Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь

2021.05.27

Өнгөрснөөсөө суралцахгүй, Түүхээ мэдэхгүйгээр хөгжлийн асуудлыг бүү ярь. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Аливаа салбарын хөгжил мэргэжилтэй боловсон хүчнээс хамаардаг бөгөөд тэднийг хэрхэн сургаж, өнөөгийн цаг үед мэргэжлийн хүрээгээ тэлэх хэмжээнд хүрсэн талаар доор өгүүлэх болно. Энэ хугацаанд тус салбарын хөгжил дэвшилд эрдэмтэн багш нарын оруулсан нөр их хөдөлмөр, хувь нэмэр маш их гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн зууны эхээр Монгол Улс тусгаар тогтнож, түүхийн ахар богино хугацаанд бий болоод байсан харилцаа холбооны хэрэгсэл Монгол Улсын өмч болж, Засгийн газрын мэдэлд ирсэн ч тэдгээрийг ажиллуулах үндэсний мэргэжилтэн байсангүй. Ийнхүү 1921 онд байгуулагдсан Ардын түр Засгийн газраас холбооны үндэсний мэргэжилтэн бэлтгэх талаар удаа дараа шийдвэр гарч, түр сургуулиар хэд хэдэн удаа цахилгаан мэдээний бичээч, шуудангийн ажилчин, агаарын шугамын засварчин зэргийг бэлтгэж байжээ. Улс орныг батлан хамгаалах болон эх орны дотоод амьдралын шаардлага, хэрэгцээгээр харилцаа холбоог өргөтгөн хөгжүүлэх явдал чухлаар тавигдаж, энэ талаар ЗХУ-ын бүх талын тусламжтайгаар багагүй ажлыг гүйцэтгэж ирсэн. Ийнхүү монгол газар нутагт телеграфын холбоо, телефон холбоо, радио холбоо хөгжөөд 20-30 жил болж байсан үед буюу 1930 оны дунд үеэс холбооны дунд мэргэжилтэн бэлтгэх асуудал улс орны бодит шаардлагаар урган гарсан юм. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1934 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Холбооны Ерөнхий хорооны дэргэд “Утсан ба радиотехникийн мэргэжилтэн бэлтгэх холбооны түр сургууль”-ийг 1937 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулжээ. Энэ сургуульд холбооны тусгай мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр ерөнхий эрдэм, улс төр, холбооны онол, техник зохион байгуулалтын зэрэг хичээлүүдийг заадаг байжээ. Сайд нарын зөвлөлийн 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар хурлаар Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны дарга Т.Лувсанцэрэнгийн илтгэлийг сонсоод тогтоол гаргасан байна. Уг тогтоолд : “… Одоогийн байгуулагдсан дотоод дахь холбооны сургуулийг нэн ялангуяа орон сууц, аж ахуйн хэрэглэгдэхүүнээр буюу мэргэжилтэн багш нараар хангах, ажилчдын сахилга батыг чангатгах хийгээд үргэлжийн удирдлага шаардлагаар хангаж чанагшид үргэлжлүүлэн бэхжүүлэхээс гадна энэ онд харилцаа холбооны мэргэжлийн дэвсгэр бүхий сайн ажилчдын дотроос зүй байдлаар нийлүүлэн Холбоот улсад явуулан холбооны дээд ба дунд мэргэжилтэй болгон суралцуулж, цаашид үргэлжлүүлэн тогтмол явуулж байхыг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгасугай.” гэжээ. МАХН-ын Төв хороо, Засгийн газрын шийдвэрээр 1939 онд цахилгаан, шуудангийн сургуулийг холбооны техникум болгон өргөтгөн байгуулжээ. Техникумын нээлтэд Улсын бага хурлын дарга Д.Догсом оролцож хэлсэн үгэндээ” … Тус сургууль бол манай улсын харилцаа холбоог шинэ өсвөрийн, мэдлэг мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж харилцаа холбооны ажлыг аль болохоор сайжруулах зорилт тавьсан” хэмээжээ. Холбооны техникум 1939 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар 11 багш, 75 сурагчтайгаар эхэлж байжээ. Энэ техникум нь манай улсын анхны техникумын нэг байсан байна. Сургуулийн төгсөлт 1942 онд болж, мэргэжилтэй боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх ажил амжилттай болсон байна. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 54 тоот тушаал гарч 1943 онд төгсөх радио ангийн 11 сурагчдаар 6 дугаар сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаанд хотын узель, радио станц, тасгуудад практик хийлгэх тухай заажээ. Холбооны техникум 1943, 1947, 1949 онд радиогийн мэргэжлээр, 1944, 1948 онд утсан харилцааны мэргэжлээр дагнан, ээлжлэн нэг ангиар сурган төгсгөж, 1942, 1946, 1950 оноос эхлэн дээрх хоёр мэргэжлээр зэрэг төгсгөсөн байна. Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1951 онд М.Чимиддорж радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны инженер мэргэжлээр төгсөж, Монгол Улсын харилцаа холбооны “анхны” инженер болсон байна. Холбооны техникум 3 жилээр сургадаг байсан үеийн хамгийн сүүлийн төгсөлтөөр радио холбооны ангийг 17, утсан харилцааны ангийг 13 хүн төгсөж, нийт 30 техникч бэлтгэгдэж байжээ. Холбооны техникумын үндсэн ангид 1939-1957 онд 15 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч мэргэжлээр 345 дунд мэргэжилтэн бэлтгэжээ. Техникумын үндсэн ангид 1956-1957 оны хичээлийн жилээс холбооны техникч- эдийн засгийн анги нээж 25 сурагч элсүүлсэн байна. Техникумын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, суралцах хугацааг 4 жил болгосны зэрэгцээ Тээврийн техникумтай нэгтгэн Тээвэр, холбооны техникум болгожээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 298 дугаар тогтоолоор Тээвэр, холбооны техникумыг Үйлдвэр, барилгын техникумтай нэгтгэн Политехникум болгон 1958-1959 оны хичээлийн жилээс 4 том салбартайгаар хичээллүүлжээ. Политекникумын бүрэлдэхүүнд байсан холбооны салбар 1959-1962 онд 4 удаа төгсөлт хийж, радио холбоо, цахилгаан холбооны техникч, техникч-эдийн засгийн мэргэжлээр 211 мэргэжилтэн бэлтгэжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 612 дугаар тогтоолоор Политехникумын холбооны салбарыг Төмөр замын техникумд 1962-1963 онд хичээлийн жилийн сүүлийн хагасаас нэгтгэжээ. Техникум төгсөөд 5 жил ажилласны дараа дээд сургуульд суралцахыг зөвшөөрдөг журам 1963 он хүртэл үйлчилдэг байсан бөгөөд үүнээс хойш техникумыг онц дүнтэй төгсвөл шууд дээд сургуульд элсүүлдэг байв. Төмөр замын техникумын бүрэлдэхүүнд байсан холбооны сургууль 1963-1974 онд 12 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч, техникч- эдийн засагч мэргэжлээр дунд мэргэжлийн 847 холбоочид төгсгөжээ. Манай улсын харилцаа холбоо түргэн хөгжиж түүнд орчин үеийн техник нэвтэрч, инженер техникийн дээд мэргэжилтэн олноор шаардагдах болж байгааг харгалзан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 232 дугаар тогтоолоор 1967-1968 оны хичээлийн жилд МУИС-ийн Энерги механикийн факультетэд холбооны инженер мэргэжлээр анхны элсэлт авснаар харилцаа холбооны дээд мэргэжилтэн бэлтгэх үндэс суурь тавигдсан. 