Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм.

Түүнчлэн хуулийн төсөлд,

– Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох;

– Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

– Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх;

– Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх;

– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув.

Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК​, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов.

Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор  Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан.  Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Бусад мэдээ

Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монголын кибер аюулгүй байдлыг үнэлсэн судалгаагаа танилцуулна

Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа 2-р сарын 19-ний өдөр олон нийтэд танилцуулах гэж байна.   Энэхүү судалгаа нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн чадавхыг а) кибер аюулгүй байдлын бодлого ба стратеги, б) кибер аюулгүй байдлын соёл ба нийгэм, в) кибер аюулгүй байдлын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, г) хууль эрх зүйн орчин, д) стандарт ба технологи гэсэн таван хэмжигдэхүүнээр үнэлж, харгалзах түвшнийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зөвлөмж өгдгөөрөө онцлог аж. Оксфордын их сургуулийн эрдэмтэд энэхүү судалгааг дэлхий даяар хийж байгаа бөгөөд Монгол Улс 95 дахь улс нь болж байна. Энэхүү судалгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд хийлгэсэн билээ. Тус судалгаанд төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөллийг хамруулжээ.   Хөтөлбөртэй танилцах бол ЭНД дарна уу.

Дэлхийн 42 улс сансрын хөтөлбөрийн төсвөө нэмэгдүүлжээ

“2023 оны дэлхийн сансрын эдийн засгийн хэмжээ 570 тэрбум ам.долларт хүрсэн” гэж АНУ-ын Сансрын сан мэдээллээ. Энэ нь 2022 оны дүнгээс 7.4 хувиар өсөж, арван жилийн өмнөх сансрын эдийн засгийн хэмжээнээс хоёр дахин их болжээ. “The Space Report” сэтгүүлд нийтэлсэн дэлхийн сансрын эдийн засгийн шинжилгээнд энэ онд 54 улс орон, олон улсын байгууллагуудыг хамруулсан сансрын 11 салбарын арилжааны орлого, засгийн газрын зардлыг судалжээ. Арилжааны орлого нийт эдийн засгийн орлогын 78, АНУ-ын сансрын төсөв 13, АНУ-аас бусад улсын зарлага 9 хувийг эзэлж байна. Тухайлбал, Сансрын салбарын арилжааны орлого 2023 онд нийт 445 тэрбум ам.долларт хүрэв. Ингэхдээ байршил, навигац, цаг хугацаа (PNT)-ны мэдээллийг үнэн зөв өгөх хиймэл дагуул үйлчилгээ нь 209 тэрбум ам.долларын орлоготой хамгийн том дэд салбар аж. Улс орнуудын хиймэл дагуул хөөргөх хурд нэмэгдсэнээр арилжааны хиймэл дагуулын үйлдвэрлэл, хөөргөлтийн орлого хоёр жилийн дотор хоёр дахин өссөн байна. Мөн тус сангийн мэдээлснээр 2023 онд сансрын хөтөлбөрүүдэд олон улсын засгийн газрын зардал 11 хувиар өсөж, 125 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн онд АНУ, Хятад, Япон, Орос, Европын холбоо, Франц, Герман, Итали, Өмнөд Солонгос зэрэг есөн орон төсвөө хоёр оронтой тоогоор нэмэгдүүлэв. 2023 онд нийт 54 улсын 42 (78%) нь сансрын төсвөө өсгөжээ. 44 улсын 2024 оны урьдчилсан төсөвт зарлага бага хэмжээгээр (64%) өссөн ч олон улс орон сансрын төсвөө огцом нэмсний улмаас дундаж өөрчлөлт 35 хувийн өсөлтийг харуулав. Сансрын сангийн Гүйцэтгэх захирал Хизер Прингл “Манай жил бүр хийдэг дэлхийн сансрын эдийн засгийн дүн шинжилгээ нь төрийн болон хувийн хэвшлийн аль алинд нь сансрын салбарын ач холбогдол нэмэгдэж байгааг харуулж байна” гэж тайлбарлав. Сансрын сангийн тайлангийн нэгэн адил Дэлхийн эдийн засгийн форумын сансрын технологийн тайланд дэлхийн сансрын эдийн засаг 2023 онд 630 тэрбум доллар байсан бол 2035 он гэхэд 1.8 их наяд ам.доллар болно гэж тодорхойлов. Хиймэл дагуул гэдэг нь хүний зохион бүтээж, сансрын тойрог замд байрлуулсан зүйлийг хэлнэ. Хүн төрөлхтний бүтээсэн анхны хиймэл дагуул болох Спутник-1 хиймэл дагуулыг хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Сергей Королёв, Мстислав Келдыш нарын олон эрдэмтэд бүтээж, 1957 оны аравдугаар сарын 4-нд сансарт хөөргөжээ. Энэ үйл явдал хүн төрлөхтөний хөгжлийн түүхэнд шинэ эрин нээсэн юм. Түүнээс хойш 9115 хиймэл дагуул сансарт хөөрсөн байна. Нийт сансарт хөөрсөн хиймэл дагуулын цөөн хэсэг нь сансарт угсрагдаж, сансрын станц зэрэг томоохон байгууламжуудыг бий болгож, ихэнх нь ашиглалтаас гарч сансрын хаягдал болж, зарим нь дэлхийн агаар мандалд орж шатаж дуусах эсвэл газарт болон далай тэнгист унажээ. 2018 онд Шинэ Зеланд Улс Электрон цойлуур (пуужин) ашиглан сансарт хиймэл дагуул байрлуулснаар дэлхий дээр нийт 11 улс хөөргөлтийн талбайгаасаа хиймэл дагуул хөөргөх чадамжтай болжээ. Цөөн тооны сансрын судалгааны хөлөг дэлхийгээс бусад Сар, Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Нарны тойрог замд байрлан, хиймэл дагуул болон ашиглагдаж буй. Хиймэл дагуулыг цэрэг болон иргэний зориулалттаар ашигладаг. Мөн Дэлхийн ажиглалтын хиймэл дагуулууд, холбооны хиймэл дагуул, навигацийн хиймэл дагуулууд, цаг уурын хиймэл дагуулууд, судалгааны хиймэл дагуулууд гэж бий. Сансрын станц болон сансрын хөлөг ч тойрог замд байрласан үедээ хиймэл дагуул гэж нэрлэгддэг. Хиймэл дагуулын тойрог зам нь зорилгоосоо шалтгаалаад янз бүр байдаг бөгөөд олон янзаар ангилагддаг.  Хиймэл дагуул нь ихэнхдээ хагас биеэ даасан, компьютерын удирдлагатай системээр ажилладаг. Үүнд эрчим хүчний үүсгүүр, дулааны хяналтын, телеметрийн, чиглүүлэгч, тойрог замын хяналтын гэх мэт дэд системүүд бий. 2022 онд 6000 гаруй хиймэл дагуул идэвхтэй байсан бол 2030 он гэхэд манай гаригийн тойрог замд 60000 орчим хиймэл дагуул байх болно гэсэн тооцоолол бий. Эх сурвалж: Spacewatch

