Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Фишинг халдлага

2021.04.28

Мэдээллийн технологийн хөгжлийн өнөө үед цахим харилцаанд цахим шуудан томоохон орон зайг эзлэхийн хэрээр цахим халдлагын бай болох байгууллага, хувь хүнийг эрсдэлд оруулах үйлдлүүд ихээр гарах болсон. Иймд байгууллага, хувь хүн бүр цахим шуудангийн аюулгүй байдлын тухай ойлголттой байж, хортой код агуулсан цахим шууданг таньж чаддаг байх нь тухайн халдлагаас үүдэх гарах аливаа эрсдэл, алдагдлыг бууруулахад чухал нөлөөтэй болоод байна. Фишинг халдлага гэдэг нь таны нууц үг болон энэ төрлийн хувийн мэдээллийг хулгайлах зорилготой бөгөөд хакерууд фишинг халдлагын тусламжтайгаар хэрэглэгчийн нэр, нууц үг, регистрийн дугаар болон бусад холбогдох мэдээллийг цуглуулж, тухайн мэдээллийг хууль бус үйлдэлд ашиглах замаар өөр төрлийн халдлагууд хийх тохиолдол их байдаг. 2004 оноос эхлэн дэлхий даяар фишинг төрлийн халдлага ихэсч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд байгууллагууд алсын зайнаас ажиллаж буйтай холбоотойгоор эрчимтэй өсөж, учруулж байгаа хохирлын хэмжээ ч тэр хэмжээгээр нэмэгдсэн талаар Computer Fraud & Security сэтгүүлийн 2020 оны 9 дүгээр сарын дугаарын “Why is phishing still successful?” өгүүлэл, Wiley хэвлэлийн газрын Internet technology letters сэтгүүлийн 2020 оны 10 дугаар сарын “COVID‐19 pandemic cybersecurity issues” өгүүлэл, IEEE Xplore-д 2021 оны 1 дүгээр сард хэвлэгдсэн “Phishing Web Page Detection Methods: URL and HTML Features Detection” өгүүлэл зэрэг олон эх сурвалжид онцолсон байна. Мөн хэрэглэгчдийн хувьд ялгаатай системүүдэд ижил нууц үг ашигладаг нь тухайн халдлагын тоо болон хор хохирол буурахгүй байгаатай шууд холбоотой хэмээн судлаачид үзжээ. Ихэнх фишинг цахим шуудан нь бидний өдөр тутам ашигладаг интернэт банк, нийгмийн сүлжээний сайтын нэр, логог ашиглан, тэдгээртэй ижил төстэй мэдээллийн агуулгатайгаар цахим шуудан илгээдэг. Цахим шуудангийн агуулга хүний анхаарал, сонирхол татах зорилготой байдгаас хэрэглэгч чухал ач холбогдолтой цахим шуудантай андуурч фишинг халдлагад өртөж хувийн мэдээллээ алдах магадлал өндөр байдаг. Бидний өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг цахим шуудангаар дамжуулж буй гол протокол нь SMTP (Simple Mail Transfer Protocol) юм. SMTP протоколоор цахим шуудан илгээхийн тулд заавал толгой мэдээлэл (header information)-тэй байх шаардлагатай. Уг мэдээлэлд тухайн цахим шуудан ямар хаяг болон серверээс ирсэн зэрэг гол утгууд агуулагдах бөгөөд бид энэхүү өгөгдөлд тулгуурлан тухайн цахим шуудан фишинг мөн эсэхийг тогтоох боломжтой юм. Зураг 1-д харуулснаар цахим шуудан sans@email.sans.org хаягаас ирсэн байна.

Зураг 1. Цахим шуудангийн толгой мэдээлэл харах

Тухайн цахим шуудангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл (толгой мэдээлэл)-д цахим шуудан илгээсэн серверийн тухай мэдээлэл тодорхой харагдана. Хэрвээ цахим шуудан илгээгчийн мэдээлэл сэжигтэй санагдсан бол virustotal.com зэрэг сайтуудыг ашиглан шалгаж үзэхээс гадна ping, whois зэрэг хэрэгслэл /tool/-ийн тусламжтайгаар илүү нягталж үзэх боломжтой юм. Цахим шуудан илгээгчийн мэдээлэл дунд “unknown” гэсэн мэдээлэл байвал хэдий тухайн хаяг нь зөв байсан ч спам эсвэл фишинг халдлага байх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл спам, фишинг цахим шууданг зарим тохиолдолд хэн нэгний өмнөөс илгээх боломжтой байдаг.

Зураг 2. Цахим шуудангийн толгойн мэдээллийн хэсэг

Жишээ нь:

Сайн байна уу. Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе.

Таны Instagram дахь хаягаар 2020 оны 4 сарын 26-ны өглөө 07:12 цагт (GMT +8) халдлага хийгдсэн байж болзошгүй үйлдэл илрч 5 удаа нэвтрэх оролдлого хийлээ. Энэ нь таны хаягт password guess, dictionary, rainbow table төрлийн халдлагууд хийгдсэн байж болзошгүй гэдгийг илтгэж байна.

Хэрвээ та тухайн үед хаягтаа хандах оролдлого хийгээгүй бол аюулгүй байдлаа хангах үүднээс ЭНД дарж нууц үгээ яаралтай сольно уу.

Таныг хүндэтгэсэн:

Instagram-ийн аюулгүй байдлын баг.

Дээрх цахим шуудангаас ихэнх хэрэглэгч “халдлага”, “instagram”, “password guess”, ”dictionary”, ”rainbow table” зэрэг өөрт ойр болон техник, технологийн үгсүүд дээр голчлон анхаарч чухал цахим шуудан хэмээн итгэж хохирогч болох магадлалтай байдаг.

Фишинг цахим шууданд дараах агуулгууд ихэвчлэн байдаг тул түүнийг танихад ашиглаж болно. Үүнд:

  • Нууц холбоос: Жишээ нь дээрх цахим шууданд холбоосыг ЭНД гэж нууцалсан байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын мэдлэггүй хэрэглэгчид тухайн холбоос дээр дарж өөрийн мэдээллээ хакеруудад алдах боломж бүрдүүлдэг.
  • Нууц үгээ, нууц кодоо солихыг шаардсан шинж, агуулгатай цахим шуудан ихэвчлэн фишинг төрлийн халдлага байх магадлалтай. Жишээ нь дээрх цахим шууданд та халдлагад өртсөн байж болзошгүй тул ЯАРАЛТАЙ НУУЦ ҮГЭЭ СОЛЬ гэсэн байдлаар шаардаж буй юм. Мөн сугалаанд хожсон тул та яаралтай холбогдох мэдээллээ оруулна уу гэх зэрэг оролдлого нь фишинг халдлагын ангилалд орно.
  • Монгол улсын иргэн биш бол ихэнх тохиолдолд халдлага үйлдэгч нь логикийн алдаатай, үгийн алдаатай, бичиглэлийн, найруулгын алдаатай байдлаар бичдэг. Жишээ нь дээрх цахим шууданд “сольно”, “илрч” зэргээр алдаатай бичжээ.
  • Дуурайлган хийсэн, ижил төстэй домэйн бүхий вэб сайт ашиглах замаар фишинг халдлага хийгддэг. Жишээ нь Монгол улсын иргэдийн хувьд ихэнх нь Google-ийн цахим шуудангийн хаяг ашигладаг. Тэгвэл халдагч этгээд gmai1.com зэрэг хаяг ашиглан ижилхэн харагдах вэб байршуулах замаар олон тооны хэрэглэгчийг хамарсан халдлага хийдэг.

ЦАХИМ ШУУДАНГААР ФИШИНГ ХАЛДЛАГА ХИЙЖ БУЙ ЭСЭХИЙГ МЭДЭХ АРГА:

  • Нууц холбоос агуулсан цахим шуудангийн холбоосын аюулгүй байдлыг шалгахдаа virustotal.com сайтыг ашиглаж, https://www.youtube.com/watch?v=n916FbMdyk0 энэ бичлэгийн дагуу шалгаж болох юм.
  • Нууц үг болон бусад нууцлалтай холбоотой мэдээлэл солих агуулга бүхий цахим шуудан ирсэн тохиолдолд вэб сайт, холбоост хандахаас өмнө тухайн хаяг болон холбоосыг нягтлаарай. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандан тодруулж болно.
  • Цахим шуудангийн агуулга, найруулга, үг үсгийн алдаа зэргийг сайтар нягталж унших хэрэгтэй. Мөн цахим шуудангийн Signature хэсгийг сайн харах хэрэгтэй. Дээрх цахим шууданд зөвхөн “Instagram-ийн аюулгүй байдлын баг” гэсэн signature ашигласан байгаа нь албан бус болох магадлалтайг илтгэж байна. Бид албаны цахим шуудангийн signature хэсэгт тухайн хүн, байгууллагатай холбоо барих мэдээллийг оруулдаг гэдгийг санах хэрэгтэй.
  • Цахим шуудангаар ирсэн холбоос дээр яаран дарахгүйгээр хайлтын системээс тухайн байгууллагын албан ёсны хаягийг цахим шуудангаар ирсэн хаягтай харьцуулж үзээрэй.

