Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Шуудангийн салбарын зохицуулалт 2022” зөвлөгөөн болж байна

2022.11.23

Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Шуудангийн салбарын зохицуулалт 2022" зөвлөгөөнийг өнөөдөр /2022.11.23/ зохион байгуулж байна. Жил бүр зохион байгуулдаг тус зөвлөгөөний гол зорилго нь шуудангийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шуудангийн шинэ төрлийн үйлчилгээ хэрэглээг нэмэгдүүлэх, тээвэр зууч, ханган нийлүүлэлтийн сүлжээ, хяналтын тогтолцоог сайжруулах явдал юм. Энэ удаагийн зөвлөгөөнөөр шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, тээвэр зууч логистик, улс хоорондын шуудангийн тээвэрлэлт, цахим худалдааны өнөөгийн байдал, шуудангийн болон гаалийн байгууллагын ажлын уялдаа холбоо зэрэг сэдвүүдээр холбогдох албаныхан илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай энэхүү зөвлөгөөнд оролцож үг хэлэхдээ, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийн цар цар тахлаас улбаалан улс орнууд хилээ хааж, шуудангийн салбарт хүндхэн нөхцөл байдал үүссэн хэдий ч бид үүнийг амжилттай даван туулсан. Нөгөө талаар цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжил хурдсаж, иргэдийн зүгээс энэ салбарыг өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг гэдэгт итгэлтэй болж, шуудангийн салбарт ахиц авчирсан ч эрэлтийг хангах стратеги нь дэлхий даяар тулгамдсан асуудал болоод байна. Одоогийн байдлаар цахим шилжилт, last-mile delivery болон Еcommerce гэсэн сэдвүүд нь дэлхий дахины голлох сэдвүүд болоод байна. Манай оронд ч энэхүү асуудлуудыг төр засгийн зүгээс онцгойлон анхаарч байна. Засгийн газраас салбар бүрт цахим шилжилтийг хурдасгахад онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд нийт 174 хуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг онцоллоо.

2020-2022 онд тээврийн салбарын үйл ажиллагаа нь дэлхийн худалдааны хамгийн чухал цусны эргэлт гэдгийг харуулсан. 2023 онд дэлхийн тээврийн салбар эрэлт буурсны үр дүнд өмнөх хоёр жилд үүссэн хэт их эрэлт, түгжрэл хэвийн байдалд орох төлөвтэй байна. Монгол улс худалдааны салбар тэр дундаа импортоос маш өндөр хамааралтай боловч тээврийн дэд бүтцийн хөгжил сул байснаараа улсаараа хохирсон. Цаашид тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулах, гадаад худалдааны хамаарлаа бууруулах шаардлагатай. Гаднаас ирүүлж буй шуудан илгээмжийн тоо 2020 онтой харьцуулахад 2021 онд 53% өссөн талаар зөвлөгөөний үеэр хэлэлцлээ.

Энэхүү зөвлөгөөнд шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгчид, төр, хувийн хэвшлийн 120 орчим төлөөлөгчид оролцож, салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар санал, бодлоо солилцож байна.

