Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

DIGITAL NATION – 2021 | Технологи хэрэглэгчээс БҮТЭЭГЧ үндэстэн рүү

2021.09.01

Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох гэж байна. Бид бүхэн цахим шилжилтийг манлайлж, технологийг хэрэглэгчээс бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж буй үндэсний компаниудын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна. “АНД ГЛОБАЛ”-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ч.АНАР: МОНГОЛ КОМПАНИУД ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ, ТЕХНОЛОГИО ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ БОЛЖ БАЙГАА НЬ 100 ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ТОХИОЖ БУЙ ОНЦГОЙ ҮЙЛ ЯВДАЛ

Энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байна. Гэхдээ тоон билэгдлээс илүү өөр олон зүйлээр онцгой болж буйг дурдах хэрэгтэй. Өнгөрсөн 100 жилийг харахад Монгол Улс үргэлж хэрэглэгч орон байсаар ирсэн. 1911 онд гамингийн цэргийн хороо Монголын анхны харилцаа холбооны системийг тавьж, 1921 онд монголчууд станцаар Москва, Бээжинтэй холбогддог болж, 1985 онд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар өргөн нэвтрүүлгийн станцууд улс даяар тавигдсан. Мобиком корпорац Alcatel-Lucent компанийн тоног төхөөрөмжийг худалдан авч Монголд анх үүрэн холбоог нэвтрүүлсэн нь дараагийн том шилжилт байв. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, төрийн үйлчилгээ ч ялгаагүй Microsoft, Oracle, Infosys зэрэг дэлхийн том компаниудын шийдлийг хэрэглэсээр ирсэн. Тэгвэл Монголын технологийн компаниуд, старт-аппууд эвлэлдэн нэгдэж өөрсдөө технологи хийдэг болж, хэрэглэгчээс бүтээгч үндэстэн рүү шилжиж байгаа нь 100 жилийн босгон дээр тохиож буй онцгой үйл явдал юм. И-Баримт, Social Pay, Lend.mn зэрэг бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон олон технологи бол монголчууд бүтээж чаддагийн бодит жишээ.

Монгол хүний хайрцаглагдаагүй задгай сэтгэлгээ, хөрвөх чадвар үнэлэгдэж, давуу тал болж буй нь үнэн хэдий ч тууштай байдал, эвлэлдэн нэгдэх чадвар сул, нарийвчилж мэргэшээгүй цаашлаад боловсон хүчний хомсдол зэрэг нь сул тал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаас жижиг зах зээл дээр нэгэн ижил үйлчилгээгээр хоорондоо өрсөлддөг, нэгнээсээ хуулдаг. Монгол хүний нүүдэлчин сэтгэхүйгээс улбаатай сул талууд нь биднийг дэлхийн зах зээлд өрсөлдөхөд том садаа болж байна. Энэ сул орон зайг нөхөхийн тулд сэтгэхүйн өөрчлөлт хийх, чадна гэдгийг харуулж, залууст итгэл өгөх хэрэгтэй. 

Манай компани ч үүний төлөө явж байгаа. Одоогоор бид хоёр үндсэн багц компанийн дор үйл ажиллагаагаа явуулж байна. Монголчуудын бүтээсэн технологийг олон улсад экспортлох чиглэлээр финтек суурьтай үйл ажиллагаа явуулдаг Анд Глобалыг хүмүүс харьцангуй мэдэх байх. Анд Глобалын бүрэлдэхүүнд ЛэндМН, Анд Системс тэргүүтэй 12 охин компани багтдаг. Бид өөрсдийн хөгжүүлсэн технологио Камбож, Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад гаргахаас гадна Callpro, IntelMind зэрэг Монголын бусад технологийн компаниудын бүтээгдэхүүнийг экспортлохоор ажиллаж байна. Бидний хувьд олон улсад технологио экспортолсон туршлагатай, том багтай, олон улсын стратегийн түнштэй тул үүнийгээ ашиглаад монгол оюуныг дэлхийд гаргахыг зорьж буй. 