Байгууллагын хувьд фишинг цахим шуудантай тэмцэж түүний хохирлыг бууруулах үндэс нь байгууллагын бүх ажилчдын түвшинд болон бусад харилцагч байгууллагуудын түвшинд фишинг халдлагын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын хүрээнд ёс зүйт фишинг халдлага хийх (Phish drill exercise) замаар халдлагад өртөх магадлалтай бүлгийг тогтоох, тухайн бүлэгт тусгайлан сургалт явуулж, эрсдэлийг бууруулж болно. Технологийн хувьд спам цахим шуудангаас хамгаалах, whitelisting үүсгэх зэрэг шийдлүүдийг ашиглаж болно. Мөн фишинг халдлага нь DNS, вэб хөтөч болон бусад протоколуудад халдах замаар улам ухаалаг болж буйг тооцоолох нь чухал юм.

Фишинг халдлагад өртөх магадлал өндөр салбар болон хэрэглэгчдийн бүлгийг APWG- аас / APWG report / дараах байдлаар тодорхойлжээ.  Үүнд:

  • Онлайн тоглоом тоглогчид
  • Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид, тэдний үйлчлүүлэгчид
  • Сошиал сүлжээ идэвхтэй хэрэглэгчид

Мөн уншигч та фишинг халдлагыг таньж чадах буй эсэхээ Google-ээс гаргасан дараах тестээр шалгаж үзээрэй. Холбоос https://phishingquiz.withgoogle.com/

Танд Зураг 3-т үзүүлсэн цонх гарч ирэх бөгөөд 1 дугаартай мөрөнд буй зааврыг уншиж 2 дугаартай хэсэгт буй цахим шуудантай ажиллан Фишинг эсвэл Албан ёсны цахим шуудан гэдгийг таних бөгөөд 3 дугаартай мөрөнд байх хэсгээс өөрийн хариуг сонгох юм.

Зураг 3. Фишинг цахим шуудан таних тест

 

Бусад мэдээ

Ц.Баатархүү: Ахмадуудынхаа арвин туршлага, оюун мэдлэгийг боловсрол, хөдөлмөрийн зах зээлд шингээнэ

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан салбар болон харьяа байгууллагын ахмад,  Холбооны сайд, орлогч сайдаар ажиллаж байсан буурлуудад хүндэтгэл үзүүллээ. Хамтарсан Засгийн газар бүрэлдсэн энэ үед яамны бодлогыг танилцуулж, урт хугацааны хөгжлийн зорилтын талаарх яриа өрнүүлж, ахмадуудаас үнэтэй сургамж сонсов. Тэрбээр “Салбарыг амжилттай усалж, хүчээ өгч, оюун санаагаа чилээж буй эрхэм азай буурлууд ахмадууддаа баярын мэнд хүргэе. Мөн УИХ-ын намрын чуулган эхэлсэн ажил хэрэгч өдрийн мэнд дэвшүүлье. Харилцаа холбоо нь Монгол Улсын хөгжлийн гол тулгуур, инновацийг хөгжүүлэх, эдийн засгийн шинэ хөгжлийг жолоодож, жигүүрлэж буй салбар. Анх удаа УИХ 126 гишүүнтэй болж, төр улсын түүхэнд гурван намын төлөөлөл засаг байгуулж, гар нийлэн ажиллахаар зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь инновацийн төсөл юм. Улс орны эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, шинэ эдийн засгийн суурийг бэхжүүлэхэд тус салбар чухал нөлөөтэй. Харилцаа холбооны салбарын ахмад ажилчдын олон жилийн хичээл зүтгэлийн дүнд Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 46-р байрт орлоо. Анх удаа тус индексээр эхний 50 байрт орлоо. Та бүхний хариуцаж байсан салбар өнөөдөр Монгол Улсын хөгжлийн хурдасгуур болж, бусад салбараа түүчээлж байна. Энэ бол та бүхний гавьяа. Ахмадуудынхаа арвин туршлага, оюун санааг боловсрол, хөдөлмөрийн зах зээлд шингээхийн тулд зөвлөл байгуулахаар зорьж байна. Засгийн газартай хамтран ажиллах, зөвлөх ахмадуудад нээлттэй. Та бүхнийг оюун ухаанаа зориулж, улсын хөгжилд гар бие оролцохыг урьж байна. Нийлээд салбарынхаа хөгжил, ирээдүйн төлөө зүтгэе” хэмээн ярилаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологи нь өнөөдөр эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг бүхий л салбарын хөгжлийн хурдасгуур болж хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Дэлхийн банктай хамтран “Ухаалаг Засаг – 2” төслийн хүрээнд ахмадуудын цахим ур чадварыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ахмадуудын цахим ур чадварыг сайжруулсанаар тэд төрийн цахим үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломж нь бүрдэх юм.

