Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ

2022.12.15

Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр /2022.12.15/ нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ЦХХХЯ-ны дэмжлэгтэйгээр нээгдэж буй энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд Мэдээлэл, технологийн үндэсний парк үйл ажиллагааг нь бүрэн хариуцан ажиллах бол бүх нийтэд цахим ур чадвар олгох сургалтыг И-Монгол академитай хамтран зохион байгуулах юм.

Тус төвд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжийн бүрдэл бүхий 2 танхим, интернэт кафе, видео уулзалтын өрөө, тоон контент бүтээх, контент бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх 2 танхим зэргийг 100% тоноглож, засвар, тохижилтын ажлыг шийдвэрлэсэн бөгөөд зорилтод болон нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо онцлог юм.

БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг нь олон улсад Мэдээлэл хандалтын төв байгуулах (IAC) төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төв нь 52 дахь нь болж байна.

 

Бусад мэдээ

МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХОЛБООЧИН МАГСАРЫН ЖАНЧИВ

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү дайнд өөрийн эр зориг, эх орно гэсэн халуун сэтгэлээр байлдсан Монгол Улсын Баатар, холбоочин Магсарын Жанчивын баатарлаг гавьяаг эргэн дурсъя. Харилцаа холбооны салбарын монгол улсынхаа хөгжилд хичнээн их нэмэр болсон, монголчуудынхаа соёл, мэдлэг, сайхан амгалан амьдарахад оруулсан үүрэг дэмээрээ өнөөдөр бид бүхэн бахархдаг ч улс орныхоо энх амгалан, эрх чөлөөтөй амьдрах үйлсэд халуун амиа ч хайрлаагүй Холбоочин Монгол Улсын Баатар М. Жанчив гуайг бахархан дурсаж явах нь Холбоочин бид цаашид улс орон, ард түмнийхээ гэгээн ирээдүйд өөрийн боловсрол, хичээл зүтгэлээрээ ажиллахад үлгэр дууриалал болох билээ. Ингээд Холбоочин баатарыгаа товч танилцуулая.  Монгол улсын баатар, холбоочин М.Жанчив 1923 онд Засагт хан аймгийн Сүжигт гүний хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг “Зах” гэдэг газар малчин ард Магсарын ууган хүү болон төржээ. Тэрээр эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжин мал, тарианы ажил эрхэлж байгаад  20 настай байхад нь цэргийн алба хаах тухай зарлан дуудах бичиг ирж нутгийнхаа үе тэнгийн 20 гаруй залуучуудын хамт 1943 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж, аймаг орохоор мордов. Тэр үед дайн байлдаантай байсан тул бид өөрсдийн унаа мориор явцгаасан юм. Аав, ээж, ах дүү, найз нөхдүүд маань биднийг Сумын төвөөс 30 км зайтай байдаг “Дундын овоо” гэдэг газар  ирцгээж хүүхдүүдээ үдэх ёс гүйцэтгэсэн гэдэг. Говь-Алтай аймгийн төв дээр ирээд хоёр хонож эмчийн үзлэгт орсон эх орны дайны жилүүдийн хүндэрлийн улмаас унаж ирсэн мориороо Архангайн зүг хөдөлсөн гэдэг. М. Жанчив цэрэгт ирээд мото-механикжуулсан хуягт бригадад цэргийн алба хааж байхдаа холбооны мэргэжил эзэмшин, тусгай салааны тасгийн дарга болж ахлах түрүүч цолоор шагнуулжээ. М.Жанчив морьт механикжуулсан бүлгийн тэргүүн ангид явж Японы милитарист хүчний давагдашгүй цайз гэж бардамнан сайрхаж байсан Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эзлэн авах үеийн хэд хоногийн ширүүн тулалдаанд анги салбараа холбоогоор тасралтгүй хангах байлдааны үүрэг, даалгаврыг гарамгай биелүүлсэн эрэлхэг дайчин юм. М.Жанчив байлдааны сүүлчийн өдөр дайсны нисэх онгоцны бөмбөгдөлт, их бууны суманд хоёр удаа тасарсан холбооны утсыг залгахаар галын шугам руу мөлхөж явахдаа хэд дахин шархадсан ч гэмтлийн цэгт үүргээ гүйцэтгэж эхлэх үед дахин суманд оногджээ. Эцсийн мөчид утасны хоёр үзүүрийг амандаа зууж биеэрээ холбоо дамжуулж өөрийн ангийн давшилтыг хангасан мөнхөд дурсагдах баатарлаг гавъяа байгуулан амь үрэгдсэн байна. МХЗЭ-ийн гишүүн М.Жанчив чөлөөлөх дайнд орохын өмнөхөн МАХН-ын орлогч гишүүнээр элссэн байна. Эх орны эрэлхэг хүү Магсарын Жанчивын гавъяаг төр засаг, ард түмэн өндрөөр үнэлж 1965 онд Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор, 1975 онд Монгол улсын баатар цолоор нэхэн шагнажээ. Монгол улсын баатар Магсарын Жанчивын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Говь-Алтай аймгийн Алтай хотын болон төрсөн нутаг Шарга сумын төвд босгож, гавъяаг нь мөнхжүүлсэн байна.