“Кансат-2023” үндэсний VI тэмцээний шилдгүүд тодорлоо

Цахим хөгжил харилцаа холбооны яам, Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк, Спэйс Академи, Монголын Сансрын Технологийн Холбоо хамтран зохион байгуулсан “КАНСАТ-2023” үндэсний VI тэмцээний дүн гарч, шилдгүүдийн шагналыг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр (2023.06.17) Шинжлэх ухааны академид боллоо. Тэмцээн КАНСАТ болон БУЦАГЧ гэсэн хоёр төрлөөр зохиогдож, тэмцээний эцсийн шатанд Кансат төрөлд 11 баг, Буцагч төрөлд 7 багийн оюутан, залуус бүтэн жилийн турш өөрсдийн зохион бүтээсэн лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул болон өөрөө явагч роботоороо нисэх бэлэн байдлын үзлэгийг давж хөөргөх эрхээ аван өрсөлдсөн юм. Тэмцээний шилдгүүдээр Кансат төрөлд: Тэргүүн байр: ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “HIGHTECH” баг Дэд байр: МУИС -ийн Шинжлэх Ухааны Сургууль “Voyager 0” баг Гутгаар байр: ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургууль “GIANT” баг Тусгай байр: ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “Gravity Falls” баг Буцагч төрөлд: Тэргүүн байр: МУИС -ийн Шинжлэх Ухааны Сургууль “PI23” баг Дэд байр: МУИС -ийн Шинжлэх Ухааны Сургууль “NUMSAT” баг Гутгаар байр: ШУТИС – ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “HIGHTECH” баг Тусгай байр: Шинэ Монгол Технологийн Коллежийн “NEW ROBO” багууд тус тус шалгарч шагналаа гардан авлаа. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр: Mongolsat Networks Ивээн тэтгэгчээр: ДДэшТВ | Тусламж | Мэдээлэл (албан ёсны групп) Инженер Геодези ХХК / Engineering geodesy LLC