Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Харилцаа холбооны салбарын 100 жил: Хиймэл дагуулын СИ зурвасаас Кюү зурваст шилжив

2021.02.19

“Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслөөр 2006-2008 онд нийт 373 сум суурин газруудад тавигдсан телевизийн дамжуулах станцууд нь “Интелсат-66” хиймэл дагуулаас нэвтрүүлгээ хүлээн авч дахин дамжуулж байлаа. Хуучин бүх сумын холбооны гадаа бат бөхөөр суурилагдсан 2,3 метр диаметртэй том антенуудыг 2006-2010 онуудад буюу Кюү зурваст бүрэн шилжүүлтэл ашигласан. 2006 оноос хойш ашиглаж байсан хиймэл дагуулын аналоги телевизийн нэг сувгаар тоон телевизийн 4, радиогийн 4 суваг буюу 2мБ/сек- ын тоон урсгал дамжуулж өөрчилсөн “Интелсат” системийг 2010 оны 2 дугаар 27 өдөр хүртэл ашиглах гэрээ дуусахтай холбогдон манай улс цаашид СИ зурвас ашиглах эсвэл Кюү зурваст шилжих гэсэн том зорилтууд тулгарч мөн радио телевизийн дамжуулах салбарт: “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслөөр тавигдсан төхөөрөмжүүдийн хамрах хүрээг өргөсгөж, сувгийн тоог нэмэгдүүлэх, Радио телевизийн дамжуулах техник технологийг тоон технологид шилжүүлэх гэсэн төсөл хөтөлбөрийг боловсруулсан байна. 2008 оны 3 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 119-р тогтоол гарч, манай улс Интелсатын “СИ” зурвасыг цаашид ашиглахгүйгээр сансрын холбооны “Кюү” зурваст шилжиж, олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийг орон даяар дамжуулахаар 4 дэхь удаагаа хиймэл дагуулын систем түрээслэх гэрээндээ өөрчлөлт оруулсан байна. Энэ ажлыг хэрэгжүүлэх тендерт ДДИШ ХХК шалгарч, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна. 2010 онд зурвас шилжүүлэх ажлыг бүх сум сууринд хийж гүйцэтгэхдээ дахин дамжуулах станцуудын чадлыг нэмэгдүүлж улмаар орон нутагт дамжуулж байгаа 4 сувгийг 6 болгож сувгийн тоог хоёроор нэмэгдүүлэн, үндэсний 4 телевизийн суваг өдөр өдрөөр ээлжлэн орон нутагт дамжуулж байгаа стандарт бус шийдлийг зогсоохоор Радио телевизийн сүлжээ УТҮГ төсөл боловсруулж, Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбоо, Технологийн газрын харьяа Бүх нийтийн үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, улс даяар аналоги 6 сувгийг нэгж хугацаанд дахин дамжуулах болсон байна.

Олон сувгийн телевизийн дэд бүтцийг байгуулав

Радио телевизийн сүлжээ УТҮГ байгуулагдсанаас хоёр сарын дараа Төрийн өмчийн хорооны тогтоол гарч, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-аас бүх сум сууринд дөрвөн телевизийн  нэвтрүүлэг дамжуулах зориулалттай төрийн өмч болох дамжуулах станцыг холбогдох ажилтан, албан хаагчдын хамт шилжүүлэн, Монголын Цахилгаан холбоо ХК болон Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ний орон нутаг дахь салбарууд ашиглалт үйлчилгээг хариуцуулан ажиллуулах аутсорсингийн гэрээ хийж, жил гаруй ажилласан нь яваандаа ашгийн төлөө ажиллаж байгаа компаниудад төлөх төлбөрүүд аажмаар нэмэгдэж төсөв хэтрэх шинжтэй болсон.

Их хүчний станцтай зургаан аймгаас бусад аймгийн төвүүд дэх засвар үйлчилгээ, дамжуулах станц байрлаж байгаа өрөө, цамхагууд зэрэг техник нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Монголын цахилгаан холбоо ХК-ны өмч байсан ийм нөхцөлд, цаашид улс орны хэмжээнд телевизийн дахин дамжуулах үйлчилгээг тасралтгүй найдвартай тогтмол хүргэхийн тулд Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас доорх бодлогын шинж чанартай зорилтуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал:

– Орон нутаг дахь их хүчний радио станцуудын дэд бүтэц, ИТА-ны нөөц, боловсон хүчний чадавхи,  эдийн засгийн хэмнэлттэй байх зарчимд үндэслэн, бүх сум суурин газруудын ашиглалт үйлчилгээг бүсчлэн тогтоох, “Радио өргөн нэвтрүүлгийн станц”- уудын нэршлийг “….аймаг дахь Радио телевизийн газар” болгон өөрчлөн зохион байгуулах,