Анхны монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ

ҮЙЛ ЯВДАЛ Анхны монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ 2022.05.17 Монгол Улсад анх угсарч ашиглалтад оруулсан микрокомпьютер “Оч” өнөөдөр /2022.05.17/ 38 нас хүрлээ. Тус компьютерийг анх 1984 оны 5 сарын 17-ны өдөр Статистикийн төв газрын Шинжлэх ухаан, техникийн нэгдсэн зөвлөлийн гишүүд шалгаж үзсэнийхээ дараа хэлэлцээд, нэгдсэн зөвлөлийн дарга, доктор Д. Лувсандорж агсны гарын үсэгтэй “Тус газрын Тооцоолон Бодох Төвийн инженер О.Батсүх, Г.Оюунбаяр, Д.Толя нарын БХЯ-ны …-р ангийн инженер Д. Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш Мягмарсүрэн, Л.Гантулга, УАМД институтын инженер А. Гантөмөр нартай хамтран хийсэн микро-тооцоолох электрон машин “Оч” нэртэй оновчтой саналын материалыг судалж үзээд Шинжлэх ухаан, техникийн Улсын хорооны зөвлөлөөр хэлэлцүүлж, оновчтой санал болгож батлуулж зохиогчдод нь гэрчилгээ олгох саналтай байна. Холбогдох материалыг судалж, зохих шийдвэр гаргаж өгнө үү” ….. гэсэн 4/5 тоот “өргөдөл хүргүүлэх тухай” албан бичиг ШУТУХ-нд хүргэгдсэнээс хойш 38 жил өнгөрчээ, энэ хугацаанд “Оч”-оос Дөл, Гал үүсч байгаа төлөв байгаа ч дүрэлзэх нь бага байна. “Оч”-г бүтээсний 38 жилийн ойн баярын мэндийг бурхны оронд одсон анд нарынхаа гэр бүлийнхэн, хамаатан саданд болон өнөөг хүртэл ажилласаар буй нөхдөдөө хүргэхийн ялдамд дөлийг бүр гал болгохыг ерөөе! Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Сансрын орон зай дахь Монголын амбиц

Иргэн та техник технологгүйгээр өөрийн ирээдүйг төсөөлж байна уу. Гар утасгүй, интернэтгүй, телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэггүй орчинд амьдарна гээд боддоо. Хүн төрөлхтөн техник, технологийн хөгжилгүйгээр цааш алхах боломжгүй эрин үе нэгэнт иржээ. Гэтэл манай улс дээрх үйлчилгээнүүдийг иргэддээ хүргэхийн тулд гадаадаас түрээсэлдэг. Мөн алслагдсан бүсэд амьдарч буй иргэд технологийн хөгжлийг мэдэрч, хэрэглэж чадахгүй байгаа нь бодит үнэн. Шилэн кабелиар Монгол орны өнцөг булан бүрт буй малчдыг интернэтэд холбох дэд бүтцийг бий болгоход бэрхшээл их. Үүнийг шийдэх дөт зам нь “Үндэсний хиймэл дагуул” юм. Улс орон бүр өөрийн хиймэл дагуултай болох зорилт дэвшүүлэн, 2023 онд нийт 42 улс сансрын төсвөө өсгөжээ. Хэдхэн жилийн дотор өөрийн хиймэл дагуулаа хөөргөсөн улсын тоо 91-д хүрэв. ШУА-ийн ООГХ-ийн Сансар судлалын төвийн дарга, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа “Хиймэл дагуул, сансар судлал бол зөвхөн ганц орны асуудал биш. Сансрын орон зайг хамтарч ашиглах хэрэгцээ бий. Тиймдээ ч сансар судлалын салбарт бүх орнууд хамтарч ажиллаж байна. 1990-ээд оны шилжилтийн үед манай улс сансар манатай байсан бол 2000 оноос энэ асуудал аяндаа сөхөгдөж, 2012-2013 оноос “Үндэсний хиймэл дагуул”-тай болох тухай яригдсан. Мөн 2017 онд “Мазаалай” нам орбитын судалгааны хиймэл дагуулыг Японы эрдэмтэдтэй хамтран хөөргөлөө. Одоо “Тэмүүлэл” хиймэл дагуулыг хөөргөхөөр ажиллаж байна. Түүнчлэн хүнээ дахин сансарт нисгэх асуудал ч хөндөгдөнө. Энэ талаар ОХУ-тай байгуулсан санамж бичиг ч бий” хэмээн онцоллоо. 1957 онд анхны хиймэл дагуулыг задгай сансарт хөөргөснөөс хойш 67 жилийн хугацаанд монголчууд хиймэл дагуулын үйлчилгээг түрээсээр авч ирсэн. Жилдээ 6.9 сая ам.долларыг тус үйлчилгээнд зарцуулдаг. Үүнийг 15 жилээр үржүүлбэл 144 сая ам.доллартой тэнцэнэ. Тэгэхээр монголчууд гаднын хиймэл дагуулыг түрээсэлж, түрээсэнд их зардлыг төлж буй асуудлыг нэг мөсөн шийдэх гарц бий. “Исатком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Дөлгөөнтэнгис “Гаднаас түрээсэлж буй зурвасын хэмжээндээ 3.5-4 сая ам.долларыг жилийн хугацаанд түрээсэнд зарцуулж байна. Янз бүрийн бэрхшээлүүд гардаг. Жишээлбэл, тухайн хиймэл дагуулын насжилт, хугацаа дуусаж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно. Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор үнэ нэмэх тохиолдлууд ч гарч байна. Энэ бүх асуудал үндэсний хиймэл дагуул хөөрсгөснөөр шийдвэрлэгдэнэ гэж харж байна” хэмээн ярилаа. Үндэсний хиймэл дагуултай болох тухай асуудал өнөөдөр гэнэт яригдаж байгаа юм биш. 2012-2013 оноос эхлэлтэй. Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас өгсөн 74°Е градуст геостационар тойрог замын байрлал, 113.6°Е градусын хиймэл дагуулын байрлалд 800МГц зурвас бий. Үүнээс суурин үйлчилгээ болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг аль алийг нь хэрэглэгчдэд хүргэхэд 113.6°Е байрлал тохирно гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.  Мөн өөрийн хүссэн байрлалд хиймэл дагуул нисгэхийг хүсвэл өөр улсуудтай тохиролцох, ярилцах асуудал сөхөгдөнө. Энэ бүхэн сансрын задгай орон зайг ашиглах, үр шимийг нь хүртэх тухай ойлголт юм. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн В.