Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Х.Сүрэнхорол: Хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгааг иргэд хянах нь хуулийн хэрэгжилтэд чухал

2022.05.09

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхоролыг урьж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд ярилцлаа. ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИАР НИЙГМИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ БОЛСОН Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд батлагдсан. Хэрэгжиж эхлээд 30 орчим жил болох гэж байна.Энэ нь тухайн цаг үеийнхээ нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд тохирсон хууль байсан бол одоо нийгмийн харилцаа яаж өөрчлөгдөж, цахим харилцаа бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг бэлхнээ харж байна. Өөрөөр хэлбэл, 30 жилийн өмнөх хуулиар одоогийн хувь хүний нууцтай холбоотой харилцаа бүрийг зохицуулахад хүндрэлтэй болоод байна гэсэн үг. Статистик тоон мэдээнээс харахад сүүлийн таван жилийн хугацаанд хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг 2-5 гарсан байдаг. Энэ нь Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулах харилцаа хумигдмал хүрээнд байгааг харуулж байгаа юм. Мөн хувь хүнд хамааралтай эрүүл мэнд, гэр бүл, эд хөрөнгө, захидал харилцааны дөрвөн төрлийн мэдээллийг нууцад хамааруулж, хувь хүн өөрөө мэдээллийн нууцлалаа хадгалж хамгаалах зохицуулалттай байсантай холбоотой. Хувь хүнийг тодорхойлж болох олон төрлийн мэдээлэл байдаг. Тухайлбал, тухайн хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, генетик болон биометрик мэдээлэл, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг дурдаж болно. Хувь хүний мэдээллийг тодорхой хяналтгүй буюу зөвшөөрөлгүйгээр цуглуулж, боловсруулж, тухайлан нийгмийн сүлжээнд дурын зорилгоор ашиглаж, дамжуулах тохиолдол их байна. Олон улсын жишгээр хувь хүний мэдээллийг цуглуулж байгаа бол хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзний зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг. Эдгээр нөхцөл шаардлагын улмаас Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага байсан учраас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан. ТУХАЙН ХҮНИЙГ ТОДОРХОЙЛЖ БОЛОХ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ НЬ ХУУЛИЙН ЗОРИЛГО Блиц: Боловсрол ♦ 2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль ♦ 2016 онд Австралийн Мельбурнийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Ажилласан байдал ♦ 2007-2022 он хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, шинжээчээр ажилласан. ♦ 2022 оны гуравдугаар сараас Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Хуулийн төслийг боловсруулах явцад бусад улс оронд хувь хүний нууцыг хэрхэн зохицуулж, хамгаалж байгаа талаар нэлээд судалгаа хийж, иргэн, хуулийн этгээд, судлаач нараас ч хуулийн төсөлд олон санал ирснийг Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж тусгасан байдаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн суурь зохицуулалт нь Европын холбооны Хүний хувийн өгөгдөл хамгаалах тухай актад үндэслэсэн. Мөн Эстони, Словени, Япон, Солонгос, Хятад, Тайвань, Израйл улсын эрх зүйн зохицуулалтыг судалж, манай улсад хэрэгжих боломжтой зарим онцлог зохицуулалтыг хуулийн төслийг боловсруулахдаа харгалзаж үзсэн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар багц хэдэн харилцааг зохицуулна. Хувь хүнийг тодорхойлж болох мэдээллүүдийг өргөжүүлсэн. Хувь хүний нууцын тухай хуулиар хувь хүний дөрвөн төрлийн нууцыг хамгаалж байсан бол тухайн хүний овог, нэр, төрсөн он, сар, өдрөөс авахуулаад хүний эмзэг мэдээллүүд болох ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл, генетик, биометрик мэдээллийг хамгаалж байхаар тогтоосон. Тодруулбал, тухайн хүнийг тодорхойлж болох бүх мэдээллийг хамгаалах нь энэ хуулийн зорилго юм. Хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах ёстой. Энэ хууль мэдээллийн эзний эрхийг баталгаажуулж, мэдээлэл хариуцагчийг үүрэгжүүлсэн шинжтэй хууль юм. Тухайлбал, мэдээллийн эзэн зөвшөөрлөө