Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

DIGITAL NATION – 2021 | Технологи хэрэглэгчээс БҮТЭЭГЧ үндэстэн рүү

2021.09.01

Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох гэж байна. Бид бүхэн цахим шилжилтийг манлайлж, технологийг хэрэглэгчээс бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж буй үндэсний компаниудын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна. “АНД ГЛОБАЛ”-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ч.АНАР: МОНГОЛ КОМПАНИУД ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ, ТЕХНОЛОГИО ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ БОЛЖ БАЙГАА НЬ 100 ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ТОХИОЖ БУЙ ОНЦГОЙ ҮЙЛ ЯВДАЛ

Энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байна. Гэхдээ тоон билэгдлээс илүү өөр олон зүйлээр онцгой болж буйг дурдах хэрэгтэй. Өнгөрсөн 100 жилийг харахад Монгол Улс үргэлж хэрэглэгч орон байсаар ирсэн. 1911 онд гамингийн цэргийн хороо Монголын анхны харилцаа холбооны системийг тавьж, 1921 онд монголчууд станцаар Москва, Бээжинтэй холбогддог болж, 1985 онд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар өргөн нэвтрүүлгийн станцууд улс даяар тавигдсан. Мобиком корпорац Alcatel-Lucent компанийн тоног төхөөрөмжийг худалдан авч Монголд анх үүрэн холбоог нэвтрүүлсэн нь дараагийн том шилжилт байв. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, төрийн үйлчилгээ ч ялгаагүй Microsoft, Oracle, Infosys зэрэг дэлхийн том компаниудын шийдлийг хэрэглэсээр ирсэн. Тэгвэл Монголын технологийн компаниуд, старт-аппууд эвлэлдэн нэгдэж өөрсдөө технологи хийдэг болж, хэрэглэгчээс бүтээгч үндэстэн рүү шилжиж байгаа нь 100 жилийн босгон дээр тохиож буй онцгой үйл явдал юм. И-Баримт, Social Pay, Lend.mn зэрэг бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон олон технологи бол монголчууд бүтээж чаддагийн бодит жишээ.

Монгол хүний хайрцаглагдаагүй задгай сэтгэлгээ, хөрвөх чадвар үнэлэгдэж, давуу тал болж буй нь үнэн хэдий ч тууштай байдал, эвлэлдэн нэгдэх чадвар сул, нарийвчилж мэргэшээгүй цаашлаад боловсон хүчний хомсдол зэрэг нь сул тал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаас жижиг зах зээл дээр нэгэн ижил үйлчилгээгээр хоорондоо өрсөлддөг, нэгнээсээ хуулдаг. Монгол хүний нүүдэлчин сэтгэхүйгээс улбаатай сул талууд нь биднийг дэлхийн зах зээлд өрсөлдөхөд том садаа болж байна. Энэ сул орон зайг нөхөхийн тулд сэтгэхүйн өөрчлөлт хийх, чадна гэдгийг харуулж, залууст итгэл өгөх хэрэгтэй. 

Манай компани ч үүний төлөө явж байгаа. Одоогоор бид хоёр үндсэн багц компанийн дор үйл ажиллагаагаа явуулж байна. Монголчуудын бүтээсэн технологийг олон улсад экспортлох чиглэлээр финтек суурьтай үйл ажиллагаа явуулдаг Анд Глобалыг хүмүүс харьцангуй мэдэх байх. Анд Глобалын бүрэлдэхүүнд ЛэндМН, Анд Системс тэргүүтэй 12 охин компани багтдаг. Бид өөрсдийн хөгжүүлсэн технологио Камбож, Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад гаргахаас гадна Callpro, IntelMind зэрэг Монголын бусад технологийн компаниудын бүтээгдэхүүнийг экспортлохоор ажиллаж байна. Бидний хувьд олон улсад технологио экспортолсон туршлагатай, том багтай, олон улсын стратегийн түнштэй тул үүнийгээ ашиглаад монгол оюуныг дэлхийд гаргахыг зорьж буй. 

