Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ байгуулагдсан нь /Цуврал №5/

2021.01.27

Монгол Улсын харилцаа холбооны хөгжил, байршлын ерөнхий схемийг тэр үеийн ЗХУ-ын Холбооны яам болон зураг төслийн институт хамтран боловсруулж, 1970-1990 онд Монгол орныг бүрэн радиожуулах, холбооны сүлжээнд шинэ техник нэвтрүүлэх асуудлыг боловсруулж, шийдвэрлэсний дагуу ЗХУ-аас Монгол Улсын холбоог хөгжүүлэхэд 60 сая шилжих рублийн буцалтгүй тусламжийн бэлэг өгөх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан байна. Тус бэлгийн хөрөнгөөр: Хонхор дахь радио нэвтрүүлэх төвийн хоёр дахь өргөтгөл, Чойбалсан, Даланзадгад, Алтай, Мөрөнд урт, дунд долгионы 150 кВт-ын болон богино долгионы 12кВт-ын хүчин чадалтай иж бүрэн радио станц бүхий барилга байгууламж, Өлгий, Сайншандад богино долгионы 12 кВт хүчин чадалтай радио нэвтрүүлэгчийг тус, тус барьж байгуулахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээг бий болгоход 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Алтай, Даланзадгад, Чойбалсан, Мөрөнд байгуулсан их хүчний радио станцууд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Алтай хотод их хүчний эхний станцыг иж бүрэн барилга байгууламжийн хамтаар 1978 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ашиглалтанд хүлээн авчээ. Алтайн радио нэвтрүүлэх станц нь урт долгионы 150кВт хүчин чадалтай ДСВ-150 /Шторм/, 12 кВт-ын чадалтай богино долгионы Вязь-12/25 нэвтрүүлэгч тус бүр нэг иж бүрдэл, 260 метр өндөр цамхаг бүхий урт долгионы АРРТ, 60 метр өндөр цамхаг бүхий дунд долгионы АМШП, богино долгионы зенитэн антен фидер, эрчим хүч хөргөлтийн систем бүхий иж бүрэн барилга байгууламжаас бүрдэж байв. Тус радио нэвтрүүлэх станцыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаанд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Сайд Нарын Зөвлөлийн 1 дүгээр орлогч дарга Д.Майдар, Холбооны сайд Д.Готов, МРТУХорооны дарга С.Пүрэвжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байсан бөгөөд анхны даргаар Н.Төмөхүү, ахлах инженер С.Ходрой, лабораторийн инженер Ц.Довдон, ээлжийн ахлагчаар В.Баянбаатар, М.Мягмар, Г.Дорж техникчээр Б.Баттөр, Д.Сувдаа, Д.Чогжмаа,Т.Туваан, З.Баяраа, Т.Баярмагнай гэсэн анхдагч бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ.

Говь-Алтай аймаг дахь ДСВ-150кВт станцын антен-фидерийн систем

Радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээний салшгүй нэг хэсэг бол Монгол орны зүүн хязгаар Чойбалсан хотод байгуулагдсан их хүчний радио станц билээ. Тус бэлгийн хөрөнгө оруулалтын хоёр дахь станцыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаа 1978 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр станц дээр болж, МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн НТХ-ны НБД Д.Моломжамц, Холбооны сайд Д.Готов нарын зочид төлөөлөгчид оролцож нээсэн байна. Тус хөрөнгө оруулалтаар урт долгионы их хүчний ДСВ-150кВт /Шторм/, богино долгионы Вязь-12/25 кВт нэвтрүүлэх төхөөрөмжүүд, түүний антен-фидерийн систем, хөргөлт цахилгаан эрчим хүчний барилга байгууламжуудыг иж бүрнээр нь барьж ашиглалтанд оруулав. Чойбалсангийн их хүчний радио станц ашиглалтанд орсноор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан радио нэвтрүүлэг дамжуулах техникийн боломж бүрдсэн. Чойбалсангийн радио станцын анхдагчаар лабораторийн инженер Владимор, ээлжийн инженер Нармандах, Гантөмөр, Баярмагнай, техникч Дорлиг, Норжинсүрэн, Энхтуяа нар ажиллаж байжээ.

