Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Х.Сүрэнхорол: Хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгааг иргэд хянах нь хуулийн хэрэгжилтэд чухал

2022.05.09

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхоролыг урьж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд ярилцлаа. ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИАР НИЙГМИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ БОЛСОН Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд батлагдсан. Хэрэгжиж эхлээд 30 орчим жил болох гэж байна.Энэ нь тухайн цаг үеийнхээ нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд тохирсон хууль байсан бол одоо нийгмийн харилцаа яаж өөрчлөгдөж, цахим харилцаа бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг бэлхнээ харж байна. Өөрөөр хэлбэл, 30 жилийн өмнөх хуулиар одоогийн хувь хүний нууцтай холбоотой харилцаа бүрийг зохицуулахад хүндрэлтэй болоод байна гэсэн үг. Статистик тоон мэдээнээс харахад сүүлийн таван жилийн хугацаанд хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг 2-5 гарсан байдаг. Энэ нь Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулах харилцаа хумигдмал хүрээнд байгааг харуулж байгаа юм. Мөн хувь хүнд хамааралтай эрүүл мэнд, гэр бүл, эд хөрөнгө, захидал харилцааны дөрвөн төрлийн мэдээллийг нууцад хамааруулж, хувь хүн өөрөө мэдээллийн нууцлалаа хадгалж хамгаалах зохицуулалттай байсантай холбоотой. Хувь хүнийг тодорхойлж болох олон төрлийн мэдээлэл байдаг. Тухайлбал, тухайн хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, генетик болон биометрик мэдээлэл, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг дурдаж болно. Хувь хүний мэдээллийг тодорхой хяналтгүй буюу зөвшөөрөлгүйгээр цуглуулж, боловсруулж, тухайлан нийгмийн сүлжээнд дурын зорилгоор ашиглаж, дамжуулах тохиолдол их байна. Олон улсын жишгээр хувь хүний мэдээллийг цуглуулж байгаа бол хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзний зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг. Эдгээр нөхцөл шаардлагын улмаас Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага байсан учраас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан. ТУХАЙН ХҮНИЙГ ТОДОРХОЙЛЖ БОЛОХ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ НЬ ХУУЛИЙН ЗОРИЛГО Блиц: Боловсрол ♦ 2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль ♦ 2016 онд Австралийн Мельбурнийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Ажилласан байдал ♦ 2007-2022 он хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, шинжээчээр ажилласан. ♦ 2022 оны гуравдугаар сараас Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Хуулийн төслийг боловсруулах явцад бусад улс оронд хувь хүний нууцыг хэрхэн зохицуулж, хамгаалж байгаа талаар нэлээд судалгаа хийж, иргэн, хуулийн этгээд, судлаач нараас ч хуулийн төсөлд олон санал ирснийг Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж тусгасан байдаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн суурь зохицуулалт нь Европын холбооны Хүний хувийн өгөгдөл хамгаалах тухай актад үндэслэсэн. Мөн Эстони, Словени, Япон, Солонгос, Хятад, Тайвань, Израйл улсын эрх зүйн зохицуулалтыг судалж, манай улсад хэрэгжих боломжтой зарим онцлог зохицуулалтыг хуулийн төслийг боловсруулахдаа харгалзаж үзсэн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар багц хэдэн харилцааг зохицуулна. Хувь хүнийг тодорхойлж болох мэдээллүүдийг өргөжүүлсэн. Хувь хүний нууцын тухай хуулиар хувь хүний дөрвөн төрлийн нууцыг хамгаалж байсан бол тухайн хүний овог, нэр, төрсөн он, сар, өдрөөс авахуулаад хүний эмзэг мэдээллүүд болох ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл, генетик, биометрик мэдээллийг хамгаалж байхаар тогтоосон. Тодруулбал, тухайн хүнийг тодорхойлж болох бүх мэдээллийг хамгаалах нь энэ хуулийн зорилго юм. Хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах ёстой. Энэ хууль мэдээллийн эзний эрхийг баталгаажуулж, мэдээлэл хариуцагчийг үүрэгжүүлсэн шинжтэй хууль юм. Тухайлбал, мэдээллийн эзэн зөвшөөрлөө өгөх, татгалзах, мэдээллийг ямар зорилгоор цуглуулж байгааг мэдэх, шаардах, тайлбар авах эрхтэй. Харин мэдээлэл хариуцагч нь зөвшөөрлийг авах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болсон үндэслэлийг тайлбарлах, мэдэгдэл хүргүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байхаар тогтоосон. Мөн хуульд тусгасан нэг онцлог зохицуулалт бол дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг ямар тохиолдолд байршуулах талаар зохицуулсан. Төхөөрөмжийг нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ажлын байранд хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор байршуулж болно. Харин тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдах байршилд тухайбал, ариун цэврийн өрөө, VIP өрөө, эмнэлгийн өрөө, оршин суугчийн хаалга руу харуулж дүрс бичлэгийн камер байршуулахгүй байхаар зохицууллаа. ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ МЕХАНИЗМЫГ ТОДРУУЛСАН Хуульд хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагуудыг тодорхой заасан. Хуулиар Хүний эрхийн үндэсний комиссын нэг гишүүн хүний хувийн мэдээллийг хамгаалах чиг үүргийг хариуцаж ажиллана. Мөн энэ чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан нэгж ажиллахаар зохицуулсан. Энэ нэгжид хууль эрх зүй, мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн ажилтнуудыг ажиллуулах шаардлагыг тавина. Комисс хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, зөвлөмж, шаардлага хүргүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана. Мөн төрийн бусад байгууллага хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй. Цахим хөгжил, харилцаа холбооны яам хууль тогтоомжийн хэрэгжилтийг олон нийтэд сурталчлан таниулах, нийтээр дагаж мөрдөх журмуудыг боловсруулж, батлах, мэдээллийн аюулгүй байдал алдагдсан тохиолдолд хариу арга хэмжээ авах үүргийг гүйцэтгэнэ. Манай яам энэ хуулийн хүрээнд батлах журмууд дээр Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байна. Хуулийн хүрээнд нийт гурван журам батална. Төрийн байгууллагууд хэрэгжилтийг хангахад хүлээх үүргийг хуулиар тогтоосон ч байгууллага бүр төр, хувийн хэвшлийн байхаасаа үл хамааран мэдээлэл хариуцагчийнхаа хувьд хүний хувийн мэдээллийг хамгаалахад үүргээ ухамсарлаж, хариуцлагатай хандах ёстой. Нөгөө талаас иргэн бүр өөрийнхөө мэдээллийг бусад этгээдэд өгөх бүртээ хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрөлтэйгөөр авч ашиглаж байгаа эсэхийг хянах эрхийг хуулиар олгосон тул шат шатандаа хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг хангах нь чухал юм. СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗОРИЛГООР ЗАРИМ МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХАД ЗӨВШӨӨРӨЛ ШААРДАХГҮЙ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар сэтгүүл зүйн зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд үйлчлэх зохицуулалтыг тусгасан. Сэтгүүл зүйн эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллээс бусад мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй. Сэтгүүл зүй гэдэг бол хариуцлагатай редакцтай байгууллагад тооцогдож, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээ, мэдээллийг түгээдэг. Харин сэтгүүл зүйн зорилгоор бус хүний хувийн мэдээллийг түгээх тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзний зөвшөөрлийг шаардана. Хууль зөрчиж мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашигласан бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг дагаж эдгээр хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛНЭ Хуулиар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хүн нь хүний эмзэг мэдээллийг ашигласан, дамжуулсан тохиолдолд мэдээллийн эзэнд мэдээлэл хариуцагчийн хувьд мэдэгдэл хүргэдэг байхаар зохицуулсан. Мэдээж мэдэгдэл хүргэх хэлбэр нь ямар ч байж болно. Тухайлбал, гар утасны мессежээр, хувийн и-мэйлээр, тодорхой систем бий болгох замаар мэдэгдэл хүргэж болно. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас И-Монгол академитай хамтран мэдэгдэл хүргэх системийг хөгжүүлэн “ХУР” системд холбогдсон төрийн байгууллагаас мэдээлэл дамжуулсан тохиолдолд мэдээлэл хариуцагчийн хувьд мэдээллийн эзний мэдээллийг ямар байгууллагад дамжуулсан талаарх мэдэгдлийг хүргэж байна. Мөн төрийн байгууллагууд нь “ХУР” системд холбогдсон эсэхээс үл хамааран өөрсдөө мэдэгдлээ хүргэх боломж нь нээлттэй. Харин хувийн хэвшлийн байгууллагууд ямар хэлбэрээр мэдэгдэл хүргүүлэхээ өөрсдөө шийдэж, мэдэгдэл хүргэх үүрэгтэй. Ер нь хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа эсэхийг иргэд хянах нь хуулийн хэрэгжилтэд хамгийн чухал. УЯЛДААТАЙ ТАВАН БАГЦ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ Улсын Их Хурлаас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хамт Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиас бусад дөрвөн хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль бол төрийн байгууллага өөртөө цугларсан мэдээллийг хэрхэн иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах вэ, нээлттэй өгөгдлийг хэрхэн боловсруулж, олон нийтэд ил болгох вэ, мэдээллээ солилцохдоо ямар систем ашиглах вэ гэдэг харилцааг ерөнхийдөө зохицуулсан. Мөн төрд цугларсан хувийн мэдээллийг төрийн байгууллага солилцохдоо мэдэгдэл хүргүүлэхийг энэ хуулиар зохицуулсан. Цахим гарын үсэг ашиглан аливаа үйлчилгээг авах, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гэрээ, хэлцэл байгуулах. Цахим гарын үсгээр үйлдсэн баримт бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжийг бүрдүүлсэн хууль бол Цахим гарын үсгийн тухай хууль юм. Энэ хуульд тусгасан нэг онцлог зохицуулалт бол Монгол Улсын 16-гаас дээш насны иргэн бүрт тоон гарын үсгийг үнэ төлбөргүйгээр Улсын бүртгэлийн байгууллагаас олгох боломжийг бүрдүүллээ. Тоон гарын үсгийг хэрэглэн дэлхийн хаанаас ч өөрийгөө таньж баталгаажуулаад тодорхой үйлчилгээнүүдийг авах боломжтой юм. Ингэснээр гадаадад байгаа монголчууд e-Mongolia-д нэвтэрч чаддаггүй байсан асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа. Гадаадад байгаа иргэд Монголд бүртгэлтэй банкны данс, гар утасны дугааргүйгээс зарим төрийн үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолт авах, баримт бичиг захиалахад хүндрэл үүсдэг тохиолдол олон байна. Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай зохицуулж байгаа харилцааны хувьд салшгүй холбоотой. Төрд болон хувийн хэвшлийн байгууллагад цугларсан хувь хүнтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй зохицуулалтуудыг тусгасан. Б.Должинжав Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусад мэдээ

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ны хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны мэдээллийг сонслоо. Уг сонсголтой холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа: Төрийн байгууллагуудын мэдээлэл хоорондын солилцоо хэр явагдаж байгаа талаарх мэдээллийг сонслоо. Цаасаар заавал баталгаажуулах шаардлагатай байгаа нь яамд хооронд цаасан мэдээлэл солилцох үндэс суурь болоод байгаа тул үүнийг шийдвэрлэх аргыг хайж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр цаасан мэдээллийг ор тас байхгүй болгочихвол мэдээллийн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдах байх. Саяхан кибер аюулгүй байдлын асуудал үүслээ шүү дээ. Ийм эрсдэл байгаа учраас цаасан мэдээллийг дамжуулж байгаа байх. Тийм болохоор үүнийг зогсоох нь зөв шийдэл мөн үү гэж асуумаар байна. Хоёрдугаарт, цахим гарын үсэгт манай улс шилжсэн. Гэхдээ аливаа бичиг баримтыг нотариат дээр заавал очиж цахим гарын үсгээр баталгаажуулсан хэвээр байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх, цаашид сайжруулах ямар боломж байгаа вэ? Гуравдугаарт, кибер аюулгүй байдал дээр бид дорвитой шийдэл гаргаж ирэх цаг нь болсон. Манайх шиг далайд гарцгүй орны хувьд кибер аюулгүй байдлаа чангатгах тал дээрээ давуу байдал бий болгох боломж байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэх ямар гарц байна вэ? ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий: Нэгдүгээрт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн гол зарчмын нэг нь иргэнээс дахин мэдээлэл нэхэхгүй, цаасан болон цахим баримт бичгийг эн тэнцүү гэж үзнэ хэмээн заасан байдаг. Эн тэнцүү гэх зарчим бол хуулиараа хуульчлаад өгчихсөн, одоо хэрэгжиж байгаа зарчим юм. Гол нь Архивын албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмаа шинэчлээгүйн улмаас бичиг баримтаа цаасаар хадгалсаар байгаа. Хэвлэж гаргаж ирээд, тамга дараад хадгалж байгаа гэсэн үг. Та бүхнээс хүсэх гол шийдэл бол Архивын Ерөнхий газрыг нийтлэг журмаа шинэчилж, хуульдаа нийцүүлээч гэсэн шаардлагыг тавих юм. Хоёрдугаарт, цахим гарын үсгээр гэрээ хийх боломж нь үүссэн. Зөвхөн нэг удаа цахим гарын үсгээ баталгаажуулаад өөрийн биеэр очсоноос хойш гэрээ хэлцлүүд цахимаар хийгдэж болж байгаа. Цахимаар хийгдсэн гэрээнүүд цаг хэмнэж байгаагаас гадна цаасаар хийгдсэнээс илүү нууцлал нь аюулгүй гэж үзэж байгаа. Яамны зүгээс тоон гарын үсгийн техник технологийг ирэх оноос шинэчилж, олон улсын аудитыг хийлгэхээр ажиллаж байна. Ингэснээр цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр: Нийтийн мэдээллийн тухай хуулинд бүх мэдээллийг хариуцаж, боловсруулдаг мэдээлэл хариуцагч гэсэн субъект бий. Тэгэхээр тус хуулийн 6 бүлгийн 6.2-т зааснаар мэдээлэл хариуцагч нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд нийтийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, удирдан зохион байгуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, бусад арга хэмжээнүүдийг авах үүрэгтэй гэж заасан. Мэдээлэл хариуцагч яам, төрийн байгууллагууд бол өөрийн боловсруулсан системийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг өөрсдөө хангах ёстой юм. Кибер аюулгүй байдлын хуулиар хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг нь ЦХИХХЯ-нд байдаг. Харин хэрэгжилтийг уялдан зохион байгуулах, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд зохицуулах нь Ажлын албанд харъяалагддаг. Саяхан Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдаад, төр захиргааны байгууллагууд төсвийн болон бүтцийн зохион байгуулалтад онцгой анхаарах шаардлагатай гэсэн тогтоол гаргаад, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Бутаны Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улс Бутаны Хаант Улстай 2012 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр найрсаг харилцааг хоёр орны давуу тал, нөөц бололцоонд нийцүүлэн эдийн засгийн агуулгаар баяжуулахаар тохирсон. Уулзалтын үеэр Э.Батшугар  сайд “e-Mongolia” болон “E-Business” системийн технологийн дэвшил, иргэдэд үзүүлж буй бодит үр ашгийг танилцуулж, Монгол Улс НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексийн “Маш өндөр” ангилалд орж, сүүлийн хоёр жилд 28 байраар урагшилсан амжилтыг онцлов. Бутаны Үндэсний Ассамблейн гишүүд манай улсын төрийн үйлчилгээг цахимжуулсан сайн туршлагаас судлах хүсэлтээ илэрхийлсэн тул цаашид хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар хоёр тал санал солилцлоо.

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд өргөн нэвтрүүлгийн талаарх харилцааг Харилцаа холбооны тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон холбогдох бусад хуулиар зохицуулж ирсэн. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлгээ хийх замаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгүүлэхээр мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага, ажиллах багийн талаарх мэдээлэл, ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ byambasuren@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар 2023 оны 05 дугаар сарын 12-ны дотор ирүүлнэ үү.Жич: Тус ажлыг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Зөвлөх инженер зэрэгтэй 1 судлаач болон гэрээт судлаач ажиллуулж болно.