– Бүх аймгийн төвүүд болон Хархорин, Завханы Тосонцэнгэл гэх мэт томоохон сумын суурин газруудад харилцаа холбооны зориулалтаас тусдаа 18-24 метр өндөртэй цамхаг, байр бүхий  сайтууд шинээр байгуулж, телевиз радиогийн дэд бүтцийг орон нутагт бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх,

– Улаанбаатар хот орчмын Өлзийт, Цайз, Бэлх, Шувуун фабрик гэх мэт найман дагуул бүсүүдэд олон сувгийн телевизийн үйлчилгээг хүргэх сайт бүхий дэд бүтцүүдийг шинээр байгуулж  ашиглалтанд оруулах зорилтуудыг хэрэгжүүлэх төсөв төлөвлөгөөг зохиож хөрөнгө оруулалтыг улсын төсөв, хот,  аймаг,  орон  нутгийн төсөв, бүх нийтийн үүргийн сан, тус байгуулагын хуримтлагдсан ашгаар 2009-2013 онуудад хийж хэрэгжүүлсэн байна. Тухайлбал:

– “Хот  хөгжүүлэх сан”-гийн хөрөнгө оруулалтаар 2010-2011 онд Гацуурт, Налайх, Цайз, Хужирбулан, Баянхошуу дахь сайтуудыг байгуулж, төрийн өмчид шилжүүлэн авч, зургаан сувгийн телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаас хүлээн авч дахин дамжуулахаар угсралт монтажын ажлыг хийж ашиглалтад өгсөн ба хөрөнгө оруулалт дутсанаас дутуу баригдсан Бэлх, Өлзийт, Биокомбинатын сайтуудад эрчим хүч татах, хамгаалалтын хашаа барих, газар болон өмчийг төрийн өмчид авах гэрчилгээжүүлэх зэрэг хөрөнгө оруулалтыг Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын хуримтлагдсан ашгаас зарцуулсан бол

 

2009-2011 онд байгуулсан хот орчмын дэд бүтэц

– Аймгуудын төвүүдэд байгуулах сайтуудыг Дорнодоос эхэлсэн бөгөөд анх удаа 25 метр өндөртэй бие даасан дэд бүтэцтэй байгууламжийг  барьж ашиглалтанд өгч хүлээн авч, дотор нь  телевизийн болон ФМ станцуудаа байрлуулан ашиглалтад оруулсан байна. Ийнхүү тус газар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан, Хөвсгөл, Ховд, Архангай, Булган, Дарханд  барьсан бол Төв, Өвөрхангай, Сайншанд, Сүхбаатар хотуудад 32 метр өндөртэй цамхагийг Бүх нийтийн үүргий сангийн хөрөнгөөр, 4 Х 4  хэмжээтэй  байр, 7 Х 8  харьцаатай хашаа, эрчим  хүчний байгууламжийг байгууллагын жилийн эцсийн ашгаас тус, тус хөрөнгө оруулж хэрэгжүүлсэн байна.

2010 онд ашиглалтанд орсон Чойбалсан хотын сайт

2012 онд ашиглалтанд орсон Зуунмод хотын сайт

 

Other news

Гадаадын иргэд e-mongolia.аар үйлчлүүлж эхэллээ

Албаны болон хувийн зорилгоор Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд, жуулчид F-Register /бүртгэл/ ашиглан E-Mongolia-гаар өнөөдрөөс эхлэн үйлчлүүлж эхэллээ. F-Register гэдэг нь Монголд амьдран суугаа болон аялан жуулчилж буй иргэд улсынхаа код, төрсөн огноо, хүйс зэргээс бүрдсэн бүртгэлийн дугаар юм. E-Mongolia-д Foreign цонх нээгдэж, гадаадын иргэдэд F-register-ийн тусламжтайгаар төрийн шаардагдах үйлчилгээг авах боломж нээгдлээ. Foreign цонхны онцлох хэсэг дэх бүх төрлийн виз мэдүүлэх, сунгах зэрэг мэдээлэл immigration.gov.mn-д линк хэлбэрээр шууд шилжих боломжтойгоор шийдлээ. ЦХХХЯ,Гадаадын иргэн, харъяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, “И-Монгол академи” гадаадын иргэд Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх, аялан жуулчлахыг дэмжих, өөрөөр хэлбэл шинэ ажлын байр, цалин хөлс, татвар, төсвийн орлого нэмэхэд хөшүүрэг болох технологийн шийдлүүд боловсруулан ажиллаж байна. Гадаад улсын бүртгэлийн дугаарыг яаж авах вэ? Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дараа бүртгэлд үндэслэн гадаадын иргэнд 13 оронтой регистрийн дугаар (F регистр) олгоно. Мөн гадаад паспортын зургаа support@immigration.gov.mn хаягаар илгээж, богино хугацаанд авах боломжтой. Зааврын дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшнээс F регистрийн дугаар авах үйлчилгээг ашиглах боломжтой. Гадаадын иргэн мэдээллээ үнэн зөв бөглөсөн бол орон зайн саадгүйгээр 13 оронтой F бүртгэлийн дугаараа шууд хүлээн авна.