Харин нөгөөдөх нь Google компанийн ахлах инженер Б.Баттулга, ЛэндМН-ийг хамтран үүсгэн байгуулагч О.Болдбаатар, П.Нямбаяр бид дөрвийн хамтран байгуулсан Andorean компани юм. Энэ нь High-tech салбар руу чиглэсэн хоёр төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Нэгт, үүрэн холбооны үйлчилгээний тоног төхөөрөмж, програм хангамжийн хөгжүүлэлт, хоёрт, бодит ертөнцийн 3D виртуал хувилбар буюу толин тусгал (digital twin) технологи юм. Энэ нь 5G технологийн тусламжтайгаар орон зай, цаг хугацаа, чийгшил, температур, салхи, чимээ зэрэг бүх мэдрэмжийг 3D хэмжээс болон дүрсийн нийлбэрт оруулж, тухайн орчныг бүхлээр нь бүрдүүлдгээрээ 3D-ээс ялгаатай. Энэ жилийн Digital Nation арга хэмжээний үеэр одоо хөгжүүлж байгаа технологиудаа бид албан ёсоор танилцуулна.

Өдгөө Монгол Улс цахим үндэстэн болох тухай ярьж байна. Юун түрүүнд нийтээрээ  цахимжуулалт, цахим шилжилт гэдэг хоёр ялгаатай ойлголтын үндэс суурийг сайн ойлгох хэрэгтэй. Автоматжуулалт буюу технологийн давуу чанарыг ашиглаад үйл ажиллагааг хялбарчилж буй нь цахимжуулалт. Өнөөдөр монголчууд Apple компанийн бүтээсэн утсыг хэрэглэж, үүрэн холбооны оператор компаниуд Huawei, ZTE, Nokia компанийн төхөөрөмжийг түрээслэн үйлчилгээ үзүүлж байна. Энэ бол цахимжуулалт. Би хувьдаа Монголд цахимжуулалт маш амжилттай явагдсан гэж боддог. Тухайлбал, үүрэн холбоо, төлбөр тооцооны шийдлүүд, банк санхүүгийн салбар, интернэт худалдаа зэргийг дурдаж болно.

Тэгвэл ирээдүйд технологио өөрсдөө бүтээж, түүнийг эзэмших тухай асуудал нь бидний яриад байгаа цахим шилжилт юм. Байгууллага үйл ажиллагаагаа автоматжуулахаас илүү цахим технологийг ашиглан шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж, түүнийг эзэмшиж байгаа бол цахим шилжилт гэж хэлнэ. Үүнийг цөөхөн ч гэлээ монгол компаниуд амжилттай хийгээд явж байна. Том зургаар харвал, MCS групп цахим шилжилтийг бодлогын хүрээнд амжилттай хийж байна гэж хардаг. Түүнчлэн Анд Глобал, Intelmind, Call pro, Infinite Solution зэрэг компаниуд цахим шилжилтийг манлайлж, бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж байна.

“INTELMIND” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МЭНДБАЯР: ҮНЭЛГЭЭ БАГАТАЙ Ч ЗАЛУУЧУУД МОНГОЛДОО АЖИЛЛАХААР ШИЙДЭЖ БУЙ НЬ ТОМ ЭР ЗОРИГ ГЭДГИЙГ НИЙГЭМ ОЙЛГОЖ, ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Хүссэн ч эс хүссэн ч дижитал эрин үе хэдийн ирчихээд байна шүү дээ. Нэгэнт гол асуудал нь улс үндэстнүүдийн өрсөлдөх чадвар тул монголчууд дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд улсаараа цахимжих шаардлага сонголтгүй гарч ирж байна. Цаашид дэлхийн улсууд нүүрс, алтаар биш технологи, инновацаараа л өөр хоорондоо өрсөлдөнө. Тэгэхээр энэ ойлголтыг иргэд, аж ахуй нэгжүүддээ ойлгуулж, нэгэн зэрэг хөдөлж байж л үр дүнд хүрнэ. 