Батбаяр “10 гаруй жилийн хугацаанд үндэсний хиймэл дагуултай болох чиглэлээр манайд 5-6 улс санал тавьсан. Энэхүү саналын хүрээнд нийт 10 орчим компанитай хэлэлцэж, хүсэлтийг нь хянаж үзээд сонголт хийсэн. Улмаар 2019 онд Франц Улстай хиймэл дагуулын чиглэлд хамтран ажиллахаар болж, техникийн нөхцөл тодорхойлох, гэрээний төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн. Мөн Францын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр санамж бичиг байгуулсан. Францын Засгийн газар санхүүжилтийг хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх тухай саналаа Монгол Улсын Сангийн яаманд өгсөн. Үндэсний хиймэл дагуултай болох асуудлыг УИХ-аар эцэслэн шийдвэрлэнэ. Тус төслийг анхнаас нь нууцын зэрэглэлтэйгээр оруулж ирсэн. Тиймээс олон нийтэд дэлгэрэнгүй ерөнхий мэдээлэл өгөөгүй” гэж онцоллоо. Өмнө нь сансар судлалыг хөгжүүлэхээр ОХУ-ын “Роскосмос”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Мөн БНХАУ-тай сансрын техник технологи нэвтрүүлэх, зохион байгуулах, зайнаас тандан судлах, газрын станц байгуулах, Монголд иж бүрэн лаборатори байгуулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлаар дөрвөн талт гэрээ хийсэн. Үүнийг сансрын техник технологи бүтээх, мэдээлэл боловсруулах эхлэлийн цэг гэж харж, “Үндэсний хиймэл дагуул” хөөргөхөд анхаарал хандуулж байгаа юм.ЗХ-ны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир “Сансрын орон зайд байгалийн асар их нөөц бий. 2023 онд Австрийн Вена хотноо болсон “Дэлхийн сансрын форум”-д сансрын нөөцийг тогтвортой ашиглах, хөгжүүлэх, ил тод байх асуудлыг хөндсөн. Монгол Улсад харилцаа холбооны сүлжээг өргөн уудам, хүн ам таран суурьшсан, алслагдсан орон нутагт ашиглаж ирсэн. Гэвч харилцаа холбооны үүрэн сүлжээний хүртээмжийг цаашид нэмэгдүүлэх шаардлага бий. Монгол Улсын хувьд сансрын орон зайг үр дүнтэй ашиглах түүхэн үе ирээд байна” гэж ярилаа. Үндэсний хиймэл дагуулгүйгээс болоод бусад улсаас түрээсийн үйлчилгээ авч, ам.долларын ханшийн зөрүүнээс алдагдал үүрч, хүссэн үйлчилгээгээ авах боломж хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл, дэлхийн аль ч бүсийн зургийг авч, судалгаа хийх боломж үгүй гэсэн үг. Мөн тухайн байгууллагын санал болгосон үнээр үйлчилгээ авахад хүрдэг юм. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхээр эрдэмтэн судлаачид болон төрийн байгууллагууд ажиллаж байна. МУИС-ийн дэд профессор Д.Эрдэнэбаатар “Зайнаас тандан судлахын тулд гаднаас үйлчилгээ авч ирсэн. Хүссэн зургаа авахад хүндрэлтэй. Дэлхийн аль ч цэгийн зургийг хүссэнээрээ авах боломж Үндэсний хиймэл дагуултай болж байж бүрдэнэ. Дотоодод “Мазаалай”, “Тэмүүлэл” гээд кубсат төслийг хэрэгжүүлээд, туршлага хуримтлуулчихлаа. Мөн бага оврын зайнаас тандан судалгааг хийж, туршиж байна. Харин цаашид Харилцаа холбооны хиймэл дагуул нисгэх хэрэгцээ шаардлага үүссэн” гэдгийг онцоллоо. Монгол Улсын хэрэглээг түрээсээр цаашид шийдвэрлэнэ гэвэл манай руу чиглэсэн хиймэл дагуулын цацраг хязгаарлагдмал. Тиймээс Үндэсний хиймэл дагуултай болчихвол өргөн хүрээнд хэрэглээг нэвтрүүлэх боломж бий. ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа “Онцгой байдлын байгууллага бол радио холбоо, үүрэн холбоо, интернэт сүлжээ, Starlink, Iriduim зэрэг хэрэгслүүдийг ашиглаж байна. Эдгээр нь өөр өөр байгууллагын үйлчилгээ, зарим нь олон улсын байгууллагын үйлчилгээнүүд юм. Үндэсний хиймэл дагуултай болсноор энэ олон үйлчилгээг нэгтгээд, дотооддоо хөрөнгө оруулах боломжтой” гэв. Сансрын технологи, үндэсний аюулгүй байдал, бие даасан мэдээлэл холбооны дэд бүтэц, сансрын холбооны технологийн чиг хандлага, Монгол Улс харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөж ашиглах шаардлагын талаар “Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” хэлэлцүүлгийг аравдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЦХИХХЯ, ШУА, ХХЗХ, ҮАБЗ, ОБЕГ, МУИС болон ШУТИС-ийн профессор, салбарын судлаач, эрдэмтэд өргөнөөр оролцов. Улмаар зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад нь хүргүүллээ.