Харин нөгөөдөх нь Google компанийн ахлах инженер Б.Баттулга, ЛэндМН-ийг хамтран үүсгэн байгуулагч О.Болдбаатар, П.Нямбаяр бид дөрвийн хамтран байгуулсан Andorean компани юм. Энэ нь High-tech салбар руу чиглэсэн хоёр төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Нэгт, үүрэн холбооны үйлчилгээний тоног төхөөрөмж, програм хангамжийн хөгжүүлэлт, хоёрт, бодит ертөнцийн 3D виртуал хувилбар буюу толин тусгал (digital twin) технологи юм. Энэ нь 5G технологийн тусламжтайгаар орон зай, цаг хугацаа, чийгшил, температур, салхи, чимээ зэрэг бүх мэдрэмжийг 3D хэмжээс болон дүрсийн нийлбэрт оруулж, тухайн орчныг бүхлээр нь бүрдүүлдгээрээ 3D-ээс ялгаатай. Энэ жилийн Digital Nation арга хэмжээний үеэр одоо хөгжүүлж байгаа технологиудаа бид албан ёсоор танилцуулна.

Өдгөө Монгол Улс цахим үндэстэн болох тухай ярьж байна. Юун түрүүнд нийтээрээ  цахимжуулалт, цахим шилжилт гэдэг хоёр ялгаатай ойлголтын үндэс суурийг сайн ойлгох хэрэгтэй. Автоматжуулалт буюу технологийн давуу чанарыг ашиглаад үйл ажиллагааг хялбарчилж буй нь цахимжуулалт. Өнөөдөр монголчууд Apple компанийн бүтээсэн утсыг хэрэглэж, үүрэн холбооны оператор компаниуд Huawei, ZTE, Nokia компанийн төхөөрөмжийг түрээслэн үйлчилгээ үзүүлж байна. Энэ бол цахимжуулалт. Би хувьдаа Монголд цахимжуулалт маш амжилттай явагдсан гэж боддог. Тухайлбал, үүрэн холбоо, төлбөр тооцооны шийдлүүд, банк санхүүгийн салбар, интернэт худалдаа зэргийг дурдаж болно.

Тэгвэл ирээдүйд технологио өөрсдөө бүтээж, түүнийг эзэмших тухай асуудал нь бидний яриад байгаа цахим шилжилт юм. Байгууллага үйл ажиллагаагаа автоматжуулахаас илүү цахим технологийг ашиглан шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж, түүнийг эзэмшиж байгаа бол цахим шилжилт гэж хэлнэ. Үүнийг цөөхөн ч гэлээ монгол компаниуд амжилттай хийгээд явж байна. Том зургаар харвал, MCS групп цахим шилжилтийг бодлогын хүрээнд амжилттай хийж байна гэж хардаг. Түүнчлэн Анд Глобал, Intelmind, Call pro, Infinite Solution зэрэг компаниуд цахим шилжилтийг манлайлж, бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж байна.

“INTELMIND” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МЭНДБАЯР: ҮНЭЛГЭЭ БАГАТАЙ Ч ЗАЛУУЧУУД МОНГОЛДОО АЖИЛЛАХААР ШИЙДЭЖ БУЙ НЬ ТОМ ЭР ЗОРИГ ГЭДГИЙГ НИЙГЭМ ОЙЛГОЖ, ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Хүссэн ч эс хүссэн ч дижитал эрин үе хэдийн ирчихээд байна шүү дээ. Нэгэнт гол асуудал нь улс үндэстнүүдийн өрсөлдөх чадвар тул монголчууд дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд улсаараа цахимжих шаардлага сонголтгүй гарч ирж байна. Цаашид дэлхийн улсууд нүүрс, алтаар биш технологи, инновацаараа л өөр хоорондоо өрсөлдөнө. Тэгэхээр энэ ойлголтыг иргэд, аж ахуй нэгжүүддээ ойлгуулж, нэгэн зэрэг хөдөлж байж л үр дүнд хүрнэ. 

Intelmind компанийг технологид суурилсан бүтээгдэхүүн, төсөл, компаниудыг гаргаж ирдэг хөрөнгө оруулалтын студи (venture studio) гэж тодорхойлж болно. Бид санааг технологитой холбодог, технологид суурилан шинэ санаа гаргадаг. Мөн нийгэмд хэрэгцээтэй байгаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зохиож зах зээлд нэвтрүүлдэг. Venture studio маягаар ажиллана гэдэг нь энэ бүгдийг загварчилж, хооронд нь нийлүүлж, интеграц хийж, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалт хийж, бусад хөрөнгө оруулагчтай холбож, хамтран бүтээгдэхүүн гаргадаг бизнесийн загвар юм. 