Intelmind компанийг технологид суурилсан бүтээгдэхүүн, төсөл, компаниудыг гаргаж ирдэг хөрөнгө оруулалтын студи (venture studio) гэж тодорхойлж болно. Бид санааг технологитой холбодог, технологид суурилан шинэ санаа гаргадаг. Мөн нийгэмд хэрэгцээтэй байгаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зохиож зах зээлд нэвтрүүлдэг. Venture studio маягаар ажиллана гэдэг нь энэ бүгдийг загварчилж, хооронд нь нийлүүлж, интеграц хийж, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалт хийж, бусад хөрөнгө оруулагчтай холбож, хамтран бүтээгдэхүүн гаргадаг бизнесийн загвар юм. 

Хамгийн анх Shoppy.mn-ийг зах зээлд нэвтрүүлж дараа нь технологийн Cody компаниа байгуулж байлаа. Cody нь дотоодын 100 орчим аж ахуй нэгжид түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Товчоор, эдгээр аж ахуй нэгжүүд манай технологийг ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Бидний хамтран бүтээлцэж хөрөнгө оруулалт хийсэн, хувьцаа эзэмшдэг бусад бизнесүүдээс дурдвал, такси үйлчилгээний UbCab аппликэйшн, аялал жуулчлалын JoinMe платформ, IOT төрлийн төхөөрөмжтэй харьцаж програмчлал хийдэг SEM компани зэргээр нэрлэж болно. 

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Монгол Улсад дотоодын анхны коронавирусийн халдвар бүртгэгдэхэд бүх худалдаа, үйлчилгээ хаагдаж, компаниудын үйл ажиллагаа бүхэлдээ зогссон. Shoppy.mn энгийн үеэс хэд дахин нэмэгдсэн хэрэгцээг маш хязгаарлагдмал хүн хүчний нөөцөөр хангах шаардлагатай болов. Тухайн үед Монголын тэргүүлэгч том компаниуд, жижиг аж ахуй нэгжүүдийн хэн ч үүнд бэлэн байгаагүй. Энэ сорилтын үед бид нэг талаас олон олон компанид борлуулалтаа хийж ажилчдынхаа цалинг тавихад нь тусалсан. Нөгөө талаар хүргэлт, агуулах, бараа татан авалт, мэдээлэл солилцооны шийдлүүдийг Монголдоо цоо шинээр бүтээж, технологи болон бизнесийн процессийн шинэ хуудас эргэсэн эгзэгтэй үед томоохон хувь нэмэр оруулсан гэж боддог. 

Харин одоо бид бүтээсэн технологио гадаад зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Яг одоо Shoppy.mn-ийн шинэ хувилбарыг бүтээж байгаа бөгөөд 2021 ондоо багтаад нээлтээ хийнэ. Гадаадын олон оронд байхгүй интернэт худалдааны загварыг бүтээж байгаа гэдэгтээ бид итгэлтэй байгаа. Бусдаас давсан зүйл хийж байж л тэр зах зээлд нэвтэрнэ шүү дээ. Гадны улсуудтай харьцуулбал цөөхөн боловч чадварлаг хүнтэйгээр энэ том ажлыг гүйцэтгэж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Хэдий үнэлгээ багатай ч залуучууд Монголдоо ажиллахаар шийдэж байгаа нь том эр зориг гэдгийг нийгэм ойлгож, дэмжих хэрэгтэй. Өндөр ур чадвартай эдгээр залуус гадагшаа гарвал хэд дахин өндөр цалин, албан тушаалд очих боломж нээлттэй ч эх орондоо үлдэх сонголтыг хийсэн. Үүнийг хүмүүс үнэлж, дурдаж ярьдаггүй нь харамсалтай. 

