Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингхтай уулзлаа

2022.02.12

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингхтай уулзлаа. Уулзалтаар мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв байгуулах ажлын явц болон Энэтхэг улсад Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх талаарх санал солилцлоо. Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв нь 864 м2 талбай бүхий 10 давхар байгууламж байх бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологи, аутсорсингийн чиглэлээр Монгол Улсын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр улсын хамтарсан хөгжлийн түншлэлийн төсөл юм. Тус төв нь энэ онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хамгийн том зорилтын нэг нь “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлсэн бөгөөд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд монгол залуучуудын өрсөлдөх чадвар болох мэдээллийн технологийн хүний нөөцийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Уг сургалтын төв баригдсанаар жилд 5000 мэргэжилтэн 16 төрлийн чиглэлээр төгсөх боломжтой.

Үүний зэрэгцээ, хоёр тал Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэх чиглэлд сургах, мэргэшүүлэх тал дээр санал солилцож, цаашид хоёр улсын эдийн засгийн стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй төслүүдийн явцыг урагшуулахад анхаарч ажиллахаар тохиролцов.

Other news

Олон Улсын олимпиадад амжилт гаргасан сурагч, багш нарт талархал илэрхийллээ

Энэ жил Хиймэл оюун, математик, физик, мэдээлэл зүйн Олон Улсын олимпиадад амжилт гаргасан 21 сурагч болон 10 багшийг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хүлээн авч уулзлаа. Тодруулбал, тэд анхны IAIO Олон Улсын “Хиймэл оюун”, IMO Олон Улсын “Математик”-ийн 65, Олон Улсын “Физик”-ийн 54 болон Азийн 24, Олон Улсын “Мэдээлэл зүйн” 36 дахь олимпиадуудад тус тус амжилттай оролцжээ. Улмаар Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан 21 сурагчид батламж, тэднийг бэлдсэн эрдмийн дээд багш нарт талархал гардууллаа. Мөн хиймэл оюун, математик, физик, мэдээлэл зүйд шамдан суралцсан тэдэнд улам их амжилтыг ерөөв. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Ирэх жилүүдэд олон төрлийн программын хэлээр олимпиад зохион байгуулахыг зорьж байна. Аль болох программын олон хэлийг хэрэглээнд нэвтрүүлж, оюутан сурагчдыг олимпиадад бэлдэнэ. Түүнчлэн IT инженерүүдийн дунд ч олимпиад зохион байгуулахаар судалж байна. Нэн ялангуяа, Олон Улсын олимпиадад оролцож амжилт гаргасан залуус бол Монголынхоо нэрийг олон улсад гаргаад зогсохгүй, дэлхийд үнэлэгдэх мэргэжилтэн болж байгаа юм. Оролдлого, туршлага, тууштай байдал аливаа хүнийг мөрөөдөл рүү нь хөтөлдөг. Тиймээс мэдлэг түгээгдэх ёстой. Алслагдсан бүс нутагт номгүй, интернэтгүй өндөр потенциалтай хүүхдүүд олон бий. Тэдэнд тэгш боломжийг бий болгох ёстой” хэмээн онцоллоо.   ЦХИХХЯ-наас “Хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг боловсруулж байна. Дэлхийн 60-аад улс орон энэ чиглэлээр эрх зүйн орчноо бүрдүүлжээ. Мөн мэдээллийн технологи, хиймэл оюуны чиглэлийн сурах бичгүүдийг орчуулж байна.

Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийн шинэ салбар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастайн нэгдсэн зах”-д нээгдлээ

Тус цэг нээгдсэнээр Баянзүрх дүүргийн 10, 11, 20, 23, 28, 33, 35 дугаар хорооны иргэд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр авах боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар “ХУРДАН” цэгээр дамжуулж нийт 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цаашлаад 2023 онд 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд маань “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэх юм. “ХУРДАН” цэгийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын болон Баянзүрх дүүргийн холбогдох удирдлага, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Дэлхийн цахим гарын үсгийн зах зээл 238.42 тэрбум ам.долларт хүрнэ

2023 онд дэлхийн цахим гарын үсгийн зах зээл 6.13 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү статистик 2024 онд 8.67 тэрбум ам.долларт хүрэх таамаглал байна. 2024-2034 оны хооронд цахим гарын үсгийн хэрэглээ 39.3 хувиар өсөж, 238.42 тэрбум ам.долларт хүрэх тооцооллыг “Дэлхийн цахим гарын үсгийн зах зээлийн 2024-2032 он хүртэл хэтийн төлөв” тайланд дурджээ. Цахим гарын үсгийн зах зээл технологийн дэвшил, хэрэглэгчдийн хүсэл сонирхол, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ цахимжиж буй зэргээс шалтгаалан хурдацтай өсөж байна. Тус зах зээл нь салбар, орон зай, ямар үндэстэн эсэхийг үл хамааран өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, хөрөнгө оруулагчид болон компаниудад таатай боломжийг олгож байна. Ойрын 5 жилд дэлхийн цахим гарын үсгийн зах зээл хурдацтай хөгжинө. Одоогийн байдлаар Засгийн газар, Банк санхүү, Даатгалын үйлчилгээ, Эрүүл мэнд, Газрын тос, Байгалийн хий, Батлан хамгаалах салбар, Тээвэр логистик, судалгаа, боловсрол, хүний нөөц, харилцаа холбоо, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгийн салбарт хүчээ авч байна. Ингэхдээ Хойд Америк, Европ, Ази-Номин далайн бүсэд түгээмэл хэрэглэгдэх болжээ. Хойд Америкийн цахим гарын үсгийн зах зээлийн хэмжээ 2023 онд 2.82 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд, цахим баримт бичгийн эрэлт нэмэгдэж, Засгийн газрын зохицуулалт, гар утасны төхөөрөмжийн хэрэглээ өссөн нь аюулгүй, хууль ёсны хүчинтэй цахим гарын үсгийн хэрэглээг хурдасгав. Үүнээс АНУ-ын цахим гарын үсгийн зах зээлийн хэмжээ 2023 онд 1.98 тэрбум ам.доллар, 2024-2034 он хүртэл энэхүү статистик 39.6 хувиар өсөж, 78.57 тэрбум ам.доллар болох аж. Өөрөөр хэлбэл, Хойд Америк нь цахим технологийн хэрэглээ нэмэгдэж, аюулгүй, үр ашигтай баримт бичгийн менежментийн хэрэгцээ, Adobe Inc., DocuSign Inc зэрэг бүс нутагт томоохон тоглогчид байгаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж зах зээлд ноёрхож байна. Харин Европын цахим гарын үсгийн зах зээл 2024-2034 оны хооронд 34.5 хувиар өсөж, тус бүс нутаг томоохон зах зээлийн нэг болов. Ингэхдээ Герман, Их Британи, Франц зэрэг улсууд зах зээлийн өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ. Түүнчлэн Ази-Номхон далайн бүс нутагт хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, банк, санхүү, даатгал, эрүүл мэнд, Засгийн газар, жижиглэн худалдаа болон онлайн ажил, виртуал уулзалтад өргөнөөр ашиглаж байна. Энэтхэг, Хятад, Япон зэрэг улс орнуудын Засгийн газрууд тодорхой салбаруудад цахим гарын үсгийг баталгаажуулах зохицуулалтыг хэрэгжүүлж, зах зээлийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлсэн. Эдгээрийг ихэвчлэн цахим худалдаа, онлайн банк, Засгийн газрын гүйлгээ болон бусад цахим бизнесийн үйл явцад ашигладаг. Тиймээс аюулгүй, хууль ёсны дагуу цахим гүйлгээний эрэлт өсөж байна. Эх сурвалж: www.precedenceresearch.com