Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд

2022.05.01

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нартай хамтран дээр дурдсан 4 хуульд батлуулахаар заасан журмуудын боловсруулалт дээр хамтран ажиллаж, Засгийн газраар батлуулах журмын төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна. Хуулиудын онцлох зохицуулалтыг товч дурдвал, НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино. Тус хуулиар байгууллагын нууц гэх нэрийн дор иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд өгдөггүй байсан мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо. Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, мэдээлэл хариуцагч болох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь хувь хүний мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн, юунд ашиглах гэж байгаа зорилгыг мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна. Түүнчлэн мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд хоорондын харилцааг зохицуулж, мэдээллийн эзний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тогтоож, мэдээлэл хариуцагчийн хүлээх үүргийг тодруулж өгсөн. Мөн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно. Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой аливаа гомдол байвал Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах боломжтой байна. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар: Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой. Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцэлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэхүү хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ. Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана. Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана. Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ.

Other news

Цахим шилжилтэд шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал

Монголын хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэлт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.03.02/ зохион байгууллаа. ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ: Цахим шүүхийн тогтолцоог бий болгоход хууль хоорондын нийцлийг хангах, практикт үүсээд байгаа зөрүүтэй ойлголтыг арилгах, орчин цагийн цахим шүүхийн чиг хандлагад нийцсэн хуулийн зохицуулалтыг бий болгох, байгууллага хооронд харилцан мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх, нэгдсэн бодлого төлөвлөлттэй, харилцан уялдаатай шүүхийн нэгдсэн мэдээллийн систем бүхий цахим тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг онцлон, шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахим шилжилтийг эрчимжүүлж, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд ЦХХХЯ-ны зүгээс бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож: Цагдаагийн байгууллагын цахимжилт-өнөөгийн байдал Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зарим хэргийг цахимжуулах нь Прокурорын байгууллагын цахимжилт, бусад байгууллагын уялдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь цахимжилт, өнөөгийн нөхцөл байдал Цахимжилт ба Хүний эрх” зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийн, цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцлоо. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэж, зөвлөмж гарган, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.

Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдыг цахим ур чадвар, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн арга зүйгээр хангаж ажиллав

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Баян-Өлгий аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд тус аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа. Сургалт, арга зүйг ЦХХХЯ-ны мэргэжилтэн Б.Баялагмаа, ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, цахим шилжилтэд бэлэн байдлын судалгааг авч ажиллав. Сургалт, судалгаанд Баян-Өлгий аймгийн төрийн 55 байгууллагын 161 албан хаагч хамрагдаж мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлллээ.

