Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Фишинг халдлага

2021.04.28

Мэдээллийн технологийн хөгжлийн өнөө үед цахим харилцаанд цахим шуудан томоохон орон зайг эзлэхийн хэрээр цахим халдлагын бай болох байгууллага, хувь хүнийг эрсдэлд оруулах үйлдлүүд ихээр гарах болсон. Иймд байгууллага, хувь хүн бүр цахим шуудангийн аюулгүй байдлын тухай ойлголттой байж, хортой код агуулсан цахим шууданг таньж чаддаг байх нь тухайн халдлагаас үүдэх гарах аливаа эрсдэл, алдагдлыг бууруулахад чухал нөлөөтэй болоод байна. Фишинг халдлага гэдэг нь таны нууц үг болон энэ төрлийн хувийн мэдээллийг хулгайлах зорилготой бөгөөд хакерууд фишинг халдлагын тусламжтайгаар хэрэглэгчийн нэр, нууц үг, регистрийн дугаар болон бусад холбогдох мэдээллийг цуглуулж, тухайн мэдээллийг хууль бус үйлдэлд ашиглах замаар өөр төрлийн халдлагууд хийх тохиолдол их байдаг. 2004 оноос эхлэн дэлхий даяар фишинг төрлийн халдлага ихэсч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд байгууллагууд алсын зайнаас ажиллаж буйтай холбоотойгоор эрчимтэй өсөж, учруулж байгаа хохирлын хэмжээ ч тэр хэмжээгээр нэмэгдсэн талаар Computer Fraud & Security сэтгүүлийн 2020 оны 9 дүгээр сарын дугаарын “Why is phishing still successful?” өгүүлэл, Wiley хэвлэлийн газрын Internet technology letters сэтгүүлийн 2020 оны 10 дугаар сарын “COVID‐19 pandemic cybersecurity issues” өгүүлэл, IEEE Xplore-д 2021 оны 1 дүгээр сард хэвлэгдсэн “Phishing Web Page Detection Methods: URL and HTML Features Detection” өгүүлэл зэрэг олон эх сурвалжид онцолсон байна. Мөн хэрэглэгчдийн хувьд ялгаатай системүүдэд ижил нууц үг ашигладаг нь тухайн халдлагын тоо болон хор хохирол буурахгүй байгаатай шууд холбоотой хэмээн судлаачид үзжээ. Ихэнх фишинг цахим шуудан нь бидний өдөр тутам ашигладаг интернэт банк, нийгмийн сүлжээний сайтын нэр, логог ашиглан, тэдгээртэй ижил төстэй мэдээллийн агуулгатайгаар цахим шуудан илгээдэг. Цахим шуудангийн агуулга хүний анхаарал, сонирхол татах зорилготой байдгаас хэрэглэгч чухал ач холбогдолтой цахим шуудантай андуурч фишинг халдлагад өртөж хувийн мэдээллээ алдах магадлал өндөр байдаг. Бидний өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг цахим шуудангаар дамжуулж буй гол протокол нь SMTP (Simple Mail Transfer Protocol) юм. SMTP протоколоор цахим шуудан илгээхийн тулд заавал толгой мэдээлэл (header information)-тэй байх шаардлагатай. Уг мэдээлэлд тухайн цахим шуудан ямар хаяг болон серверээс ирсэн зэрэг гол утгууд агуулагдах бөгөөд бид энэхүү өгөгдөлд тулгуурлан тухайн цахим шуудан фишинг мөн эсэхийг тогтоох боломжтой юм. Зураг 1-д харуулснаар цахим шуудан sans@email.sans.org хаягаас ирсэн байна.

Зураг 1. Цахим шуудангийн толгой мэдээлэл харах

Тухайн цахим шуудангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл (толгой мэдээлэл)-д цахим шуудан илгээсэн серверийн тухай мэдээлэл тодорхой харагдана. Хэрвээ цахим шуудан илгээгчийн мэдээлэл сэжигтэй санагдсан бол virustotal.com зэрэг сайтуудыг ашиглан шалгаж үзэхээс гадна ping, whois зэрэг хэрэгслэл /tool/-ийн тусламжтайгаар илүү нягталж үзэх боломжтой юм. Цахим шуудан илгээгчийн мэдээлэл дунд “unknown” гэсэн мэдээлэл байвал хэдий тухайн хаяг нь зөв байсан ч спам эсвэл фишинг халдлага байх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл спам, фишинг цахим шууданг зарим тохиолдолд хэн нэгний өмнөөс илгээх боломжтой байдаг.