Төрийн үйлчилгээ ч ялгаагүй юм ойлгодог, шинэ үеийн залуус олноороо орсны үр дүнд шинэчлэгдэж байна. Үнэнийг хэлэхэд улс төрд байгаа “ах нар” үүнийг ойлгохгүй. Тиймээс ойлгохгүй заримыг нь тоглоомоос гаргаж, оронд нь залуустаа итгэл хүлээлгэн цаашид өөрсдийнхөөрөө хөгжих сонголт л бидэнд үлдэж байна. Мэдээж цахим үндэстэн болох хөдөлгөөнийг аль нэг зохицуулах хороо, агентлаг дангаараа хийхгүй. Компани, аж ахуй нэгжүүдтэй хамтран энэ даалгаврыг гүйцэтгэх шаардлагатай. Төрийн зүгээс ачааны хүндийг үүрч  буй компаниудаа хууль эрх зүй, бодлогоор дамжуулан дэмжиж, бизнес эрхлэгчдэд амьсгалах боломж олгох хэрэгтэй. Эцэст нь, технологи, цахим шилжилт бол бүхэлдээ хурдны тухай асуудал юм. Хурдыг дагаад алдаа гарах нь зайлшгүй. Алдаа гаргасных нь төлөө нэгнээ чичлэх бус алдаан дээрээ дүгнэлт хийгээд урагшлах учиртай. 

“ХАЙ ПЭЙМЭНТ СОЛЮШНС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.НАРАНБАТ: ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ДИЖИТАЛ ТӨЛБӨР ТООЦОО ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

Бид 2016 оноос технологид суурилсан санхүүгийн бизнесийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2020 оны тавдугаар сард Sendly олон улсын мөнгөн гуйвуулгын аппликэйшнийг, арваннэгдүгээр сард Hi-Pay цахим төлбөрийн аппликэйшнийг тус тус  зах зээлд нэвтрүүлээд байна.  

2017 онд Монгол улсад Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Түүнээс хойш Fintech компаниуд бэлтгэл ажлаа ханган 2018 оноос идэвхжиж, сүүлийн хоёр жилд эрчимтэй хөгжиж байна. Үндэсний цахим шилжилт хийхэд дижитал төлбөрийн системийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэдэг нь бусад орнуудын туршлагаар нотлогдсон. Манай иргэд ухаалаг утсаар интернэтэд холбогдож, төлбөрийн карт хэрэглэж дадсан нь дижитал төлбөр тооцоог хөгжүүлэх суурь сайн хангаж өгснийг харуулж байна. 

Урд хөршид нийт иргэдийн 58 хувь нь цахим төлбөрийн хэрэгсэл ашигладаг бол АНУ-д энэ үзүүлэлт 25 хувьтай байна. Бидний тооцооллоор, Монголд цахим худалдан авалт, дижитал хэтэвчийн хэрэглээ 5 хувь хүрэхгүй байна гэж үзэж байгаа. Тиймдээ ч цаашид банкны картын хэрэглээнээс цахим хэтэвчний хэрэглээ рүү шилжих бололцоо бүрэн дүүрэн байна шүү дээ. 

Гэвч цахим шилжилт хийхэд иргэд, хувийн хэвшил, төр гурвын хамтын ажиллагаа чухал. Юун түрүүн төрийн үйлчилгээ, хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрчимтэй цахимжих шаардлагатай. Цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж чадвал нэгж үйлчилгээ, нэгж бүтээгдэхүүнийг борлуулах нэмэгдэл өртөг буюу худалдааны зардал нь хамгийн доод хэмжээнд хүрэх юм. Цаашлаад үр ашиг, цаг хугацаа хэмнэж, үйлдвэрлэлийн хэмжээ ч тэлнэ гэсэн үг. 

