Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбооны салбарын 100 жил: Хиймэл дагуулын СИ зурвасаас Кюү зурваст шилжив

2021.02.19

“Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслөөр 2006-2008 онд нийт 373 сум суурин газруудад тавигдсан телевизийн дамжуулах станцууд нь “Интелсат-66” хиймэл дагуулаас нэвтрүүлгээ хүлээн авч дахин дамжуулж байлаа. Хуучин бүх сумын холбооны гадаа бат бөхөөр суурилагдсан 2,3 метр диаметртэй том антенуудыг 2006-2010 онуудад буюу Кюү зурваст бүрэн шилжүүлтэл ашигласан. 2006 оноос хойш ашиглаж байсан хиймэл дагуулын аналоги телевизийн нэг сувгаар тоон телевизийн 4, радиогийн 4 суваг буюу 2мБ/сек- ын тоон урсгал дамжуулж өөрчилсөн “Интелсат” системийг 2010 оны 2 дугаар 27 өдөр хүртэл ашиглах гэрээ дуусахтай холбогдон манай улс цаашид СИ зурвас ашиглах эсвэл Кюү зурваст шилжих гэсэн том зорилтууд тулгарч мөн радио телевизийн дамжуулах салбарт: “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслөөр тавигдсан төхөөрөмжүүдийн хамрах хүрээг өргөсгөж, сувгийн тоог нэмэгдүүлэх, Радио телевизийн дамжуулах техник технологийг тоон технологид шилжүүлэх гэсэн төсөл хөтөлбөрийг боловсруулсан байна. 2008 оны 3 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 119-р тогтоол гарч, манай улс Интелсатын “СИ” зурвасыг цаашид ашиглахгүйгээр сансрын холбооны “Кюү” зурваст шилжиж, олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийг орон даяар дамжуулахаар 4 дэхь удаагаа хиймэл дагуулын систем түрээслэх гэрээндээ өөрчлөлт оруулсан байна. Энэ ажлыг хэрэгжүүлэх тендерт ДДИШ ХХК шалгарч, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна. 2010 онд зурвас шилжүүлэх ажлыг бүх сум сууринд хийж гүйцэтгэхдээ дахин дамжуулах станцуудын чадлыг нэмэгдүүлж улмаар орон нутагт дамжуулж байгаа 4 сувгийг 6 болгож сувгийн тоог хоёроор нэмэгдүүлэн, үндэсний 4 телевизийн суваг өдөр өдрөөр ээлжлэн орон нутагт дамжуулж байгаа стандарт бус шийдлийг зогсоохоор Радио телевизийн сүлжээ УТҮГ төсөл боловсруулж, Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбоо, Технологийн газрын харьяа Бүх нийтийн үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, улс даяар аналоги 6 сувгийг нэгж хугацаанд дахин дамжуулах болсон байна.

Олон сувгийн телевизийн дэд бүтцийг байгуулав

Радио телевизийн сүлжээ УТҮГ байгуулагдсанаас хоёр сарын дараа Төрийн өмчийн хорооны тогтоол гарч, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-аас бүх сум сууринд дөрвөн телевизийн  нэвтрүүлэг дамжуулах зориулалттай төрийн өмч болох дамжуулах станцыг холбогдох ажилтан, албан хаагчдын хамт шилжүүлэн, Монголын Цахилгаан холбоо ХК болон Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ний орон нутаг дахь салбарууд ашиглалт үйлчилгээг хариуцуулан ажиллуулах аутсорсингийн гэрээ хийж, жил гаруй ажилласан нь яваандаа ашгийн төлөө ажиллаж байгаа компаниудад төлөх төлбөрүүд аажмаар нэмэгдэж төсөв хэтрэх шинжтэй болсон.