Хамгийн анх Shoppy.mn-ийг зах зээлд нэвтрүүлж дараа нь технологийн Cody компаниа байгуулж байлаа. Cody нь дотоодын 100 орчим аж ахуй нэгжид түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Товчоор, эдгээр аж ахуй нэгжүүд манай технологийг ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Бидний хамтран бүтээлцэж хөрөнгө оруулалт хийсэн, хувьцаа эзэмшдэг бусад бизнесүүдээс дурдвал, такси үйлчилгээний UbCab аппликэйшн, аялал жуулчлалын JoinMe платформ, IOT төрлийн төхөөрөмжтэй харьцаж програмчлал хийдэг SEM компани зэргээр нэрлэж болно. 

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Монгол Улсад дотоодын анхны коронавирусийн халдвар бүртгэгдэхэд бүх худалдаа, үйлчилгээ хаагдаж, компаниудын үйл ажиллагаа бүхэлдээ зогссон. Shoppy.mn энгийн үеэс хэд дахин нэмэгдсэн хэрэгцээг маш хязгаарлагдмал хүн хүчний нөөцөөр хангах шаардлагатай болов. Тухайн үед Монголын тэргүүлэгч том компаниуд, жижиг аж ахуй нэгжүүдийн хэн ч үүнд бэлэн байгаагүй. Энэ сорилтын үед бид нэг талаас олон олон компанид борлуулалтаа хийж ажилчдынхаа цалинг тавихад нь тусалсан. Нөгөө талаар хүргэлт, агуулах, бараа татан авалт, мэдээлэл солилцооны шийдлүүдийг Монголдоо цоо шинээр бүтээж, технологи болон бизнесийн процессийн шинэ хуудас эргэсэн эгзэгтэй үед томоохон хувь нэмэр оруулсан гэж боддог. 

Харин одоо бид бүтээсэн технологио гадаад зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Яг одоо Shoppy.mn-ийн шинэ хувилбарыг бүтээж байгаа бөгөөд 2021 ондоо багтаад нээлтээ хийнэ. Гадаадын олон оронд байхгүй интернэт худалдааны загварыг бүтээж байгаа гэдэгтээ бид итгэлтэй байгаа. Бусдаас давсан зүйл хийж байж л тэр зах зээлд нэвтэрнэ шүү дээ. Гадны улсуудтай харьцуулбал цөөхөн боловч чадварлаг хүнтэйгээр энэ том ажлыг гүйцэтгэж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Хэдий үнэлгээ багатай ч залуучууд Монголдоо ажиллахаар шийдэж байгаа нь том эр зориг гэдгийг нийгэм ойлгож, дэмжих хэрэгтэй. Өндөр ур чадвартай эдгээр залуус гадагшаа гарвал хэд дахин өндөр цалин, албан тушаалд очих боломж нээлттэй ч эх орондоо үлдэх сонголтыг хийсэн. Үүнийг хүмүүс үнэлж, дурдаж ярьдаггүй нь харамсалтай. 

Төрийн үйлчилгээ ч ялгаагүй юм ойлгодог, шинэ үеийн залуус олноороо орсны үр дүнд шинэчлэгдэж байна. Үнэнийг хэлэхэд улс төрд байгаа “ах нар” үүнийг ойлгохгүй. Тиймээс ойлгохгүй заримыг нь тоглоомоос гаргаж, оронд нь залуустаа итгэл хүлээлгэн цаашид өөрсдийнхөөрөө хөгжих сонголт л бидэнд үлдэж байна. Мэдээж цахим үндэстэн болох хөдөлгөөнийг аль нэг зохицуулах хороо, агентлаг дангаараа хийхгүй. Компани, аж ахуй нэгжүүдтэй хамтран энэ даалгаврыг гүйцэтгэх шаардлагатай. Төрийн зүгээс ачааны хүндийг үүрч  буй компаниудаа хууль эрх зүй, бодлогоор дамжуулан дэмжиж, бизнес эрхлэгчдэд амьсгалах боломж олгох хэрэгтэй. Эцэст нь, технологи, цахим шилжилт бол бүхэлдээ хурдны тухай асуудал юм. Хурдыг дагаад алдаа гарах нь зайлшгүй. Алдаа гаргасных нь төлөө нэгнээ чичлэх бус алдаан дээрээ дүгнэлт хийгээд урагшлах учиртай. 

“ХАЙ ПЭЙМЭНТ СОЛЮШНС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.НАРАНБАТ: ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ДИЖИТАЛ ТӨЛБӨР ТООЦОО ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

Бид 2016 оноос технологид суурилсан санхүүгийн бизнесийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2020 оны тавдугаар сард Sendly олон улсын мөнгөн гуйвуулгын аппликэйшнийг, арваннэгдүгээр сард Hi-Pay цахим төлбөрийн аппликэйшнийг тус тус  зах зээлд нэвтрүүлээд байна.  

2017 онд Монгол улсад Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Түүнээс хойш Fintech компаниуд бэлтгэл ажлаа ханган 2018 оноос идэвхжиж, сүүлийн хоёр жилд эрчимтэй хөгжиж байна. Үндэсний цахим шилжилт хийхэд дижитал төлбөрийн системийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэдэг нь бусад орнуудын туршлагаар нотлогдсон. Манай иргэд ухаалаг утсаар интернэтэд холбогдож, төлбөрийн карт хэрэглэж дадсан нь дижитал төлбөр тооцоог хөгжүүлэх суурь сайн хангаж өгснийг харуулж байна. 

Урд хөршид нийт иргэдийн 58 хувь нь цахим төлбөрийн хэрэгсэл ашигладаг бол АНУ-д энэ үзүүлэлт 25 хувьтай байна. Бидний тооцооллоор, Монголд цахим худалдан авалт, дижитал хэтэвчийн хэрэглээ 5 хувь хүрэхгүй байна гэж үзэж байгаа. Тиймдээ ч цаашид банкны картын хэрэглээнээс цахим хэтэвчний хэрэглээ рүү шилжих бололцоо бүрэн дүүрэн байна шүү дээ. 

Гэвч цахим шилжилт хийхэд иргэд, хувийн хэвшил, төр гурвын хамтын ажиллагаа чухал. Юун түрүүн төрийн үйлчилгээ, хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрчимтэй цахимжих шаардлагатай. Цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж чадвал нэгж үйлчилгээ, нэгж бүтээгдэхүүнийг борлуулах нэмэгдэл өртөг буюу худалдааны зардал нь хамгийн доод хэмжээнд хүрэх юм. Цаашлаад үр ашиг, цаг хугацаа хэмнэж, үйлдвэрлэлийн хэмжээ ч тэлнэ гэсэн үг. 

Бид энэ удаагийн Digital Nation арга хэмжээнд Hi-Pay болон бусад дэд төслүүдээ танилцуулна. Жишээлбэл, бид саяхан Hi-Charge буюу зөөврийн цэнэглэгч (powerbank) түрээсийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн хуванцар хог хаягдлаа автомат машинд тушаасан хүмүүст мөнгөн урамшуулал олгох төсөл танилцуулах болно. Цахим үндэстэн болох зорилгын төлөө хамтран ажиллацгаая. Экспо дээр уулзъя. 

