Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХЯ НҮБ-ын Хүүхдийн сантай цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллана

2022.11.21

ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай өнөөдөр /2022.11.21/ уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахим орчинд бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг устгах, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой “Бид Хамгаална” (WeProtect) загварыг хамтран хэрэгжүүлж дууссаныг дурдлаа. Мөн “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлага, “Технологийн салбар дахь охидын манлайлал” хэлэлцүүлэг, Монгол улсад Хүүхдийн эрхийн тухай конвенцоор баталгаажсан эрхүүдийг хүүхэд бүр эдлэх нөхцөлийг хангахад чиглэсэн бүх арга хэмжээ, үйл ажиллагаанд хамтарч ажилласанд талархал илэрхийллээ.

Мөн ЦХХХЯ “Цахим болон өргөн нэвтрүүлгийн орчин дахь хүүхэд хамгаалал” чиглэлээр хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчид болон олон нийтэд мэдлэг олгох, хүүхэд цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх ажлуудыг бодлогын түвшинд дэмжиж ажиллахад чиглэж байна. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах талаар хамтран ажиллах, цахим орчин дахь оролцоо, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг эрчимжүүлэх, бүх нийтийн дижитал боловсролыг нэмэгдүүлэх үндэсний хөтөлбөрт хамтран ажиллах, өргөн нэвтрүүлгийн орчинд контент бүтээх зэрэг хэд хэдэн чиглэлүүдээр хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан цаг зав гарган хүлээн авч уулзсан ЦХХХ-ны сайд Н.Учралд талархаж буйгаа илэрхийлээд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн дээд удирдлага 2023-2027 онд ажиллах үндсэн чиглэлийг баталсан гэлээ. Энэ хүрээнд Монгол Улсад эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, усны эрүүл ахуй, нийгмийн хамгаалал гэсэн таван салбарт түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Тиймээс цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр нягт хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Other news

Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/ 2021.01.26 МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1956 оны 10 дугаар сарын хурлаар “Харилцаа холбоо, радио өргөн нэвтрүүлгийг 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож батлах” үүрэг чиглэл өгөгджээ. Энэ ерөнхий схемд Улаанбаатар хотын урт долгионы нэвтрүүлэх станцын хүчин чадлыг 150 кВт болгох, Баян-Өлгий, Есөнбулагт дунд долгионы станц байгуулах, Улаанбаатар хотоос гадаадын сонсогч нарт зориулсан нэвтрүүлэг дамжуулах, орон нутгийн бүх радио зангилаануудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зурагт радиогийн төв байгуулах зэрэг хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьжээ. Хонхор дахь их хүчний радио станц байгуулагдсан нь Монголын талаас Холбооны яамны орлогч сайд М.Чимэддорж, нөгөө талаас “СовМонголметалл” геологи хайгуулын дарга Н.Г.Смирнов нар “Радио станцын техникийн барилга, ажилчдын орон сууц барих газрын геологи хайгуулын ажил хийх, 7 км урт цахилгаан шугам татах, трасс сонгох, 46 км урт радио программ дамжуулах кабель шугамыг хайгуул хийх, 2,5 км авто замын хайгуул хийхээр гэрээ байгуулж,  ЗХУ-ын  Холбооны Яамны  зураг төслийн институт Хонхорын станцын зураг төслийг хийжээ. Радио станцыг барих талбайг Бүхэг, Түргэн, Хүй 7 худагт хайгуулын ажил хийж, дэд бүтцийн хангамжийн дагуу Хонхорыг сонгож, радио төвийн барилгыг Барилгын яам, бусад угсралт монтажийн ажлыг Тээвэр–Холбооны яам гүйцэтгэхээр болжээ. 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн СнЗ-ийн 499 тоот тогтоолоор “Улсын радио нэвтрүүлэх төв”-ийг байгуулжээ. Улмаар БНМАУ-ын Тээвэр-Холбооны яамны 1960 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар “Хонхорын радио нэвтрүүлэх төв”, “Нарангийн радио хүлээн авах төв” хоёрыг нэгтгэж, “Улсын радио нэвтрүүлэх төв” байгуулав. Тухайн үедээ бүтээн байгуулалтын өргөн талбар болж, хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн асар том барилга байгууламж болох Радио нэвтрүүлэх төв 1960 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтанд орсон байна. Тус станцыг В.И.Лениний мэндэлсэний 90 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын зарлигаар түүний нэрэмжит болгожээ. Радио нэвтрүүлэх төвийг нээж, ашиглалтанд оруулах цуглаанд нам засгийн удирдагчид Ю.Цэдэнбал, Б.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Д.Төмөр-Очир, Н.Жагварал, Д.Майдар нарын тухайн үеийн бүх яамдын сайд дарга нар болон гадаад орнуудаас суугаа Элчин сайдууд оролцжээ. Цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга н.Лувсанравдан нээж үг хэлсний дараа тус төвийг В.И.Лениний нэрэмжит болгосон БНМАУ-ын АИХ-ын зарлигийг ИХ-ын тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжинням уншиж танилцуулжээ. Нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал Хонхор дахь шинэ станцын залгах кнопыг дарж, ажиллагаанд оруулсан байна. Хонхор дахь Радио нэвтрүүлэх төвийг нээж Д.Моломжамц үг хэлж байгаа нь /1960.4.22/ Радио нэвтрүүлэх төвийн нээлтэнд оролцсон нам засгийн удирдагчид /1960.4.22/ Тус нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор үндэсний радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадал 1934 онд ашиглалтанд орсон станцынхаас 15 дахин ихэсч, радио сонсголын чанар орон нутагт эрс сайжирсаны зэрэгцээ гадаад орны сонсогчдод зориулсан тусгай нэвтрүүлгийг богино долгионы станцаар дамжуулах техникийн боломж бүрдсэн юм. 1960 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн дэд бүтэц бүхий иж бүрэн барилга байгууламж нь: Урт долгионы 257 метр өндөртэй антенн матч, Эрчим хүчний 35/6 кВ, 2000 кВа дэд станц, Улаанбаатар-Хонхорыг холбосон программ дамжуулах 28 км кабель шугам, СДВ-150кВт хүчин чадалтай “Иней” маркийн их хүчний урт долгионы нэг иж бүрэн радио нэвтрүүлэх станц, Богино долгионы цараанд ажиллах РГД65/4,ВГДШ, ВГДШ-2У маркийн 16-53 метр өндөртэй 23 ширхэг антеннууд, КВ-15/25М кВт чадалтай “Урал” маркийн их хүчний богино долгионы станц хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд, КВ-50 кВт-ын хүчин чадалтай “Снеги” маркийн их хүчний богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд, КВ-5кВт-ын хүчин чадалтай “Град” маркийн богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд, Хонхорт байрлах 18 айлын болон Нарангийн хүлээн авах станцын 27 айлын орон сууцууд, Наранд байрлах хүлээн авах иж бүрэн станцуудаас тус, тус бүрдэж байв. Радио нэвтрүүлэх төвийн анхны инженер Ц.Мятав ДСВ-150кВт нэвтрүүлэгчийг тохируулж байгаа нь. 1960 онд ашилалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн хөргөлтийн төхөөрөмжүүд. Техникч С.Жигжид Хонхорын станцын анхдагчууд Хонхор дахь радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн радио өргөн нэвтрүүлгийг нэг ба хоёрдугаар программаар өдөр бүр 21 цагийн нэвтрүүлэг дамжуулдаг болж, улмаар 1964 оны 6 дугаар сараас “Улаанбаатараас ярьж байна” гадаад хэлний нэвтрүүлгийг монгол, хятад хэлээр Хөх хот, Бээжин чиглэлд, 1965 оны 1 дүгээр сараас Алс дорнод, Зүүн өмнөд Азийн чиглэлд 7 хоногт 2 удаа англи хэлний, 1970 оноос Африкийн чиглэлд франц хэлээр тус, тус Хонхор дахь богино долгионы КВ-25, КВ-50 кВт-ын нэвтрүүлэгчүүдээр дамжуулан нэвтрүүлж эхэлсэн байна. Мөн 1965 оноос Улсын радио нэвтрүүлэх төвийн богино долгионы 50 ба 25 кВт-ын радио станцуудаар ЗХУ-ын Холбооны Яамтай байгуулсан гэрээний дагуу “Зөвлөлтийн тусгай гадаад нэвтрүүлэг”-ийг дахин дамжуулж байв. МАХН-ын  Төв Хорооны 108 тоот тогтоолоор 1975 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын радиогийн 1 дүгээр программын нэвтрүүлгийг улс орон даяар өдөр бүр 06.00-23.00 цагт тасралтгүй дамжуулж байхаар шийдвэрлэжээ. Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр     Share on facebook Share on twitter Бусад мэдээ

2024 оны ажлаа дүгнэж, цаашид хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцэв

Долоо хоног бүрийн Мягмар гарагт ЦХИХХ-ны сайдын шуурхай хурал болдог. Өнөөдрийн хурлаар 2024 оны төлөвлөгөөний биелэлтээ дүгнэж, 2025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцлээ. Хурлын эхэнд Засгийн газрын 100 хоногийн хүрээнд төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэл сайн хэрэгжиж байгааг онцлов. Тодруулбал, Мөн нэмэлтээр Монгол Улсын нийт газар нутгийн харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хянах самбар (Dashboard) хийх ажлыг үүрэг болгосон. Энэ хүрээнд одоогийн байдлаар холболт хийгдсэн шилэн кабель, түүний нийт урт, үүрэн холбооны сүлжээний бааз станцуудын байршлын зураглал, хүчин чадлыг засаг захиргааны нэгж (аймаг, сум) бүрээр шууд хянах тогтолцоог бүрдүүллээ. Түүнчлэн салбарын хуулиудын давхардлыг арилгах судалгааг хийж дуусгав. Судалгаанаас гарсан үр дүнд тулгуурлан салбарын хуулиудыг цэгцлэх, нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинэчлэн найруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов. Төрийн цахим үйлчилгээний тоонд бус чанарт анхаарч ажиллах концепцийг 2025 оны 1-р сард танилцуулж, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг зохион байгуулах чиглэл өглөө. 2025 онд гадаад хамтын ажиллагаанд онцгойлон анхаарч, төрийн эзэмшиж буй эх кодыг экспортлоход нь чухал ач холбогдол өгч ажиллана. Энэ хүрээнд Киргиз, Узбекистан зэрэг улсуудтай хамтарч ажиллахаас гадна код экспортлох бусад боломжийг эрэлхийлж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.

Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.06.12/ зохион байгууллаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хуралдааны тэмдэглэлээр “Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв байгуулах бэлтгэл ажлыг хангах” чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Энэхүү үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан” хэмээн тодотгов. Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран танилцууллаа. Хэлэлцүүлэгт мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжих боломж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө, өгөгдлийн дэд бүтэц, дата төв, өгөгдөл солилцоо, өгөгдлийг дахин ашиглах, инновац, хиймэл оюун зэрэг асуудлаа санал, зөвлөмжөө нээлттэй илэрхийлэв. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн 75 байгууллагаас судалгаа авч, холбогдох нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн. Уг судалгаагаар өгөгдөл солилцох, хуваалцах, ашиглах, дахин ашиглах эрх зүйн зохицуулалт хангалтгүй, мэдээллийн сангийн давхардал их, өгөгдлийг шинэчлэх давтамж болон чанарын шаардлага харилцан адилгүй, өгөгдлийн стандарт, чанарын баталгаажуулалтын тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, өгөгдөл солилцооны дэд бүтцийн уялдаа сул, өгөгдлийн аюулгүй байдал болон ашиглалтад итгэх итгэл хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс өгөгдлийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоох, өгөгдлийн засаглалын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмжийг хангах, өгөгдөлд суурилсан инновац, хиймэл оюун, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Өгөгдлийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг баталсан нь өгөгдөлтэй холбоотой харилцааг зохицуулах суурь эрх зүйн орчныг бүрдүүлсэн чухал алхам болсон юм. Гэхдээ өгөгдлийг байгууллага, салбар, мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, өгөгдлийн бүтээгдэхүүн болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах, өгөгдлийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамарч чадаагүй. Мөн өгөгдлийн ангилал, өмчлөл, эзэмшил болон ашиглах эрхийг нэгдсэн байдлаар хуульчлан тодорхойлоогүй, төр, хувийн хэвшил, иргэн хооронд өгөгдөл солилцох, хамтран ашиглах, дахин ашиглах, арилжаалах, зуучлах эрх зүйн зохицуулалт бүрдээгүй, инновац, хиймэл оюуныг хөгжүүлэхэд шаардлагатай их өгөгдөл хангалтгүй, өгөгдлийг анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцөлийг зохицуулаагүйгээс өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байна. Гэтэл дэлхий дахинд их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн бол 2024-2030 оны хооронд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан. Түүнчлэн Олон улсын байгууллагуудаас өгөгдлийг эдийн засаг, инновац, төрийн удирдлага, судалгаа хөгжүүлэлт, санхүү зэрэг олон салбарт үнэ цэн бий болгох “стратегийн нөөц” гэж үзэж байна.