Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2022.01.29

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаан 11 цаг 18 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байгааг танилцуулгын эхэнд дурдаад манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байгаа гэв. Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөлснийг Л.Энх-Амгалан сайд төслийн танилцуулгадаа тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.

Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн асуулт асууж, хариулт авав. Тэтгэвэр нэмэгдүүлэхийг дэмжиж буйгаа тэрбээр илэрхийлээд, шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагаа, төсөвтэй холбоотой өөрчлөлт төсвийн тодотголын төсөлд тусгагдсан эсэхийг асуув. Төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа аль нэг яам, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтын арга хэмжээ, урсгал зардлаас тухайлан хасаагүй гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ. Нийтээр нь 4 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, урсгал зардлуудаас 10-15 хувь, 2022-2023 онд үргэлжлэн хэрэгжих өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийн санхүүжих дүнг жигд бууруулах зарчим баримталсан. Иймд шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагаа, төсөв, хөрөнгө оруулалтын асуудал дээр эрсдэл гарахгүй хэмээн үзэж байна гэлээ.

Ийнхүү гишүүд төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд төслүүдтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Инновац, цахим бодлогын  засгийн байнгын хороо ийнхүү хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусад мэдээ

Танилц: Монгол хэлний тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд албан бичиг солилцохдоо кирилл болон үндэсний бичгийг хэрэглэх хос бичгийн тогтолцоонд шилжсэн. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь энэхүү хуулийн хэрэгжилтэд тодорхой чиг үүрэг хүлээсэн бөгөөд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:  Монгол хэлний тухай хуулийн 15-р зүйл буюу 15.1.1.-15.1.4. хэсгийн цахим технологи, стандарттай холбоотой зохицуулалтыг тус яам хариуцан хэрэгжүүлж байна. Эдгээр зохицуулалт болон дээд шатны байгууллага, албан тушаалтнаас өгсөн чиг үүрэг, чиглэл, Засгийн газрын 2020 оны 96-р тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын хүрээнд тус яам тодорхой үйл ажиллагаа явуулж ирсэн.  15.1.1. дэх хэсгийн заалтын хэрэгжилт. Монгол хэлний тухай хуулийн 15.1.1. дэх хэсгийн заалт болон “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-т тус яам дангаар болон бусад яам, агентлагуудтай хамтран хэрэгжүүлэхээр 12 арга хэмжээ тусч тэдгээрийг 95-100 хувийн үзүүлэлттэйгээр хэрэгжүүлсэн болно. Эдгээр арга хэмжээний томоохон бөгөөд суурь гэж болох дараах арга хэмжээг онцолж болно. Үүнд: Монгол бичгийн олон улсын стандартыг болгох үйл ажиллагаа 1990 оноос эхлэлтэй бөгөөд энэ ажил Монгол Улсын ба ӨМӨЗО-ны эрдэмтэн, судлаачдын 10 орчим жилийн хамтын ажиллагааны үр дүн болж 1999 онд олон улсын хэл бичгийн ISO/IEC 10646 стандарт, Юникод 3.0 стандартад орж баталгаажсан түүхтэй. Монгол бичгийн олон улсын эдгээр стандартууд батлагдсаны дараа монгол бичгийн үндэсний стандарт “MNS 4932:2000. Монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм“ батлагдсан.  Монгол бичгийн олон улсын стандартын хувьд ISO/IEC 10646 стандартаар монгол бичгийн кодын оноолтыг, харин монгол бичгийн үсэг хувирлын дүрмийг Юникодын техникийн дүрмээр (UTN) тогтоож байна.  Монгол бичгийн үсэг хувирлын дүрмийг боловсронгуй болгох, монгол бичгийн кодчиллын олон улсын стандартыг тогтворжуулах ажиллагааг 2017-2024 онуудад дотоодын болон олон улсын холбогдох байгууллагууд, тухайлбал, Юникод консорциумын Юникодын техникийн хороо, ӨМӨЗО-ны Үндэсний соёлын хороо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж асуудлыг үүсгэсэн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд монгол бичгийн олон улсын кодчиллын асуудал шийдвэрлэгдэж байна. 15.1.2. дахь хэсгийн заалтын хэрэгжилт. Монгол хэлний тухай хуулийн 15.1.2. дэх хэсгийн заалтын хувьд кирилл монгол болон латин үсгийн хооронд харилцан хөрвүүлэг хийх “MNS 5217:2012, Монгол кирилл үсгийн латин хөрвүүлэг” стандарт хүчин төгөлдөр үйлчилж байна. Хуульд заасан байгууллагуудтай хамтран кирилл монгол бичиг ба латин галигийн хооронд харилцан хөрвүүлэг хийх хэрэглээ, эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх шаардлагатай. 15.1.3. дахь хэсгийн заалтын хэрэгжилт. Монгол хэлний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “цахим орчинд монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх” гэж, 15.1.3-т “энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын баталсан кирилл болон үндэсний бичгийн хооронд харилцан хөрвүүлэг хийх, зөв бичих дүрмийн алдаа хянах болон бусад холбогдох программын хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус зааны дагуу кирилл бичгээс үндэсний бичиг рүү хөрвүүлэх программ хангамжийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:  15.1.4. дэх хэсгийн заалтын хэрэгжилт. Энэхүү заалтын хэрэгжилт нь Монгол Улсын бусад хууль, тогтоомжоор ЦХИХХЯ хэрэгжүүлэхээр заасан зохицуулалт буюу программ хангамж, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, шинэ эдийн засгийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-2050”, “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль” болон бусад эрх зүйн баримт бичгүүдэд заасан зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх гэсэн өргөн агуулгатай холбогдож байна. Тухайлал, “Монгол хэлний тухай хууль”-д заасан монгол хэлний цахим технологи, цахим орчин хэрэглээ хөгжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 311 дүгээр тогтоолыг батлуулсан ба “Үндэсний программ хангамжийн цахим их дэлгүүр” (Mindgolia) системийг нийтийн мэдээллийн дэд бүтцийн дэмжих системийн хүрээнд бий болгож, системийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлалыг ЦХИХХЯ-аас батлан хэрэгжүүлж байна. Эдгээр тогтоол, нөхцлөл шаардлагад монгол хэлний технологи, боловсруулалттай холбоотой программ хангамж, систем, хэрэгслүүдийг нэгтгэх, уг системийн нөхцөл, шаардлагад монгол хэлний чиглэлийн нөхцөл, шаардлага тогтоох зэрэг боломж байна. Түүнчлэн монгол хэл, бичгийн цахим технологи, программ хангамжийн секторт олон улсын юникод стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангах бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход чиглэсэн шударга өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэх боломжтой. 