Other news

“ЦАХИМ БАЯНХОНГОР” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 500 ГАРУЙ ИРГЭН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, СУРАГЧ, АХМАДУУДЫГ ХАМРУУЛСАН ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, хүүхэд, залуучуудын цахим ур чадвар, цахим соёлыг төлөвшүүлэх зорилготой “Цахим Баянхонгор” арга хэмжээг Баянхонгор аймагт зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил, салбарын байгууллагуудын төлөөлөл, төрийн албан хаагчид, хүүхэд залуучууд, ахмад настан зэрэг зорилтот бүлгүүдийг хамруулсан олон талт уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Үйл ажиллагаа өглөөний уулзалтаар эхэлж, бизнес эрхлэгчидтэй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, бизнесийн орчны шинэчлэл, цахим шилжилтийн боломжуудын талаар мэдээлэл хуваалцан, санал солилцлоо. Мөн төрөөс үзүүлж буй цахим үйлчилгээ, бизнес эрхлэгчдэд зориулсан цахим платформуудын хэрэглээ, хүртээмжийн талаар хэлэлцэв. Арга хэмжээний албан ёсны нээлтэд орон нутгийн удирдлагууд болон салбарын байгууллагуудын төлөөлөл оролцож, Монгол Улсын цахим шилжилтийн бодлого, хэрэгжилтийн талаар үндсэн илтгэлийг танилцууллаа. Энэ үеэр салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий албан хаагчдыг шагнаж, төрийн үйлчилгээний 20 орчим операторт батламж гардуулав. Түүнчлэн “Цахим шилжилт ба иргэдэд хүрэх үйлчилгээний шинэ загвар”, “Харилцаа холбооны дэд бүтэц ба орон нутгийн цахим шилжилтийн боломж”, “Хиймэл оюунд суурилсан халдлагууд” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдсан юм. Ингэснээр орон нутгийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар оролцогчдод цогц мэдээлэл хүргэлээ. Мөн төрийн цахим үйлчилгээний 24/7 “ХУРДАН” цэг болон шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын бодит нөхцөл байдлыг газар дээр нь үзэж сонирхов. Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сургалт явуулж, хиймэл оюуны хэрэглээ, кибер аюулгүй байдал, хүүхдийн оролцооны байгууллагын ач холбогдлын талаар мэдлэг олгов. Мөн өсвөрийн “ХУРДАН” клубийн 50 гишүүнд “Цахим элч” батламж гардуулсан нь хүүхэд, залуучуудын цахим ур чадвар, соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо. Мөн 350 гаруй төрийн албан хаагчийг хамруулсан тусгай сургалт хийж, кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны хэрэглээ, төрийн мэдээллийн сангийн үйлчилгээ, хиймэл оюунд суурилсан халдлагын эрсдэл зэрэг сэдвээр мэдээлэл өгч, албан хаагчдын цахим чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүллээ. Үүний зэрэгцээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Сургагч багш” бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж, төрийн цахим үйлчилгээ, иргэний цахим оролцоо, цахим залилангаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээн, оролцогчдод батламж гардуулсан юм. “Цахим Баянхонгор” нь төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, хүүхэд, залуучууд, ахмад настнуудын цахим ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй цогц арга хэмжээ болж чадлаа. Энэ нь төр-хувийн хэвшил-иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болов.

