Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

АБГББХ: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр тогтов

2021.07.01

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 9 цаг 07 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас өчигдөр /2021.06.30/ өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.

НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орны хүрээнд гаргадаг кибер аюулгүй байдлын индексийг тухайн улсын хууль эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх бүрдүүлэх, хамтын ажиллагаа гэсэн 5 үндсэн, 25 үзүүлэлтийн хүрээнд гаргадаг аж.

Манай улсын хувьд кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг  зэрэг үндэслэлээр  2017 онд 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгджээ.

Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хувь хүний мэдээлэл /өгөгдөл/-ийг хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах тухай хуулийг шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2021 оны чуулганаар хэлэлцэн батлуулахаар гаргасан хуваарь, цаг үеийн нөхцөл шаардлага, эрэлт хэрэгцээг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Хуулийн төсөлд цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулахаар тусгасныг хууль санаачлагч онцлов.

Орчин үеийн мэдээллийн технологид суурилсан нэгдсэн удирдлага бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон нийгмийн эрүүл мэнд, амин чухал хэрэгцээг хангах үйлдвэр, байгууламж, обьектууд нь кибер терроризмын гол бай болдгийг харгалзан онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг хуулиар тогтоож, түүний кибер аюулгүй байдлыг хангах тодорхой эрх, үүргүүдийг хуульчлахаар зохицуулсан.

Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх харилцааг хуульчилсан. Учир нь кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу энэ харилцааг оруулж ирсэн.

Кибер аюулгүй байдлыг хангах нь үндэсний хэмжээнд авч үзэх асуудал бөгөөд төр, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тусгах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянан зохицуулах нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоог бэхжүүлж өгсөнд энэ хуулийн ач холбогдол оршино гэж үзэж буйгаа хууль санаачлагч онцоллоо.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах төслийг хамтад нь боловсруулжээ. Уг хуулийг 2021 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Энхболд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан энэ нь цаг үеэ олсон нэн чухал төсөл учраас хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд гишүүдэд сайн судалж үзэх бололцоо олгох, хэлэлцүүлгийн явцад нухацтай хандах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлж байв.

Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улс бие даасан хууль баталж гаргасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлж буй БНСУ, ХБНГУ, Япон, Эстон зэрэг улс орнуудын хууль эрх зүйн орныг харьцуулан судалж, өөрийн орны практик нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.

Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Бусад мэдээ

Монгол улсад “Ази номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” арга хэмжээ зохион байгуулна