Их хүчний станцтай зургаан аймгаас бусад аймгийн төвүүд дэх засвар үйлчилгээ, дамжуулах станц байрлаж байгаа өрөө, цамхагууд зэрэг техник нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Монголын цахилгаан холбоо ХК-ны өмч байсан ийм нөхцөлд, цаашид улс орны хэмжээнд телевизийн дахин дамжуулах үйлчилгээг тасралтгүй найдвартай тогтмол хүргэхийн тулд Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас доорх бодлогын шинж чанартай зорилтуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал:

– Орон нутаг дахь их хүчний радио станцуудын дэд бүтэц, ИТА-ны нөөц, боловсон хүчний чадавхи,  эдийн засгийн хэмнэлттэй байх зарчимд үндэслэн, бүх сум суурин газруудын ашиглалт үйлчилгээг бүсчлэн тогтоох, “Радио өргөн нэвтрүүлгийн станц”- уудын нэршлийг “….аймаг дахь Радио телевизийн газар” болгон өөрчлөн зохион байгуулах,

– Бүх аймгийн төвүүд болон Хархорин, Завханы Тосонцэнгэл гэх мэт томоохон сумын суурин газруудад харилцаа холбооны зориулалтаас тусдаа 18-24 метр өндөртэй цамхаг, байр бүхий  сайтууд шинээр байгуулж, телевиз радиогийн дэд бүтцийг орон нутагт бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх,

– Улаанбаатар хот орчмын Өлзийт, Цайз, Бэлх, Шувуун фабрик гэх мэт найман дагуул бүсүүдэд олон сувгийн телевизийн үйлчилгээг хүргэх сайт бүхий дэд бүтцүүдийг шинээр байгуулж  ашиглалтанд оруулах зорилтуудыг хэрэгжүүлэх төсөв төлөвлөгөөг зохиож хөрөнгө оруулалтыг улсын төсөв, хот,  аймаг,  орон  нутгийн төсөв, бүх нийтийн үүргийн сан, тус байгуулагын хуримтлагдсан ашгаар 2009-2013 онуудад хийж хэрэгжүүлсэн байна. Тухайлбал:

– “Хот  хөгжүүлэх сан”-гийн хөрөнгө оруулалтаар 2010-2011 онд Гацуурт, Налайх, Цайз, Хужирбулан, Баянхошуу дахь сайтуудыг байгуулж, төрийн өмчид шилжүүлэн авч, зургаан сувгийн телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаас хүлээн авч дахин дамжуулахаар угсралт монтажын ажлыг хийж ашиглалтад өгсөн ба хөрөнгө оруулалт дутсанаас дутуу баригдсан Бэлх, Өлзийт, Биокомбинатын сайтуудад эрчим хүч татах, хамгаалалтын хашаа барих, газар болон өмчийг төрийн өмчид авах гэрчилгээжүүлэх зэрэг хөрөнгө оруулалтыг Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын хуримтлагдсан ашгаас зарцуулсан бол

 

2009-2011 онд байгуулсан хот орчмын дэд бүтэц

– Аймгуудын төвүүдэд байгуулах сайтуудыг Дорнодоос эхэлсэн бөгөөд анх удаа 25 метр өндөртэй бие даасан дэд бүтэцтэй байгууламжийг  барьж ашиглалтанд өгч хүлээн авч, дотор нь  телевизийн болон ФМ станцуудаа байрлуулан ашиглалтад оруулсан байна. Ийнхүү тус газар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан, Хөвсгөл, Ховд, Архангай, Булган, Дарханд  барьсан бол Төв, Өвөрхангай, Сайншанд, Сүхбаатар хотуудад 32 метр өндөртэй цамхагийг Бүх нийтийн үүргий сангийн хөрөнгөөр, 4 Х 4  хэмжээтэй  байр, 7 Х 8  харьцаатай хашаа, эрчим  хүчний байгууламжийг байгууллагын жилийн эцсийн ашгаас тус, тус хөрөнгө оруулж хэрэгжүүлсэн байна.

2010 онд ашиглалтанд орсон Чойбалсан хотын сайт

2012 онд ашиглалтанд орсон Зуунмод хотын сайт

 

