд чиглэсэн дижитал шийдэл болох Е-Бизнес платформын 2 дугаар хувилбарыг хөгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) ЦХХХЯ болон Е-Монголия академитай хамтран ажиллаж байгааг сайшаалаа. Энэ үеэр 2025 оноос хэрэгжиж эхэлсэн, 14–18 насны сурагчдыг хиймэл оюуны суурь мэдлэг, ур чадвараар хангах зорилготой “1,000 Хиймэл оюуны элч” санаачилгыг цаашид дэмжин ажиллахад НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF) бэлэн байгаагаа илэрхийллээ. Цаашид Монгол Улсын дижитал шилжилтийн залуучуудын чиглэл дэх тэргүүлэх (flagship) хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болгох саналыг дэвшүүллээ. Мөн Олон улсын цахилгаан холбооны холбоо (ITU), НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) нь НҮБ-ын уялдаа зохицуулалтын дор дижитал шилжилтийн шинэ хамтарсан хөтөлбөр боловсруулж байгаа талаар танилцуулсан юм. Урьдчилсан байдлаар “Ухаалаг малчид (Smart Herders)” хэмээн нэрлэсэн уг хөтөлбөр нь дижитал шийдлээр дамжуулан малчдын хамтын нийгэмлэгийг дэмжихэд чиглэж, DEMOSC хөтөлбөрийн хүрээнд туршсан сургамж, загваруудад тулгуурлан хэрэгжих юм. Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Монгол дахь Нэгдсэн Үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газартай дижитал шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд бүрэн бэлэн байгаагаа илэрхийлж, ялангуяа хот, хөдөөгийн ялгааг бууруулах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, хамрагдахуйц дижитал шийдлээр дамжуулан ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулахаа онцоллоо.

Jaap van Hierden: НҮБ Монгол Улсын Засгийн газрын дижитал шилжилтийн бодлогыг дэмжин ажиллана Read More »

“ХУРДАН” цэгээр төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг цахимаар үзүүлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 14-нд болж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.  Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг шинэчлэх талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний жагсаалтыг ирэх сард багтаан салбарын хэмжээнд үйлчилгээ тус бүрээр нарийвчлан гаргахаар боллоо.  Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын салбар,  харьяа төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг (нийслэлд 144, орон нутагт 405, хилийн чанад дахь 31 улсын 47 байршил, нийт 596 ),  “ХУРДАН” киоск (нийслэлд 120, орон нутагт 362, нийт 482) машинаар дамжуулан 43 байгууллагын 451 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна.  “Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт” батлагдсан. Дээрх жагсаалтад  56 байгууллагын 785 үйлчилгээ багтсан бөгөөд үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх явцад жагсаалтад байхгүй боловч цахим хэлбэрт шилжсэн, цаашид цахим хэлбэрт шилжүүлэх, мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл хариуцагч болон үйлчилгээний нэр, төрөл өөрчлөгдсөн зэргээс шалтгаалж тус жагсаалтыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсээд байжээ.  Жагсаалтыг шинэчлэн баталснаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, мэдээллийн давхардал, зөрчил арилж, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, үр ашиг бодитоор нэмэгдэнэ.

“ХУРДАН” цэгээр төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг цахимаар үзүүлж байна Read More »

Э.Батшугар: Хиймэл оюуныг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Ази, Номхон далайн бүсийн төвөөс эрхлэн гаргасан “The Next Great Divergence” тайлангийн нээлт болон Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын талаар хэлэлцүүлэг арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус тайланд хиймэл оюун нь бүтээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асар их боломжийг агуулж буй ч дижитал суурь бүтэц, ур чадвар, засаглалын чадавх жигд бус нөхцөлд улс орнууд болон нийгмийн бүлгүүдийн хоорондын ялгааг улам гүнзгийрүүлэх бодит эрсдэлтэйг онцолсон байна. Тайланд энэхүү эрсдэлийг “Дараагийн их ялгарал”  хэмээн тодорхойлж, хиймэл оюуныг нэвтрүүлэх бодлогын өнөөгийн сонголтууд ирээдүйн хөгжлийн чиглэлийг шийдвэрлэх чухал мөчид ирснийг анхааруулжээ. Арга хэмжээний нээлтийн үеэр НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска хиймэл оюуны хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар онцлон “Хиймэл оюун асар хурдтай хөгжиж байгаа хэдий ч олон улс орон түүний үр өгөөжийг хүртэх суурь бүтэц, ур чадвар, засаглалын тогтолцоог бүрдүүлж амжаагүй байна. Ийм тэнцвэргүй байдал нь хөгжлийн зөрүүг улам тэлэх бодит эрсдэл дагуулж байна,” хэмээн тэмдэглэлээ. Тэрбээр мөн өнөөдөр гаргах бодлогын сонголт нь ирэх үеийнхэнд хиймэл оюун хөгжлийн зөрүүг багасгах эсэхийг тодорхойлохыг онцолсон юм. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Монгол Улсын баримталж буй бодлогын чиглэлийг танилцуулж, “Хиймэл оюуныг хүмүүсийг орлох хэрэгсэл бус, харин хүний сайн сайхны төлөө юу хийж, юу бүтээж болох боломжийг тэлэхэд чиглүүлэх нь бидний хамтын зорилго юм. Хиймэл оюуныг эрүүл мэнд, боловсрол, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд нэн тэргүүнд нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй,” болохыг илэрхийлэв. Арга хэмжээний үеэр Монгол дахь НҮБХХ-ийн уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн эдийн засагч Фируз Сайдхадзаев ‘The Next Great Divergence’ сэдвээр илтгэл тавьж, хиймэл оюуны хурдацтай хөгжил нь улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд хэрхэн ялгаатай нөлөө үзүүлж буйг танилцуулав. Тэрбээр илтгэлдээ хиймэл оюуныг нэвтрүүлэх суурь нөхцөл болох эрчим хүч, холболт, тооцоолох хүчин чадал, өгөгдөл, ур чадвар, засаглалын чадавх жигд бус байгаа нь Ази, Номхон далайн бүс нутагт хөгжлийн зөрүүг улам тэлэх эрсдэлтэйг онцолж, Монгол Улсын хувьд хиймэл оюуныг эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч болгохын зэрэгцээ нийгмийн тэгш бус байдлыг бууруулах бодлогын сонголт хийх чухал мөчид ирснийг тэмдэглэлээ.

Э.Батшугар: Хиймэл оюуныг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой Read More »

Ухаалаг Засаг II төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн нээлттэй сонгон шалгаруулж авна. Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу. Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/1dYxU2DorX_Sex0HsvKhH088SY6BXWiKw/view?usp=sharing Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд биечлэн 2026 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: *Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно. *Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ. *Асууж тодруулах зүйл байвал 266114 дугаар холбогдох боломжтой.

Ухаалаг Засаг II төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна Read More »