1960 оноос радио өргөн нэвтрүүлгийн их чадлын станцууд, 1967 онд анхны телевизийн систем, 1971 онд сансрын холбооны анхны газрын станц, 1981 оноос улсын хэмжээний радио релейний сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтууд бий болсноор инженер технологийн мэргэжилтний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэн байна. Ийнхүү 1971 оны 2-р сард МУИС-ийн Эрчим хүчний факультетийн харъяанд Радио холбооны тэнхим албан ёсоор байгуулагдаж 6 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Радио холбооны тэнхим нь тухайн үед улс орны бүтээн байгуулалт, шинээр нэвтрүүлж байгаа техник, технологитой уялдуулан радио холбоо, цахилгаан холбоо гэсэн 2 хөтөлбөрөөр сургалт явуулж байсан. МУИС-ийн Ректорын 1971 оны 221 тоот тушаалаар Политехникийн дээд сургууль /ПДС/-ийн Эрчим хүчний факультетийн бүрэлдэхүүнд “Радио холбооны тэнхим”-ийг байгуулж, мөн Политехникийн дээд сургуульд холбооны инженер-эдийн засагчийн анги шинээр нээжээ. Салбарын анхны төгсөлт 1973 онд болж 21 төгсөгч холбооны инженерийн диплом авчээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 221 дүгээр тогтоолоор Төмөр замын техникумын холбооны салбарыг Холбооны техник мэргэжлийн сургуультай нэгтгэж Холбооны Сургалтын Төвийг байгуулсан байна. Тус төв нь холбооны дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх техникчийн салбар, холбооны мэргэжлийн ажилчид бэлтгэх түгээмэл мэргэжлийн гэсэн хоёр салбартай байжээ. МУИС-ийн ПДС-ийн холбооны инженерийн ангийн төгсөлт 1972-1982 онд 10 удаа болж, холбооны инженер, холбооны инженер-эдийн засагч мэргэжлээр 250 гаруй хүн төгсжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 1982 онд Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс гаргаж бие даасан сургууль болгон зохион байгуулахад Радио холбооны тэнхимийг Эрчим хүчний факультетэд харьяалалтай үлдээж үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулж байжээ. Радио холбооны тэнхим нь 1986 онд Политехникийн дээд сургуулийн Инженер-эдийн засгийн факультеттэй нэгдэн Мэдээллийн техник автоматжуулалтын факультет (МТАФ) болж өргөжсөн байна. МАХН-ын 19 дүгээр их хурал 1986 онд болж БНМАУ-ын эдийн засаг, нийгмийг 1986-1990 онд хөгжүүлэх үндсэн зорилгод холбоо хөгжүүлэх талаар тодорхойлохдоо “Мэргэжлийн боловсон хүчнээр хангах арга хэмжээ авна” гэжээ. Мэдээллийн техник автоматжуулалтын факультет (МТАФ) нь 1991 онд Холбооны сургалтын төв /Холбооны коллеж/-тэй нэгдэж хуучнаар Техникийн Их Сургууль (ТИС)-ийн бүрэлдэхүүнд “Мэдээллийн Техникийн Сургууль (МТС)” нэртэй сургууль байгуулагдсан. 1997 онд сургуулийн нэрийг Холбоо Мэдээллийн Техникийн сургууль болгосон бол 2001 оноос Шинжлэх Ухаан технологийн Сургууль (ШУТИС)-ийн бүрэлдэхүүн сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль болжээ. ТИС-ийн Ректорын тушаалаар сургууль дээр гадаад хэлний сектортой болсон. Цахилгаан холбоо, Радио холбооны мэргэжлийн магистрын элсэлт авч эхэлснээр ахисан түвшний сургалт 1996 онд явуулж эхэлсэн байна. Холбооны салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх техник, технологийг сайжруулах, гадаад харилцааг өргөжүүлэх ажлын хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1 сая ам долларын хөрөнгө оруулалт бүхий CISCO, JAVA, Microsoft зэрэг сүлжээ, програм хангамжийн чиглэлүүдээр олон улсын түвшинд мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулах, 16 аймгийг хамарсан видео хурал, зайн сургалт зохион байгуулах БНЭУ-ын ерөнхий сайд А.Б.