Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ байгуулагдсан нь /Цуврал №5/

2021.01.27

Монгол Улсын харилцаа холбооны хөгжил, байршлын ерөнхий схемийг тэр үеийн ЗХУ-ын Холбооны яам болон зураг төслийн институт хамтран боловсруулж, 1970-1990 онд Монгол орныг бүрэн радиожуулах, холбооны сүлжээнд шинэ техник нэвтрүүлэх асуудлыг боловсруулж, шийдвэрлэсний дагуу ЗХУ-аас Монгол Улсын холбоог хөгжүүлэхэд 60 сая шилжих рублийн буцалтгүй тусламжийн бэлэг өгөх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан байна. Тус бэлгийн хөрөнгөөр: Хонхор дахь радио нэвтрүүлэх төвийн хоёр дахь өргөтгөл, Чойбалсан, Даланзадгад, Алтай, Мөрөнд урт, дунд долгионы 150 кВт-ын болон богино долгионы 12кВт-ын хүчин чадалтай иж бүрэн радио станц бүхий барилга байгууламж, Өлгий, Сайншандад богино долгионы 12 кВт хүчин чадалтай радио нэвтрүүлэгчийг тус, тус барьж байгуулахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээг бий болгоход 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Алтай, Даланзадгад, Чойбалсан, Мөрөнд байгуулсан их хүчний радио станцууд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Алтай хотод их хүчний эхний станцыг иж бүрэн барилга байгууламжийн хамтаар 1978 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ашиглалтанд хүлээн авчээ. Алтайн радио нэвтрүүлэх станц нь урт долгионы 150кВт хүчин чадалтай ДСВ-150 /Шторм/, 12 кВт-ын чадалтай богино долгионы Вязь-12/25 нэвтрүүлэгч тус бүр нэг иж бүрдэл, 260 метр өндөр цамхаг бүхий урт долгионы АРРТ, 60 метр өндөр цамхаг бүхий дунд долгионы АМШП, богино долгионы зенитэн антен фидер, эрчим хүч хөргөлтийн систем бүхий иж бүрэн барилга байгууламжаас бүрдэж байв. Тус радио нэвтрүүлэх станцыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаанд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Сайд Нарын Зөвлөлийн 1 дүгээр орлогч дарга Д.Майдар, Холбооны сайд Д.Готов, МРТУХорооны дарга С.Пүрэвжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байсан бөгөөд анхны даргаар Н.Төмөхүү, ахлах инженер С.Ходрой, лабораторийн инженер Ц.Довдон, ээлжийн ахлагчаар В.Баянбаатар, М.Мягмар, Г.Дорж техникчээр Б.Баттөр, Д.Сувдаа, Д.Чогжмаа,Т.Туваан, З.Баяраа, Т.Баярмагнай гэсэн анхдагч бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ.

Говь-Алтай аймаг дахь ДСВ-150кВт станцын антен-фидерийн систем

Радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээний салшгүй нэг хэсэг бол Монгол орны зүүн хязгаар Чойбалсан хотод байгуулагдсан их хүчний радио станц билээ. Тус бэлгийн хөрөнгө оруулалтын хоёр дахь станцыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаа 1978 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр станц дээр болж, МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн НТХ-ны НБД Д.Моломжамц, Холбооны сайд Д.Готов нарын зочид төлөөлөгчид оролцож нээсэн байна. Тус хөрөнгө оруулалтаар урт долгионы их хүчний ДСВ-150кВт /Шторм/, богино долгионы Вязь-12/25 кВт нэвтрүүлэх төхөөрөмжүүд, түүний антен-фидерийн систем, хөргөлт цахилгаан эрчим хүчний барилга байгууламжуудыг иж бүрнээр нь барьж ашиглалтанд оруулав. Чойбалсангийн их хүчний радио станц ашиглалтанд орсноор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан радио нэвтрүүлэг дамжуулах техникийн боломж бүрдсэн. Чойбалсангийн радио станцын анхдагчаар лабораторийн инженер Владимор, ээлжийн инженер Нармандах, Гантөмөр, Баярмагнай, техникч Дорлиг, Норжинсүрэн, Энхтуяа нар ажиллаж байжээ.