Зураг 2. Цахим шуудангийн толгойн мэдээллийн хэсэг

Жишээ нь:

Сайн байна уу. Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе.

Таны Instagram дахь хаягаар 2020 оны 4 сарын 26-ны өглөө 07:12 цагт (GMT +8) халдлага хийгдсэн байж болзошгүй үйлдэл илрч 5 удаа нэвтрэх оролдлого хийлээ. Энэ нь таны хаягт password guess, dictionary, rainbow table төрлийн халдлагууд хийгдсэн байж болзошгүй гэдгийг илтгэж байна.

Хэрвээ та тухайн үед хаягтаа хандах оролдлого хийгээгүй бол аюулгүй байдлаа хангах үүднээс ЭНД дарж нууц үгээ яаралтай сольно уу.

Таныг хүндэтгэсэн:

Instagram-ийн аюулгүй байдлын баг.

Дээрх цахим шуудангаас ихэнх хэрэглэгч “халдлага”, “instagram”, “password guess”, ”dictionary”, ”rainbow table” зэрэг өөрт ойр болон техник, технологийн үгсүүд дээр голчлон анхаарч чухал цахим шуудан хэмээн итгэж хохирогч болох магадлалтай байдаг.

Фишинг цахим шууданд дараах агуулгууд ихэвчлэн байдаг тул түүнийг танихад ашиглаж болно. Үүнд:

  • Нууц холбоос: Жишээ нь дээрх цахим шууданд холбоосыг ЭНД гэж нууцалсан байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын мэдлэггүй хэрэглэгчид тухайн холбоос дээр дарж өөрийн мэдээллээ хакеруудад алдах боломж бүрдүүлдэг.
  • Нууц үгээ, нууц кодоо солихыг шаардсан шинж, агуулгатай цахим шуудан ихэвчлэн фишинг төрлийн халдлага байх магадлалтай. Жишээ нь дээрх цахим шууданд та халдлагад өртсөн байж болзошгүй тул ЯАРАЛТАЙ НУУЦ ҮГЭЭ СОЛЬ гэсэн байдлаар шаардаж буй юм. Мөн сугалаанд хожсон тул та яаралтай холбогдох мэдээллээ оруулна уу гэх зэрэг оролдлого нь фишинг халдлагын ангилалд орно.
  • Монгол улсын иргэн биш бол ихэнх тохиолдолд халдлага үйлдэгч нь логикийн алдаатай, үгийн алдаатай, бичиглэлийн, найруулгын алдаатай байдлаар бичдэг. Жишээ нь дээрх цахим шууданд “сольно”, “илрч” зэргээр алдаатай бичжээ.
  • Дуурайлган хийсэн, ижил төстэй домэйн бүхий вэб сайт ашиглах замаар фишинг халдлага хийгддэг. Жишээ нь Монгол улсын иргэдийн хувьд ихэнх нь Google-ийн цахим шуудангийн хаяг ашигладаг. Тэгвэл халдагч этгээд gmai1.com зэрэг хаяг ашиглан ижилхэн харагдах вэб байршуулах замаар олон тооны хэрэглэгчийг хамарсан халдлага хийдэг.

ЦАХИМ ШУУДАНГААР ФИШИНГ ХАЛДЛАГА ХИЙЖ БУЙ ЭСЭХИЙГ МЭДЭХ АРГА:

  • Нууц холбоос агуулсан цахим шуудангийн холбоосын аюулгүй байдлыг шалгахдаа virustotal.com сайтыг ашиглаж, https://www.youtube.com/watch?v=n916FbMdyk0 энэ бичлэгийн дагуу шалгаж болох юм.
  • Нууц үг болон бусад нууцлалтай холбоотой мэдээлэл солих агуулга бүхий цахим шуудан ирсэн тохиолдолд вэб сайт, холбоост хандахаас өмнө тухайн хаяг болон холбоосыг нягтлаарай. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандан тодруулж болно.
  • Цахим шуудангийн агуулга, найруулга, үг үсгийн алдаа зэргийг сайтар нягталж унших хэрэгтэй. Мөн цахим шуудангийн Signature хэсгийг сайн харах хэрэгтэй. Дээрх цахим шууданд зөвхөн “Instagram-ийн аюулгүй байдлын баг” гэсэн signature ашигласан байгаа нь албан бус болох магадлалтайг илтгэж байна. Бид албаны цахим шуудангийн signature хэсэгт тухайн хүн, байгууллагатай холбоо барих мэдээллийг оруулдаг гэдгийг санах хэрэгтэй.
  • Цахим шуудангаар ирсэн холбоос дээр яаран дарахгүйгээр хайлтын системээс тухайн байгууллагын албан ёсны хаягийг цахим шуудангаар ирсэн хаягтай харьцуулж үзээрэй.