Бусад мэдээ

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар  “Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци”-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Уулзалтад ЦХИХХ-ны сайд Э.Батшугар, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, сайдын зөвлөх Б.Амгалан, Э.Эрдэнэжамъян нар оролцлоо. Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциаци нь Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком корпораци, Скайтел ХХК, Юнител ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Скайнэтворкс ХХК, Монгол шуудан ХК, Жи Мобайл ХХК зэрэг Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж буй оператор компаниуд нэгдэл санаачилгаар 2018 оны босгон дээр Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан бие даасан, хараат бус, ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Уулзалтад “Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциаци”-ийн Ерөнхийлөгч Кожи Курушима болон  Удирдах зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангахад мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайллыг бий болгон тоон боломжийг өсгөн нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөхөд хувь нэмэр оруулан төр засгийн бодлого шийдвэрийг ямагт дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ. ЦХИХХ-ны сайд Э.Батшугар салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд батлагдсан “ Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль болон Цахим шилжилтийг дэмжих   хуулиудын хэрэгжилтийг хангуулах тал дээр анхааран ажиллах болно гэлээ. Түүнчлэн Монгол улсын мэдээлэл технологийн компаниудыг олон улсын зах зээлд гарахад онцгойлон анхаарч дэмжин ажиллах болно гэдэг ээ энэ үеэр илэрхийллээ.

Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв

Монгол Улс хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээг ОХУ-тай 2024 оны 04 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд, БНХАУ-тай 2024 оны 05 дугаар сарын 21-23-ний өдрүүдэд тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулав. Радио долгион нь хил хязгааргүй тархах онцлог бүхий байгалийн хязгаарлагдмал нөөц юм. Иймд хөрш орнууд энэхүү нөөцийг хил орчмын бүс нутагт ажиллах радио станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор техникийн нарийн зохицуулалт хийж, хилийн бүс нутаг орчмын оршин суугчдад харилцаа холбооны үйлчилгээг чанартай хүргэх, бүс нутгийн харилцаа холбооны цаашдын хөгжлийг дэмжих шаардлагуудтай тулгардаг. Орчин үеийн өргөн зурвасын хөдөлгөөнт радио холбооны хөгжлийн хандлага, технологийн дэвшилтэй уялдуулан хил орчмын радио давтамжийн зохицуулалтыг тухай бүр хийх шаардлага үүсэж байна. БНХАУ-тай хийсэн энэ удаагийн уулзалтаар хөдөлгөөнт холбооны үйлчилгээний 703-748/758-803 МГц, 880-915/925-960 МГц, 1710-1785/1805-1880 МГц, 2300-2400 МГц, 2500-2690 МГц, 1920-1980/2110-2170 МГц, 3300-3800 МГц радио давтамжийн асуудлуудыг хэлэлцэж, радио давтамжийн 1920-1965/2110-2155 МГц зурваст газрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээний зохицуулалтын гэрээг шинээр байгууллаа. Эдгээр баримт бичгийг байгуулснаар Монгол Улсын хилийн бүс нутагт харилцаа холбооны хөдөлгөөнт бус болон хөдөлгөөнт холбооны үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах эрх зүйн боломж бий болох чухал ач холбогдолтой юм.

Хэнтий аймаг цахим шилжилтийн бэлэн байдлын ерөнхий үнэлгээгээр 2-т эрэмбэлэгдэж, төрийн үйлчилгээний цахимжилтаар улсдаа тэргүүлж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачлан харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, гишүүн байгууллагууд болох үндэсний программ хангамж үйлдвэрлэгч 20 гаруй компаниудын оролцоотойгоор “Цахимд хэвшье” арга хэмжээг бүсчилсэн байдлаар 21 аймагт үе шаттай хэрэгжүүлж буй. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий тус арга хэмжээ Хэнтий аймагт (2024.04.15) зохион байгуулагдлаа. Арга хэмжээний хүрээнд: Төрийн үйлчилгээг цахимжуулах шийдэл бүхий төрийн болон хувийн хэвшлийн удирдлагуудтай нэгдсэн уулзалт, хурал Орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааг эхлүүлэх сургалт Ахлах ангийн болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог, мэргэжил сонголтын талаар хичээл, сургалт Хэнтий аймгийн төрийн албан хаагчид, иргэд, олон нийт, бизнес эрхлэгчдэд зориулсан мэдээллийн технологийн үзэсглэн худалдаа нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. Мөн цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд хүүхэд, залуусын цахим орчны зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Залуус ба технологи” загварын шоу зохион байгуулж, шилдэг 12 бүтээлийг шалгаруулж, шагнаж урамшуулав. Хэнтий аймаг 9 байгууллагын 71 төрлийн үйлчилгээг И-Монгол системээр дамжуулан иргэдэд үзүүлж байгаа бөгөөд тус системд аймгийн 36 мянга гаруй иргэн бүртгэлтэй байна.