Өргөн уудам нутгийн өмнө хэсэгт радио өргөн нэвтрүүлгийг найдвартай дамжуулан хүлээн авах техникийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад хотод Алтай,Чойбалсангийн радио станцын ижил төрөл хийцтэй их хүчний гурав дахь радио станцыг байгуулсан. Энэхүү станцыг 1978 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авах ёслол болж МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, СНЗ-ийн 1-р орлогч дарга Д.Майдар, СНЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн, Холбооны сайд Д.Готов тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байжээ. Радио станцын анхны дарга нь Д.Сумьяа, лабораторийн инженер Г.Цоодол, ээлжийн инженер Д.Гунгаа, Д.Ганбат техникч Ш.Бямбадорж, Д.Хандаа, П.Ишдорж нар анхдагчаар ажиллаж байв.

Тус бэлгийн хөрөнгийн дөрөв дэх бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын радио нэвтрүүлэх төвийн хоёр дахь цогцолбор болох богино долгионы 100 кВт-ын чадалтай ПКВ-100/Гром/, 250-кВт-ын чадалтай богино долгионы ПКВ-250/Вьюга/ нэвтрүүлэгчээс бүрдэх иж бүрэн барилга байгууламж, антен-фидерийн системээс бүрдэх цогцолбор юм.

Хонхор дахь Радио нэвтрүүлэх төв станцын хоёр дахь цогцолборыг хүлээн авах ёслолын ажиллагаа 1979 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болж тухайн үеийн нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Н.Лувсанравдан, Д.Майдар, Д.Моломжамц, Т.Гомбожав, СНЗ-ийн орлонч дарга С.Лувсангомбо, Ч.Сүрэн, ЗХУ-аас тус улсад суугаа Элчин сайд А.И.Смирнов, Холбооны сайд И.Норовжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож, Ю.Цэдэнбал, А.И.Смирнов нар тууз хайчлан шинэ цогцолборын үйл ажиллагааг нээсэн байна.

РНТС-ын хоёр дахь өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүд оролцож, Ю.Цэдэнбал дарга нээж үг хэлж байгаа нь /1979.7.5/

РНТС-ын хоёр дахь өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүд оролцож, РНТС-ын ерөнхий инженер Б.Болд үг хэлж байгаа нь /1979.7.5/

РНТС-ын хоёрдугаар өргөтгөлөөр байгуулалгдсан ПКВ-250ба ПКВ-100кВ- ын богино долгионы нэвтрүүлэгч.1979 он.

Тус цогцолборын нийт өртөг нь 3700,0 мянган шилжих рубль буюу тэр үеийн 4100,0 мянган ам.долларын ханшаар үнэлэгдсэн байна. Тус цогцолборт байгуулагдсан их хүчний богино долгионы ПКВ-100кВт ба ПКВ-250кВт радио нэвтрүүлэгч ашиглалтанд орсноор “Монголын дуу хоолой” радио станцын гадаад хэлний нэвтрүүлгийг Ази номхон далай, Энэтхэг-Хятадын бүс нутгуудад дамжуулан нэвтрүүлэх хүчин чадал хоёроос тав дахин нэмэгдэж гадаад нэвтрүүлгийн сонсголын чанарт эргэлт гарсан юм.

ПКВ-250 нэвтрүүлэгч  нь:

  • Ажиллах давтамжийн цараа:  3,95-26,1 мГц
  • Гаралтын чадал:  250кВт, Суурьлагдсан хүчин чадал 550кВт/цаг,
  • Нэг давтамжаас нөгөөд шилжих  хугацаа: 5 мин
  • ГУ-43Б маркийн 10ш ламп бүхий өргөн зурвасын өсгөгчтэй /давтамж бүр дээр тохиргоо хийх шаардлагагүй/
  • Эцсийн ба эцсийн өмнөх каскадын резонансын тохиргоо нь цахилгаан механик редуктороор дамжин контур болон вакуум конденсатороор зэрэг хийгддэг
  • Үндсэн ба нөөц өндөр давтамжийн өрнүүлэгчтэй
  • Ууран болон салхин хөргөлтийн системтэй
  • ГУ-61П, ГУ-68П лампын анодын хүчдэл нь тосон таслуурын системээр дайрч ФУИ буюу тристорон удирдлагын схемээр хийгдсэн/энэ нь анодын хүчдэлийг удирдах боломж олгосон/
  • Иж бүрэн УБС-ын/уравление, блокировки и сигнализаций/хамгаалалтын системтэй
  • Үйлдвэрийн ГРУБОЙ болон ТОЧНЫЙ тохируулгын системтэй гэх мэт олон технологийн дэвшилтэй нэвтрүүлэгч юм.