Важпайн нэрэмжит “Мэдээлэл, Холбооны Технологийн Сургалтын Төв” /МХТСТ/ -ийг 2001 онд байгуулжээ. Түүнчлэн 2005 онд БНГУ-ын Берлин хотын ТИС-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Мэдлэгт суурилсан програм хангамж хөгжүүлэх “Хиймэл оюуны” лабораторийг тус байгууллагын буцалтгүй тусламжаар байгуулсан. БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА-аас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламж “Их дээд сургуулиудын хамтын ажиллагааны (University Partnership Program)” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дангүг Их Сургуулиас ШУТИС-ийн МХТСургууль дээр “Мobile ICT” сургалтын төвийг 468 сая воны хөрөнгө оруулалтаар 2013 онд байгуулжээ. ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоол, Ректорын 2014 оны А/102 тоот тушаалаар МХТС болон КТМС-ийн Компьютерийн ухаан, Электроникийн салбарыг нэгтгэн Холбоо, Электроник, Компьютерийн ухаан, Мэдээллийн технологи гэсэн дөрвөн салбартайгаар Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль /МХТС/- ийг шинэчлэн зохион байгуулав. Холбоо, Электроник, Компьютерийн ухаан болон Мэдээллийн технологийн салбарт бакалаврын 8, магистр 13, докторын 8 хөтөлбөртэй 103 профессор багштай (39 багш Ph.D) ажиллаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Холбооны яамны орлогч сайд Д.Гарам- Очир дурсамжаас: “ 1970-аад оны дунд үед бүх төрлийн мэдээлэл дамжуулах нэгдсэн систем единая система передачи всех выдов имформацийн тухай онол яригдаж эхэлж байсан бөгөөд миний бие дээрх сэдвээр холбооны инженерийн ангид лекц уншдаг байсан байна. Энэ системийг хэрэгжүүлэхэд: нэгд, төрөл бүрийн мэдээлэл дамжуулах аргыг (модуляци) нэг загварт оруулах, хоёрт, янз бүрийн давтамжийн зурвас эзэлдэг мэдээллийг өргөн зурвасыг дамжуулж чадах технологи нээх шаардлага тавигдаж байв. Энэ шалтгаан нь шилэн утсаар гэрлийн туяаны тусламжтай мэдээлэл дамжуулах технологи байв. Ийм технологийг анх ЗХУ-ын Басев, Прохоров гэдэг эрдэмтэд 1964 онд тэр нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн юм. Энэ технологи 1980-аад оны дунд үеэс мэдээллийг тоон технологид дамжуулдаг аргыг өрнөдийн орнуудад нэвтэрснээр холбооны салбарт технологийн хувьсгал гарав. Урьд нь харилцаа холбооны мэдээлэл солилцох хэрэгсэл нь харилцаж байгаа холбооныхоо төрлөөс болоод, телефон аппарат, телеграфын морз болон үсгээр бичдэг аппарат, фототелеграф болон тэдгээрийн дамжуулах цахилгаан холбооны суваг, радио телевизийн нэвтрүүлгийг агаарт цахилгаан соронзон долгион болгон цацах нэвтрүүлэх төхөөрөмж ба уул нэвтрүүлгийг радио сонсох чанга яригч, хүлээн авагч, телевизор зэрэгт ялгагддаг байлаа. Гэтэл харилцаанд шинэ технологи нэвтэрснээр бүх харилцуур нь ганц компьютер болж мэдээлэл дамжуулах систем нь үндэсний болон олон улсын цахилгаан холбооны сүлжээ интернет болж хувирчээ. Одоо манай мэдээллийн технологи, харилцаа холбооны сургууль дотроо мастер, докторантын сургалт явуулахын зэрэгцээ багш нараа гадаадад явуулж эрдмийн зэрэг хамгаалуулдаг явдал нь өсөв. Манай мэдээллийн технологи, харилцаа холбооны сургууль Москва хотын мэдээллийн технологийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй болж оюутан солилцоогоор сургаж Оросын болон Монголын Их сургуулийн дипломтой төгсгөх хамтын ажиллагаатай болсон байна.” хэмээжээ.

