Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж

2021.03.25

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн ой хүрээнд салбарын түүхэн замналыг цуврал нийтлэлээр хүргэж буй. Бид энэ удаад Холбооны 4 дэх сайд М.Чимэддоржийн тухай өгүүлж байна. Мушаадан овгийн Магсарын Чимэддорж 1923 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Улз голын ойр орчимд төржээ. 1933-1934 онд сумын бага сургуульд суралцан төгсөөд, жинчин болж, холбооны мэргэжилд дур сонирхолтой болсон тухайгаа “ … тэр үед арван хэдтэй хүү би жинчин болж, Онон голоос Баянтүмэн, Тамсагбулаг, Матад сум хүртэл үхэр тэргээр холбооны шугамын багана мод тээвэрлэж байлаа. Хүнд ачаатай үхэр тэрэг хөтөлж яваа хүүд урьд үзээгүй зүйл, олон янзын машинтай монгол, орос цэрэг дарга нар давхих нь сэтгэлд нэгийг бодогдуулна. Ялангуяа өдөр, шөнөгүй яваад байхад тасралтгүй үргэлжлэх холбооны агаарын урт шугам миний сонирхлыг гойд татаж байлаа. Энэ шугамыг харахад гайхамшигтай цэх шулуун тавигдсан, мод бүр нь өөрийн дугаартай, орой нь жигд бөгөөд цэвэрхэн тэр хэсэгт нь дэгээ, лонх суулгаж, төмөр утас татаж, тэгээд дүнгэнэж дуугарах нь бүр ч сонирхолтой, түүгээр ямар нэгэн чухал мэдээ дамждаг байх гэсэн бодол төрдөг байлаа. Энэ шугам байгуулдаг ажилтай бол ямар сайхан бэ, гэсэн бодол санаанаас гардаггүй боллоо. Ингэж явахдаа Улаанбаатар хотын холбооны сургуульд орж, шугам байгуулдаг мэргэжилтэй болохоор 1940 оны зун шийдэж билээ” хэмээн дурсан бичжээ. М.Чимиддорж 1940 онд Улаанбаатар хотод ирж, төсөр утасны сургуульд орж, 1944 онд холбооны техникумыг утсан харилцааны техникчийн мэргэжлээр төгсжээ. Түүнийг Улаанбаатар хотын телефон хорооны станцын шугамын хэсэгт механикч- монтёроор томилж, утасны модонд гарах, агаарын шугам шалгаж засах болон аюулгүй ажиллах арга техникийг эзэмшүүлсний дараа Их тэнгэрт тавигдсан утаснуудыг буюу Монгол Улсын төр засгийн удирдлагуудын тусгай холбооны ашиглалт үйлчилгээг гардан хариуцуулжээ. Дээрх үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, 1944-1946 онд тусгай байрны телефон техникчээр ажиллаж, мөн Холбооны техникумд багшилж байв. Үүний зэрэгцээ тэрээр МУИС-ийн бэлтгэл ангид оройгоор суралцан, өөрийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч байлаа. МУИС-ийн тоо физикийн ангид суралцах болсноо сайд З.Аюурзанад танилцуулсан боловч эхлээд чухал ажил хариуцсан сайдын мэдлийн хүн атлаа зөвшөөрөлгүй ажлаа орхин сургуульд явах гэлээ гэж зэмлүүлж, сайд “Холбооны мэргэжлээр инженерийн дээд сургуульд гадаадад явуулбал чи суралцаж чадах уу” гэж асуусан гэдэг. Ийнхүү ЗХУ-ын холбооны сургуульд суралцуулахаар бэлтгэл хийж, 1946 онд Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцахаар элсэн орж, 1951 онд тус сургуулийг радио холбооны инженерийн мэргэжлээр амжилттай төгссөн бөгөөд Монгол Улсын холбооны салбарын анхны инженер болсон байна. Тэрээр 1952 оноос Холбооны яаманд инженер, ерөнхий инженер, Холбооны яам болон Тээвэр холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байгаад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогджээ. Түүний Монгол Улсын харилцаа холбооны хөгжилд оруулсан үнэт гавьяа бол БНМАУ-ын харилцаа холбоог 1960-1975 онд хөгжүүлэх ерөнхий схем байсан бөгөөд энэ ерөнхий схемээс анхлан баригдсан томоохон төслүүд нь Холбооны төв барилга, Хонхор дахь радио нэвтрүүлэх төв, Наран дахь харилцаа холбооны зохицуулах хорооны радио долгионы хяналтын төв болон нийслэл аймаг, хоорондын шугамын өргөтгөн шинэчилж өнгөт шугам өлгөж телефоноор харилцуулах ажлыг эхлүүлсэн юм. М.Чимиддорж сайд шинийг санаачлагч байсан нь тэр 1939 онд Чойбалсан Тамсагбулгийн хооронд байгуулсан төмөр замыг хурааж шугамын баганын төмөр хөл хийж бэхлэх ажил байсан бөгөөд эзгүй хээр төмөр замын ган рельсийг тайрна гэдэг хүний ой тойнд оромгүй ажлыг идэр есийн хүйтэнд, үүрийн таван жингийн жавраар рельсээ тайрах газраа дэр тавьж байгаад хасуураар ором гаргаад үзүүр дээр нь лантуугаар цохиход хугардаг технологи нэвтрүүлсэн нь гайхалтай үр дүн өгч уул төмөр замыг 1957-1960 онд гуравхан өвөл хурааж Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатар, Архангай, Улаанбаатар Хужирт, Өвөрхангай чиглэлийн шугамын баганыг хөллөсөн нь тэдгээр шугамын бэхжилтийг шийджээ. М.Чимиддорж сайд 1962 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор 4 ширхэг шуудангийн марк гаргасан нь дэлхийд маш үнэтэй цуглуулгын зүйл болсон бөгөөд гүйлгээнд гаргаад гурав хонож байтал ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны шахалтаар Чингис хааны ойг тэмдэглэх ажлыг зогсоосон учир борлуулалтыг хааж байсан ч ардчилсан хувьсгалын дараагаар хорио нь тавигдсан юм. Эх орныхоо түүхтэй холбоотой ийм марк гаргах зоригтой хүн социалист үзэл суртлын хатуу дэглэмийн үед ганцхан М.Чимиддорж гуай байсан бөгөөд түүнийг нь дэмжсэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Дарамын Төмөр-Очир албан тушаалаас авахууны үндсэрхэг үзэл дэлгэрүүлэгч хэмээн буруутгагдаж байв. М.Чимиддорж 1962 оны намар Тээвэр холбооны сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон бөгөөд энэ албаа хорь гаруй жил хашихдаа улсын харилцаа холбоог хөгжүүлэх анхдагч ба хоёрдогч ерөнхий схемийн зорилгыг биелүүлэх хэрэгт хүчин зүтгэж бүрэн биелүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан ахмад холбоочин байсан. Тэрээр 1960-1973 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”- гоор 2 удаа, “ Алтан гадас” одон, “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол, ЗХУ-ын “Улс түмний найрамдлын одон”- оор тус тус шагнажээ. Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын зөвлөх инженер Н.Цэвээндарь

