Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм.

Түүнчлэн хуулийн төсөлд,

– Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох;

– Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

– Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх;

– Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх;

– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув.

Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК​, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов.

Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор  Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан.  Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Бусад мэдээ

Ховд аймагт “цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ эхэллээ

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Ховд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын дарга Б.Түмэндэмбэрэл нарт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч уулзалт зохион байгууллаа. Аймгийн удирдлагуудтай Ховд аймгийг бүрэн камержуулах, Баруун бүсийн цахим сургалт судалгааны тулгуур төв байгуулах, Цахим ур чадвартай хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

“Кибер аюулгүй байдлын төлөвлөлтийн загвар стандарт-2024” семинар зохион байгуулагдаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (Жайка)-тай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр (2024.01.25) “Кибер Аюулгүй Байдлын Төлөвлөлтийн Загвар Стандарт-2024” ээлжит семинарыг зохион байгуулж байна. Семинарыг нээж ЦХХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат үг хэлэн, Монгол Улсын Засгийн газраас кибер аюулгүй байдлын чиглэлээр баримталж буй стратеги, үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийн зохицуулагч Фүживара Аи төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Кибер аюулгүй байдлын чиглэлээр олон улсад хэрэгждэг стандарт, баримт бичгийг таниулах зорилготой энэхүү семинарт төрийн захиргааны онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага, их дээд сургуулийн кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан нийт 100 гаруй албан хаагч оролцож байна.

Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай.

“Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” олон улсын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлын зорилго нь Европын холбооны гишүүн Австри, Эстони, Итали зэрэг улсуудаас шүүхийн цахимжуулалттай холбоотой туршлага солилцоход чиглэж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуралд оролцож, “Монгол улсын шүүхийн болон хуулийн байгууллагуудыг цахимжуулахад мэдээллийн технологийн үүрэг” сэдвээр илтгэл тавилаа. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Шүүх цахимжуулалтад шилжихэд аюулгүй байдлыг хангахад бид бэлэн. Шүүхийн цахим тогтолцоо нь харилцан уялдаатай, нэгдсэн бодлого төлөвлөлттэй байх зарчимд нийцсэн байх ёстой. Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай. Салбар хоорондын уялдааг хангах, архитектур төлөвлөлт, технологийн шийдлүүд гаргах, улсын бүртгэлийн байгууллагуудын холбогдох мэдээллийг найдвартай, иж бүрэн солилцоход дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм. Мөн илтгэлд цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлд хийгдсэн дэвшил, бодлого стратеги, дижитал дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдал, инновац үйлдвэрлэлийн тухай танилцууллаа. Цаашид Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд төрийн цахим үйлчилгээний суурь дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчилнэ. Үндэсний дата төвийн үйл ажиллагааг олон улсын дата төвийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Cloud провайдер хэлбэрт шилжүүлэн Үндэсний клауд дэд бүтцийг бий болгосноор хоорондоо зохицдоггүй тоног төхөөрөмж, техник хангамж үүсгэдэг асуудлыг цэгцэлнэ. 2023 оны 1 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Зөвшөөрлийн нэгдсэн санг үүсгэж, зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээ, санхүү, татвар болон нийгмийн даатгал зэрэг төрөөс хуулийн этгээдтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг цахим нэг цонхонд төвлөрүүлж, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлсэн “e-business.mn” платформыг бий болгоно. Уг платформ нээгдсэнээр хүн, хуулийн этгээд дэлхийн хаана ч байсан Монгол Улсад компани байгуулах, тусгай зөвшөөрөл авах, сунгах, татвар, нийгмийн даатгалаа төлөх боломжтой болно гэдгийг онцоллоо.