Тус сургуулиас бэлтгэгдэн гарсан үе үеийн мянга мянган холбоочид, шууданчид, мэдээллийн технологи, электроник, радио телевизийн сүлжээний инженер техникчдийн хөдөлмөрийн үр дүнд бид дэлхий нийттэй технологийн хувьд ч үйлчилгээний хувьд ч мөр зэрэгцэн явж байгаа билээ.

Эх сурвалж: Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн түүхэн замналаас, 2002 он

Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Other news

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэг нээлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлалын хүрээнд БНСУ-д оршин суугаа иргэдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үр дүнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх үүднээс Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд “ХУРДАН” түц машин байрлуулах, цахим гарын үсэг ашиглах асуудлыг судалж, шийдвэрлэх үүргийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасан. Энэ хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг БНСУ-ын Сөүл хотод ажиллаж, өнөөдөр /2023.03.20/ Монгол улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд анхны “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг нээлээ. Тус газраар сард хоёр мянга гаруй иргэн үйлчлүүлдэг байна. Ингэснээр БНСУ-д оршин сууж байгаа 53 мянга гаруй Монгол иргэн үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ, киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа,тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдлээ. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг, даалгавар хэрэгжиж БНСУ-д “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг нээж байна. Ингэснээр энд ажиллаж, амьдарч байгаа иргэд маань төрийн үйлчилгээг ойроос, хялбархан авч, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг авч эхэллээ. Бид цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, 2023 он гэхэд 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр хүргэхээр ажиллаж байна. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Э.Сарантогос: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-Д албан ёсны айлчлал хийхдээ энд оршин сууж байгаа Монгол иргэдэд нэн тулгамдаж байгаа 10 асуудлыг шийдвэрлэхээр болсон. Энэ 10 асуудлын нэг нь төрийн цахим үйлчилгээтэй холбоотой байсан. Өнөөдөр энэ асуудал шийдэгдэж Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэг нээгдэж, Ерөнхий сайдын амлалт нэг сарын дараа хэрэгжиж байна. Ингэснээр Монгол иргэд маань төрийн үйлчилгээгээ төвөг, чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байгаад талархалтай байна. Бид иргэддээ мэдээ, мэдээллийг түгээхэд анхаарч ажиллана аа. Энэ үеэр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар яамны бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа иргэдэд танилцуулж, санал, хүсэлтийг нь хүлээн авч ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэсэн юм. “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг мөн БНСУ-ын Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байр болон Бусан дахь консулын газарт нээнэ. Төрийн уламжлалт үйлчилгээг шинэ шатанд гаргаж төрийн үйлчилгээний нэр төрөл, чанар, стандарт, хүртээмжийг сайжруулах үндсэн чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар цаашид бусад улсад суугаа элчин сайдын яамны консулын газруудаар дамжуулан төрийн үйлчилгээг иргэддээ хурдан, шуурхай хүргэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.

