Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ИЦББХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарсан гэв

2022.03.01

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хүрсэн түвшинг хүрэх түвшинтэй харьцуулан бодит гүйцэтгэлийг гаргахад 2021 оны байдлаар 74.5 хувь, өссөн дүнгээр 19.5 хувийн хэрэгжилттэй байна хэмээн Б.Жавхлан сайд танилцуулав. 2020 онд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үед цар тахал цаашид үргэлжлэх төлөвтэй байсан тул 2021 онд зураг төсөл боловсруулах, судалгаа хийх, төсөв батлуулах, эхлүүлэх зэрэг бэлтгэл ажил хангах зорилт, арга хэмжээг түлхүү төлөвлөсөн нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өндөр гарахад нөлөөлсөн гэв. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88 хувь, Хүний хөгжлийн бодлого 78 хувь, Эдийн засгийн бодлого 70 хувь, Засаглалын бодлого 76 хувь, Ногоон хөгжлийн бодлого 65 хувь, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 хувийн хэрэгжилттэй байгаа гэлээ.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарчээ. Үргэлжлүүлэн Б.Жавхлан сайд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнүүдийг дурдав.

Иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг Засгийн газраас хариуцан төлсөн. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 69.8 хувь, II тунд 66.8 хувь, III тунд 31.6 хувь, IV тунд 3.4 хувийг хамруулаад байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш нийт 36.360 монгол иргэнээ эх оронд нь эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулсан байна.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгожээ.

2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 Мвт-аар өргөтгөсөн байна. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн юм.

Цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарсныг танилцуулгад дурдсан. Монгол Улс 2020 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрүүлж, бусад үед нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газар үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг Б.Жавхлан сайд тэмдэглэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Ч.Ундрам, Л.Энх-Амгалан, Н.Учрал нар асуулт асууж, санал хэллээ.

УИХ-аас 2021 оны 12 дугаар сард цахим шилжилтийг эрчимжүүлэх Кибер аюулгүй байдлын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг дөрвөн багц хуулийг баталсан бөгөөд энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц ямар байгаа, ухаалаг засаглалыг бэхжүүлэх арга хэмжээний хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа, мэдээллийн технологийн салбарыг дэмжсэнээр эдийн засагт ямар ахиц гарсан, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад хэрхэн анхаарч байгаа талаар гишүүд асууж тодруулсан юм.

Засгийн газрын тогтоолоор “E-Mongolia академи” улсын төсөвт үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан. Тус академи нь төрийн байгууллагын мэдээллийн системийг хөгжүүлэх, төрийн тодорхой салбар үйл ажиллагаанд цахим шилжилтийг хийхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт хийх чиг үүрэгтэй. Энэ хүрээнд орон нутагт төрийн үйлчилгээг цахимжуулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах ажлууд хийгдэж байгаа. Одоогийн байдлаар www.e-mongolia.mn системд 562 төрийн үйлчилгээг нэгтгэж оруулсан. Өнгөрсөн жил гаруй хугацаанд 70 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Энэ онд 1200 төрийн үйлчилгээг оруулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 15 мянган орчим төрийн үйлчилгээ байна. Нэг талаар энэ тоон үзүүлэлт сайн боловч нөгөө талаар төрийн бүтэц хэт данхайсан байгааг харуулж байна. Тиймээс төрийн үйлчилгээний бүтцийг загварчилж, бүх салбарт инновацыг дэмжих санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлага бий болсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Энх-Амгалан хэллээ.

Xилийн боомтуудыг болон алслагдсан сум, багт шилэн кабельд холбох, Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Үндэсний төв, Нийтийн төвүүдийг байгуулахдаа программын аюулгүй байдал, хамгаалалтын асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн сануулав.

Алслагдсан сумдын тухайд энэ онд 5 сумыг шилэн кабельд холбох ажлыг хийнэ. Ингэснээр манай улсын 330 сум бүгд шилэн кабельд холбогдоно. Цаашид сансрын холбоог ашиглаж, хүн амыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбох ажлыг судалж эхэлжээ. Харин Тагнуулын ерөнхий газраас цахим шилжилтийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, аргачлал, стандарт, төлөвлөгөөг боловсруулж, холбогдох судалгаа, тооцооллын хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлжээ.

Засгийн газраас үндэсний инновац, технологийн тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарах, хүний нөөцийг бодлогоор дэмжиж бэлтгэх тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Ч.Ундрам нар хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол Улсын хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан инновац, цахим бодлогын зорилтуудын хэрэгжилтийн байдалд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлээд үр дүнг бодитоор хэмжих, дүн шинжилгээ хийх шаардлагатайг санууллаа.

Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Other news

Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж буй. Энэхүү хуулийн гол зорилго нь -Хиймэл оюун ухаан болон дижитал үйлчилгээний хөгжлийг дэмжих -Өгөгдлийн аюулгүй байдал, хариуцлагыг хуульчлах -Төр, хувийн хэвшлийн дунд өгөгдөл солилцоог нээж, технологийн салбарын хөрөнгө оруулалтыг татахад чиглэж байгаа юм. Өгөгдлийн экосистем бүрдсэнээр шинэ стартап бизнесүүд төрөх, өндөр цалинтай ажлын байр нэмэгдэх бодит үр өгөөжтэй. Монгол Улс Ази, Европыг холбосон дата төвийн стратегийн зангилаа болох бүрэн боломжтой бөгөөд уг хуулийг нээлттэй хэлэлцүүлж, дижитал ирээдүйн суурийг хамтдаа тавих болно. Манай улс “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжих зорилт тавьсан бөгөөд өгөгдлийг улсын стратегийн баялаг гэж үзэж байна. Монгол Улс газар зүйн байршил, сэргээгдэх эрчим хүчний нөөц нь байгальд ээлтэй, өртөг багатай дата төвүүдийг байгуулж, бүс нутагтаа өрсөлдөх гол давуу тал юм. Үүний тулд хөрөнгө оруулагчдад дараах гурван баталгааг олгож байна. Үүнд: -Эрчим хүчний бие даасан байдал; -Харилцаа холбооны сүлжээний бие даасан байдал; -Хууль, эрх зүйн хараат бус байдлыг нэг дор санал болгож байгаа юм.

ЗАР: Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулна

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.  Тавигдах болзол, шаардлага: Бүрдүүлэх материал: Материал хүлээн авах:

БНХАУ-ын Жежианы их сургуулийн Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: Жежианы Их Сургууль нь 1897 онд байгуулагдсан бөгөөд олон салбарт судалгаа, шинжилгээ хийдэг, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын их, дээд сургуулиудын жагсаалтаар улсдаа 3-т ордог, дэлхийд 27-д багтдаг сургууль юм. Суралцах чиглэл: Master Program School Major Mechanical Engineering Mechanical Engineering Energy Engineering Power Engineering and Engineering Thermophysics Information Science and Electronic Engineering Electronics Science and Technology Control Science and Engineering Control Science and Engineering Computer Science and Technology Software Engineering PhD Program Acronautics and Astronautics Mechanics Acronautical and Astronautical Science and Technology Electronic Science and Technology Physics Physics Mechanical Engineering Mechanical Engineering Materials Science and Engineering Materials Science and Engineering Energy Engineering Power Engineering and Engineering Thermophysics Information Science and Electronic Engineering Electronic Science and Technology Information and Communication Engineering Control Science and Engineering Control Science and Engineering Computer Science and Technology Software Engineering Biomedical Engineering and Instrumental Science Biomedical Engineering Тэтгэлэгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Scholarship type: B Шалгаруулалт: Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Жежианы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.