Other news

Зөвшөөрлийг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Үйлчилгээ эрхлэгч иргэдэд дарамт учруулдаг, зардал чирэгдэл болдог байдлыг халж аливаа зөвшөөрлийг хуулийн хүрээнд цахим хэлбэрээр олгох технологийн болон хууль эрхзүйн орчин бүрдүүлэх нь хүнд суртлыг халах, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. Өнөөдөр /2023.08.29/ ЦХХХЯ-нд зохион байгуулагдсан сайдын шуурхай хуралд хэлэлцэгдсэн онцлох асуудал нь Зөвшөөрлийг цахимаар олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай байлаа. Зөвшөөрлийн нэгдсэн сан байгуулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 15, Барилга, хот байгуулалтын яамны 6, Батлан хамгаалах яамны 11, Боловсрол, шинжлэх ухааны яамны 26, Зам, тээврийн хөгжлийн яамны 26, Иргэний нисэхийн ерөнхий газрын 5, Монголбанкны 58, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 81, Соёлын яамны 1, Харилцаа холбооны зохицуулах хорооны 14, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 1, Хууль зүй, дотоод хэргийн яамны 5, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 20, Эрчим хүчний зохицуулах хорооны 55, Эрчим хүчний яамны 6, Санхүүгийн зохицуулах хорооны 67 төрлийн зөвшөөрлийг нийт 20,316 зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд олгосон мэдээллийг www.license.mn цахим хуудаст бүртгэн оруулсан байна. Мөн бүрэн цахим хэлбэрт шилжсэн Сангийн яамнаас олгох 7, Гаалийн ерөнхий газраас олгох 9, УУХҮЯ-наас олгох 10, нийт 26 тусгай зөвшөөрлийг цахим системээр дамжуулж хүсэлт гарган авах боломжтой бол “И-Монгол”, “И-Бизнес” системээр дамжуулан 5 тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр тус тус олгож байна. Зөвшөөрлийг цахим хэлбэрээр шийдвэрлэх талаар ЦХХХЯ тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн зөвшөөрөл тус бүрээр судалгаа хийхэд нийт 249 тусгай зөвшөөрлөөс 21 тусгай зөвшөөрлийг цахимжуулах боломжгүй бөгөөд бусад зөвшөөрлийг цахимжуулах ажлыг “И-Монгол академи” УТҮГ, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-тай хамтран нэвтрүүлэхээр холбогдох ажлыг зохион байгуулж байна.

“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” уулзалт Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ болон НЗДТГ хамтран зохион байгуулж буй “Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” сэдэвт уулзалт нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт цувралаар зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ удаад (2023.04.22) Сүхбаатар дүүргийн 1, 2-р хорооны иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байна. Авлигын эсрэг 5Ш ажиллагааны суурь болох Шилэн ажиллагааны хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор ЦХХХЯ-аас болон НЗДТГ-аас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Хүнд сурталгүй, ил тод, авлигагүй төрийг төлөвшүүлэх нь цахим шилжилтийн зорилго бөгөөд иргэд олон нийтийн дэмжлэг оролцоо бодит үр дүнд хүрэхэд хамгийн чухал дэмжлэг тул биечилж уулзаж, мэдээлэл өгч хамтран ажиллаж байна.

Цахимд_хэвшье_Төв

“Цахимд хэвшье” арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Төв аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд, төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудаас хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо.