Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай (анхдагч) хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.05.26) Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборт зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн гол зорилго нь хүүхдүүдийн санал бодлыг сонсох, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлоход чиглэж байна. Мөн үдээс хойш тус хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуульд үргэлжилж, хүүхдүүдээс санал, судалгаа авсан юм.
Хэлэлцүүлгийг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлсэн үгэндээ:
“Хууль гэдэг хүний амьдралд хэм хэмжээ тогтоож өгдөг. Тиймээс цахим сүлжээнд хүүхдүүдэд аюулгүй орчныг бүрдүүлэх, сөрөг мэдээлэл, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, дадалтай болгоход тэдний санал бодол чухал үнэ цэнтэй. Хуулийн төслийг боловсруулахдаа хааж хорих бус, харин аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнд эрсдэлд өртөхөөс хамгаалахыг чухалчилсан. Хэлэлцүүлгийг цаашид ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд үргэлжлүүлэн зохион байгуулна. Хүүхдүүд та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал бодлоо хэлж, дуу хоолойгоо хүргээрэй. Хүүхэд бүрийн санал хуулийн төсөлд ач холбогдолтой” хэмээн онцлов.


Хуулийн төсөлд тусгасан онцлох зохицуулалтууд
Манай улсад нийгмийн сүлжээн дэх хүүхдийн аюулгүй байдлыг холбогдох хууль тогтоомжоор тодорхой хэмжээнд зохицуулж ирсэн хэдий ч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалт болон насны хязгаарлалттай холбоотой заалт байдаггүй. Иймээс шинээр боловсруулж буй хуулийн төслийг 6 бүлэг, 22 зүйлтэйгээр боловсруулж, дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгажээ. Үүнд:
- 13-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох.
- 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотойгоор ашиглуулах.
Олон улсын чиг хандлага ба туршлага
НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2021 онд баталсан “Цахим орчин дахь хүүхдийн эрхийн талаарх 25 дугаар Нэмэлт тайлбар”-ын 23-т заахдаа, оролцогч улсууд цахим орчныг Хүүхдийн эрхийн тухай конвенцод нийцүүлэхийн тулд олон улсын стандартад тулгуурлан үндэсний хууль тогтоомжоо шинэчлэхийг зөвлөсөн байдаг.
Тиймээс хуулийн төслийг боловсруулахдаа АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, ОХУ, Их Британи, БНХАУ, Сингапур, Казахстан, Малайз, Норвеги, Испани, Герман, Эстони зэрэг улсын туршлагыг судалжээ. Эдгээр орнууд нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч (платформ)-ийн үйл ажиллагааны хүрээ, үйлчилгээний төрөл, хүүхдэд учруулж болзошгүй эрсдэлийн түвшинд үндэслэн ялгамжтай зохицуулалт хийдэг байна. Тухайлбал:
- Их Британи, Европын Холбоо, Австрали: Үйлчилгээ үзүүлэгчид эрсдэлийн үнэлгээ хийх, нас баталгаажуулах, хортой агуулга болон алгоритмын нөлөөллийг бууруулах, хүүхдэд ээлтэй аюулгүй тохиргоог анхнаас нь бий болгох үүрэг хүлээлгэдэг.
- Сингапур: Нийгмийн сүлжээг бүрэн хориглох бус, үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн технологийн урьдчилан сэргийлэх хамгаалалтыг нарийвчлан зохицуулсан байдаг.
Иймд Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөлд олон улсын жишгээр үйлчилгээ үзүүлэгчийг эрсдэлийн түвшнээр нь ангилж, хүүхдийн эрхийг хамгаалах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалтыг тодорхойлон тусгаж өгсөн байна.