Өргөн уудам нутгийн өмнө хэсэгт радио өргөн нэвтрүүлгийг найдвартай дамжуулан хүлээн авах техникийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад хотод Алтай,Чойбалсангийн радио станцын ижил төрөл хийцтэй их хүчний гурав дахь радио станцыг байгуулсан. Энэхүү станцыг 1978 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авах ёслол болж МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, СНЗ-ийн 1-р орлогч дарга Д.Майдар, СНЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн, Холбооны сайд Д.Готов тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байжээ. Радио станцын анхны дарга нь Д.Сумьяа, лабораторийн инженер Г.Цоодол, ээлжийн инженер Д.Гунгаа, Д.Ганбат техникч Ш.Бямбадорж, Д.Хандаа, П.Ишдорж нар анхдагчаар ажиллаж байв.

Тус бэлгийн хөрөнгийн дөрөв дэх бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын радио нэвтрүүлэх төвийн хоёр дахь цогцолбор болох богино долгионы 100 кВт-ын чадалтай ПКВ-100/Гром/, 250-кВт-ын чадалтай богино долгионы ПКВ-250/Вьюга/ нэвтрүүлэгчээс бүрдэх иж бүрэн барилга байгууламж, антен-фидерийн системээс бүрдэх цогцолбор юм.

Хонхор дахь Радио нэвтрүүлэх төв станцын хоёр дахь цогцолборыг хүлээн авах ёслолын ажиллагаа 1979 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болж тухайн үеийн нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Н.Лувсанравдан, Д.Майдар, Д.Моломжамц, Т.Гомбожав, СНЗ-ийн орлонч дарга С.Лувсангомбо, Ч.Сүрэн, ЗХУ-аас тус улсад суугаа Элчин сайд А.И.Смирнов, Холбооны сайд И.Норовжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож, Ю.Цэдэнбал, А.И.Смирнов нар тууз хайчлан шинэ цогцолборын үйл ажиллагааг нээсэн байна.

РНТС-ын хоёр дахь өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүд оролцож, Ю.Цэдэнбал дарга нээж үг хэлж байгаа нь /1979.7.5/

РНТС-ын хоёр дахь өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүд оролцож, РНТС-ын ерөнхий инженер Б.Болд үг хэлж байгаа нь /1979.7.5/

РНТС-ын хоёрдугаар өргөтгөлөөр байгуулалгдсан ПКВ-250ба ПКВ-100кВ- ын богино долгионы нэвтрүүлэгч.1979 он.

Тус цогцолборын нийт өртөг нь 3700,0 мянган шилжих рубль буюу тэр үеийн 4100,0 мянган ам.долларын ханшаар үнэлэгдсэн байна. Тус цогцолборт байгуулагдсан их хүчний богино долгионы ПКВ-100кВт ба ПКВ-250кВт радио нэвтрүүлэгч ашиглалтанд орсноор “Монголын дуу хоолой” радио станцын гадаад хэлний нэвтрүүлгийг Ази номхон далай, Энэтхэг-Хятадын бүс нутгуудад дамжуулан нэвтрүүлэх хүчин чадал хоёроос тав дахин нэмэгдэж гадаад нэвтрүүлгийн сонсголын чанарт эргэлт гарсан юм.