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав 2021.02.22 Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав нь 1923 онд мэндэлжээ. Тэрээр бага залуугаасаа радио узелийн техникч Бадамын Чүлтэм гэдэг хүнтэй танилцаж, заавраар нь радио шугамын байдал, радиогийн сонсголыг шалгах, ойр зуурын гэмтэл засах зэрэг ажлыг сайн дураараа цалингүйгээр, дагалдангаар ажиллан радио монтёрын ажил хийж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Сайн дураараа ажиллах явцдаа Аймгийн эвлэлийн хорооны даргын заавраар бичээчийн ажлыг тал цалингаар хийдэг байв. Энэ үед Аймгийн эвлэлийн хорооны дарга түүнийг радио узелийн ажилд сонирхолтой гэдгийг анзаарч, аймгийн холбоонд ажиллуулахаар илгээж, холбооны газрын дарга Б.Нямаагийн тушаалаар радио узельд дагалдан техникчийн албан тушаалд томилогдон, цалин хөлстэй орон тооны “Холбоочин” болжээ. Ийнхүү өдрийн цагт радио шугамын засвар үйлчилгээ хийх, айлуудад “дугуй хар” тавих засах, оройн цагаар радио узелийн жижүүрийн ажлыг хийдэг байсан байна. Дарга Б.Нямаа нь 1940 онд Улаанбаатарт Холбооны сургуульд суралцах санал тавьсаныг нь дуртайяа зөвшөөрч байв. Холбооны сургууль тэр үеийн усны гудамжны адагт байх бөгөөд үеийн нөхдийн хамт шамдан суралцахаар сэтгэл шулуудаж, сургууль нь дөнгөж техникум болж байсан тул техникийн бааз суурь хангалтгүй ч сахилга бат зохион байгуулалт сайтай, өндөр мэдлэгтэй багш нартай байжээ. Сурагчид цэрэгжүүлсэн формын хувцастай, жагсаалын сургууль хийдэг байв. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 1943 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар холбооны ангийн төгсөх ангийн сурагчид радио станц, радио зангилаанд дадлага хийж, дараа нь дутуу хичээлээ нөхөн хийж, 12 дугаар сард сургуулиа төгсчээ. Радио нэвтрүүлэх 1 дүгээр станцад дадлагын ажлаа хийж дуусаагүй байхад нь Холбооны ерөнхий газрын захирлын тушаалаар радио нэвтрүүлэх 2 дугаар станцад даргаар томилогдсон байна. Энэхүү станц нь улс орны батлан хамгаалах бодлогын үүднээс 1941-1943 онд шинээр байгуулагдаж радио өргөн нэвтрүүлэг, радио холбоонд ашиглагдаж чухал үүрэг гүйцэтгэжээ. Харилцаа холбоо нь цэрэгжүүлсэн байгууллага байсан болохоор яам нь хариуцлага алдсан хүнийг цээрлүүлэх шоронтой байсан бөгөөд тэрээр дурсамжиндаа “Би дэлхийн 2 дугаар дайны төгсгөл ойртож буй үед цэрэгжүүлсэн харилцаа холбооны яамны радио хэлтсийн даргаар ажиллаж дотоод, гадаадын радио харилцаа, өргөн нэвтрүүлгийн техник, зохион байгуулалтын ажлыг хариуцаж байсан. Нэгэн удаа Увс аймгаас Засгийн газарт ирэх шифрийг цагт нь авч чадаагүйгээс болж Дэчингийн Дэндэв сайд дуудаад чухал яаралтай шифр мэдээг саатуулсан учир таван хоног сахилгад хоригдсон билээ” гэжээ. Түүнчлэн дурсамжиндаа “Холбооны яамны мэдэлд байсан бүх радио нэвтрүүлэх, хүлээн авах станц, зангилаануудыг ажиллагаанд саадгүй байлгах, сонсголыг шалгаж орон нутгаас мэдээ авч, мэдэгдэх үүргийг 1945 оны 8 дугаар сарын 10-нд сайдаас өгсөнийг бэлэн болгоод байтал Маршал Чойбалсан гуай хэдэн хүний хамт орж ирээд ирж, явуут дундаа ёсолж мэндлээд радио зангилаа руу ороод микрофоны дэргэд суулаа. БНМАУ-ын Ерөнхий сайд маань МОНГОЛ УЛСЫГ чөлөөлөх дайнд орох болсныг эндээс зарласан юм” гэж бичжээ. Гучхан настайдаа БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1953 онд Холбооны сайдаар томилогдсон байна. 