7 хоног: Алслагдсан багт сүлжээ нэвтрүүлнэ | Хиймэл оюун ухааны хууль эрх зүйн орчныг бий болгоно | Хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэгч нартай уулзав

АЛСЛАГДСАН БАГИЙН ИРГЭД ГАР УТАСНААСАА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВНА Алслагдсан багийн иргэд гар утаснаасаа төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэхээс 2024 онд 74, 2025 онд 55 багийг холбоно. Тодруулбал, ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БИЙ БОЛГОХОД ИХ БРИТАНИ УЛСТАЙ ХАМТАРНА Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт болон Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвийн эрдэмтдийг энэ сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр “И-Монгол” академийг төрийн их өгөгдөл, хиймэл оюун ухааны төв болгохоор зорьж буйг онцлон, хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгох, сансар судлал зэрэг шинэ хуулийн төслүүдийг боловсруулах, хүүхэд залууст код бичих ур чадвар олгох чиглэлд Их Британи Улстай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар Их Британи Улсын сайн туршлагад үндэслэн төрийн байгууллагуудын нэгдсэн www.gov.mn вебсайтыг хөгжүүлж байна. ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗЛАА Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэгч нартай уулзлаа. Уулзалтад Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дарга Ч.Золбаяр, Д.Болор, Б.Балгансүрэн, Ондо Холдинг, ДДэш Тв, Монголсат, Мобиком зэрэг байгууллагын төлөөллүүд оролцов. 30 гаруй жил яригдаж байсан “Үндэсний хиймэл дагуул” төсөл нь энэ дөрвөн жилийн хугацаанд биеллээ олох гэж буйд салбарын мэргэжилтнүүд сайшаалтай хандаж байгаагаа илэрхийллээ. Үндэсний хиймэл дагуул хөөргөснөөр Харилцаа холбооны бие даасан системтэй болж, Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломж нээгдэнэ. 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно. Шилэн кабелиар интернетийн үйлчилгээ үзүүлэх  29 их наяд төгрөг хэмнэнэ. ШУУДАНГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ ШИНЭЧИЛЖ, ЗАХ ЗЭЭЛИЙГ НЬ ТЭЛНЭ Дэлхийн Шуудангийн өдөр аравдугаар сарын 9ний өдөр тохиолоо. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд шуудангийн салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Салбар яамнаас Шуудангийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх; Технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх; хүргэлтэд дрон нэвтрүүлэхээр зорьж байна. Мөн 40 тэрбумын шуудангийн зах зээлийг тэлнэ. “ШИЙДЭЛТЭЙ УУЛЗАЛТ – ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдын санаачилгаар Шийдэлтэй уулзалтыг тогтмол зохион байгуулж байна. Цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилгоор “Шийдэлтэй уулзалт Цахим гарын үсэг нээлттэй хэлэлцүүлгийг аравдугаар сарын 15-өдөр зохион байгуулах гэж байна. Цахим гарын үсэг нь цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох үг, үсэг, тоо, тэмдэг, дүрсийг агуулсан өгөгдөл юм. 2015 оноос хойш 1 287 187 хүнд энэхүү гарын үсгийг олгожээ. Ц.БААТАРХҮҮ САЙД SPACEX КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү SpaceX компанийн Хөөргөлтийн үйлчилгээ хариуцсан менежер Эван Ферликийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Эван Ферлик Монгол Улс Үндэсний хиймэл дагуулаа хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байдаг баяр хүргэж, SpaceX компанийн үйл ажиллагааг танилцуулж, АНУ-д айлчлах боломж тохиовол тус компаниар зочлохыг урив.ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Монгол Улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Үндэсний хиймэл дагуул гэдгийг дуулгаж, тун удахгүй УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буйг онцлов. ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРДЭМТЭД НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ Хиймэл оюун ухааны эрдэмтэд Нобелийн шагналын эзэн боллоо. Тодруулбал, Жеффри Хинтон, Жон Хопфилд нар “Машин оюуны” судалгааны чиглэлээр хийсэн бүтээлээрээ авчээ. Канадын профессор Жеффри Хинтоныг “Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг” гэж нэрлэдэг. Нобелийн шагналтан болох 91 настай Жон Хопфилд нь АНУ-ын Принстоны их сургуулийн профессор, 76 настай профессор Жеффри Хинтон нь  Канадын Торонтогийн их сургуулийн профессор юм. “Машин оюун” нь хиймэл оюун ухааны түлхүүр бөгөөд энэ нь компьютерт мэдээлэл өгөгдөл үүсгэхийн тулд өөрийгөө сургах чадварыг хөгжүүлдэг салбар юм. Ингэхдээ интернэтээс хэрхэн хайлт хийхээс эхлээд утсан дээрээ зураг засварлах хүртэл бидний ашиглаж буй өргөн хүрээний технологийг шинэчилж, хөгжүүлж ирсэн.