ПКВ-250 нэвтрүүлэгч  нь:

  • Ажиллах давтамжийн цараа:  3,95-26,1 мГц
  • Гаралтын чадал:  250кВт, Суурьлагдсан хүчин чадал 550кВт/цаг,
  • Нэг давтамжаас нөгөөд шилжих  хугацаа: 5 мин
  • ГУ-43Б маркийн 10ш ламп бүхий өргөн зурвасын өсгөгчтэй /давтамж бүр дээр тохиргоо хийх шаардлагагүй/
  • Эцсийн ба эцсийн өмнөх каскадын резонансын тохиргоо нь цахилгаан механик редуктороор дамжин контур болон вакуум конденсатороор зэрэг хийгддэг
  • Үндсэн ба нөөц өндөр давтамжийн өрнүүлэгчтэй
  • Ууран болон салхин хөргөлтийн системтэй
  • ГУ-61П, ГУ-68П лампын анодын хүчдэл нь тосон таслуурын системээр дайрч ФУИ буюу тристорон удирдлагын схемээр хийгдсэн/энэ нь анодын хүчдэлийг удирдах боломж олгосон/
  • Иж бүрэн УБС-ын/уравление, блокировки и сигнализаций/хамгаалалтын системтэй
  • Үйлдвэрийн ГРУБОЙ болон ТОЧНЫЙ тохируулгын системтэй гэх мэт олон технологийн дэвшилтэй нэвтрүүлэгч юм.

1979 онд ашиглалтанд орсон ПКВ-250 кВт-ын нэвтрүүлэгч

ПКВ-250 нэвтрүүлэгчийг нэг давтамжаас нөгөө давтамжинд шилжүүлэн богино хугацаанд тохиргоо хийх автомат тохиргоотой, ус-ууран хөргөлтийн системтэй хийгдсэн анхны нэвтрүүлэгч байв.

1978 онд ашиглалтанд орсон ПКВ-100 кВт-ын нэвтрүүлэгч

ТЗ-2- т байрлах антены коммутатор нь ПКВ-250, ПКВ-100 нэвтрүүлэгчүүдийг СГД маркийн 126, 178, 230 градусын Азимуттай зургаан антеннд захиалагч байгууллагын заасан чиглэлд ээлжлэн залгаж нэвтрүүлгээ дамжуулан нэвтрүүлэх боломжийг олгодог цахилгаан механик үйлдлийн системтэй тухайн үеийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмж байв.

ПКВ-250 нэвтрүүлэгчийн антенны коммутатор

СГД 1 ба 2 /азимут 230/ , СГД 3 ба 4 /азимут 178/ градусын антенууд.1979 он

СГД 5 ба 6 /азимут 126/ градусын антенууд.1979 он.

“Монголын дуу хоолой” радио станцын долгион тархалтын хүрээний зураглал. /ПКВ-250 кВт-ын нэвтрүүлэгчээр/

ЗХУ-ын бэлгийн 60 сая шилжих рублийн тав дахь бүтээн байгуулалт нь орон нутаг дахь нэгдсэн сүлжээний нэг иж бүрдэл болох Мөрөнгийн радио станцыг 1981 оны 2-р сарын 22-ны өдөр ашиглалтанд хүлээн авчээ. ЗХУ-аас бэлэглэсэн олон барилга байгууламжийн нэг болох энэхүү радио нэвтрүүлэх станцыг хүлээн авах ёслолд СНЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн, Холбооны сайд И.Норовжав тэргүүтэй удирдлагууд оролцож байв. Тус станц нь 150 кВт чадалтай дунд долгионы 882 кГц-ын давтамж дээр ажиллах “Шторм” маркийн станц болон богино долгионы 12 кВт-ын Вязь нэвтрүүлэгчүүдийг иж бүрэн антен-фидерийн байгууламжийн хамтаар байгуулан хүлээлгэн өгсөн байна.  Тус станцыг анх ашиглалтанд ороход даргаар Ц.Чогжмаа, ахлах инженерээр Х.Пүрэвсүрэн, лабораторийн инженерээр Д.Сосор, ээлжийн инженер Д.Шөжөөн, Ж.Жаргалсайхан, Г.Буянбадрах, Ш.Цэрэндулам, техникч Б.Чимэдцэрэн, Д.Дашпэлжид, Ү.Бэхбат, Д.Должинсүрэн, антены монтёр Д.Дорлиг, цахилгааны техникч Д.Даваасүрэн, хөргөлтийн техникч Ц.Иван нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна.

