Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

АБГББХ: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр тогтов

2021.07.01

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 9 цаг 07 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас өчигдөр /2021.06.30/ өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.

НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орны хүрээнд гаргадаг кибер аюулгүй байдлын индексийг тухайн улсын хууль эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх бүрдүүлэх, хамтын ажиллагаа гэсэн 5 үндсэн, 25 үзүүлэлтийн хүрээнд гаргадаг аж.

Манай улсын хувьд кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг  зэрэг үндэслэлээр  2017 онд 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгджээ.

Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хувь хүний мэдээлэл /өгөгдөл/-ийг хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах тухай хуулийг шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2021 оны чуулганаар хэлэлцэн батлуулахаар гаргасан хуваарь, цаг үеийн нөхцөл шаардлага, эрэлт хэрэгцээг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Хуулийн төсөлд цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулахаар тусгасныг хууль санаачлагч онцлов.

Орчин үеийн мэдээллийн технологид суурилсан нэгдсэн удирдлага бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон нийгмийн эрүүл мэнд, амин чухал хэрэгцээг хангах үйлдвэр, байгууламж, обьектууд нь кибер терроризмын гол бай болдгийг харгалзан онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг хуулиар тогтоож, түүний кибер аюулгүй байдлыг хангах тодорхой эрх, үүргүүдийг хуульчлахаар зохицуулсан.

Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх харилцааг хуульчилсан. Учир нь кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу энэ харилцааг оруулж ирсэн.

Кибер аюулгүй байдлыг хангах нь үндэсний хэмжээнд авч үзэх асуудал бөгөөд төр, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тусгах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянан зохицуулах нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоог бэхжүүлж өгсөнд энэ хуулийн ач холбогдол оршино гэж үзэж буйгаа хууль санаачлагч онцоллоо.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах төслийг хамтад нь боловсруулжээ. Уг хуулийг 2021 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Энхболд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан энэ нь цаг үеэ олсон нэн чухал төсөл учраас хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд гишүүдэд сайн судалж үзэх бололцоо олгох, хэлэлцүүлгийн явцад нухацтай хандах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлж байв.

Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улс бие даасан хууль баталж гаргасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлж буй БНСУ, ХБНГУ, Япон, Эстон зэрэг улс орнуудын хууль эрх зүйн орныг харьцуулан судалж, өөрийн орны практик нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.

Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Other news

МУ-ын Засгийн газрын хуралдаанаар “Их өгөгдлийн (Big data) сан” үүсгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа

Дэлхийн улс орнууд төрийн их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, хүн хүч зэрэг нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох замаар үндэсний эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж байна. Цахим шилжилт хурдацтай өрнөж, медээллийн технологи, түүний хэрэглээ улам бүр тэлсээр байгаа манай улсад нийгмийн салбар бүрийн их өгөгдлийн мэдээлэл цугларсаар байгаа бөгөөд түүнийг боловсруулж төр хувийн хэвшлийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад ашиглах, ухаалаг, оновчтой, шинжлэх ухаанч шийдвэр гаргах нь чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын хувьд төрийн байгууллагууд хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд салбарын хэмжээнд анхдагч мэдээллийг бүрдүүлэх, бүртгэл мэдээлэл хөтлөх чиглэлээр өөрсдийн нөөц боломж, чадавхын хэмжээнд мэдээллийн санг бүрдүүлж байна. Төрийн байгууллагуудын бүрдүүлж, ашиглаж буй өгөгдөл, мэдээллийг нэгтгэн, нөхцөл байдлыг дүгнэх, үнэлгээний үр дүнд их өгөгдөл бий болгоход шаардлагатай арга, хэрэгслийг тодорхойлох зорилгоор “Их өгөгдлийн (big data) сан” үүсгэх тухай шийдвэрийг МУ-ын засгийн газар ийнхүү гаргалаа. Статистикийн мэдээлэлд үндэслэн нийгэм эдийн засгийн хэмжээнд бодлогын шийдвэр гаргах үндэслэл болгодог. Биг дата үүсгэхдээ тухайн иргэнийг тодорхойлох боломжгүй болгож төрийн байгууллагуудын бусад мэдээлэлтэй холбосноор төрөөс гаргаж байгаа зарим шийдвэрийг урьдчилан шинжлэх, дүгнэх боломжийг хиймэл оюун ашиглаж тооцох урьдчилсан нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар “6.2.5.хүнийг тодорхойлох боломжгүй болгож статистикийн мэдээлэл бэлтгэх.” гэж заасан байдаг. Энэ хуулийн хүрээнд мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй байдлаар өгөгдлийн сан үүсгэхийг ЦХХХЯ, И-Монгол академид МУ-ын Ерөнхий сайд Л.Оюн-Эрдэнэ үүрэг болголоо. Их өгөгдлийн сан үүсгэж мэдээлэлд дүгнэлт хийж шийдвэр гаргалтад ашигладаг дэлхийн улс орнуудын сайн жишээг дурдвал Австрали улс 2015 онд 7 байгууллага (эрүүл мэнд, боловсрол, засгийн газрын төлбөр, орлого, хөдөлмөр эрхлэлт, хүн ам зэрэг)-ын 18 өгөгдлийн санг нэгтгэж халамжийн нөлөө болон засгийн газрын дэмжлэг, нийгмийн хамгааллын бодлогод ашигласан байна. Мөн Солонгос улс 2017 онд татвар, эрүүл мэнд, халамж, тэтгэвэрийн мэдээллийн сангийн өгөгдлийг нэгтгэн амьжиргааны түвшин, орлого, тэтгэвэр болон татаасын талаарх бодлого тодорхойлоход ашигласан бол 2015 оноос Хүн амын тооллогыг 14 агентлагийн 25 төрлийн захиргааны бүртгэлд суурилсан аргаар явуулдаг болсон байна. Энэ жишгийн дагуу манай улсад ч түгжрэлийг шийдэхийн тулд бүс тогтоох нь зөв үү, нийгмийн халамж яг зорилтот бүлэгтээ хүрч чадаж байна уу, эсвэл халамж авах шаардлаггүй иргэд халамжид хамрагдаад байна уу, төрийн үйлчилгээ хир оновчтой байна вэ гэх мэт ээр тулгамдсан асуудал шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан, оновчтой шийдвэр гаргахад “Их өгөгдлийн (big data) сан” суурь болох юм.

МОНГОЛ УЛСАД ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн баярын хурал боллоо. Энэ үеэр 104 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж буй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үе үеийн инженер, техникч, мэргэжилтэн, салбарын зүтгэлтнүүдэд МУ-ын ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэндчилгээ дэвшүүллээ. Монгол улсад орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, эрхмүүдийн гавьяа зүтгэлийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.

‘AI-ийн загалмайлсан эцэг’ Нобелийн шагнал хүртлээ

Хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед тус салбарын эрдэмтэд Нобелийн шагнал авч эхэллээ. Тодруулбал, Жеффри Хинтон, Жон Хопфилд нар “Машины оюуны” судалгааны чиглэлээр хийсэн бүтээлээрээ Нобелийн эзэн боллоо. Канадын профессор Жеффри Хинтоныг “Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг” гэж нэрлэдэг. Тэрбээр 2023 онд Google-ээс гарч, хиймэл оюун ухаан хүмүүсийн амьдралд хэрхэн өөрчлөлт оруулах тал дээр санаа зовинож байгаагаа илэрхийлж байв. Энэ тухай Шведийн Хааны Шинжлэх ухааны академиас Шведийн Стокгольм хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Нобелийн шагналтан болох 91 настай Жон Хопфилд нь АНУ-ын Принстоны их сургуулийн профессор, 76 настай Жеффри Хинтон нь Канадын Торонтогийн их сургуулийн профессор юм. “Машины оюун” нь хиймэл оюун ухааны түлхүүр бөгөөд энэ нь компьютерт мэдээлэл өгөгдөл үүсгэхийн тулд өөрийгөө сургах чадварыг хөгжүүлдэг салбар юм. Ингэхдээ интернэтээс хэрхэн хайлт хийхээс эхлээд утсан дээрээ зураг засварлах хүртэл бидний ашиглаж буй өргөн хүрээний технологийг шинэчилж, хөгжүүлж ирсэн. Канадын профессор Жеффри Хинтон Нобелийн шагнал авч байгаагаа мэдээд “Би ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй. Нобелийн шагнал авах болсноо гайхаж байна” гэдгээ илэрхийлжээ. Нобелийн шагналын мэдэгдэлд дээрх хоёр эрдэмтний “Цаг уурын загварчлалыг сайжруулах”, “Нарны эсийг хөгжүүлэх”, “Эмнэлгийн зургийн дүн шинжилгээ” зэрэг судалгаа, ажлын зарим чухал хэрэглээг жагсаав. Профессор Хинтоны “Мэдрэлийн сүлжээ дэх анхдагч судалгаа” нь ChatGPT гэх мэт одоогийн хиймэл оюун ухааны системийг бий болгосон. Хиймэл оюун ухаан дахь мэдрэлийн сүлжээ нь хүний ​​тархитай ижил төстэй мэдээллийг сурч, боловсруулах систем юм. Эдгээр нь хиймэл оюун ухаанд хүн төрөлхтөний туршлагаас суралцах боломжийг олгодог. Профессор Хинтоны хиймэл мэдрэлийн сүлжээн дээр хийсэн ажил нь хувьсгал байсан. “Энэ нь аж үйлдвэрийн хувьсгалтай адил байх болно. Гэхдээ бидний бие махбодийн чадвараас илүү оюуны чадавхийг давах болно” гэж тэрбээр онцлов. Профессор Жон Хопфилд хэв маягийг хадгалж, дахин бүтээх боломжтой сүлжээг зохион бүтээжээ. Энэ нь атомын эргэлтээс үүдэлтэй материалын шинж чанарыг тодорхойлдог физикийг ашигладаг. Тодруулбал, бүрэн бус үгсийг ашиглан тархи үгсийг хэрхэн санахыг оролддогтой ижил төстэй арга замаар профессор Хопфилд бүрэн бус хэв маягийг ашиглан ижил төстэй зүйлийг олох боломжтой сүлжээг бүтээжээ. Нобелийн шагналын хорооныхон хэлэхдээ “Хоёр эрдэмтний ажил нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон. Тэр дундаа нүүр царай таних, хэлний орчуулгыг түгээмэл ашиглаж байна” гэдгийг онцлов. Эрдэмтэд 11 сая швед крон буюу 810 000 фунт стерлингийн шагнал авна. Дашрамд мэдээллэхэд, Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгож, “И-Монгол” академийг төрийн их өгөгдөл, хиймэл оюун ухааны төв болгохоор ажиллаж байна. Эх сурвалж: BBC