Байгууллагын хувьд фишинг цахим шуудантай тэмцэж түүний хохирлыг бууруулах үндэс нь байгууллагын бүх ажилчдын түвшинд болон бусад харилцагч байгууллагуудын түвшинд фишинг халдлагын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын хүрээнд ёс зүйт фишинг халдлага хийх (Phish drill exercise) замаар халдлагад өртөх магадлалтай бүлгийг тогтоох, тухайн бүлэгт тусгайлан сургалт явуулж, эрсдэлийг бууруулж болно. Технологийн хувьд спам цахим шуудангаас хамгаалах, whitelisting үүсгэх зэрэг шийдлүүдийг ашиглаж болно. Мөн фишинг халдлага нь DNS, вэб хөтөч болон бусад протоколуудад халдах замаар улам ухаалаг болж буйг тооцоолох нь чухал юм.

Фишинг халдлагад өртөх магадлал өндөр салбар болон хэрэглэгчдийн бүлгийг APWG- аас / APWG report / дараах байдлаар тодорхойлжээ.  Үүнд:

  • Онлайн тоглоом тоглогчид
  • Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид, тэдний үйлчлүүлэгчид
  • Сошиал сүлжээ идэвхтэй хэрэглэгчид

Мөн уншигч та фишинг халдлагыг таньж чадах буй эсэхээ Google-ээс гаргасан дараах тестээр шалгаж үзээрэй. Холбоос https://phishingquiz.withgoogle.com/

Танд Зураг 3-т үзүүлсэн цонх гарч ирэх бөгөөд 1 дугаартай мөрөнд буй зааврыг уншиж 2 дугаартай хэсэгт буй цахим шуудантай ажиллан Фишинг эсвэл Албан ёсны цахим шуудан гэдгийг таних бөгөөд 3 дугаартай мөрөнд байх хэсгээс өөрийн хариуг сонгох юм.

Зураг 3. Фишинг цахим шуудан таних тест

 

Other news

“Ekids” шийдэл ашиглалтад орлоо

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эсрэг үүссэн эрсдэлт нөхцөл байдлуудаас сургамж авч, цаашид энэ байдал давтагдахгүй, даамжрахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан хамтран ажиллаж байна. Технологи хүүхдэд ээлтэй байх ёстой. Энэ ч үүднээс өнгөрөгч долоо хоногт хүүхэд хамгааллын чиглэлд “Ekids” шийдлийг бүтээж, эцэг эхчүүдэд үр хүүхдээ хянах, хөдөлгөөн, байршлыг нь тодорхойлох, яаралтай үед SOS дуудлага дохио илгээх, мэдээлэл солилцох, хүүхэд хамгааллын чиглэлд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл түгээх боломж бүрдүүлэхийг “И-Монгол” академид үүрэг болгосон. Мөн үүрэн холбооны оператор компаниуд буюу Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Ондо компаниудад хандаж “E-Mongolia” болон “Ekids”-д нэвтрэхэд дата огт шаардахгүйгээр бүх хэрэглэгч ашиглах боломж олгохыг уриалсан билээ. Энэ санаачилгууд биеллээ олж хүүхэд хамгааллын “Ekids” шийдэл өнөөдрөөс ашиглалтад орж байна. E-Mongolia-д Ekids цэс нэмэгдэж байна. Мөн зөвхөн хүүхэд хамгааллын “Ekids” шийдэл төдийгүй 1.6 сая хэрэглэгчтэй төрийн мэдээлэл солилцооны E-Mongolia апп-г дата шаардахгүй, үнэ төлбөргүй хэрэглэх боломжийг үүрэн холбооны оператор компаниуд хамтран олгож байна. Энэ хүрээнд Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Ондо компанийн удирдлагууд болон миний бие нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хамгаалах төрийн үйлчилгээг сайжруулах, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор хамтарч ажиллахаар тохиролцлоо. Урьд нь “E-Mongolia” платформоор зөвхөн насанд хүрэгчид үйлчлүүлэх боломжтой байсан бол одоо “Ekids” шийдлийн хүрээнд 0-16 насны хүүхэд нэвтрэх боломжтой боллоо. Тус платформын нэвтрэх нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” цонх нэмэгдсэн. Тэрхүү цонхоор дамжин хүүхэд регистрийн дугаараа оруулахад гарч ирэх QR кодыг эцэг эхийнх нь аль нэг нь өөрийн бүртгэлээр E-Mongolia-д нэвтрэн уншуулах юм. Ингэснээр хүүхдүүд сургуульдаа ирсэн, гэртээ харьсан үедээ ээж аавдаа мэдэгдэл явуулах боломжтой төдийгүй өөрийн байгаа газрынхаа 3 үгт хаягийг илгээх боломжтой болж байна. Мөн цахим орчны хүүхэд хамгаалал, яаралтай тусламж авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг заавар зөвлөгөө байршсан Ekids цэсийг нэмэлтээр хөгжүүлсэн. Хэрэв гэнэтийн болзошгүй аюул учрахад яаралтай тусламжийн 102, 103, 108 утаснуудад шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэл илгээх боломж бүрдлээ. Ekids цэсээр дамжуулан хүүхэд гадуурхалт, цахим дарамт зэрэг гэмт үйлдлүүдийн мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэх боломжтой юм.