өгөх, татгалзах, мэдээллийг ямар зорилгоор цуглуулж байгааг мэдэх, шаардах, тайлбар авах эрхтэй. Харин мэдээлэл хариуцагч нь зөвшөөрлийг авах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болсон үндэслэлийг тайлбарлах, мэдэгдэл хүргүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байхаар тогтоосон. Мөн хуульд тусгасан нэг онцлог зохицуулалт бол дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг ямар тохиолдолд байршуулах талаар зохицуулсан. Төхөөрөмжийг нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ажлын байранд хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор байршуулж болно. Харин тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдах байршилд тухайбал, ариун цэврийн өрөө, VIP өрөө, эмнэлгийн өрөө, оршин суугчийн хаалга руу харуулж дүрс бичлэгийн камер байршуулахгүй байхаар зохицууллаа. ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ МЕХАНИЗМЫГ ТОДРУУЛСАН Хуульд хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагуудыг тодорхой заасан. Хуулиар Хүний эрхийн үндэсний комиссын нэг гишүүн хүний хувийн мэдээллийг хамгаалах чиг үүргийг хариуцаж ажиллана. Мөн энэ чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан нэгж ажиллахаар зохицуулсан. Энэ нэгжид хууль эрх зүй, мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн ажилтнуудыг ажиллуулах шаардлагыг тавина. Комисс хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, зөвлөмж, шаардлага хүргүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана. Мөн төрийн бусад байгууллага хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй. Цахим хөгжил, харилцаа холбооны яам хууль тогтоомжийн хэрэгжилтийг олон нийтэд сурталчлан таниулах, нийтээр дагаж мөрдөх журмуудыг боловсруулж, батлах, мэдээллийн аюулгүй байдал алдагдсан тохиолдолд хариу арга хэмжээ авах үүргийг гүйцэтгэнэ. Манай яам энэ хуулийн хүрээнд батлах журмууд дээр Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байна. Хуулийн хүрээнд нийт гурван журам батална. Төрийн байгууллагууд хэрэгжилтийг хангахад хүлээх үүргийг хуулиар тогтоосон ч байгууллага бүр төр, хувийн хэвшлийн байхаасаа үл хамааран мэдээлэл хариуцагчийнхаа хувьд хүний хувийн мэдээллийг хамгаалахад үүргээ ухамсарлаж, хариуцлагатай хандах ёстой. Нөгөө талаас иргэн бүр өөрийнхөө мэдээллийг бусад этгээдэд өгөх бүртээ хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрөлтэйгөөр авч ашиглаж байгаа эсэхийг хянах эрхийг хуулиар олгосон тул шат шатандаа хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг хангах нь чухал юм. СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗОРИЛГООР ЗАРИМ МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХАД ЗӨВШӨӨРӨЛ ШААРДАХГҮЙ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар сэтгүүл зүйн зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд үйлчлэх зохицуулалтыг тусгасан. Сэтгүүл зүйн эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллээс бусад мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй. Сэтгүүл зүй гэдэг бол хариуцлагатай редакцтай байгууллагад тооцогдож, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээ, мэдээллийг түгээдэг. Харин сэтгүүл зүйн зорилгоор бус хүний хувийн мэдээллийг түгээх тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзний зөвшөөрлийг шаардана. Хууль зөрчиж мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашигласан бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг дагаж эдгээр хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛНЭ Хуулиар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хүн нь хүний эмзэг мэдээллийг ашигласан, дамжуулсан тохиолдолд мэдээллийн эзэнд мэдээлэл хариуцагчийн хувьд мэдэгдэл хүргэдэг байхаар зохицуулсан. Мэдээж мэдэгдэл хүргэх хэлбэр нь ямар ч байж болно. Тухайлбал, гар утасны мессежээр, хувийн и-мэйлээр, тодорхой систем бий болгох замаар мэдэгдэл хүргэж болно. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас И-Монгол академитай хамтран мэдэгдэл хүргэх системийг хөгжүүлэн “ХУР” системд холбогдсон төрийн байгууллагаас мэдээлэл дамжуулсан тохиолдолд мэдээлэл хариуцагчийн хувьд мэдээллийн эзний мэдээллийг ямар байгууллагад дамжуулсан талаарх мэдэгдлийг хүргэж байна. Мөн төрийн байгууллагууд нь “ХУР” системд холбогдсон эсэхээс үл хамааран өөрсдөө мэдэгдлээ хүргэх боломж нь нээлттэй. Харин хувийн хэвшлийн байгууллагууд ямар хэлбэрээр мэдэгдэл хүргүүлэхээ өөрсдөө шийдэж, мэдэгдэл хүргэх үүрэгтэй. Ер нь хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа эсэхийг иргэд хянах нь хуулийн хэрэгжилтэд хамгийн чухал. УЯЛДААТАЙ ТАВАН БАГЦ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ Улсын Их Хурлаас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хамт Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиас бусад дөрвөн хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль бол төрийн байгууллага өөртөө цугларсан мэдээллийг хэрхэн иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах вэ, нээлттэй өгөгдлийг хэрхэн боловсруулж, олон нийтэд ил болгох вэ, мэдээллээ солилцохдоо ямар систем ашиглах вэ гэдэг харилцааг ерөнхийдөө зохицуулсан. Мөн төрд цугларсан хувийн мэдээллийг төрийн байгууллага солилцохдоо мэдэгдэл хүргүүлэхийг энэ хуулиар зохицуулсан. Цахим гарын үсэг ашиглан аливаа үйлчилгээг авах, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гэрээ, хэлцэл байгуулах. Цахим гарын үсгээр үйлдсэн баримт бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжийг бүрдүүлсэн хууль бол Цахим гарын үсгийн тухай хууль юм. Энэ хуульд тусгасан нэг онцлог зохицуулалт бол Монгол Улсын 16-гаас дээш насны иргэн бүрт тоон гарын үсгийг үнэ төлбөргүйгээр Улсын бүртгэлийн байгууллагаас олгох боломжийг бүрдүүллээ. Тоон гарын үсгийг хэрэглэн дэлхийн хаанаас ч өөрийгөө таньж баталгаажуулаад тодорхой үйлчилгээнүүдийг авах боломжтой юм. Ингэснээр гадаадад байгаа монголчууд e-Mongolia-д нэвтэрч чаддаггүй байсан асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа. Гадаадад байгаа иргэд Монголд бүртгэлтэй банкны данс, гар утасны дугааргүйгээс зарим төрийн үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолт авах, баримт бичиг захиалахад хүндрэл үүсдэг тохиолдол олон байна. Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай зохицуулж байгаа харилцааны хувьд салшгүй холбоотой. Төрд болон хувийн хэвшлийн байгууллагад цугларсан хувь хүнтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй зохицуулалтуудыг тусгасан. Б.Должинжав Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Other news

Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв

Монгол Улс хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээг ОХУ-тай 2024 оны 04 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд, БНХАУ-тай 2024 оны 05 дугаар сарын 21-23-ний өдрүүдэд тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулав. Радио долгион нь хил хязгааргүй тархах онцлог бүхий байгалийн хязгаарлагдмал нөөц юм. Иймд хөрш орнууд энэхүү нөөцийг хил орчмын бүс нутагт ажиллах радио станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор техникийн нарийн зохицуулалт хийж, хилийн бүс нутаг орчмын оршин суугчдад харилцаа холбооны үйлчилгээг чанартай хүргэх, бүс нутгийн харилцаа холбооны цаашдын хөгжлийг дэмжих шаардлагуудтай тулгардаг. Орчин үеийн өргөн зурвасын хөдөлгөөнт радио холбооны хөгжлийн хандлага, технологийн дэвшилтэй уялдуулан хил орчмын радио давтамжийн зохицуулалтыг тухай бүр хийх шаардлага үүсэж байна. БНХАУ-тай хийсэн энэ удаагийн уулзалтаар хөдөлгөөнт холбооны үйлчилгээний 703-748/758-803 МГц, 880-915/925-960 МГц, 1710-1785/1805-1880 МГц, 2300-2400 МГц, 2500-2690 МГц, 1920-1980/2110-2170 МГц, 3300-3800 МГц радио давтамжийн асуудлуудыг хэлэлцэж, радио давтамжийн 1920-1965/2110-2155 МГц зурваст газрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээний зохицуулалтын гэрээг шинээр байгууллаа. Эдгээр баримт бичгийг байгуулснаар Монгол Улсын хилийн бүс нутагт харилцаа холбооны хөдөлгөөнт бус болон хөдөлгөөнт холбооны үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах эрх зүйн боломж бий болох чухал ач холбогдолтой юм.