1955 оны 1 дүгээр сарын 20 –нд Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хурлаар 1954 онд багуудыг радиожуулсан дүнгээр 500 багийг радиожуулж бүх багийн тавны нэгийг радиожуулсныг танилцуулж, 1955 онд 800 радио хүлээн авагчаар баг, бүх ардын үйлдвэрлэлийн нэгдэл, өвс хадах станц, тээврийн буудлуудыг бүрэн радиожуулах үүргийг авч, 1956 онд радиожуулах төлөвлөгөөг хэлэлцүүлэв. Улс орноо радиожуулах, радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны техник төхөөрөмжийг шинэчлэн хөгжүүлэх тухай асуудал анхдугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулах үеэс Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах асуудал эрчимтэй яригдаж, 1956 оны 2 дугаар сард хуралдсан Намын Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хуралд: “Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд бүх сум, баг, нэгдэл,станц, сангийн аж ахуйнууд болон манай орны өнцөг буланд газар сайгүй радио хүлээн авагч ажиллах болно. Радио нэвтрүүлэх станцын хүчин чадал бага бөгөөд 250-300 км-ээс цааших газарт хэвийн сонсголоор хангаж чадахгүй байна. Энэ асуудлыг нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөнд тусгуулсан боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас хойшлогдсон, хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд хөрөнгө хүрэлцээгүйн улмаас хасагдсан тул Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах ажлыг 1956 онд яаралтай эхлүүлэх нь нэн чухал байна” гэж Холбооны сайд Л.Дамдинжав хэлжээ. Тус бүгд хурлаас хойш удалгүй 1956 оны 10 дугаар сард МАХН-ын Улс төрийн Товчооны хурлаар “Орон нутгийг радиожуулах ба хүн амыг радиогоор үйлчлэх ажлын байдал болон шуудангийн ажиллагаа тэдгээрийг сайжруулах арга хэмжээний тухай” сайдын илтгэлийг авч хэлэлцээд бүх сум, багуудын 63%, хөдөө аж ахуйн 208 нэгдэл, өвс хадах 42 станцад эх орон хүлээн авагч тавигдсан боловч энэ нь хүрэлцээ хангалтгүй, радио өргөн нэвтрүүлгийн төв станцын техник, тоног төхөөрөмж хуучирч хоцрогдсон ба нэвтрүүлэх чадал бага байгаа зэргийг харгалзан дараах асуудлыг уг хурлаас онцлон, Холбооны сайдад даалгасан байна. Үүнд: Радиожуулалт, радио холбоог 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож, МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд 1957 оны 5 дугаар сарын 1-ний дотор ирүүлсүгэй гээд ерөнхий схемд радио нэвтрүүлэх төвийн хэрэгсэл нь: А. Төвийн радио нэвтрүүлгийн үндсэн программыг тус орны бүх нутаг дэвсгэр дээр сайн сонсгож, хоёрдугаар программыг төвийн хэсэгт, казах хэлний нэвтрүүлгийг тус орны баруун хэсэгт сонсгохоор тооцоолж, мөн гадаадад зориулсан нэвтрүүлгийг оруулах, Б. Улаанбаатар хотод зурагт радиогийн төвийг байгуулах, В. Төв суурин газрууд ба сумын төвийг радио зангилаагаар,цөөн хүн амтай нутгуудыг радио хүлээн авагчаар радиожуулах, Г.Радио холбоог улс ардын аж ахуй ба ард түмний хэрэгцээг хангахаар төлөвлөх гэж заажээ. Үүнээс гадна МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Улаанбаатар хот болон хотоос аймгуудад, аймгаас сумдад шуудан хэвлэл хүргэлтийг сайжруулах талаар 1954 оны 2 дугаар сарын 4- ний өдөр 8/29 дүгээр тогтоол гаргаж, “ Нийслэл хотод шуудан бичгийг гэрээр хүргэх, Улаанбаатар ба аймгуудын хооронд шуудан солилцох ажлыг хоёрдугаар таван жилийн дотор долоо хоног тутам 3 удаа болгох, Налайх, Биокомбинат, Нисэх онгоцны буудал, Сэлбийн амралт, Сүрьеэ өвчнийг анагаах больниц зэрэг газруудаар шуудан хэвлэлийг тасралтгүй хүргэж өгөх явдлыг хангах, мөн хөдөлмөрчдөд үйлчлэх шуудангийн хайрцгийг 15- ыг энэ оны улиралд багтаан Улаанбаатар хотод байрлуулах, уг хайрцаганд хийсэн зүйлсийг өдөрт 2 удаа гаргаж авч байх”-ыг даалгажээ. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Холбооны яамнаас холбогдох арга хэмжээг авч ажилласаны дүнд 12 аймагт автотээврийн баазыг шинээр байгуулах, Архангай, Говь- Алтай, Булган, Увс, Ховд, Чойбалсан аймгийн авто өртөөдийг аймгийн тээврийн хуучин баазуудад шилжүүлж, хуучин авто өртөөдөд байсан 91 автомашин дээр ГАЗ- 51 маркийн 102 автомашин шинээр авч өгчээ. Үүний үр дүнд Архангай 13, Баян-Өлгий 10, Баянхонгор 12, Булган 9, Говь- Алтай 13, Дорноговь 9, Дундговь 9, Өвөрхангай 13, Өмнөговь 9, Завхан 13, Сүхбаатар 9, Сэлэнгэ 7, Төв 12, Увс 12, Чойбалсан 10, Ховд 10, Хөвсгөл 13, Хэнтий аймаг 10 авт машинтай болсон байна. Улсын хэмжээнд 1954 оны эцэст шуудан холбооны 61 салбартай, үүнээс 5 нь Улаанбаатар

Инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапуудыг дэмжих бодит орчныг бий болгох зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл энэхүү дэмжлэгийг үзүүлэх, шалгуур үзүүлэлт болон журмыг нь гаргах Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал 2024 оны 11 дүгээр сарын 27-нд боллоо. Хурлаар: Ажлын хэсгийн гишүүдийг сонгохдоо мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тухайлан заасан хуулийн этгээд болох шинжлэх ухаан, технологи, санхүү, татвар, жижиг дунд үйлдвэрлэл, инновацын асуудлаар дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын холбогдох мэргэжилтэн, судлаачдыг багтаажээ. Үндэсний зөвлөл нь Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмжих бодит орчныг бий болгох үүрэгтэй юм. Анхдугаар хурлын үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал, Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Золзаяа дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн компаниуддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр тухайн улс орнууд ДНБ-дээ мэдээллийн технологийн салбарын эзлэх хувь хэмжээ, экспорт, хүний нөөцөө хэрхэн нэмэгдүүлж байгаа сайн жишгийг танилцуулж, дотоодын стартап компаниудад энэ төрлийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчны бүрдсэн талаар мэдээлэл өглөө.   ЦХИХХ-ны сайд, Үндэсний зөвлөлийн дэд дарга Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн компаниудад хууль эрх зүйн талаас нь боломжийг нь нээж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Одоо эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж байна.  Үндэсний зөвлөл нь цаашид Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмждэг бодит орчныг бий болгох үүрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү зөвлөл нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргаж, УИХ болон Засгийн газарт танилцуулна. Иймд хүрээгээ зөв тодорхойлж, сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр хийх технологийг шийдлийг нэвтрүүлэх зарчмыг баримтлах шаардлагатай гэдгийг онцоллоо. Түүнчлэн Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн хийсэн. Ebarimt болон E-mongolia-гийг далайд гарцгүй орнууд сонирхож байна. Төрд байгаа эх кодыг экспортлох, олсон орлогыг виртуал бүсэд төвлөрүүлнэ гэдгийг онцлов. Цаашид дижитал эдийн засгийг бий болгох, ДНБ-д мэдээллийн технологийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсаас дэлхийн хэмжээний юникорн “төрүүлэх” суурийг өнөөдөр тавьж байна гэдгийг дурдав. Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дэлхийн улс орнууд өөр өөрсдийн амбицаа зарлаж байна. Тухайлбал, Япон улс 2030 он гэхэд робот техник, хиймэл оюун, IoT, кибер аюулгүй байдал зэрэг салбарууддаа анхаарч, жил бүр дижитал экспортыг 7 их наяд иенд хүргэх зорилт тавьсан бол Австрали улс дижитал худалдааг 30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Харин Казахстан улсын Astana Hub  нь технологийн экспортоо 2025 он гэхэд 500 сая ам.доллар, 2030 он гэхэд 1 тэрбум ам.долларт хүргэх зорилго тодорхойлсон байна. Эдгээр улсууд дээрх зорилгодоо хүрэхийн тулд мэдээллийн технологийн компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна. АСТАНА ХАБ 2027 ОНД АНХНЫ ЮНИКОРН КОМПАНИА ДЭЛХИЙД ГАРГАНА Астана Хаб нь 2018 онд байгуулагдаж, нэг жилийн дотор 35 сая ам.долларын орлогын олж төвлөрүүлсэн байна. Тус улс нь 2023 онд мэдээллийн технологийн экспортоо 80 гаруй хувиар өсгөж, 25,000 ажлын байр шинээр бий болгож,  665 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Астана Хаб 2027 онд анхны юникорн компаниа төрүүлэхээр ажиллаж байна. Тэд өөрсдийнгөө “Технологийн хаб” хэмээн тодорхойлж, олон улсад амбицаа зарлаад байна. УЗБЕКИСТАН УЛС ОЛОН УЛСАД “АУТСОРСИНГ ХАБ” ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ Узбекистан улсын мэдээллийн технологийн экспорт нь 2023 онд 343 сая ам.долларт хүрчээ. Тэд өөрсдийгөө олон улсад “Аутсорсинг хаб” хэмээн тодорхойлсон бөгөөд 2030 он гэхэд 300,000 ажлын байрыг бий болгож, экспортоо 5 тэрбум ам.долларт хүргэх тооцооллыг гаргажээ. МОНГОЛ УЛСЫН ДНБ-Д IT САЛБАРЫН ЭЗЛЭХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ Монгол Улсын хувьд ДНБ-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 3.2 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг бий болгоход дээрх үндэсний зөвлөлийн үүрэг чухалд тооцогдож байна. Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Ажлын албаны даргаар МТҮП-ын захирал Ж.Золзаяа нар ажиллаж байна.