Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Байнгын хороо: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2022.12.15

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.14/ үдээс хойш хамтарч хуралдав. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалан хуралдуулсан юм. Хамтарсан хуралдаанаар эхлээд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал хамтарсан хуралдаанд танилцуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 38 саналыг төсөлд нэг бүрчлэн нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Харин нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн 24 дүгээр зүйлийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бөгөөд хуралдаан даргалагчаас чиглэл өгсний дагуу уг саналыг дахин хураалгахаар саналын томьёолол бэлтгэсэн байна.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авч чадаагүй нэг саналын томьёоллоор дахин санал хураалгахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг (Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг)-ийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байна.

Иймээс Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт буюу төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол, мөн 26.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан, программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бөгөөд дээрх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг өөрсдөө илрүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулахаар зохицуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Ганхуяг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Other news

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар үүрэгт ажилдаа орлоо

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар үүрэгт ажилдаа орлоо 2023.01.06 Тэрээр 1984 онд Дорноговь аймагт төрсөн. 2000 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын дунд сургууль, 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2016 онд Калифорний их сургууль, Беркли дэх хуулийн сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн магистр, хуульч мэргэжилтэй. -2005-2006 онд “Сувд” хууль зүйн товчоонд туслах хуульч-2006-2007 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш-2007-2008 онд “Говь” ХК-д хуульч-2008-2009 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багш-2008-2010 онд “Легас партнерс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал-2010-2019 онд “Монросконсалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал-2019 оноос “Эрхэм энд беркли” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал-2022 оноос Хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байв.МУ-ын засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ур чадвар, тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага мэдлэг, танхимын зарчмаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэргийг нь үндэслэн түүнийг Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар томилжээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Өвөрхангай аймаг 24/7 “Цахим төв”-тэй болж, иргэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэл, чирэгдэлгүй авах боломж бүрдлээ

Өвөрхангай аймаг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил – 2024” зорилтот жилийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн, шуурхай, хүргэх зорилгоор “Цахим төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, ИТХ-ын дарга О.Пүрэвдорж болон холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцлоо. Тус цахим төвд: Төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг багтаасан ГЭРЭГЭ КИОСК Төрийн лавлагаа, мэдээлэл авах төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх “ТҮЦ” машин, ХУР-ДАН систем, 4 банкны АТМ, КИОСК машин зэрэг үйлчилгээ нэг дор байрлаж, нэг цэгээс үйлчилгээ авах орчин, нөхцөл бүрдлээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли-г хүлээн авч уулзлаа

Уулзалтад ЦХИХХ-ны сайдын зөвлөх Б.Амгалан, ЦШБЗГ-ын дарга Б.Бат-Өлзий, ХХБЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баясгалан, ГХАХ-ийн дарга Г.Энхтуяа, шинжээч П.Ариунтуул ЦШБЗГ-ын ахлах мэргэжилтэн Э.Болормаа, “Ухаалаг Засаг – 2” төслийн нэгжийн зохицуулагч Б.Энхдөлгөөн, айлын талаас Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан Д.Амарбаясгалан, Бадамчимэг нар оролцлоо. Дэлхийн банктай хамтран ХХМТ-ийн салбарт хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ. 2023-2027 онд “Ухаалаг засаг-2” төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд: •Үндэсний дата төв болон наац дата төвийн клауд дэд бүтцийг бий болгох, түүний хэвийн ажиллагааг хангах, системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх. •Цахим аюул занал, халдлага, зөрчил, хорт кодыг урьдчилан илрүүлж хариу арга хэмжээ авах, тайван болон онцгой байдлын үед оролцогч талуудыг халдлага зөрчлийн талаарх тогтмол мэдээллээр хангах техник технологийн дэд бүтэц бий болгох •Тоон гарын үсгийн дэд бүтцийн хамрах хүрээ, багтаамжийг нэмэгдүүлж найдвартай байдал, үйл ажиллагаа, технологийн шийдлийг олон улсын стандарт, жишигт нийцүүлэн дэд бүтцийг шинэчлэх •ХУР мэдээлэл солилцооны системийг шинэчлэн тархсан бүтэц рүү шилжүүлэх •10,000 иргэдэд тоон бичиг үсгийн мэдлэг, практик түвшний ур чадварыг дээшлүүлэн, цахим боловсрол олгох сургалт •3,000 дижитал технологийн чиглэлийн ажлын байр бий болгох •Дижитал технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн цахим чадварыг дээшлүүлж, цахим орчинд бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Уулзалтын үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Дэлхийн Банк Монгол Улсад, ялангуяа цахим шилжилт, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд тантай өнөөдөр уулзаж танилцаж байгаадаа баяртай байна. Та бидний хамтдаа бүтээсэн амжилтын хүрээнд Төв Азийн тэр дундаа Киргиз, Тажикистан Улсуудад өөрсдийн туршлагаа хуваалцахаар яриа хэлэлцээгээ амжилттай хийгээд ирлээ. Өмнө нь санхүүгийн салбарт ажиллаж байх үедээ Дэлхийн банктай хамтран төлбөрийн системийн шинэчлэлийн хүрээнд Automatic Clearing House системийг нэвтрүүлсэн сайхан дурсамжтай байна. Бид цахим хөгжлөөр амжилттай ажиллаж байгаа ч цаашид Хиймэл оюун, машин сургалтыг нэвтрүүлэх хүрээнд GPU сервер ашиглан И-Монгол 5.0 хувилбарыг хөгжүүлэхээр бэлтгэж байна гэлээ. Дэлхийн Банкны Монгол дахь Cуурин төлөөлөгч Таехюн Ли: Цахим шилжилтийн асуудал бол Дэлхийн банкны үндсэн гол зорилтуудын нэг юм. Ухаалаг засаг төсөл бол манай чухал ач холбогдолтой төслүүдийн нэг. Ухаалаг засаг-2 төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Хугацааны хувьд 50 хувьд хүрсэн. Иймд Төслийн багийн зүгээс ирэх 9 дүгээр сард дунд хугацааны үнэлгээ хийхээр төлөвлөж байна гэлээ. Түүнчлэн  ноён Таехюн Ли: Дэлхийн банкны зүгээс анхаарал хандуулж буй бас нэг чухал салбар бол эрчим хүчний салбар байгаа. Эрчим хүчний дамжуулах сүлжээний төсөлтэй алслагдсан бүс нутгийг шилэн кабелаар холбох ажлыг мөн хамтатгах боломжтой гэж харагдаж байгаа. Одоогоор зөвхөн ТЭЗҮ боловсруулах, судалгааны шатандаа яваа хэмээн ойлгож болно. Гэхдээ Дэлхийн банкны төвд эрчим хүч, дижитал шилжилт гэсэн салбарыг нэг хүн хамтад нь хариуцан удирддаг тул эдгээр 2 ажлыг нэгтгэсэн томоохон төсөл болгох бүрэн боломжтойг онцоллоо. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Ухаалаг засаг – 2” төслийг амжилттай дуусгахад Дэлхийн банкны зүгээс бүх талаар туслахыг хүслээ.