Ийнхүү ЗХУ-ын буцалтгүй тусламжийн 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээг урт дунд болон богино долгионы гэсэн хоёр сүлжээтэй байхаар төлөвлөсөн бүх зургаан иж бүрэн их хүчний радио станцууд ашиглалтанд орсноор Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 95 хувь нь радиогийн найдвартай сонсголын бүсэд хамаарагдаж, манай улсын хаана ч радио өргөн нэвтрүүлгийг сонсох техник технологийн боломж бүрдсэн.

ЗХУ-ын буцалтгүй тусламжийн 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээ

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

 

Бусад мэдээ

Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Хэнтий аймагт эхэллээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулж баталсан. Уг зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны сайдын 2023 оны 07 дугаар сарын 18-ны А/66 тушаалаар байгуулж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох E-Mongolia академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Хэнтий аймагт өнөөдөр (2023.08.14) ажиллаж, төрийн 10 гаруй байгууллагын 60 орчим албан хаагчдад цахим багц хууль болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа. “Цахим аймаг” бодлогын зөвлөмж нь орон нутгийн цахимжилтын үйл явцыг зөв төлөвлөж удирдах, хэрэгжилтийг үр ашигтай зохион байгуулах, аймгуудын цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуултуудад хариулт өгөх, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэн төвтэй засаглалыг хөгжүүлэхэд нэгдсэн хандлага, арга зүйг бий болгох зорилготой юм. #цахим_аймаг #Хэнтий

