Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Зах зээлийн шилжилтийн үеийн сайд Бямбажавын Баатар

2021.06.03

Арга эвийг нь зөв олсон цагт хамт олныг төлөвшүүлэх тийм ч хэцүү биш. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад Холбооны сайдаар ажиллаж байсан Бямбажавын Баатарын тухай нийтэлж байна. Б.Баатар нь Завхан аймгийн Цэцэн –Уул суманд төржээ. Тэрбээр сумын бага сургууль, Улиастай хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1969 онд цахилгаан холбооны инженерийн мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөж ирээд 1960-1979 онд Завхан аймагт холбооны газрын ерөнхий инженер, даргын ажлыг хийж байгаад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй хамт баригдаж ашиглалтанд орсон Холбооны шинэ цогцолборын даргаар томилогдон ажиллаж байгаад 1982-1984 онд Улаанбаатар хотын Телефон радио ашиглалтын хорооны даргаар ажиллажээ. Эрдэнэт хотын Холбооны газарт ажиллаж байх хугацаандаа чанарын удирдлагын иж бүрэн систем нэвтрүүлж, улсын хэмжээний холбооны байгууллагуудын үзүүлэх сургууль зохион байгуулж байв. ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг 1986 онд дүүргэсэн ба мөн оноос Улаанбаатар хотын Найрамдал дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргын албыг хашиж байгаад 1989 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Холбооны сайдаар томилогджээ. Түүнийг сайдаар томилогдож байх үед БНМАУ-д социалист байгуулалтын үйл ажиллагаа нийт социалист нийгмийн нэгэн адилаар зогсонги байдалд орж, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын уур амьсгал Монголын нийгэмд хүчтэй нөлөөлж байсан мөч байв. Шилжилтийн хүнд бэрх үед Засгийн газрын дэргэдэх Холбооны Ерөнхий газрын дарга, Зам, тээвэр, холбооны тэргүүн дэд сайдаар 1994 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж, харилцаа холбооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, салбарын бодлого боловсруулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг зааглаж, “Монголын харилцаа холбоо” компанийг байгуулж, холбооны үйлчилгээг чөлөөт үнийн тогтолцоонд оруулснаар санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан салбар болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн Монгол Улсад гарсан нийгэм, эдийн засгийн энэ шинэчлэлт нь гадаад орнуудаас Монголд хөрөнгө оруулах үүд хаалгыг нээж харилцаа холбооны салбарыг зах зээлийн тогтолцоонд шилжихэд ихээхэн түлхэц болжээ. Энэ тухай Б.Баатар сайд бичихдээ “Техникийн шинэчлэл хийхгүйгээр холбоог цаашид хөгжүүлэх ямар ч боломжгүй гэдэг нь нэгэнт харагдаж байсан юм” гэж тэмдэглэжээ. Холбооны яамнаас 1980-аад оны сүүлээр холбооны техник, технологийг шинэчлэн сайжруулах шаардлагатайг анхаарч, Улаан- Үд, Иркутск, Хөх хотын холбооны газруудтай холбоо тогтоон, хамтран ажиллах эхлэлийг тавьж, харилцан туршлага солилцож, семинар зохион байгуулж байсан нь тухайн үедээ шинэлэг зүйл болсон байна. Б.Баатар сайдын шууд оролцоотойгоор 1991 онд “Азиасат-1” хиймэл дагуулыг ашиглаж Улаанбаатар хотод сансрын телевизийн нэвтрүүлэх станц, 305 сум суурин газарт хүлээн авах станцыг байнгын ашиглалтад оруулж, Монголын үндэсний телевизийн нэвтрүүлгийг хөдөөгийн ард түмэнд хүргэх олон жилийн мөрөөдлийг богинохон хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Мөн аналоги системийн тоног төхөөрөмжийг тоон технологид шилжүүлэх техникийн шинэчлэл хийж, 1990 онд Английн пүүстэй хамтран сансрын холбооны газрын станцыг суурилуулан 4-10 сувгаар дэлхийн 100 шахам улс оронтой харилцах боломжийг бүрдүүлсэн байна. Франц улсын буцалтгүй тусламжаар 27 мянган дугаарын багтаамжтай электрон станц, Япон улсын буцалтгүй тусламжаар “Интелсат” станцыг ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар “Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээг 2010 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г Английн Бритиш Телекомын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор монголын инженер, техникчид боловсруулжээ. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улсын харилцаа холбооны салбарын техник төхөөрөмж, кабель шугамын хувьд бүрэн шинэчлэх, тоон технологид шилжих техникийн суурийг тавих, орчин цагийн шинэ техник, технологи нэвтрүүлэх, англи хэлний мэдлэгтэй боловсон хүчнийг бий болгох асуудлуудыг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэхэд ижил зорилго, ижил хүслээр жигүүрлэсэн хамт олны хүч байсан бөгөөд “Холбоогүй холбоо” хэмээн шүүмжлэгдэж байсан холбоог “ Холбоочингүй холбоо” болтол нь хөгжүүлж чадсан байна. Б.Баатар гуай өөрийн дурдатгалдаа: “Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явц нь дардан байсангүй, картын бараанд орсон үе байлаа. Алкателийн Е-10 станцыг зай тэжээл, кабель шугамын хамт иж бүрнээр нь ашиглалтад оруулж, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олон улсын Интелсатын газрын станц, NEAX-61 улс, хот хоорондын автомат телефон станцыг барьж байгуулсан нь тоон технологийн цаашдын баттай суурь болж өгсөн” хэмээсэн байна. Монгол Улсын шуудан холбооны хөгжлийн оргил үе нь 1989-1990 он байлаа. Энэ үед нийслэл аймгийн хооронд ажлын өдөр бүр, аймгийн төвөөс сумдад 7 хоногт 2-5 удаа, сумаас бригад, тасгийн төвд 2 удаа шуудан тогтмол солилцож, жилдээ 9894,6 мянган ширхэг гарах захидал, 322,8 мянган ширхэг боодол, 87,6 мянган илгээлт, 134811,9 мянган ширхэг сонин, хэвлэл ялган боловсруулж, 23016,6 мянган төгрөгийн орлого оруулж байжээ. Шуудангийн 432 салбар, шуудангийн захидал цуглуулах 873 хайрцаг ажиллаж, шуудан холбооны нэг салбар байгууллага 4850 хүнд үйлчлэн, 1000 хүн ам тутамд жилдээ 4721,8 ширхэг захидал бичиг, 41,8 ширхэг илгээлт, 69580 ширхэг хэвлэл оногдож байжээ. Б.Баатар нь 1997 оноос Монгол шуудан ТӨХК-ийн дэд, тэргүүн дэд захирлаар, 2002 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Харилцаа холбооны зохицуулах хороонд Эрх зүй, мэдээлэл захиргааны албаны даргаар ажиллаж шинэ байгуулагдсан байгууллагын дүрэм, журмыг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тэрбээр ХХЗХ- ны хуралдааны нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан юм. Б.Баатарын харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон “Монгол Улсын Гавъяат холбоочин” цолоор тус, тус шагнасан билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Туулсан замаа эргэн дурсахуй”1996 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад “цахим аймаг” бодлогын зөвлөмж”-ийн хүрээнд уулзалт зохион байгуулж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгаа, үнэлгээ хийх арга хэмжээ өнөөдөр (2023.08.16) Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Энэ хүрээнд “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа. Уулзалтад Сүхбаатар аймгийн төрийн 27 байгууллагын 150 орчим албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдаж, цахим шилжилт, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд асуулт хариулт өрнүүлж, мэдээлэл солилцлоо.