Ц.Баатархүү: Ахмадуудынхаа арвин туршлага, оюун мэдлэгийг боловсрол, хөдөлмөрийн зах зээлд шингээнэ

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан салбар болон харьяа байгууллагын ахмад,  Холбооны сайд, орлогч сайдаар ажиллаж байсан буурлуудад хүндэтгэл үзүүллээ. Хамтарсан Засгийн газар бүрэлдсэн энэ үед яамны бодлогыг танилцуулж, урт хугацааны хөгжлийн зорилтын талаарх яриа өрнүүлж, ахмадуудаас үнэтэй сургамж сонсов. Тэрбээр “Салбарыг амжилттай усалж, хүчээ өгч, оюун санаагаа чилээж буй эрхэм азай буурлууд ахмадууддаа баярын мэнд хүргэе. Мөн УИХ-ын намрын чуулган эхэлсэн ажил хэрэгч өдрийн мэнд дэвшүүлье. Харилцаа холбоо нь Монгол Улсын хөгжлийн гол тулгуур, инновацийг хөгжүүлэх, эдийн засгийн шинэ хөгжлийг жолоодож, жигүүрлэж буй салбар. Анх удаа УИХ 126 гишүүнтэй болж, төр улсын түүхэнд гурван намын төлөөлөл засаг байгуулж, гар нийлэн ажиллахаар зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь инновацийн төсөл юм. Улс орны эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, шинэ эдийн засгийн суурийг бэхжүүлэхэд тус салбар чухал нөлөөтэй. Харилцаа холбооны салбарын ахмад ажилчдын олон жилийн хичээл зүтгэлийн дүнд Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 46-р байрт орлоо. Анх удаа тус индексээр эхний 50 байрт орлоо. Та бүхний хариуцаж байсан салбар өнөөдөр Монгол Улсын хөгжлийн хурдасгуур болж, бусад салбараа түүчээлж байна. Энэ бол та бүхний гавьяа. Ахмадуудынхаа арвин туршлага, оюун санааг боловсрол, хөдөлмөрийн зах зээлд шингээхийн тулд зөвлөл байгуулахаар зорьж байна. Засгийн газартай хамтран ажиллах, зөвлөх ахмадуудад нээлттэй. Та бүхнийг оюун ухаанаа зориулж, улсын хөгжилд гар бие оролцохыг урьж байна. Нийлээд салбарынхаа хөгжил, ирээдүйн төлөө зүтгэе” хэмээн ярилаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологи нь өнөөдөр эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг бүхий л салбарын хөгжлийн хурдасгуур болж хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Дэлхийн банктай хамтран “Ухаалаг Засаг – 2” төслийн хүрээнд ахмадуудын цахим ур чадварыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ахмадуудын цахим ур чадварыг сайжруулсанаар тэд төрийн цахим үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломж нь бүрдэх юм.

Цахим орчинд хүн, хуулийн этгээдийг таньж баталгаажуулахад ашиглах арга хэрэгслийг тодорхойллоо

Төрийн цахим үйлчилгээний тоо, хүртээмж нэмэгдэхийн хэрээр цахим орчинд хүн, хуулийн этгээдийг найдвартай арга хэрэгслээр таньж, баталгаажуулах нь чухал юм. Гэтэл төрийн байгууллагуудын ашиглаж буй системүүд нь хүн болон хуулийн этгээдийг цахим орчинд таньж баталгаажуулахдаа төрөл бүрийн арга хэрэгсэл ашиглаж байна. Тодруулбал, иргэн төрийн цахим үйлчилгээг авахдаа иргэний бүртгэл үүсгэн, нууц үг болон бусад мэдээллийг хадгалах, байнгын нууц үг ашиглах тохиолдол их байна. Мөн тухайн систем нь мэдээллийн аюулгүй байдлын сайн туршлагыг хэрэгжүүлээгүйгээс үүдэж, иргэн бүх системүүд рүү олон төрлийн бүртгэл, нууц үг ашиглан нэвтэрч орж байна. Үүний зэрэгцээ, цахим орчинд аливаа иргэн, хуулийн этгээдийг таньж баталгаажуулах арга хэрэгсэл нь нэгдсэн байдлаар тодорхойлогдоогүй байсан нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Танилт, нэвтрэлтийн арга, хэрэгсэл батлах тухай” тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр төрөөс хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай танилт, нэвтрэлтийн ДАН системд ашиглагдах арга, хэрэгсэл тодорхой болж байна гэсэн үг юм. Танилт, нэвтрэлтийн ДАН систем нь нэр болон нууц үг хадгалах шаардлагагүй, хүн, хуулийн этгээдийг цахим орчинд таньж, баталгаажуулах хөгжүүлэлтийн давхардсан зардлыг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлыг нэг цэгээс хянах зэрэг давуу тал үүсэж байна.