Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм.

Түүнчлэн хуулийн төсөлд,

– Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох;

– Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

– Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх;

– Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх;

– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув.

Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК​, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов.

Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор  Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан.  Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Other news

Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн голлох салбар болгох чиглэлд хамтарч ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү болон холбогдох албаны төлөөлөл өнөөдөр (2024.08.16) Мэдээлэл, технологийн үндэсний парк, тэнд бойжиж буй стартап компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Монгол Улсаас дэлхийд гарах юникорн компанийг бойжуулан дэмжих, салбарын боловсон хүчнийг бэлдэх, сургах болон мэдээллийн технологийн үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ЕБС-ийн сурагчдийг мэдээллийн технологийн боловсрол олгох зорилгоор “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг жил бүр зохион байгуулахын зэрэгцээ Монгол Улсын шилдэг стартап компанийг шалгаруулах Start-up challenge Mongolia, ICT EXPO, Grow with Google зэрэг олон арга хэмжээ, үйл ажиллагаануудыг зохион байгуулж, стартап компаниудыг Цахиурын хөндийд гарахад нь дэмжиж ажиллаж байна. Түүнчлэн тус парк нь энэ жил Азийн шинжлэх ухааны паркуудын 27-р их хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгээ салбарын сайдад уламжилсан юм. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү: “Бидний гол зорилго бол компаниуд бойжиж, дэлхийн хэмжээнд гарах явдал юм. Монголын төр нэг их наяд орчим төгрөгөөр тендер зарлаж, код бичүүлчихсэн байна. Энэ кодыг бид экспортлох цаг нь болсон. И-Баримт, И-Монгол системийг дэлхийн олон улс сонирхож, туршлага судлах хүсэлт ирүүлж байна. Иймээс төрийн болон хувийн хэвшлийн бичсэн сайн кодыг экспортолж, хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилтийг босгох боломжтой. Өнөөдөр мэдээллийн технологийн салбар ДНБ-ий 3.2 хувийг бүрдүүлж байна. Энэ салбарыг эдийн засгийн голлох салбар болгоход хөрөнгө оруулалтын санг томруулах, олон эх үүсвэртэй, эрсдэлгүй болгох чиглэлд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ирэх 4 жилд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

“Үндэсний радиог тоон технологид шилжүүлнэ”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Радио, телевизийн үндэсний сүлжээний Радио нэвтрүүлэх төв станцад 2024 оны 09 дүгээр сарын 05-нд ажиллалаа. Монгол Улс 1934 онд орон даяар радио нэвтрүүлгийг дамжуулж ирсэн бөгөөд өдгөө 90 жилийн хугацаанд тус салбарт огт засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас радио долгионы тархалт муудаж, нийт нутаг дэвсгэрийн 55 хувьд л хүрч ажиллаж байна. Үндэсний радио гэдэг бол монгол орон даяар мэдээ, мэдээлэл тэрдундаа гамшиг осол, эрсдлийн мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй гол хэрэгсэл юм. Гэтэл өнөөдөр монгол орны алслагдсан орон нутагт амьдарч буй иргэд радиогоо сонсож чадахгүй хэмжээнд хүрсэн. Дэлхийн жишигт нийцсэн тоон системийн үйлчилгээнд шилжих тухай сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хөөцөлдсөн боловч тодорхой шийдэлд хүрэлгүй өдийг хүрсэн  гэдгийг Радио, телевизийг үндэсний сүлжээ УТҮГ-ын захирал Ж.Энхбат онцоллоо. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Радио нэвтрүүлэх төв станц бол Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнолын нэг хэсэг. Радио станцуудад сүүлийн жилүүдэд техник технологийн шинэчлэл хийгдээгүйн улмаас түүхэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байдалтай байна. Иймд салбар хариуцаж байгаа сайдын хувьд радио станцуудыг тоон технологид шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн технологийн шинэлэлийг сайжруулах, богино долгионы радиог суурин газруудад өргөжүүлэх зэрэг суурь ажлуудыг ойрын хугацаанд ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллая. Хүний нөөцийн асуудал бүх л салбарт тулгамдсан асуудал болж байна. Радио технологийн чиглэлээр төгсгөдөг сургууль, анги байхгүй болсон тул ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийнхантай хамтран суурь хичээлүүд дээр нь нэмэлтээр орох асуудлыг ойрын хугацаанд ярилцъя”  Үндэсний радиог тоон технологид шилжсэнээр нийт нутаг дэвсгэрийн 95 хувьд хүрч, 3.5 сая иргэн тогтмол радиогоо сонсох боломжтой болох юм.

Хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх судалгааг эхлүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ”-ний хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ нь Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашдын бодлогын суурь мэдээллийг бүрдүүлэх зорилготой аж.  Монгол Улсын хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх судалгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ”-ний (AILA) арга зүйд суурилж, хийж байна. Дээрх үнэлгээг хийснээр хиймэл оюун ухааныг зөв зохицуулж, ёс зүйтэй хэрэглэж, инновацид нэвтрүүлэх, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, төрийн үйлчилгээг чанартай хүргэхэд чухал ач холбогдолтой. Хиймэл оюун ухаан нь ахиц дэвшил, хүртээмжтэй байдлыг хангах асар их нөөц бололцоотой боловч энэхүү боломжийг ашиглахын тулд нарийн төлөвлөлт, салбар хоорондын хамтын хүчин чармайлт их чухал.  Өнөөдрийн семинар нь дээрх асуудлыг шийдвэрлэх алхамын эхлэл бөгөөд үндсэн хоёр зорилго дэвшүүлжээ. Нэгдүгээрт, хиймэл оюун ухааны үнэлгээний арга зүй, түүний хиймэл оюун ухааны бодлогыг боловсруулахад гүйцэтгэх үүргийг танилцуулах. Хоёрдугаарт, Засгийн газрын холбогдох талуудаас чухал тоон мэдээллийг цуглуулж, энэ нь шийдвэр гаргалт, стратеги төлөвлөлтөд мэдээлэл өгөх үндэс суурь болох юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Засгийн газруудад төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, гамшгийн бэлэн байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зэрэг зорилгоор хиймэл оюун ухааныг ашиглахад дэмжлэг үзүүлсээр ирсэн. 2024 онд Колумб, Бутан, Шриланк зэрэг улсуудтай хамтран ажиллаж, эдгээр нь хиймэл оюун ухааны үндэсний стратегиа боловсруулан гаргажээ.  Монгол Улсын хувьд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Хиймэл оюун ухааны үндэсний стратеги”-ийг боловсруулж, батлуулах ажлыг эхлүүлээд байна.