Эмнэлгийн магадалгааг цахимаар авах заавар

ҮЙЛ ЯВДАЛ Эмнэлгийн магадалгааг цахимаар авах заавар 2021.11.11 Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэд эмнэлгийн магадалгааг “e-Mongolia” системээс цахимаар авах боломжтой болсон. Энэ ч үүднээс төв шууданд байрлах “e-Mongolia” төвд иргэд маш ихээр хандаж, эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа хэрхэн авах заавар, зөвлөгөөг авч байна. Иймээс эмнэлгийн магадалгааг цахимаар хэрхэн авах зааврыг хүргэж байна. Хэрвээ та эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа авах бол: Та “e-Mongolia” гар утасны апп руугаа пин код ашиглан нэвтэрнэ. Хэрвээ та e-Mongolia-д бүртгэлгүй бол эхний ээлжид системд бүртгүүлэн, нэг удаагийн код эсвэл интернет банкны эрхээр нэвтэрч, пин кодоо үүсгэнэ. Ингэснээр та цаашид “e-Mongolia” руу хялбар нэвтрэх боломжтой. “e-Mongolia” апп руу нэвтрэн орсны дараагаар та ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгоно. ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгосны дараа АНГИЛАЛ гэсэн дэд цэс рүү орж, ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэсийг сонгоно. ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэс дээр дармагц ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА гэсэн үйлчилгээг сонгоно. Анхааруулахад, 16 нас хүрээгүй хүүхдүүд “e-Mongolia” системд бүртгүүлэх боломжгүй тул харьяа дүүрэг, өрхийн эмнэлэгтээ хандаж, эмнэлгийн магадлагаа, вакцины гэрчилгээгээ авна Харин суурин компьютероос эмнэлгийн магадалгааг авах бол: e-mongolia.mn сайт руу нэвтрэн орох Үйлчилгээ гэсэн цэсийг сонгоно Эрүүл мэндийн гэсэн дэд цэсийг сонгож, Эмнэлгийн магадалгаагаа цахимаар авах боломжтой. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Монгол Улсын нийт нутгаар усархаг аадар бороо орж, борооны улмаас уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул иргэд та бүхэндээ сэрэмжлүүлж, дараах зөвлөмжийг хүргэж байна. Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах; Орон сууцны хорооллын граж, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах; Ил болон гэмтсэн цахилгааны утаснаас болгоомжлох; Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих; Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж, сонор сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглох, хонохгүй байх; Голын эрэг дагуу суурьшсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд сонор сэрэмжтэй байж, үер, усны болзошгүй гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх. ИРГЭД ТА БҮХЭН ҮЕР УСНЫ ГЭНЭТИЙН, БОЛЗОШГҮЙ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА!