Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Байнгын хороо: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2022.12.15

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.14/ үдээс хойш хамтарч хуралдав. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалан хуралдуулсан юм. Хамтарсан хуралдаанаар эхлээд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал хамтарсан хуралдаанд танилцуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 38 саналыг төсөлд нэг бүрчлэн нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Харин нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн 24 дүгээр зүйлийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бөгөөд хуралдаан даргалагчаас чиглэл өгсний дагуу уг саналыг дахин хураалгахаар саналын томьёолол бэлтгэсэн байна.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авч чадаагүй нэг саналын томьёоллоор дахин санал хураалгахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг (Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг)-ийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байна.

Иймээс Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт буюу төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол, мөн 26.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан, программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бөгөөд дээрх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг өөрсдөө илрүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулахаар зохицуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Ганхуяг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Бусад мэдээ

ЦХХХЯ НАСА-тай олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ НАСА-тай олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо 2022.06.17 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд НАСА-гийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уг уулзалтад НАСА-гийн талаас Олон улсын болон агентлаг хоорондын харилцааны албаны Олон улсын хөтөлбөрийн мэргэжилтэн Бетси Голдемен, Олон улсын оффисын Ази дахь төлөөлөгч Гарви Макинтош зэрэг албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Болор-Эрдэнэ Монгол Улсын харилцаа холбооны салбар тэрдундаа сансрын технологийн хөгжлийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс ОХУ-тай сансар судлал, сансрын технологийн чиглэлд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай бөгөөд тэртээ 1981 онд Монгол хүн сансарт нисэж, эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсын сансар судлал хөгжих эхлэл тавигдаж байсан. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, мэдээллийн технологи зэрэг олон салбарт ашиглаж буйг дуулгасан юм”.   Мөн тэрбээр олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн,сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулгах зорилготой “Мars V” төслийн талаарх мэдээллийг НАСА-н багт дуулгасан юм. Цаашид сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх үүднээс тус салбарын залуу боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг НАСА-гийн хэрэгжүүлдэг сансрын хөтөлбөрүүдэд хамруулах мөн тодорхой төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллахаар тохиролцлоо. НАСА нь Монгол Улстай 1997 оноос хойш хамтран ажиллаж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран үндэсний хиймэл оюуныг хөгжүүлэх стратегийн төслийг эхлүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлж, үндэсний стратегийг боловсруулж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.02.03/ талууд төслийг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд “Монгол Улс өөрийн онцлогт тохирсон хиймэл оюуны стратегиа боловсруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, залуус, ШУА-ийн эрдэмтэд болон их дээд сургуулийн багш нараас санал, хүсэлтийг авч байна. Тэд хиймэл оюуны үндэсний стратегийг мөн адил анхааралтай ажиглаж байна. Энэхүү үйлст дэлхийн чиг хандлага, олон улсын туршлагыг хуваалцаж буй НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлд хамгийн манлайлалтай улс болоход идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг онцлов. Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: Хиймэл оюун ухаан нь эдийн засгийн өсөлт хөгжил, инновац шинэчлэлийг бий болгох асар их нөөц боломжоор дүүрэн. Харин энэхүү нөөц баялаг, түүний үр ашгийг бүх нийтэд хүртээлтэй байлгах нь чухал. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын тэгш, хүртээмжтэй, тогтвортой цахим шилжилтийг тууштай дэмжин ажиллах болно” гэв. Хамтын ажиллагааны хүрээнд байгаль экологи, цөлжилт, ойжуулалт гэх мэт ажлуудыг хиймэл оюунд түшиглэн үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг богино хугацаанд хангах ач холбогдолтой юм. 

