Монгол Улсад сошиал медиа идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2025 оны аравдугаар сарын байдлаар 2.7 саяд хүрч, нийт хүн амын 76.5 хувийг эзэлж байгаа талаар DataReportal байгууллагын “Digital 2026: Mongolia” тайланд дурджээ. Цахим орчин ийнхүү өргөжин тэлж буйтай холбоотойгоор иргэдийн өдөр тутмын амьдрал, харилцаа, мэдээлэл солилцоо шинэ шатанд гарч байгаа хэдий ч үүнийг дагасан цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.
Сүүлийн жилүүдэд хүний хувийн болон нууц, эмзэг мэдээллийг хууль бусаар олж авч, олон нийтийн сүлжээнд задруулах, задруулна хэмээн сүрдүүлэх, улмаар эдийн болон сэтгэл санааны дарамтад оруулах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд түгээмэл гарч байна. Мөн гэр бүлийн гишүүд хоорондын маргаан, үл ойлголцлоос үүдэн хувийн мэдээллийг олон нийтэд тараах, нэр хүндэд нь халдах, түүнчлэн хүүхдүүдийн дунд цахим орчинд дээрэлхэх, сүрдүүлэх (cyberbullying) хэлбэрийн үйлдлүүд нэмэгдэж, улмаар хүүхэд цахим гэмт хэргийн хохирогч төдийгүй холбогдогч болох эрсдэл бодитоор тулгарч байна.
Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан гэр бүлийн хүчирхийллийн цахим хэлбэрийг таних, цахим нотлох баримтыг хуульд нийцүүлэн цуглуулах, хадгалах, хохирогчийг цахим орчинд хамгаалах, мөн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд цахим ур чадварыг үр дүнтэй ашиглах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Гүнзаяа “Цахим орчинд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Өнөрцэцэг “Цахим хүчирхийлэл: Шинэ эрсдэл ба бодлогын сорил сэдвүүдээр илтгэл танилцуулж, бодит кейс, хууль эрх зүйн зохицуулалт, практикт тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
Сургалтын хүрээнд гэр бүл, хүүхдийн цахим аюулгүй байдлыг хангах асуудал нь зөвхөн нэг байгууллагын хүрээнд бус, төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага, боловсролын байгууллага, эцэг эх, иргэн бүрийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх шаардлагатайг онцолсон бөгөөд уг сургалтыг үе шаттайгаар, тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцоллоо.