Бид энэ удаагийн Digital Nation арга хэмжээнд Hi-Pay болон бусад дэд төслүүдээ танилцуулна. Жишээлбэл, бид саяхан Hi-Charge буюу зөөврийн цэнэглэгч (powerbank) түрээсийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн хуванцар хог хаягдлаа автомат машинд тушаасан хүмүүст мөнгөн урамшуулал олгох төсөл танилцуулах болно. Цахим үндэстэн болох зорилгын төлөө хамтран ажиллацгаая. Экспо дээр уулзъя. 

Бусад мэдээ

Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь 2021.05.27 Өнгөрснөөсөө суралцахгүй, Түүхээ мэдэхгүйгээр хөгжлийн асуудлыг бүү ярь. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Аливаа салбарын хөгжил мэргэжилтэй боловсон хүчнээс хамаардаг бөгөөд тэднийг хэрхэн сургаж, өнөөгийн цаг үед мэргэжлийн хүрээгээ тэлэх хэмжээнд хүрсэн талаар доор өгүүлэх болно. Энэ хугацаанд тус салбарын хөгжил дэвшилд эрдэмтэн багш нарын оруулсан нөр их хөдөлмөр, хувь нэмэр маш их гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн зууны эхээр Монгол Улс тусгаар тогтнож, түүхийн ахар богино хугацаанд бий болоод байсан харилцаа холбооны хэрэгсэл Монгол Улсын өмч болж, Засгийн газрын мэдэлд ирсэн ч тэдгээрийг ажиллуулах үндэсний мэргэжилтэн байсангүй. Ийнхүү 1921 онд байгуулагдсан Ардын түр Засгийн газраас холбооны үндэсний мэргэжилтэн бэлтгэх талаар удаа дараа шийдвэр гарч, түр сургуулиар хэд хэдэн удаа цахилгаан мэдээний бичээч, шуудангийн ажилчин, агаарын шугамын засварчин зэргийг бэлтгэж байжээ. Улс орныг батлан хамгаалах болон эх орны дотоод амьдралын шаардлага, хэрэгцээгээр харилцаа холбоог өргөтгөн хөгжүүлэх явдал чухлаар тавигдаж, энэ талаар ЗХУ-ын бүх талын тусламжтайгаар багагүй ажлыг гүйцэтгэж ирсэн. Ийнхүү монгол газар нутагт телеграфын холбоо, телефон холбоо, радио холбоо хөгжөөд 20-30 жил болж байсан үед буюу 1930 оны дунд үеэс холбооны дунд мэргэжилтэн бэлтгэх асуудал улс орны бодит шаардлагаар урган гарсан юм. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1934 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Холбооны Ерөнхий хорооны дэргэд “Утсан ба радиотехникийн мэргэжилтэн бэлтгэх холбооны түр сургууль”-ийг 1937 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулжээ. Энэ сургуульд холбооны тусгай мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр ерөнхий эрдэм, улс төр, холбооны онол, техник зохион байгуулалтын зэрэг хичээлүүдийг заадаг байжээ. Сайд нарын зөвлөлийн 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар хурлаар Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны дарга Т.Лувсанцэрэнгийн илтгэлийг сонсоод тогтоол гаргасан байна. Уг тогтоолд : “… Одоогийн байгуулагдсан дотоод дахь холбооны сургуулийг нэн ялангуяа орон сууц, аж ахуйн хэрэглэгдэхүүнээр буюу мэргэжилтэн багш нараар хангах, ажилчдын сахилга батыг чангатгах хийгээд үргэлжийн удирдлага шаардлагаар хангаж чанагшид үргэлжлүүлэн бэхжүүлэхээс гадна энэ онд харилцаа холбооны мэргэжлийн дэвсгэр бүхий сайн ажилчдын дотроос зүй байдлаар нийлүүлэн Холбоот улсад явуулан холбооны дээд ба дунд мэргэжилтэй болгон суралцуулж, цаашид үргэлжлүүлэн тогтмол явуулж байхыг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгасугай.” гэжээ. МАХН-ын Төв хороо, Засгийн газрын шийдвэрээр 1939 онд цахилгаан, шуудангийн сургуулийг холбооны техникум болгон өргөтгөн байгуулжээ. Техникумын нээлтэд Улсын бага хурлын дарга Д.Догсом оролцож хэлсэн үгэндээ” … Тус сургууль бол манай улсын харилцаа холбоог шинэ өсвөрийн, мэдлэг мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж харилцаа холбооны ажлыг аль болохоор сайжруулах зорилт тавьсан” хэмээжээ. Холбооны техникум 1939 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар 11 багш, 75 сурагчтайгаар эхэлж байжээ. Энэ техникум нь манай улсын анхны техникумын нэг байсан байна. Сургуулийн төгсөлт 1942 онд болж, мэргэжилтэй боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх ажил амжилттай болсон байна. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 54 тоот тушаал гарч 1943 онд төгсөх радио ангийн 11 сурагчдаар 6 дугаар сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаанд хотын узель, радио станц, тасгуудад практик хийлгэх тухай заажээ. Холбооны техникум 1943, 1947, 1949 онд радиогийн мэргэжлээр, 1944, 1948 онд утсан харилцааны мэргэжлээр дагнан, ээлжлэн нэг ангиар сурган төгсгөж, 1942, 1946, 1950 оноос эхлэн дээрх хоёр мэргэжлээр зэрэг төгсгөсөн байна. Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1951 онд М.Чимиддорж радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны инженер мэргэжлээр төгсөж, Монгол Улсын харилцаа холбооны “анхны” инженер болсон байна. Холбооны техникум 3 жилээр сургадаг байсан үеийн хамгийн сүүлийн төгсөлтөөр радио холбооны ангийг 17, утсан харилцааны ангийг 13 хүн төгсөж, нийт 30 техникч бэлтгэгдэж байжээ. Холбооны техникумын үндсэн ангид 1939-1957 онд 15 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч мэргэжлээр 345 дунд мэргэжилтэн бэлтгэжээ. Техникумын үндсэн ангид 1956-1957 оны хичээлийн жилээс холбооны техникч- эдийн засгийн анги нээж 25 сурагч элсүүлсэн байна. Техникумын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, суралцах хугацааг 4 жил болгосны зэрэгцээ Тээврийн техникумтай нэгтгэн Тээвэр, холбооны техникум болгожээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 298 дугаар тогтоолоор Тээвэр, холбооны техникумыг Үйлдвэр, барилгын техникумтай нэгтгэн Политехникум болгон 1958-1959 оны хичээлийн жилээс 4 том салбартайгаар хичээллүүлжээ. Политекникумын бүрэлдэхүүнд байсан холбооны салбар 1959-1962 онд 4 удаа төгсөлт хийж, радио холбоо, цахилгаан холбооны техникч, техникч-эдийн засгийн мэргэжлээр 211 мэргэжилтэн бэлтгэжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 612 дугаар тогтоолоор Политехникумын холбооны салбарыг Төмөр замын техникумд 1962-1963 онд хичээлийн жилийн сүүлийн хагасаас нэгтгэжээ. Техникум төгсөөд 5 жил ажилласны дараа дээд сургуульд суралцахыг зөвшөөрдөг журам 1963 он хүртэл үйлчилдэг байсан бөгөөд үүнээс хойш техникумыг онц дүнтэй төгсвөл шууд дээд сургуульд элсүүлдэг байв. Төмөр замын техникумын бүрэлдэхүүнд байсан холбооны сургууль 1963-1974 онд 12 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч, техникч- эдийн засагч мэргэжлээр дунд мэргэжлийн 847 холбоочид төгсгөжээ. Манай улсын харилцаа холбоо түргэн хөгжиж түүнд орчин үеийн техник нэвтэрч, инженер техникийн дээд мэргэжилтэн олноор шаардагдах болж байгааг харгалзан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 232 дугаар тогтоолоор 1967-1968 оны хичээлийн жилд МУИС-ийн Энерги механикийн факультетэд холбооны инженер мэргэжлээр анхны элсэлт авснаар харилцаа холбооны дээд мэргэжилтэн бэлтгэх үндэс суурь тавигдсан. 1960 оноос радио өргөн нэвтрүүлгийн их чадлын станцууд, 1967 онд анхны телевизийн систем, 1971 онд сансрын холбооны анхны газрын станц, 1981 оноос улсын хэмжээний радио релейний сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтууд бий болсноор инженер технологийн мэргэжилтний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэн байна. Ийнхүү 1971 оны 2-р сард МУИС-ийн Эрчим хүчний факультетийн харъяанд Радио холбооны тэнхим албан ёсоор байгуулагдаж 6 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Радио холбооны тэнхим нь тухайн үед улс орны бүтээн байгуулалт, шинээр нэвтрүүлж байгаа техник, технологитой уялдуулан радио холбоо, цахилгаан холбоо гэсэн 2 хөтөлбөрөөр сургалт явуулж байсан. МУИС-ийн Ректорын 1971 оны 221 тоот тушаалаар Политехникийн дээд сургууль /ПДС/-ийн Эрчим хүчний факультетийн бүрэлдэхүүнд “Радио холбооны тэнхим”-ийг байгуулж, мөн Политехникийн дээд сургуульд холбооны инженер-эдийн засагчийн анги шинээр нээжээ. Салбарын анхны төгсөлт 1973 онд болж 21 төгсөгч холбооны инженерийн диплом авчээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 221 дүгээр тогтоолоор Төмөр замын техникумын холбооны салбарыг Холбооны техник мэргэжлийн сургуультай нэгтгэж Холбооны Сургалтын Төвийг байгуулсан байна. Тус төв нь холбооны дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх техникчийн салбар, холбооны мэргэжлийн ажилчид бэлтгэх түгээмэл мэргэжлийн гэсэн хоёр салбартай байжээ.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо 2021.08.18 Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар болон Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал гишүүн хэлэлцүүлгийг удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Инноваци, цахим бодлогын байнгын хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цахим хөгжлийн үндэсний хороо зэрэг байгууллага буюу хуулийн төслийн бэлтгэл хангах үүрэг бүхий үндсэн болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцож, санал солилцлоо. Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Хуулийн төслийг нэрнээс нь эхлээд зүйл заалт, үг өгүүлбэр бүрээр нь уншиж, санал бодлоо солилцон, шаардлагатай өөрчлөлтийн саналуудаа тэмдэглэн ярилцах зайлшгүй шаардлагатай. Үг буруу хэрэглэснээр, буруу үг сонгосноос үүдэн тухайн хууль батлагдсаны дараа тооцоолоогүй төрөл бүрийн сөрөг үр дагавар бий болгох эрсдэлтэй. Тухайлбал, Нийтийн мэдээллийн гэдэг үгийг иргэд маань иргэдийн мэдээлэл авах, цаашлаад хэвлэл мэдээллийн салбарын утгатай хууль гэж ойлгох нь элбэг байна. Үнэн хэрэгтээ энэхүү хууль бол төрөөс иргэддээ үзүүлж буй мэдээллийн шинжтэй үйл ажиллагаа, иргэний мэдээллийг иргэнээсээ бус төр нь өөр хоорондоо солилцдог болох тухай хууль юм. Тиймээс энэ хуулийн төслүүдийн уншлагыг сайтар хийж тал талаас санал хүсэлтээ гарган тэмдэглүүлж, маш сайн хууль гаргахын төлөө хамтран ажиллаж байгаа ажлын хэсэг дэд хэсгийн гишүүддээ баярлалаа” хэмээв. Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Ухаалаг Засаг – 2” төслийн нэгжид ажилтан шалгаруулж авна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна.  Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг ЭНД дарж авна уу.  Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд биечлэн 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ. Асууж тодруулах зүйл байвал 266114 дугаар холбогдох боломжтой.