‘AI-ийн загалмайлсан эцэг’ Нобелийн шагнал хүртлээ

Хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед тус салбарын эрдэмтэд Нобелийн шагнал авч эхэллээ. Тодруулбал, Жеффри Хинтон, Жон Хопфилд нар “Машины оюуны” судалгааны чиглэлээр хийсэн бүтээлээрээ Нобелийн эзэн боллоо. Канадын профессор Жеффри Хинтоныг “Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг” гэж нэрлэдэг. Тэрбээр 2023 онд Google-ээс гарч, хиймэл оюун ухаан хүмүүсийн амьдралд хэрхэн өөрчлөлт оруулах тал дээр санаа зовинож байгаагаа илэрхийлж байв. Энэ тухай Шведийн Хааны Шинжлэх ухааны академиас Шведийн Стокгольм хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Нобелийн шагналтан болох 91 настай Жон Хопфилд нь АНУ-ын Принстоны их сургуулийн профессор, 76 настай Жеффри Хинтон нь Канадын Торонтогийн их сургуулийн профессор юм. “Машины оюун” нь хиймэл оюун ухааны түлхүүр бөгөөд энэ нь компьютерт мэдээлэл өгөгдөл үүсгэхийн тулд өөрийгөө сургах чадварыг хөгжүүлдэг салбар юм. Ингэхдээ интернэтээс хэрхэн хайлт хийхээс эхлээд утсан дээрээ зураг засварлах хүртэл бидний ашиглаж буй өргөн хүрээний технологийг шинэчилж, хөгжүүлж ирсэн. Канадын профессор Жеффри Хинтон Нобелийн шагнал авч байгаагаа мэдээд “Би ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй. Нобелийн шагнал авах болсноо гайхаж байна” гэдгээ илэрхийлжээ. Нобелийн шагналын мэдэгдэлд дээрх хоёр эрдэмтний “Цаг уурын загварчлалыг сайжруулах”, “Нарны эсийг хөгжүүлэх”, “Эмнэлгийн зургийн дүн шинжилгээ” зэрэг судалгаа, ажлын зарим чухал хэрэглээг жагсаав. Профессор Хинтоны “Мэдрэлийн сүлжээ дэх анхдагч судалгаа” нь ChatGPT гэх мэт одоогийн хиймэл оюун ухааны системийг бий болгосон. Хиймэл оюун ухаан дахь мэдрэлийн сүлжээ нь хүний ​​тархитай ижил төстэй мэдээллийг сурч, боловсруулах систем юм. Эдгээр нь хиймэл оюун ухаанд хүн төрөлхтөний туршлагаас суралцах боломжийг олгодог. Профессор Хинтоны хиймэл мэдрэлийн сүлжээн дээр хийсэн ажил нь хувьсгал байсан. “Энэ нь аж үйлдвэрийн хувьсгалтай адил байх болно. Гэхдээ бидний бие махбодийн чадвараас илүү оюуны чадавхийг давах болно” гэж тэрбээр онцлов. Профессор Жон Хопфилд хэв маягийг хадгалж, дахин бүтээх боломжтой сүлжээг зохион бүтээжээ. Энэ нь атомын эргэлтээс үүдэлтэй материалын шинж чанарыг тодорхойлдог физикийг ашигладаг. Тодруулбал, бүрэн бус үгсийг ашиглан тархи үгсийг хэрхэн санахыг оролддогтой ижил төстэй арга замаар профессор Хопфилд бүрэн бус хэв маягийг ашиглан ижил төстэй зүйлийг олох боломжтой сүлжээг бүтээжээ. Нобелийн шагналын хорооныхон хэлэхдээ “Хоёр эрдэмтний ажил нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон. Тэр дундаа нүүр царай таних, хэлний орчуулгыг түгээмэл ашиглаж байна” гэдгийг онцлов. Эрдэмтэд 11 сая швед крон буюу 810 000 фунт стерлингийн шагнал авна. Дашрамд мэдээллэхэд, Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгож, “И-Монгол” академийг төрийн их өгөгдөл, хиймэл оюун ухааны төв болгохоор ажиллаж байна. Эх сурвалж: BBC