Монгол Улс интернэт хаягжилтын IPV6 хувилбарт шилжинэ

Монгол Улсын Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагуудын дунд IPv6 хаягийн нэвтрэлт 5-6 хувийн хооронд хэлбэлзэж байна. IPv6-д шилжих нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд, ялангуяа технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-тэй хамтран “Монгол улсын интернэтийн сүлжээг IPv6 хаягжилтад шилжүүлэх төлөвлөгөө” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.Мягмарнаран: Интернэт протокол хувилбар IPv4 хаяглалтын нөөц 2015 онд дууссан, цаашлаад өсөн нэмэгдэж буй интернэт хэрэглэгчдийн тоо, үүрэн холбооны 4G болон 5G сүлжээний нэвтрэлт, түүнд суурилсан интернэтийн хөгжил, аюулгүй байдал зэргээс хамаараад Интернэтийн протокол хувилбар IPv6 хаягжилтыг яаралтай нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Энэхүү шинэ хаягжилтыг нэвтрүүлэх үйл ажиллагааг гардан гүйцэтгэх, харилцаа холбоо, технологийн салбарын гол цөм болсон инженер, техникийн мэргэжилтнүүдэд сургалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв /APNIC/-ийн Стратегийн газрын захирал Луис Пабло: Монгол улс IPv6 хаягт шилжихэд боловсон хүчин, техникийн хувьд бэлэн болжээ. IPv6 хаягт шилжихэд технологи, нууцлалын хувьд маш сайн шийдэлтэй болсон. IP хаяг бол хүн бүрт оноосон регистрийн дугаар биш. Энэ нь маш олон сая хаягаас байнга сольж, шинэчлэгдэж байдаг хаяг бөгөөд зөвхөн интернэт сүлжээн дахь төхөөрөмжүүд хоорондоо ярих хаяглалт юм. Хэлэлцүүлэгт УБЕГ, И-Монгол академи УТҮГ, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, Дата төвүүд, Банкуудын төлөөлөл оролцлоо.

“Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягтлан дуусгав

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера болон Талес Аления Спейс компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд “Үндэсний хиймэл дагуул” төслийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг шинэчилж дууссан, ирэх 7 хоногт МАН-ын бүлгийн хуралд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Зээлийн хэлэлцээг Сангийн яамны зүгээс боловсруулж дуусаж байна. Зөвлөх үйлчилгээний компанитайгаа зөвшилцсөний үндсэн дээр тус төслийг УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна гэдгийг онцлов. Түүнчлэн тэрбээр, УИХ-ын гишүүд “Үндэсний хиймэл дагуул” төслийн талаар олон талын байр суурийг илэрхийлж байгаа ч Монгол Улсын Засгийн газар тус төслийг урагшлуулах байр суурьтай байна. Иймд УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтэд зөв мэдээллийг өгөх тал дээр Франц улсын Элчин сайдын яамыг хамтран ажиллахыг хүсэв. Элчин сайд, хатагтай Коринн Пэрера, Монгол Улсын төсвөөс “Үндэсний хиймэл дагуул” төслийн санхүүжилт хасагдсан гэж ойлгож байсан ч тус төслийн явц урагшлахаар болсонд талархал илэрхийлэв. Тэрбээр Францын Засгийн газар тус төслийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд Талес Аления Спейс компанитай хамтран олон нийтэд зөв мэдээлэл өгөх үйл ажиллагааг ирэх нэгдүгээр сард зохион байгуулахаар болсон. Иймд “Үндэсний хиймэл дагуул” төслийг урагшлуулахад Францын Засгийн газар, Элчин сайдын яам, Талес Аления Спейс компани бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд, ирэх хаврын чуулганаар “Үндэсний хиймэл дагуул” төслийг өргөн барих тул хоёр тал бэлтгэл ажлаа сайн хангаж ажиллахыг онцлов.