Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Монгол Улсын онц чухал мэдээллийн дэд бүтцийн аюулгүй байдлын удирдлага, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд бэлтгэл судалгааны ажил эхэллээ.
Эхний удаагийн бэлтгэл судалгааны хүрээнд зохион байгуулсан уулзалтын “Уулзалтын тэмдэглэл”-д Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын судалгааны багийн ахлагч Масао Шино, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Э.Балдансамбуу нар гарын үсэг зурлаа.
Энэхүү буцалтгүй тусламжийн зорилго нь онц чухал мэдээллийн дэд бүтцэд чиглэсэн кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах техник, технологийн болон институцийн чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсын кибер аюулгүй байдлыг сайжруулахад оршино.
Төслийн хүрээнд хэд хэдэн удаагийн бэлтгэл судалгаа хийж, судалгааны үр дүнг Японы Засгийн газарт танилцуулах бөгөөд санал дэмжигдсэн тохиолдолд хоёр улсын Засгийн газар хоорондын холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурж баталгаажуулснаар буцалтгүй тусламжийн төлөвлөгөөний үйл ажиллагаа албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.