Монгол Улсын шуудангийн анхны марк үйлчилгээнд гарсан 100 жилийн ой тохиож байна

Д.Сүхбаатар 1921 онд ЗХУ-д айлчилж ирсний дараа Цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл М.Бат-Очир, сургагч Ц.Бурдовский нарт шуудангийн марк гэдэг нь өнгөцхөн бодоход нэг л жижигхэн эрээн цаасны зүйл юм шиг санагдавч чухамдаа тийм биш, харин шуудан бичгийн маань үнэт мөнгө зоос нь болсон үнэ цэнэтэй, нарийн нандин учиртай, хүнд мэдээгүй зүйлийг нь биеэр дүрсэлж ойлгуулдаг, их өргөн хүрээтэй төлбөрийн мэдээллийг агуулсан зүйл юм гэж тайлбарлаж байжээ. Ардын Засгийн газрын цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл М.Бат-Очир Иркутск хотын телеграфийн сургуульд сурч байхдаа ч шуудангийн маркийг харж байжээ. М.Бат-Очир монголын шуудангийн марк гаргах ажлыг санаачлан, маркийн зураг төслийг боловсруулан харьяалах Гадаад явдлын яамаар дамжуулан, Ардын засгийн газраар хянуулан батлуулахаар оруулжээ. Олноо өргөгдсөн 13 буюу 1923 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Ардын засгийн газрын 44 дүгээр хурлын бичгийн 1 дүгээр зүйлд “Гадаад явдлын яамны Цахилгаан мэдээ шуудан бичгийн хэргийг ерөнхийлэн шийтгэх түшмэл М.Бат-Очироос аливаа шуудангаар дамжуулан явуулах бичиг захидлын төлбөр төлөгдсөнийг илтгэхэд хэрэглэх маркийн маяг долоог үйлдүүлж ирсэн, тус маркийг ийнхүү үйлдэж болох эсэх, чухам хаана үйлдвээс хэрэг дав дув санхүү дор арвитай болохыг тогтоон заахыг хүссэн тухайд Засгийн газраас хянаж ирүүл гэж зохих газар явуулан тушаажээ. Зураг- 1. Анхны шуудангийн марк олны ярьдагаар ОЧИРТОЙ марк Энэхүү тогтоосон ёсоор “Очир” буюу  Монголоор Мөнхбат” гэсэн утга санааг идэрхийлэх, зөрүүлсэн Элдэв-Очирын дүрс бүхий 1, 2, 5, 10, 20, 50 цент, 1 долларын нэрлэсэн үнэтэй 5 өнгө ялгасан нэгэн багц маркийг хэвлүүлж гаргасан тухай Цахилгаан шуудангийн ерөнхий хороо, Гадаад Явдлын яамнаас 1924 оны YIII сарын 2-ны өдөр Засгийн газарт өргөсөн 42/565 тоот албан бичгээр  Ардын засгийн газар хүргүүлжээ. Уг маркийг Ардын засгийн газар хүлээн аваад, худалдаалах зэргээр гүйцэтгэвэл зохихыг Гадаад явдлын яаманд 1924 оны 7дугаар сарын 8-ны өдрийн 656 бичгээр мэдэгдэж явуулснаар БНМАУ-ын шуудангийн анхны марк нийтийн хэрэгцээнд гаргаж, шуудангаар явах бичиг захидал бичигт наагдан, өөрийн орны дотор болон гадаад улс орнуудад түгэн тархсан байна. Монголчуудын эрт дээр цагаас дийлдэшгүй бат бэхийн бэлгэдэл болгон дээдлэн шүтэж, эрхэмлэж ирсэн “Элдэв-Очир” хэмээх дүрс зургийг анхны маркан дээр залж, тухайн үед үндэсний мөнгөн тэмдэгт хараахан гараагүй байсан тул Америк мөнгөний нэгжээр үнэлсэн ажээ. Манай улсын шуудангийн анхны маркийн тухай билгүүн номч Бямбын Ринчен 1958 онд “Монголчуудын шуудан, шуудангийн тэмдгийн учир” өгүүлэлдээ тун тодорхой тайлбарлан бичсэн байдгийг сийрүүлбэл: “…1924 онд ардын засгийн газраас олон улсын одоогийн жишээгээр наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөтэй будагтай хэвлэлгүй байсан учир тийнхүү Шанхайд захижээ. Тэр цагт бас Европын хэл бичиг сайн мэдэх хүн ховор учраас “почтовая марка” гэсэн үгийг оросоос монгол болгож чадаагүй, /почит марка/ монгол үсгээр ойртуулсхийн бичээд, монгол төгрөг мөнгө гараагүй учир “доллар, цент” гэж төгрөг мөнгөний оронд бичсэн байдаг. 1924 онд анхны шуудангийн тэмдэгт Элдэв-Очир гэдэг солбицсон очиртой зураг зурсан нь, Очир гэж нэгэд “бат” гэсэн санаа тул Бат Очир /тэмдэг наасан захиа алдагдалгүй хүрэх “бат” гэсэн санаа/ бол Энэтхэгээс гаралтай үг бөгөөд уг очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны бэлгэ тэмдэг нь байжээ. Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ёс буй тул ардын Засгийн анхны холбоочны тийнхүү шуудангийн тэмдгийг Монголчуудын олон зуун жил мэддэг, хэрэглэдэг “Очир” гэдэг тэмдгийг хэрэглэсэн нь Монгол үндэсний хэлбэртэй, интернационалын утгатай тэмдэг хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тусгай тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” гэжээ. Оруулга-1:Хэдийгээр тухайн үед Ардын түр Засаг тогтсон ч Богд Жавзандамба хутагт хэмжээт эрхт хаан хэвээр байсан тул улсын нэрийг албан ёсоор хараахан тогтоож амжаагүй байв. Маркийн төсөл батлагдсанаас хойш даруй нэг жилийн дараа хуралдсан шинэ Монгол улсын анхдугаар их хурлаас тус улсын албан ёсны нэрийг “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн тунхагласан билээ. Энэ мэт учир шалтгааны улмаас Монголын шуудангийн анхны марк нь улсын нэргүй хэвлэгдсэн бололтой. Зураг- 2. Ардын засгийн газаас Гадаад явдлын яаманд 1924 оны 7дугаар сарын 8-ны  өдрийн 656 тоот бичгийн хуулбар Дугаар 655 АЗГ-т гадаад явдлын яамнаа хуудас дагалдуулан их учир: Эдүгээ харьяат яамнаас хүргэж ирсэн 565 дугаар хуудас бичиг ба дагуулан байцаан толилуулахаар ирсэн маркийг манай ардын Засгийн газар хүлээн авч үзэв. Үүн дор уг маркийг худалдаалах эрхээр гүйцэтгүүлэх тулд уг маркийг хүргүүлж өгнө. Ардын Засгийн  гадаад явдлын яамнаа явуулаад хүргүүлэн шийтгэсүгэй. Үүний тул илгээв. Арван дөрөв дүгээр он долоон сарын шинийн 8 Дугаар 656 Харин тэр үед монгол улсыг гадуурхах бодлогыг хүчтэй явуулж байсан, Хятадын гоминданы засгийн газар монголын шуудангийн маркийг үл зөвшөөрөн, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, манай улсаас хятадад илгээсэн захидал боодлын маркийн дээр өөрийнхөө улсын шуудангийн марк нааж, хүлээн авагчаас захидлын бүх үнийг гаргуулан авдаг байжээ. Ийм учраас нэг хэсэг зуур хятадад явуулах захидалд монголын шуудангийн маркийн хамт оросын шуудангийн маркийг нааж, хүлээн авагчийг давхар үнэ төлөх явдлаас чөлөөлж байжээ. Анхны маркийн дараа зураач марзан Б.Шаравын эх зургаар улсын тэмдэгт 9 төрлийн нэг цуврал маркийг улсын банкны хэрэгцээнд гаргасныг шуудангийн хэрэгцээнд шилжүүлж, 1925 оны 2 дугаар сараас гүйлгээнд гаргажээ. Оруулга-2: БНМАУ-ын ТХЯ-наас анх 1958 онд марк сонирхогчдын дунд зарласан уралдаанд Худалдааны техникумын багш Хайдавын Гунаажав I байр эзэлж 400 төгрөгөөр, МУИС-ийн П курсын оюутан  Чулуунгомбо, 1 дүгээр дунд сургуулийн IX ангийн сурагч Дүгэрсүрэнгийн Ариунболд нар II байр эзэлж 300 төгрөгөөр, 22 дугаар сургуулийн Ү1 ангийн сурагч Эрэнцэнсономын Гомбо, Төв аймгийн Батсүмбэр сумын тракторчин Билгүүнгэрэлийн Идэр-Амгалан нар III байр эзлэн 200 төгрөгөөр тус тус шагнагджээ. 1957онд марк сонирхогчдийн нийгэмлэг ТХЯ ны дэргэд байгуулагджээ. Алтан, мөнгөн ялтас дээр болон торгон дээр марк үйлдвэрлэхийг өндөр технологийн марк гэх ба 1982 онд байгаль орчныг хамгаалах сэдвээр анх алтан ялтас дээр хэвлэж  өндөр технологийн маркийг хэрэглээнд гаргасан билээ. Зураг- 3. 1982 оноос эхэлж гаргасан алтан ялтастай марк сэдвийн дугаар: Монгол эх орныхоо бүтээн байгуулалт, ололт амжилт, нийгмийн өөрчлөн байгуулалт, улс ардын аж ахуйн болон шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшил, байгаль, ан амьтны хүрээлэн хийгээд монголын ард түмний аж амьдрал, соёл урлаг, зан заншил зэрэг өргөн хүрээний сэдвээр маркийг хэвлүүлж хэрэглэж байгаа билээ. 2024 оны 6 сарын 6 ны байдлаар энэ зуун жилийн дотор Монгол улс шуудангийн 1149 сэдвийн хүрээнд 4390 нэрийн марк гүйлгээнд гаргаад байна. Манай улс шуудангийн маркаа ОХУ, БНУАУ улсуудад хэвлүүлдэг байсан ба сүүлийн жилүүдэд Франц улсад хэвлүүлж байна. Марк

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь “Шинэ итгэл –Эрс шинэтгэл”-д зорин “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тодорхойлсон болно. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам  “Цахимаар түрүүнд буюу “Digital First” бодлогын үндсэн 7 зарчим, 74 зөвлөмж, чиглэл”  Монгол Улсын анхны “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүс”-ийг байгуулах холбогдох журмууд болон Монгол Улсын анхны “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулаад байна. Энэ хүрээнд Монгол улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт их өгөгдөл, хиймэл оюуныг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний үр өгөөж, чанарыг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж бүрийн тулгамдсан асуудлыг цахимаар буюу технологиор шийдвэрлэх, мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих , цахим шилжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”-ийг танилцуулах үеэр дараах байр суурийг илэрхийллээ. ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр 1,1 их наяд төгрөг хэмнэнэ Монгол улсын Засгийн газраас “Цахимаар нэн түрүүнд” буюу“Digital First” зөвлөмжийг өнгөрсөн 9 сард баталсан.Үндсэн зорилго ,“Digital First” гэж юу вэ гэхээр төрийн бодолго шийдвэр гаргалт бодлого боловсруулалд цаашлаад төрийн үйлчилгээг бүгдийг нь технологид суурилсан цахимаар хийе гэсэн том зорилт юм. Энэ нь бүтээмжийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг 24 7 горимоор 90 хувийг цахимаар авах боломж нээгдэх юм. Англи улсын гаргасан судалгаагаар хиймэл оюун болон дижитал хувилбараар төрийн үйлчилгээг цахимжуулснаар Засгийн газрын төсвийн зарлагыг 4-7 хувиар хэмнэх бололцоотой гэсэн. Энэ нь Монгол Улсын өнөөдрийн төсөвтэй харьцуулахад 1,2 -2,1 их наядыг хэмнэх бололцоотой юм.Цаашлаад хиймэл оюуныг төрийн худалдан авалтад нэвтрүүлбэл тухайн байгууллагын бүтээмж нь 10-20 хувь нэмэгдэнэ гэсэн судалгаа гарсан юм. Жишээ нь: Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаа цахимжуулж хиймэл оюунд суурьтай болгосноор 28 хоног тендер явагддаг байсан нь 4 минутад болдог үзүүлэлт гарсан.Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимжуулна гэдэг бол төрийн үйлчилгээг 24/7 авах боломж бүрдэнэ гэдгийг дахин онцолмоор байна. Одоогоор “И монгол”-оор 1278 үйлчилгээг цахимжуулсан. Өнгөрсөн 9-р сард “И монгол 5.0” ашиглалтад орсон. Энэ нь анх удаа төрийн үйлчилгээг хиймэл оюунтай холбосон юм. ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ӨНӨӨДӨР 21 аймаг, 325 сумыг шилэн кабелаар холбосон Мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээг хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт нэвтрүүлэхэд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтар гүйцэтгэн 52,480 км урт шилэн кабелийн сүлжээг байгуулж, бүх аймаг, сумын төв, томоохон суурин газруудад хөдөлгөөнт холбооны 3G, 4G/LTE сүлжээг нэвтрүүлсэн. Үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 2024 оны эхний хагас жилийн эцсийн байдлаар 4 сая 909 мянгад хүрч, үүнээс 4G/LTE сүлжээний хэрэглэгчдийн тоо 4,226,009 байна.  2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 5G сүлжээг Монгол орон даяар нэвтрүүлсэн. Нийтийн мэдээллийн дэд бүтцийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд “mcloud.gov.mn” үүлэн дэд бүтцийг нэвтрүүлсэн. Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлж, нийтийн мэдээллийн дэд бүтцийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Үндэсний дата төвийн сервер, тоног төхөөрөмжийг олон улсын чиг хандлагад нийцүүлэн өргөтгөн сайжруулж, төр, хувийн хэвшлийн хамтарсан “mcloud.gov.mn” үүлэн дэд бүтцийг нэвтрүүлсэн. Мөн үндсэн болон дэмжих системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж, Төрийн мэдээлэл солилцооны систем /ХУР/-д төрийн 178, хувийн хэвшлийн 481 байгууллага холбогдож, 4,6 тэрбум мэдээллийг амжилттай солилцсон. (e-mongolia.mn)-ийн 5.0 хувилбарыг ашиглалтад нэвтрүүллээ Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia)-ийн 5.0 хувилбарыг төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (gov.mn)-тай уялдуулан хөгжүүлж, төр иргэнтэй нэг цонхоор харьцах боломжийг бүрдүүллээ. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-г 2020 оны 10 дугаар сард ашиглалтад оруулж, 2020 онд төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээ, 2021 онд 59 байгууллагын 606 үйлчилгээ, 2022 онд 69 байгууллагын 897 үйлчилгээ, 2023 онд 86 байгууллагын 1033 үйлчилгээг, 2024 онд 86 байгууллагын 1,250 үйлчилгээг, 2025 онд 88 байгууллагын 1268 үйлчилгээг уг системд бүртгэлтэй 2,07 сая хэрэглэгчид 90 сая удаа амжилттай дамжуулж, 2020 оноос хойших хугацаанд нийт 1.8 тэрбум төгрөгийн шууд бус хэмнэлт (цаас, цаг хугацаа, унааны зардал)-ийг бий болгосон бөгөөд дараах 6 сувгаар дамжуулан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж байна: Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia)-ийн 5.0 хувилбарыг нэвтрүүлснээр “ХУРДАН” цэг Мөн хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газар болон хилийн чанадад байгаа ард иргэд, байгууллагуудад төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг 2023 онд байгуулж, түүний салбар, харьяа төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нийслэлд 144, орон нутагт 386, хилийн чанад дахь 31 улсын 47 байршилд, хилийн 1 боомтод тус тус нээж, 43 байгууллагын 451 үйлчилгээг нийт нийт 577 цэгээр дамжуулан 1,5 сая гаруй хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн. Түүнчлэн Мөн нийслэл, орон нутгийн хэмжээнд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” киоск машин байршуулах ажлын хүрээнд нийслэлд 143, орон нутагт 339, нийт 482 киоск машин байршуулсан. Үндэсний танилт нэвтрэлтийн систем (DAN)-ИЙН 2.0 хувилбарыг хөгжүүлж, ашиглалтад нэвтрүүллээ Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн цахим үйлчилгээний системүүдийг иргэдэд хүртээмжтэй, найдвартай, аюулгүй байдлаар хүргэх зорилгоор Танилт, нэвтрэлтийн (ДАН) системийг шинэчлэн, үндэсний баталгаажуулагч аппликейшн бүхий Танилт нэвтрэлтийн систем (DAN) 2.0 хувилбар болгон хөгжүүлж ашиглалтад нэвтрүүллээ. Энэхүү шинэчлэлийн хүрээнд гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэнийг танин баталгаажуулах зэрэг иргэдийг цахим орчинд таних, баталгаажуулах, цахим гарын үсэг ашиглах үйл явцыг хялбаршуулах, төрийн үйлчилгээний цахим хэрэглээг нэмэгдүүлэх хялбар нэвтрэлтийн боломжийг бүрдүүллээ. Тоон гарын үсгийг түгээх ажлыг эрчимжүүлж, иргэнийг таньж баталгаажуулах зорилготой танилт, нэвтрэлтийн систем (ДАН)-д тоон гарын үсгийн модулийг холбож, иргэн, хуулийн этгээдийг тоон гарын үсгээр дамжуулан таних боломжийг бүрдүүлсэн ба 2025 оны 3 дугаар байдлаар уг системд нийт 2,1 хэрэглэгч бүртгүүлж, төрийн  98 байгууллагын 188 систем, хувийн хэвшлийн 276 байгууллагын 325 систем, нийт 374 байгууллагын 513 системийг холбосон. Цаасаар олгогдог байсан 178 тусгай зөвшөөрөл  цахимаар олгодог боллоо Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр нийт 254 тусгай зөвшөөрлөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар “e-business.mn”-ээр 44, эрх бүхий байгууллага өөрийн системээр 134 (“license.mn”-ээр 76), уламжлалт буюу цаасан хэлбэрээр 76 тусгай зөвшөөрлийг олгож байна