Э.Батшугар: Газар зүйн байршил, хүн амын тархан суурьшлыг харгалзан бүхий л салбарт дроны үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны мэдээллийн технологи, дижитал шилжилт, дэд бүтэц, дрон, 5G, сансрын хамтын ажиллагаа, логистик болон төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах саналыг солилцлоо. ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол Улс, БНХАУ хооронд 2022-2027 онд хэрэгжүүлэх Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт мэдээллийн технологийн салбар багтсанд салбарын сайдын хувиар баяртай байна. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд Temu, Taobao зэрэг хил дамнасан цахим худалдаа эрчимжсэн. Үүнтэй холбоотойгоор боомтуудын логистикийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох шаардлага тулгарч байна. Мөн Мэдээлэл холбооны сүлжээ компани БНХАУ-ын экспорт, импортын банкны хөнгөлөлттэй зээлээр алслагдсан бүс нутаг, боомтуудын шилэн кабелаар холбох ажил энэ жил эхлэхээр боллоо. Түүнчлэн Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулахаар төлөвлөж буй Шинэ Зуун мод хотын бүтээн байгуулалтын хүрээнд дата төвийг танай улстай хамтран байгуулахаар төлөвлөж байна. Газар зүйн байршил, хүн амын тархан суурьшлыг харгалзан бид бүхий л салбарт дроны үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд дроны туршилтын бүсүүдийг хамтран байгуулж, 5G технологи нэвтэрсэнтэй холбоотойгоор жолоочгүй тээвэр, дрон зэрэг технологийн дэвшлийг байгаль орчин, онцгой байдал зэрэг чухал салбаруудад хэрэглэх, цаашлаад мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэх хэрэгцээ шаардлага үүссэн. Түүнчлэн төрийн албан хаагчдыг кибер аюулгүй байдал, хиймэл оюуны чиглэлээр мэргэшүүлэх хэрэгцээ шаардлага байгааг танд хэлье. Сансрын технологийн салбарт мөн хамтын  ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна. Манай хоёр орны хувьд Стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааны маш өргөн боломж бий. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань: Монгол Улс цахим засаглалын ололт амжилтаар Ази тивд 13-т, дэлхийд 46-т бичигдэж байгаад баяр хүргэе. Бидний зүгээс цахим худалдаагаар дамжуулан ядуурлыг бууруулах сайн туршлагаа хуваалцахад бэлэн байна. Ялангуяа Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид цахим худалдаагаар Хятадын маш том зах зээлд гарах бүрэн боломжтой гэж харж байна. Тээвэр логистикийн асуудлыг хөнгөвчлөх шаардлагатай гэсэн таны байр суурьтай нэг саналтай байгаа анхаарал хандуулж байгаад талархаж байна. БНХАУ-ын тээвэр логистикийн компаниуд хүрэлцэн ирж уулзалт зохион байгуулах бүрэн боломжтой бөгөөд бидний зүгээс дэмжихэд бэлэн байна. Аж үйлдвэржилтийн суурь нь инновац тул инновацыг дэмжих нь чухал юм. Манай улсын зүгээс ч энэ чиглэлээр сайн туршлагаа хуваалцах бүрэн боломжтой. БНХАУ нь 2014 онд анх Инновацыг дэмжих зорилт дэвшүүлснээр төрийн бодлого нь хувийн хэвшилд ч мөн эергээр нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд хиймэл оюунаар тоноглосон үйлдвэрлэл маш эрчимтэй хөгжиж байна. Шинэ Зуун мод хотын бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг манай талаас анхаарч сонирхож байгаа. Сансрын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс хоёр дахь сансрын нисгэгчтэй болох асуудалд хамтран ажиллах бүрэн боломжтой, дэмжиж ажиллана. ЦХИХХ–ны сайд Э.Батшугар: Шинэ сансрын нисгэгч бэлтгэх сонирхол бидэнд бий, эмэгтэй байвал сайн байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань: Төрийн албан хаагчдыг чадавхжуулах хүрээнд 2024 онд 700 орчим албан хаагчдыг богино хугацаат сургалтад хамруулаад байна. Танай яамны зүгээс сургалтын хэрэгцээ шаардлагаа бидэнд албан шугамаар ирүүлэх бүрэн боломжтой бөгөөд хамтран ажиллах боломжтой юм. ЦХИХХ–ны сайд Э.Батшугар:  Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид Хятадын том зах зээлд гарах бүрэн боломж бий гэдэгт санал нэг байна. Тээвэр ложистикийн тал дээр анхаарч ажиллана. Сансрын технологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхэд хамтран ажиллах бүрэн боломжтой.