Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Цэцэрлэгийн бүртгэл 8/24-нд, нэгдүгээр ангийн элсэлт 8/25-нд хаагдана

2022.08.23

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5%-ийн ирцтэй байна.

Харин улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21% нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7% нь элсэлтээс татгалзжээ. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин 2022 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 09 хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм. Харин энэ бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-аас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм. 

Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 8 сарын 10-24, 9 сарын 10-25, 10 сарын 3-24-ний хооронд гэсэн гурван ээлжээр бүртгэнэ.

Харин энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл явагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, e-mongolia системд бүртгүүлэхийг уриалж байна. E-Mongolia систем ачаалалгүй хэвийн ажиллаж байна.

ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/609030673936691

НЭГДҮГЭЭР АНГИД БҮРТГҮҮЛЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/1120790078790109/

Other news

Кибер аюулгүй байдлыг хангах тусгайлсан төсөвтэй болно

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2024.10.22/ Төрийн ордонд боллоо. Хурлыг тус зөвлөлийн дэд дарга, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү даргалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг байгууллагын төлөөлөлүүд нэмэгдэж, шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдав.  Хурлаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал,  Кибер аюулгүй байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан,  цаашид кибер аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Төрийн байгууллагын мэдээллийн технологийн төсөвт Кибер аюулгүй байдлыг хангах зардлыг тусгуулах хэрэгцээ шаардлагын талаар тус зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр танилцуулж, хэлэлцүүлэв.  Монгол Улс кибер аюулгүй байдалдаа 2021 онд 13.9 тэрбум төгрөг зарцуулсан бол 2024 онд 24 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Цаашид улсын төсвийн зардлын эдийн засгийн ангилалд кибер аюулгүй байдыг хангахад зориулсан төсвийн ангиллыг тусгах, кибер халдлага, зөрчил, цахим луйврын эрсдэлийг бууруулах стратеги батлах зэрэг асуудлыг зөвлөлийн гишүүд дэмжиж, тогтоол гаргав. Кибер аюулгүй байдлын зөвлөл нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэгтэй байгуулагдсан билээ.

Дэлхийн цахим гарын үсгийн зах зээл 238.42 тэрбум ам.долларт хүрнэ

2023 онд дэлхийн цахим гарын үсгийн зах зээл 6.13 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү статистик 2024 онд 8.67 тэрбум ам.долларт хүрэх таамаглал байна. 2024-2034 оны хооронд цахим гарын үсгийн хэрэглээ 39.3 хувиар өсөж, 238.42 тэрбум ам.долларт хүрэх тооцооллыг “Дэлхийн цахим гарын үсгийн зах зээлийн 2024-2032 он хүртэл хэтийн төлөв” тайланд дурджээ. Цахим гарын үсгийн зах зээл технологийн дэвшил, хэрэглэгчдийн хүсэл сонирхол, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ цахимжиж буй зэргээс шалтгаалан хурдацтай өсөж байна. Тус зах зээл нь салбар, орон зай, ямар үндэстэн эсэхийг үл хамааран өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, хөрөнгө оруулагчид болон компаниудад таатай боломжийг олгож байна. Ойрын 5 жилд дэлхийн цахим гарын үсгийн зах зээл хурдацтай хөгжинө. Одоогийн байдлаар Засгийн газар, Банк санхүү, Даатгалын үйлчилгээ, Эрүүл мэнд, Газрын тос, Байгалийн хий, Батлан хамгаалах салбар, Тээвэр логистик, судалгаа, боловсрол, хүний нөөц, харилцаа холбоо, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгийн салбарт хүчээ авч байна. Ингэхдээ Хойд Америк, Европ, Ази-Номин далайн бүсэд түгээмэл хэрэглэгдэх болжээ. Хойд Америкийн цахим гарын үсгийн зах зээлийн хэмжээ 2023 онд 2.82 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд, цахим баримт бичгийн эрэлт нэмэгдэж, Засгийн газрын зохицуулалт, гар утасны төхөөрөмжийн хэрэглээ өссөн нь аюулгүй, хууль ёсны хүчинтэй цахим гарын үсгийн хэрэглээг хурдасгав. Үүнээс АНУ-ын цахим гарын үсгийн зах зээлийн хэмжээ 2023 онд 1.98 тэрбум ам.доллар, 2024-2034 он хүртэл энэхүү статистик 39.6 хувиар өсөж, 78.57 тэрбум ам.доллар болох аж. Өөрөөр хэлбэл, Хойд Америк нь цахим технологийн хэрэглээ нэмэгдэж, аюулгүй, үр ашигтай баримт бичгийн менежментийн хэрэгцээ, Adobe Inc., DocuSign Inc зэрэг бүс нутагт томоохон тоглогчид байгаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж зах зээлд ноёрхож байна. Харин Европын цахим гарын үсгийн зах зээл 2024-2034 оны хооронд 34.5 хувиар өсөж, тус бүс нутаг томоохон зах зээлийн нэг болов. Ингэхдээ Герман, Их Британи, Франц зэрэг улсууд зах зээлийн өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ. Түүнчлэн Ази-Номхон далайн бүс нутагт хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, банк, санхүү, даатгал, эрүүл мэнд, Засгийн газар, жижиглэн худалдаа болон онлайн ажил, виртуал уулзалтад өргөнөөр ашиглаж байна. Энэтхэг, Хятад, Япон зэрэг улс орнуудын Засгийн газрууд тодорхой салбаруудад цахим гарын үсгийг баталгаажуулах зохицуулалтыг хэрэгжүүлж, зах зээлийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлсэн. Эдгээрийг ихэвчлэн цахим худалдаа, онлайн банк, Засгийн газрын гүйлгээ болон бусад цахим бизнесийн үйл явцад ашигладаг. Тиймээс аюулгүй, хууль ёсны дагуу цахим гүйлгээний эрэлт өсөж байна. Эх сурвалж: www.precedenceresearch.com

Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулийг судалж үзэхэд зөвхөн “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэж хэлбэр заасан үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байна

Тэдгээр нь цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэсэн, “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбар”, “бичгээр хүргүүлнэ” зэргээр цаасан суурьтай баримт бичгийг шаардсан байна. Монгол Улсын цахим шилжилтийг удаашруулах, үл ойлголцох нөхцөл байдалд хүргэж байгааг шийдвэрлэх зорилгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар энэ 7 хоногт хэлэлцэх гэж байна. Үүсэх боломж, давуу тал: Цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, цаасан баримт бичигтэй ижил түвшинд үнэлэх боломжийг бүрдүүлнэ. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй. Мэдээллийн сангуудын харилцан холболт интерацийг хангаж, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, мэдээллийн зөрүүг арилгах Тодорхой салбарын гэрээ, хэлцлийг заавал цаасаар хийх ёстой байсныг цахим хэлбэрээр цахим гарын үсэг хэрэглэн байгуулж болохоор хялбаршуулав. Ногоон хөгжлийг дэмжиж, цаасан хэрэглээг багасгана. Хуульд зөвхөн бичмэл гарын үсгээр баталгаажуулж төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар заасан харилцаанд цахим гарын үсэг хэрэглэж болохоор зохицуулсан. Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг цахим хэлбэрээр гаргах, ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэж, хариуг цахим хэлбэрээр хүргүүлж болохоор тусгасан. Финтекийн хөгжлийг дэмжинэ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай Эрсдэл багатай этгээдэд цахим хэлбэрээр данс нээх боломжийг бүрдүүлнэ.