“Ази, номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025” олон улсын арга хэмжээ нь  кибер аюулгүй байдлын хурал, сургалт, кибер сургуулилт гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд 2025 оны 9 дүгээр сарын 02-оос 05-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Бүс нутгийн 16 орны кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа хариуцсан байгууллагуудын 40 гаруй төлөөлөл хүрэлцэн ирэх юм. Дээрх олон улсын арга хэмжээний хүрээнд   кибер халдлага, зөрчлийн сүүлийн үеийн чиг хандлага, түүний бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах шийдлийн талаар хэлэлцэн санал солилцох, мөн шинэ тутам нэмэгдэж буй кибер халдлага, зөрчлийг илрүүлэх хариу арга хэмжээ авах талаар туршлагаас харилцан суралцах болно. “Ази, номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025” олон улсын арга хэмжээ нь  кибер аюулгүй байдлын хурал, сургалт, кибер сургуулилтад оролцогчдын бүртгэлийн тоо хязгаартай. Монгол Улсын кибер аюулгүй байдлын тухай хууль (2021 он) батлагдсанаар кибер орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдсэн. Улмаар кибер аюулгүй байдлыг хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий Кибер аюулгүй байдлын зөвлөл (2023) байгуулагдаж, Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүлж, дэд даргаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон ТЕГ-ын дарга П.Одонбаатар нар ажиллаж байна. Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Америкийн бүс, Африкийн бүс, Арабын бүс, Ази, номхон далайн бүс, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн бүс нутаг гэсэн 5 бүсийн хэмжээнд 120 орчим улсыг хамруулсан 34 удаагийн кибер сургуулилтыг зохион байгуулсан байна. “Ази, номхон далайн бүс нутгийн кибер сургуулилт 2024” арга хэмжээг Бруней Даруссалам улсад зохион байгуулж, 19 орны 130 гаруй төлөөлөгчид оролцжээ. Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индекс тодорхойлох судалгаагаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр 3 дугаар түвшин буюу “Бэхжиж буй” түвшинд үнэлэгдэж, НҮБ-ын гишүүн 193 орноос 103 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Энэ нь 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад индексийн оноо 2.1 дахин өсөж, 17 байр урагшилсан сайн үзүүлэлттэй байна. Гэвч Монгол Улсын кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чадавх, олон улсын хамтын ажиллагааны үзүүлэлт хамгийн сул буюу гуч гаруй хувьтай, Азийн дунджаас доогуур үзүүлэлтэй байна. Мөн Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийн хэрэгжилтийг хангах хүрээнд тус яамнаас Оксфордын Их Сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран зохион байгуулсан “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх судалгаа”-ны тайланд кибер аюулгүй байдлын бодлого, стратегийн хувьд хөгжиж буй түвшинд буюу хамгийн сайн үзүүлэлттэй үнэлэгдсэн бол стандарт ба технологийг нэвтрүүлэх, хэрэглэх мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, кибер халдлагыг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах чиг үүргийн кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүдийн хүний нөөцийг чадавхжуулах, мэдээлэл солилцоо, дотоод, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр илүү анхаарал хандуулах шаардлагатай байгааг дурдсан байдаг. Монгол Улсад энэхүү олон улсын кибер аюулгүй байдлын арга хэмжээг зохион байгуулснаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасан кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүд болон бусад салбарын мэргэжлийн байгууллагуудын кибер халдлагад хариу үзүүлэх хүний нөөцийг чадавхжуулах, кибер аюулгүй байдлын бэлэн байдлыг хангах, хамгаалалтыг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн орнуудтай харилцан туршлага солилцох чухал ач холбогдолтой болно. Түүнчлэн “Ази номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025” арга хэмжээг зохион байгуулснаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын  7.5.4, 7.5.6 дахь зорилт, Засгийн газрын 2024 – 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.3.6.“Кибер аюулгүй байдлын мэргэшсэн хүний нөөцийг чадавхжуулж, бүх нийтийн кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлнэ”, “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги”-ийн 3.3.1.3.“кибер аюулгүй байдлын чиглэлээр үндэсний болон олон улсын тэмцээн, сургалт, семинар зохион байгуулах” гэсэн зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, “Үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах боломж бүрдэнэ. “Ази номхон далайн бүс нутгийн кибер сургуулилт 2025”-ыг Монгол Улсад зохион байгуулснаар дараах эерэг үр дүнд хүрнэ. Үүнд: Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын үүргийг хэрэгжүүлж буй сайн туршлагаас хуваалцах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм. Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 305 тоот. Мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ундрал, undral@mddic.gov.mn. Утас: 51-261306 ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Шуудан ХК хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал (Executive Council Meeting) өнөөдөр /2025.06.30/ эхэллээ. Олон улсын хурлыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын хувьд энэ удаагийн хурлыг зохион байгуулж буй нь нэр төрийн хэрэг бөгөөд хүрэлцэн ирсэн APPU-гийн 32 гишүүн орон, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчдөд талархал илэрхийлье. Шуудангийн үйлчилгээ нь зөвхөн харилцаа холбоо төдийгүй эдийн засаг, технологи, бүс нутгийн хамтын ажиллагааг холбох стратегийн чухал хэрэгсэл болж байна. Энэ үйл явцад Ази, Номхон далайн бүс нутгийн холбооны үүрэг чухал ач холбогдолтойг онцлов. Уулзалт 2025.06.30-ны өдрөөс 2025.07.05-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд дараах үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөнө. Шуудан-логистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх стратеги Цахим худалдааны өсөлттэй уялдуулсан хил дамнасан хүргэлтийн шийдлүүд Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт Ногоон шуудангийн бодлого, тогтвортой хөгжил Хүний нөөц, чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөрүүд APPU буюу Ази, Номхон далайн Шуудангийн Холбоо нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) бүс нутгийн салбар байгууллага бөгөөд 32 гишүүн оронтой, гишүүн орнуудын хооронд шуудангийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, дэвшилтэт стандарт, технологи нэвтрүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, техникийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг байгууллага юм.

Ц.Баатархүү: Дроныг ашиглах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно

Техник технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дроны хэрэглээ асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Бид дроныг саяхан зураг дарж, бичлэг хийх зориулалттай хэрэгсэл мэтээр хүлээн авдаг байсан бол өнөөдөр дэлхийн улс орнууд онцгой байдал, гал унтраах, шуудан хүргэлт зэрэг маш олон салбарт төрөл бүрээр ашиглаж, нийгэм эдийн засгийн үр ашгийг нь хүртэж байна.  Манай улс энэхүү технологийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ШУТИС, Токиогийн их сургууль болон  “Ньюком” группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.  Манай улс 2023 оны 11 дүгээр сард Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн гаднаас Амгалан дахь АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хооронд 4.95 км зайд 2.2кг буюу найман нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг 12.5 минутын дотор амжилттай тээвэрлэсэн юм.  Иймд цаашид дроныг ашиглан аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчийн гарт цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх талаар талууд санал солилцлоо.  Үүний зэрэгцээ, дроныг хэрэглээнд нэвтрүүлэх, түүнийг зориулалтын агаарын орон зайд турших “Сансрын туршилтын орон зай”-тай болох саналыг Токиогийн их сургууль болон ШУТИС-ийн эрдэмтэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүтэй уулзах үеэрээ дурдсан юм.  Ц.Баатархүү сайд талуудын саналыг хүлээн авч, ажлын хэсэг гарган, нарийвчилсан судалгаа хийх, хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.