Other news

Зах зээлийн шилжилтийн үеийн сайд Бямбажавын Баатар

ҮЙЛ ЯВДАЛ Зах зээлийн шилжилтийн үеийн сайд Бямбажавын Баатар 2021.06.03 Арга эвийг нь зөв олсон цагт хамт олныг төлөвшүүлэх тийм ч хэцүү биш. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад Холбооны сайдаар ажиллаж байсан Бямбажавын Баатарын тухай нийтэлж байна. Б.Баатар нь Завхан аймгийн Цэцэн –Уул суманд төржээ. Тэрбээр сумын бага сургууль, Улиастай хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1969 онд цахилгаан холбооны инженерийн мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөж ирээд 1960-1979 онд Завхан аймагт холбооны газрын ерөнхий инженер, даргын ажлыг хийж байгаад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй хамт баригдаж ашиглалтанд орсон Холбооны шинэ цогцолборын даргаар томилогдон ажиллаж байгаад 1982-1984 онд Улаанбаатар хотын Телефон радио ашиглалтын хорооны даргаар ажиллажээ. Эрдэнэт хотын Холбооны газарт ажиллаж байх хугацаандаа чанарын удирдлагын иж бүрэн систем нэвтрүүлж, улсын хэмжээний холбооны байгууллагуудын үзүүлэх сургууль зохион байгуулж байв. ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг 1986 онд дүүргэсэн ба мөн оноос Улаанбаатар хотын Найрамдал дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргын албыг хашиж байгаад 1989 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Холбооны сайдаар томилогджээ. Түүнийг сайдаар томилогдож байх үед БНМАУ-д социалист байгуулалтын үйл ажиллагаа нийт социалист нийгмийн нэгэн адилаар зогсонги байдалд орж, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын уур амьсгал Монголын нийгэмд хүчтэй нөлөөлж байсан мөч байв. Шилжилтийн хүнд бэрх үед Засгийн газрын дэргэдэх Холбооны Ерөнхий газрын дарга, Зам, тээвэр, холбооны тэргүүн дэд сайдаар 1994 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж, харилцаа холбооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, салбарын бодлого боловсруулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг зааглаж, “Монголын харилцаа холбоо” компанийг байгуулж, холбооны үйлчилгээг чөлөөт үнийн тогтолцоонд оруулснаар санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан салбар болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн Монгол Улсад гарсан нийгэм, эдийн засгийн энэ шинэчлэлт нь гадаад орнуудаас Монголд хөрөнгө оруулах үүд хаалгыг нээж харилцаа холбооны салбарыг зах зээлийн тогтолцоонд шилжихэд ихээхэн түлхэц болжээ. Энэ тухай Б.Баатар сайд бичихдээ “Техникийн шинэчлэл хийхгүйгээр холбоог цаашид хөгжүүлэх ямар ч боломжгүй гэдэг нь нэгэнт харагдаж байсан юм” гэж тэмдэглэжээ. Холбооны яамнаас 1980-аад оны сүүлээр холбооны техник, технологийг шинэчлэн сайжруулах шаардлагатайг анхаарч, Улаан- Үд, Иркутск, Хөх хотын холбооны газруудтай холбоо тогтоон, хамтран ажиллах эхлэлийг тавьж, харилцан туршлага солилцож, семинар зохион байгуулж байсан нь тухайн үедээ шинэлэг зүйл болсон байна. Б.Баатар сайдын шууд оролцоотойгоор 1991 онд “Азиасат-1” хиймэл дагуулыг ашиглаж Улаанбаатар хотод сансрын телевизийн нэвтрүүлэх станц, 305 сум суурин газарт хүлээн авах станцыг байнгын ашиглалтад оруулж, Монголын үндэсний телевизийн нэвтрүүлгийг хөдөөгийн ард түмэнд хүргэх олон жилийн мөрөөдлийг богинохон хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Мөн аналоги системийн тоног төхөөрөмжийг тоон технологид шилжүүлэх техникийн шинэчлэл хийж, 1990 онд Английн пүүстэй хамтран сансрын холбооны газрын станцыг суурилуулан 4-10 сувгаар дэлхийн 100 шахам улс оронтой харилцах боломжийг бүрдүүлсэн байна. Франц улсын буцалтгүй тусламжаар 27 мянган дугаарын багтаамжтай электрон станц, Япон улсын буцалтгүй тусламжаар “Интелсат” станцыг ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар “Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээг 2010 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г Английн Бритиш Телекомын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор монголын инженер, техникчид боловсруулжээ. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улсын харилцаа холбооны салбарын техник төхөөрөмж, кабель шугамын хувьд бүрэн шинэчлэх, тоон технологид шилжих техникийн суурийг тавих, орчин цагийн шинэ техник, технологи нэвтрүүлэх, англи хэлний мэдлэгтэй боловсон хүчнийг бий болгох асуудлуудыг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэхэд ижил зорилго, ижил хүслээр жигүүрлэсэн хамт олны хүч байсан бөгөөд “Холбоогүй холбоо” хэмээн шүүмжлэгдэж байсан холбоог “ Холбоочингүй холбоо” болтол нь хөгжүүлж чадсан байна. Б.Баатар гуай өөрийн дурдатгалдаа: “Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явц нь дардан байсангүй, картын бараанд орсон үе байлаа. Алкателийн Е-10 станцыг зай тэжээл, кабель шугамын хамт иж бүрнээр нь ашиглалтад оруулж, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олон улсын Интелсатын газрын станц, NEAX-61 улс, хот хоорондын автомат телефон станцыг барьж байгуулсан нь тоон технологийн цаашдын баттай суурь болж өгсөн” хэмээсэн байна. Монгол Улсын шуудан холбооны хөгжлийн оргил үе нь 1989-1990 он байлаа. Энэ үед нийслэл аймгийн хооронд ажлын өдөр бүр, аймгийн төвөөс сумдад 7 хоногт 2-5 удаа, сумаас бригад, тасгийн төвд 2 удаа шуудан тогтмол солилцож, жилдээ 9894,6 мянган ширхэг гарах захидал, 322,8 мянган ширхэг боодол, 87,6 мянган илгээлт, 134811,9 мянган ширхэг сонин, хэвлэл ялган боловсруулж, 23016,6 мянган төгрөгийн орлого оруулж байжээ. Шуудангийн 432 салбар, шуудангийн захидал цуглуулах 873 хайрцаг ажиллаж, шуудан холбооны нэг салбар байгууллага 4850 хүнд үйлчлэн, 1000 хүн ам тутамд жилдээ 4721,8 ширхэг захидал бичиг, 41,8 ширхэг илгээлт, 69580 ширхэг хэвлэл оногдож байжээ. Б.Баатар нь 1997 оноос Монгол шуудан ТӨХК-ийн дэд, тэргүүн дэд захирлаар, 2002 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Харилцаа холбооны зохицуулах хороонд Эрх зүй, мэдээлэл захиргааны албаны даргаар ажиллаж шинэ байгуулагдсан байгууллагын дүрэм, журмыг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тэрбээр ХХЗХ- ны хуралдааны нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан юм. Б.Баатарын харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон “Монгол Улсын Гавъяат холбоочин” цолоор тус, тус шагнасан билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Туулсан замаа эргэн дурсахуй”1996 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Кансат-2024” үндэсний VII тэмцээн амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, хиймэл дагуул бүтээх зарчимд суралцдаг технологи, инженерчлэлийн хамгийн том үндэсний тэмцээн “КАНСАТ-2024” энэ амралтын өдрүүдэд (2024.05.26) Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар амжилттай зохиогдож шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээн КАНСАТ болон БУЦАГЧ гэсэн хоёр төрлөөр зохиогдож, тэмцээний эцсийн шатанд нийт 26 багийн 130 оюутан, залуус бүтэн жилийн турш өөрсдийн зохион бүтээсэн лаазанд багтах хэмжээний бичил хиймэл дагуул хөөргөн өрсөлдсөн юм. Тэмцээний “КАНСАТ” төрөлд: I байр: HIGH TECH 2 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль / II байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль / III байр: NEW SPACE /Шинэ Монгол технологийн коллеж// Тусгай байр: GRAVITY FALLS /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль / Тэмцээний “БУЦАГЧ” төрөлд: I байр: С-137 /Монгол Улсын Их Сургууль/ II байр: АРАВТ 2 /Батлан хамгаалахын их сургууль/ III байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль / Тусгай байр: NEW ROBO /Шинэ Монгол технологийн коллеж/ тус тус шалгарлаа. Тэмцээний ерөнхий зохион байгуулагч: Цахим хөгжил, харилцаа холбооны яам Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Бизнес инноваци хөгжлийн газар ШУА-ийн Одон орон Геофизикийн Хүрээлэн Мэдээллийн Технологийн Үндэсний Парк – National Information Technology Park MOSTA – Монголын Сансрын Технологийн Холбоо Монгол Улсын Их Сургууль Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Space Academy Mongolia Оролцогч байгууллага, их сургуулиуд: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences New Mongol KOSEN “Шинэ Монгол Технологийн Коллеж” We Mongolia Тэмүүжин өрлөг Томүжин Алтернатив Сургууль Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль We Mongolia Шинжлэх ухааныг дэмжин, ивээн тэтгэсэн байгууллагууддаа баярлалаа. ДДИШ ТВ ХХК Ондо Спэйс ХХК Инженер геодези ХХК Infinity Tech Store Optimal Nmax

Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ

Технологийн шийдэл, иргэд олон нийтийн оролцоотойгоор дэлхий улс орнуудын мод ургуулах санаачилга илүү үр дүнд хүрчээ. Тэд мод тарьсныг баталгаажуулах, ургуулах, хамгаалах ажилд инновацлаг шийдэл, аппликейшн, вэб платформуудыг ашигладаг. Жишээлбэл, Лос Анжелес хот “Tree map” системээр иргэдийн тарьсан модыг бүртгэж, ургалтыг нь тогтмол хянадаг бол Сингапур уг системтэй ойролцоо “Tree tracker” платформыг ашиглаж байна. Австралын Мельбурн “Urban Forest Fund”- аас мод ургуулсан, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн бол санхүүгийн урамшуулал үзүүлж байна. Олон улсын энэхүү чиг хандлагыг нийслэл хотод нэвтрүүлэх, айл өрхүүд хашаандаа мод тарьсан бол бүртгүүлж, ургуулсан бол урамшуулал авдаг тогтолцоог УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд асан Ц.Баатархүү өнгөрсөн гуравдугаар сард санаачилж, Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран “Тэрбум мод таны хашаанаас эхэлнэ” цахим бүртгэлийг эхлүүлсэн юм. Тэгвэл энэхүү санаачилгыг харилцаа холбооны салбарыхан буюу Мобиком, Скайтел, Юнител, Жимобайл компаниуд дэмжиж, модоо амжилттай ургуулсан иргэнийг датагаар урамшуулахаар болжээ.  “Тэрбум мод таны хашаанаас эхэлнэ” санаачилгын хүрээнд харилцаа холбооны салбарынхан иргэдийн тарьсан модны ургалтыг дрон ашиглаж, тогтмол ажиглаж, иргэдэд ногоон оноо буюу карбон кредит өгөх шийдлүүдийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Иргэд хашаандаа тарьж, ургуулсан модоо “e-mongolia” гар утасны аппликейшнээр 10 дугаар сарын 1 хүртэл бүртгүүлэх юм. Айл өрхүүд хашаандаа мод тарьж, амжилттай ургуулсанаар нийслэл хотын нэг хүнд оногдох ногоон байгууламж нэмэгдэж, агаар, хөрс, дуу чимээ болон үнэрийн бохирдол буурах боломжтой.