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон УИХ-ын гишүүд С.Эрдэнэболд, Ж.Батжаргал, Д.Батбаяр нарын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймагт ажиллалаа.  Монгол Улсын их Хурлаас шинэ Зуунмод хотыг “Хүннү хот” болгон хөгжүүлэхээр төлөвлөж буй. Тус хотод хиймэл оюуны олон улсын дата төвийг байгуулахаар төлөвлөж байгаа төдийгүй Ази тивийн “Цахиурын хөндий” болгон хөгжүүлэх томоохон санаачилгын эхлэл болгож, ЦХИХХ-ны сайд  Ц.Баатархүү Төв аймгийн бүх суманд буюу 27 ширхэг төрийн үйлчилгээний КИОСК машиныг хүлээлгэн өглөө. Өмнө нь аймгийн хэмжээнд ердөө хоёрхон ширхэг КИОСК машинтай байсан бол ийнхүү сум бүрд төрийн цахим үйлчилгээний киоск машинтай болж, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртууллаа.  Үүний зэрэгцээ, Боловсролын яамны судалгаанд үндэслэн, алслагдсан, интернэтийн хүртээмж муу 10 сургуульд Старлинк төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Ингэснээр орон нутгийн сурагчид дэлхийн боловсролыг сумаасаа авах боломжийг бүрдүүллээ.  Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Монгол орны алслагдсан бүхий л суманд сүлжээ оруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. 2025 онд 139 цэгт сүлжээ оруулахаас Төв аймгийн алслагдсан 11 цэгт 2025 онд сүлжээ оруулна.  № Аймаг  Сумын нэр  Сүлжээ оруулах цэг  1 Төв аймаг  Мөнгөнморьт 2-р баг Байдлаг баг 2 Төв аймаг Угтаалцайдам 1-р баг Талын уул 3 Төв аймаг Эрдэнэ 2-р баг, Чулуут 4 Төв аймаг Цээл 4-р баг, Сүүл буга 5 Төв аймаг Баян-Өнжүүл 1-р баг, Бараат 6 Төв аймаг Алтанбулаг 2-р баг, Аргал 7 Төв аймаг Баяндэлгэр 1-р баг, Байдлаг 8 Төв аймаг Баянцогт 1-р баг, Гуна 9 Төв аймаг Дэлгэрхаан 3-р баг, Давст багт 10 Төв аймаг Бүрэн 3-р баг, Монгол, Мэргэн толгой 11 Төв аймаг Бүрэн сум Бүрэн сум

Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд

ҮЙЛ ЯВДАЛ Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд 2022.05.01 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нартай хамтран дээр дурдсан 4 хуульд батлуулахаар заасан журмуудын боловсруулалт дээр хамтран ажиллаж, Засгийн газраар батлуулах журмын төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна. Хуулиудын онцлох зохицуулалтыг товч дурдвал, НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино. Тус хуулиар байгууллагын нууц гэх нэрийн дор иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд өгдөггүй байсан мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо. Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, мэдээлэл хариуцагч болох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь хувь хүний мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн, юунд ашиглах гэж байгаа зорилгыг мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна. Түүнчлэн мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд хоорондын харилцааг зохицуулж, мэдээллийн эзний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тогтоож, мэдээлэл хариуцагчийн хүлээх үүргийг тодруулж өгсөн. Мөн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно. Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой аливаа гомдол байвал Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах боломжтой байна. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар: Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой. Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцэлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэхүү хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ. Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана. Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана. Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