“Сансрын хамтын ажиллагаа” агаар сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойг тохиолдуулан 2026 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Сансрын хамтын ажиллагаа” агаар сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.    Тус хурлыг Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар нээж үг хэлсэн бөгөөд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, сансрын нисгэгч  хошууч генерал БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа  болон Ази тивийн анхны сансрын нисэгч, Вьетнам Улсын Зэвсэгт хүчний баатар, генерал Фам Туан, нар оролцов. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Өнөөдөр бид Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн түүхэн ойг тэмдэглэхийн зэрэгцээ сансрын шинжлэх ухаан, технологийн хөгжил, хамтын ажиллагааны асуудлаар эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаад туйлын баяртай байна. Өнөөдрийн арга хэмжээ нь Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага, түүний гишүүн орнуудын төлөөлөл, болон “Интерспутник” олон улсын сансрын холбооны байгууллагатай мөн хамтран зохион байгуулж буй онцгой арга хэмжээ болж байна. Энэ нь Монгол Улс сансрын салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргах бодлогын бодит илэрхийлэл болж байна. Сансрын технологи нь өнөөдөр зөвхөн шинжлэх ухааны салбарт бус, харилцаа холбоо, байгаль орчны мониторинг, гамшгийн менежмент, үндэсний аюулгүй байдал зэрэг олон салбарт чухал үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд хиймэл дагуулын технологийг үр ашигтай ашиглах нь тогтвортой хөгжлийн гол хөшүүрэг болох нь тодорхой боллоо. Ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Сансрын хамтын ажиллагаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг цаашид уламжлал болгон зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлэн ажиллах бодолтой байна гэлээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавъяат холбоочин” цол тэмдгээр шагнагдсан гурван гавъяатад хүндэтгэл үзүүллээ

Салбартаа олон жил, үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын “Гавьяат холбоочин” цол тэмдгээр шагнагдсан салбар агентлагийн анхны эмэгтэй захирал Д.Даника, Монгол Улсын зөвлөх инженер, Тэнгэр-Уул Констракшин ХХК-ийн ерөнхий захирал Г.Энхбаяр болон Юнител ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга Р.Ганболд нарт өнөөдөр (2024.01.03) ЦХХХ-ны Сайд Н.Учрал, ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, ЦХХХЯ-ны газар, хэлтсийн дарга нар хүндэтгэл үзүүлж, хүлээн авав. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал “Гавьяат холбоочин” цол тэмдгээр шагнагдсан гурван гавьяатад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан болон нийт албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газар, ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар танилцууллаа. Мөн ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар болон ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар салбараас шагнагдсан гавьяатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд та бидний хамтын манлайлал, түүчээ чухал болохыг дурдаад амжилт хүсэн, хамтран ажиллахаа илэрхийлэв. Гавьяат холбоочин Д.Даника, Г.Энхбаяр, Р.Ганболд нарын зүгээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид боловсон хүчний тогтвортой байдлыг ханган, салбартаа чин сэтгэлээсээ ажиллаж буй албан хаагчдыг дэмжин ажиллахыг хүсэж, хүндэтгэл үзүүлэн хүлээн авч буй явдалд яамны удирдлагуудад чин сэтгэлийн талархлаа илэрхийлэв.