1979 онд ашиглалтанд орсон ПКВ-250 кВт-ын нэвтрүүлэгч

ПКВ-250 нэвтрүүлэгчийг нэг давтамжаас нөгөө давтамжинд шилжүүлэн богино хугацаанд тохиргоо хийх автомат тохиргоотой, ус-ууран хөргөлтийн системтэй хийгдсэн анхны нэвтрүүлэгч байв.

1978 онд ашиглалтанд орсон ПКВ-100 кВт-ын нэвтрүүлэгч

ТЗ-2- т байрлах антены коммутатор нь ПКВ-250, ПКВ-100 нэвтрүүлэгчүүдийг СГД маркийн 126, 178, 230 градусын Азимуттай зургаан антеннд захиалагч байгууллагын заасан чиглэлд ээлжлэн залгаж нэвтрүүлгээ дамжуулан нэвтрүүлэх боломжийг олгодог цахилгаан механик үйлдлийн системтэй тухайн үеийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмж байв.

ПКВ-250 нэвтрүүлэгчийн антенны коммутатор

СГД 1 ба 2 /азимут 230/ , СГД 3 ба 4 /азимут 178/ градусын антенууд.1979 он

СГД 5 ба 6 /азимут 126/ градусын антенууд.1979 он.

“Монголын дуу хоолой” радио станцын долгион тархалтын хүрээний зураглал. /ПКВ-250 кВт-ын нэвтрүүлэгчээр/

ЗХУ-ын бэлгийн 60 сая шилжих рублийн тав дахь бүтээн байгуулалт нь орон нутаг дахь нэгдсэн сүлжээний нэг иж бүрдэл болох Мөрөнгийн радио станцыг 1981 оны 2-р сарын 22-ны өдөр ашиглалтанд хүлээн авчээ. ЗХУ-аас бэлэглэсэн олон барилга байгууламжийн нэг болох энэхүү радио нэвтрүүлэх станцыг хүлээн авах ёслолд СНЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн, Холбооны сайд И.Норовжав тэргүүтэй удирдлагууд оролцож байв. Тус станц нь 150 кВт чадалтай дунд долгионы 882 кГц-ын давтамж дээр ажиллах “Шторм” маркийн станц болон богино долгионы 12 кВт-ын Вязь нэвтрүүлэгчүүдийг иж бүрэн антен-фидерийн байгууламжийн хамтаар байгуулан хүлээлгэн өгсөн байна.  Тус станцыг анх ашиглалтанд ороход даргаар Ц.Чогжмаа, ахлах инженерээр Х.Пүрэвсүрэн, лабораторийн инженерээр Д.Сосор, ээлжийн инженер Д.Шөжөөн, Ж.Жаргалсайхан, Г.Буянбадрах, Ш.Цэрэндулам, техникч Б.Чимэдцэрэн, Д.Дашпэлжид, Ү.Бэхбат, Д.Должинсүрэн, антены монтёр Д.Дорлиг, цахилгааны техникч Д.Даваасүрэн, хөргөлтийн техникч Ц.Иван нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна.

Ийнхүү ЗХУ-ын буцалтгүй тусламжийн 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээг урт дунд болон богино долгионы гэсэн хоёр сүлжээтэй байхаар төлөвлөсөн бүх зургаан иж бүрэн их хүчний радио станцууд ашиглалтанд орсноор Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 95 хувь нь радиогийн найдвартай сонсголын бүсэд хамаарагдаж, манай улсын хаана ч радио өргөн нэвтрүүлгийг сонсох техник технологийн боломж бүрдсэн.

ЗХУ-ын буцалтгүй тусламжийн 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээ

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

 

Other news

“Хакатон-2024” тэмцээн шилдгүүдээ шалгарууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтран зохион байгуулсан нээлттэй өгөгдөлд тулгуурлан эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх туршилтын загвар /прототайп/ бүтээх зорилго бүхий “Хакатон-2024” тэмцээн 2024.09.02-06-ны өдрүүдэд үргэлжилж өнөөдөр (2024.09.06) шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээнд нийт 8 баг эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор нээлттэй өгөгдлийг ашиглан, бизнесийн загваруудыг боловсруулж өрсөлдсөнөөс тэргүүн байранд “Rookie systems”, дэд байранд “Data med” 2 баг шинэ санаа, шилдэг бүтээлээрээ шалгарлаа. Шалгарсан 2 багийг “JICA Mongolia”-ын дэмжлэгтэйгээр 3 сарын хугацаанд хурдасгуур хөтөлбөр, зөвлөх үйлчилгээнд хамруулж, бүтээлийг нь хөгжүүлж, зах зээлд гаргах юм.

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагч, мэдээллийн технологийн ажилчид болон ЕБС-ийн сурагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулав

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа, салбар байгууллага болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын холбогдох албаны төлөөлөл Говь-Алтай аймгийн төрийн байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд, мэдээллийн технологи хариуцсан ажилтан, хүний нөөц, бичиг хэргийн ажилтнууд, сумдын e-mongolia хариуцсан операторуудын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа. Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд: Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг хэрэгжүүлэх, Монгол улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд Төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/ Цахим орчны зохицуулалт Төрийн албан хаагчдад зориулсан docx, erp, sudalgaa.gov.mn, ekids систем Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтын талаарх мэдээлэл /Харилцаа холбооны зохицуулах хорооны Технологи хөгжлийн төвийн мэргэжилтэн Ч.Пүрэвсүрэн/ Мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог /Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир/ “Мөрөөдөлдөө хүрэх алхам”/Момэйд Виртуал туслахын агентлагийн үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг/

Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ 2022.10.27 ЦХХХ-ны сайд Н.Учрал, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн Мягмар гарагт хамтарч ажиллах талаар санал солилцсон. Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2022.10.27/ төр, хувийн хэвшлийн нийт 30 орчим байгууллагын төлөөлөл оролцсон уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Уулзалтад “Газар, үл хөдлөх хөрөнгийн хаягжуулалт- Орон зайн өгөгдлийн дэд бүтэц” чиглэлээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас танилцуулга, мэдээлэл хүргэж, эл сэдвийн хүрээнд хаягжилтын хэрэгжилтийн одоогийн явц, асуудал, бэрхшээл юунд байгаа болон гарц шийдлийн талаар оролцогчид санал солилцож, ойлголтоо нэгтгэн ажлын хэсэг байгуулахаар боллоо. ЦХХХ-ны сайд Н.Учрал: Монгол Улсын Засгийн газар Цахим Үндэстэн болох зорилт дэвшүүлсэн хэдий ч иргэдээс ирүүлж буй гомдол, саналын 70% нь төрийн хүнд суртал, байгууллага хоорондын уялдаа, холбоо хангалтгүйд байна. Хаягжилттай холбоотой Засгийн газрын тогтоол гарсан ч хэрэгжихгүй байгаа шалтгаан нь хаяг бүр өөр, иргэд алийг нь хэрэглэхээ мэддэггүй. Өнөөдөр тодорхой шийдэлд хүрч, салангид явж ирсэн кодуудыг нэгтгэж, кодын нэгдсэн нэг ойлголтод хүрэх, мэдээллийн нэгдсэн нэг сантай болж “open data” болгох, шаардлагатай бол зип кодыг бүртгэлийн байгуулагад нь өгөх талаар дурдаад, иргэд маш энгийн зүйл хүсч байгаа. Амьдралын шаардлага байхгүй болохоор иргэд пост код, зип кодоо хэрэглэж мэдэхгүй байна. Нэг системд орж иргэдэд хандах кодоо нэг болгох талаар онцолсон юм. Хамтарсан уулзалтын үр дүнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон Барилга, хот байгуулалтын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаал гарч, ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ажлын төлөвлөгөөг танилцуулан, мэдээлэл хүргэхээр тогтлоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