Г.Занданшатар: 2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “ICT FORUM” Төрийн ордонд эхэллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд үг хэллээ. Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар: Та бүхэнд технологийн салбарын хамгийн том цугларалт “Tech Week 2025” арга хэмжээнд оролцон туршлагаа солилцож, мэдлэгээ хуваалцаж байгаад гүн талархлаа илэрхийлье. Долоо хоногийн турш үргэлжилсэн тус арга хэмжээний ололт амжилтыг дүгнэн, Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, шийдлийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан өргөн хүрээнд хэлэлцэх бодлогын хэлэлцүүлэг “ICT FORUM 2025″-ийг өнөөдөр зохион байгуулж байна. Монгол Улс цахим шилжилтийг эрчимжүүлж, шат дараатай төсөл, хөтөлбөрийг сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлж буйг онцлон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн газраас Цахим засаглалын хөгжлийн индексээр нийт 193 улсаас 46 дугаар байр буюу “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд шилжиж буйг батламжилсан. Энэхүү ололт, амжилт нь сүүлийн жилүүдэд гаргаж буй амжилт боловч үе үеийн шуудан, радио, өргөн нэвтрүүлэг, цахилгаан холбоо, харилцаа холбоо, мэдээллийн технологи, сансрын технологийн чиглэлээр ажиллаж байсан удирдлагууд, ажилтан, алба хаагчид, инженер техникийн ажилтнууд болон өнөөдөр ажиллаж буй 21.2 мянган ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийн 74 мянган гишүүдийн хамтын хүчин зүтгэл болохыг цохон тэмдэглэе. Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цахим шилжилтийг хурдасгаж, төрийн мэдээлэл солилцооны “ХУР”, танилт баталгаажуулалтын “ДАН”, төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системүүдийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж, 2 сая хэрэглэгчдэд 1263 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж, сүүлийн 5 жилийн байдлаар иргэдийн халааснаас гарах байсан нийт 1.7 их наяд төгрөгийн зардлыг хэмнээд байна. Энэ бол цахим шилжилтийн эхлэл бөгөөд цаашид бидэнд илүү том боломж байна. Иймд Монгол Улсын хөгжлийг хурдасгах гол түлхүүрийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хэмээн тодорхойлж, Манай Засгийн газрын гол ялгарал, онцлог нь “Цахимаар түрүүнд” зарчмаар аливаа бодлогыг төлөвлөн хэрэгжүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс “5D стратеги” буюу ДНБ-ийг 10 жилийн дотор хоёр дахин өсгөх, Экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэх, Эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулах, Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, дижитал эдийн засгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Миний бие Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар Засгийн газрынхаа эхний 100 хоногт багтааж “5D стратеги” хэрэгжүүлэхэд зориулан технологийн хөгжилд чиглэсэн хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Үүнд: Эдгээр шийдвэрүүд нь Монгол орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт их өгөгдөл, хиймэл оюуныг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний үр өгөөж, чанарыг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж бүрийн тулгамдсан асуудлыг цахимаар буюу технологиор шийдвэрлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын эхний 100 хоногт багтаж И-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд цаасан И-баримтыг халж автоматаар бүртгэгдэх нөхцөлийг үе шаттайгаар бүрдүүлж байна. Эхний ээлжид 3 арилжааны банк тус системд холбогдон цаасан баримтыг халаад байгаа бол ойрын хугацаанд үлдсэн банкуудын системүүдийг бүрэн холбож дуусгана. Мөн хиймэл оюуны хөгжүүлэлтийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавьж “И-монголиа 5.0” хувилбарыг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Тус хувилбар нь хиймэл оюунт хөтөч, цахим хэтэвч, ухаалаг танилт нэвтрэлт бүхий илүү хялбар, илүү өргөн боломжуудыг агуулснаар онцлог юм. 2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно. Бид бүхэн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих анхны Виртуал бүс”-ийг ирэх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлнэ. Тус бүсэд бүртгэлтэй Мэдээллийн технологийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд татварын нэн таатай орчинд үйл ажиллагаа явуулахаас гадна судалгаа, хөгжүүлэлтийн зардалд грант авах, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн олговор авах зэрэг 9 төрлийн татварын бус дэмжлэгүүдийг хүртэнэ. Үүнээс гадна, 2026 онд Монгол Улс анх удаагаа төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны бизнес эрхлэгчдийн судалгаа, шинжилгээний ажилд зориулан GPU кластерийг байгуулах, Үндэсний их өгөгдлийн санг эргэлтэд оруулах, олон улсын жишигт нийцэхүйц их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлийн магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэн салбар бүрд хиймэл оюуныг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. Уламжлал болгон зохион байгуулдаг ICT EXPO арга хэмжээг дараа жил олон улсын зах зээлд чиглэсэн хэлбэрээр хийхээр төлөвлөж буйг онцлон тэмдэглэхийг ялдамд та бүхэн илүү их ололт, амжилтаар ахин хуран цуглахын ерөөлийг дэвшүүлье. Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахаар хичээн зүтгэж байгаа төр, хувийн хэвшлийн төлөөлөлд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, “Агуу Монголоо дахин агуутгая”, үүний төлөө хамтдаа зүтгэхийг та бүхнээс уриалж байна. Та бүхэнд Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, шийдлийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар өргөн хүрээнд хэлэлцэх өнөөдрийн бодлогын хэлэлцүүлэгт амжилт хүсэж, форум албан ёсоор нээж буйг мэдэгдье.