Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм.

Түүнчлэн хуулийн төсөлд,

– Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох;

– Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

– Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх;

– Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх;

– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув.

Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК​, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов.

Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор  Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан.  Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Other news

Ц.Баатархүү: ЦХИХХ-ны салбарт суурь шинэчлэл хийнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2024.11.19/ боллоо. Шуурхай хурлаар гурван асуудлыг онцлон авч үзэж, холбогдох дарга нарт үүрэг чиглэл өгөв. Нэгдүгээрт, Монгол Улсын 2025 оны төсөвтэй холбоотойгоор ажлын төлөвлөгөөгөө эцэслэх, түүнийгээ долоо хоног бүрийн шуурхай хурлаар тайлагнах; Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолоор 30 гаруй үүрэг чиглэлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дүгнэх, үнэлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо. Тодруулбал, камерын нэгдсэн стандартыг боловсруулах, онц чухал мэдээллийг дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтыг шинэчлэх, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг бэлдэх чиглэлд холбогдох их дээд сургуультай хамтран ажиллах, гадаад хамтын ажиллагааг сайжруулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов. Гуравдугаарт, Засгийн газар 2027 онд Үндэсний хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ болтол орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг шилэн кабелиар дамжуулан сүлжээ оруулах ажил үргэлжлэх тул сүлжээ оруулах цэгийг тодорхойлох, 5G -г нэвтрүүлэх ажлыг Харилцаа холбооны зохицуулах газартай хамтран зохион байгуулахыг үүрэг болгов. Мөн дижитал шилжилтэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам түүчээлж, салбарын статистикаа нэгтгэж, суурь шинэчлэл хийхээр ажиллаж байна.

ЦХХХЯ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.06.10/ Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн газрын захирал Ацуко Окудатай уулзлаа. Манай яам Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай National Roaming буюу дугаартайгаа түр хугацаанд оператор хооронд шилжих нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай алхмуудын талаар судалгааны ажил хийхээр ажиллаж байна. Цаашид цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Н.Учрал сайд илэрхийллээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн газрын захирал Ацуко Окуда Ази, Номхон далайн бүсийн 15 оронд “Smart village” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж хамтран ажиллахад нээлттэй гэсэн юм Мөн “ICT Expo 2023” -г амжилттай, сайн зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, ЦХХХ-ны сайд Н.Учралыг ирэх 9-р сард Бангкокт болох Бүс нутгийн хөгжлийн форумд оролцохыг урилаа.

“Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум үргэлжилж байна

Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулж буй “Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум 2025 оны 9 дүгээр сарын 24–25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү форумыг Монгол Улсад зохицуулах байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд дижитал шилжилтийн эринд зохицуулалтын бодлого, зохион байгуулалтын шинэчлэл, олон улсын чиг хандлага, туршлагыг хэлэлцэх чухал арга хэмжээ юм. Өнөөдрийн хэлэлцүүлгийг ЦХИХХ-ны сайд Э.Батшугар нээж үг хэлсэн бөгөөд ингэхдээ Монгол улс 30 жилийн өмнө буюу 1995 онд олон улсын чиг хандлага, тэргүүн туршлагыг харгалзан харилцаа холбооны салбарт либералчлалыг нэвтрүүлсэн нь манай улсын хөгжилд томоохон шинэ үеийг нээсэн үйл явдал болсон юм. Дэлхий даяар шинэ технологи өдрөөс өдөрт үсрэнгүй хөгжиж зохицуулалтын шинэ сорилтуудыг бий болгож байна. Тиймээс өнөөдрийн “Харилцаа холбооны зохицуулалт” уулзалт, хэлэлцүүлэг нь зөвхөн өнгөрсөн үеийн ололт амжилтаа эргэн харах бус, харин ирээдүйд бидний баримтлах чиг хандлагыг хамтдаа тодорхойлох боломж билээ. Монгол Улсын төрийн бодлого боловсруулагчийн хувьд бид зохицуулалтын орчныг илүү уян хатан, хараат бус, бие даасан, хөрөнгө оруулалт татахуйц, инновацыг дэмжсэн, хэрэглэгч төвтэй байлгахад онцгойлон анхааръя ажиллана. Энэ нь зөвхөн салбарын төдийгүй Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн зорилтын нэг хэсэг байх болно гэсэн юм. Форумд Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын Эрх зүйн асуудлаар зөвлөх төв, Интернэтийн нэр, тоон хаягийн корпорац, Хөдөлгөөнт харилцаа холбооны ассосацийн глобал систем, Азийн Номхон далайн бүс нутгийн сүлжээний мэдээллийн төв, Тайланд улсын зохицуулах байгууллага, Малайз улсын зохицуулах байгууллага, технологи үйлдвэрлэгч Huawei компани зэрэг олон улсын байгууллага, салбарын гол тоглогчид болон Монголын оператор компаниуд оролцож байна. Өнөөдрийн хувьд “Дижитал залилан ба хэрэглэгчийн аюулгүй байдал, хамгаалалт” хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Энэхүү семинар, хэлэлцүүлгээр дижитал орчин дахь сүлжээний аюулгүй байдал, чухал дэд бүтцийн хамгаалалт, хэрэглэгчийн итгэлцэл, нууцлал зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж, дижитал шилжилтийн явцад тулгарч буй сорилтууд болон боломжит шийдлүүдийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтдаа хэлэлцэж байна. Мөн олон улсын сайн туршлага, ололт амжилтаас сонсож, суралцах боломжийг олгож байна. Хэлэлцүүлгийн үеэр дараах чиглэлээр мэдээлэл сонсож, санал солилцоно. Үүнд: • Дижитал залилан, кибер аюулгүй байдалд зохицуулагчийн оролцоо • Аюулгүй байдлын шинэ шаардлагыг хэрэгжүүлэх олон улсын арга барил • “Security by design” буюу Аюулгүй байдлыг дизайнд суулгах зарчим ба үүнд зохицуулалтын оролцоо • Харилцаа холбооны сүлжээний найдвартай байдлыг хангах • Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төвүүд болон цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагаа • Мессеж, дуудлага, дижитал луйврын эсрэг авч хэрэгжүүлж буй олон улсын туршлага Энэхүү арга хэмжээнд олон улсын байгууллагууд, Малайз, БНСУ болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүд илтгэл тавьж, санал бодлоо солилцоно. Мөн харилцаа холбоо, мэдээллийн технологи, медиа салбарт тулгарч буй нууцлал ба өгөгдөл хамгаалалтын шинэ сорилтууд, өгөгдөл нутагшуулалт, олон улсын өгөгдөл солилцоо, түүнд тавигдах хязгаарлалт болон нууцлалын эрх зүйн шинэ чиг хандлагын талаар өргөн хүрээнд ярилцах юм. “Харилцаа холбооны зохицуулалт 2025” форум нь Монгол Улсад дижитал шилжилтийн сорилт, боломжийг шийдвэрлэхэд зохицуулалтын үйл ажиллагаагаар дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангуулах зохистой шийдэл, гарц гаргалгааг гаргахад холбогдох талууд хамтдаа хэлэлцэж, шийдвэрлэх алхмыг хийж буй чухал арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээ нь зохицуулалтын хараат бус байдлыг хангах, дижитал эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, ирээдүйн зохицуулагчдын шинэ ур чадвар, арга хэрэгслийг тодорхойлох зорилготой юм.