Цахимд_хэвшье_Дархан_Уул_Экспо

Экспо: “Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Дархан-Уул аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Монголын цахилгаан холбоо ХК, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Мобиком, Скайтел, Юнител, Жи Мобайл, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудын хамтарсан мэдээллийн технологийн нэгдсэн экспо зохион байгуулагдаж, технологийн компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим шийдлийг таниулан сурталчиллаа. Мөн Дархан-Уул аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгч, үйлчилгээний байгууллагуудад төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудаас хамтарсан уулзалт зохион байгуулж, байгууллагууд үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо.

Монголд дроны үйлдвэр байгуулна

“Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”, “БНСУ-ын дрон хөгжүүлэгчдийн холбоо” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс Монгол Улсад дронтой холбоотой хууль, эрх зүйн орчныг бий болгох, дроны технологи, ноу-хауг харилцан солилцоход бодлогын түвшинд дэмжиж ажиллана. Ц.Баатархүү сайд “Монгол Улсад шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нутагшуулах зайлшгүй хэрэгцээ бий. Тэр дундаа, Засгийн газраас дрон хөгжүүлэх чиглэлд анхаарч, дроны тусгай бүс байгуулахаар болсон. Энэ чиглэлээр гурван ажлыг хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, дроны хуулийг УИХ-ын хаврын чуулганаар батлуулах, хоёрдугаарт, дрон нисгэх оператор бэлтгэх, сургах, гуравдугаарт, хөдөө аж ахуй, байгаль хамгаалах, хүргэлтийн чиглэлд дрон нэвтрүүлэхээр зорьж байна. Өнөөдөр байгуулсан санамж бичиг нь технологийн салбарт шинэ түүхийн хуудсыг эхлүүллээ” гэдгийг онцлов. БНСУ-ЫН ТЕХНОЛОГИОР МОНГОЛД ДРОН ҮЙЛДВЭРЛЭНЭ Мөн “Блью скай дрон” болон “Сандори дрон” компаниуд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Монгол Улсад дрон үйлдвэрлэх, хөгжүүлэхэд БНСУ-ын технологийг нэвтрүүлэх юм. “Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”-ны УЗ-ийн дарга Б.Мөнхболор “Ирэх хавраас Монголын нөхцөлд тохирсон 5 төрлийн дрон үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, байгаль орчин, хөдөө аж ахуй, алсын зайн, сургалт, онцгой байдлын дрон үйлдвэрлэнэ. БНСУ-ын технологийн ноу-хауг нэвтрүүлж, -25-35 хэмд ажиллах 20-30 кг даацтай дроныг үйлдвэрлэхээр төлөвлөсөн” гэдгийг дурдав. БНСУ-ын GCNC-ийн захирал Хонг Юн Гын “Хамгийн түрүүнд дроны эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Энэ чиглэлд өөрсдийн туршлагаа хуваалцахад бэлэн байна. Мөн дроны оператор бэлдэх, сургалт зохион байгуулахад хамтран ажиллана. Цаашлаад дрон үйлдвэрлэхэд технологийн шийдлүүдээ хуваалцана” гэдгээ дурдлаа. БНСУ нь 2023 оноос хүргэлтэд дрон нэвтрүүлж, 2.3 км зайд 7 минутад хүргэлт хийж байна. Тус улсаас дроны стратегийн 4 бодлогыг хэрэгжүүлж, дроны хүргэлтийн стратегийг өргөн хүрээнд хэрэгжүүлж байна. Түүнчлэн алслагдсан бүсэд усны түвшин нэмэгдсэн тохиолдолд 5 кг ачааг хүргэдэг. Ингэхдээ хот доторх зам, маршрутыг тогтоож, нарийвчилж өгчээ.  Хөдөө аж ахуйн салбарт 2 га газарт 28 минутад хор цацах үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ мэтээр орчин үед дроныг тоглоомоос илүүтэй мэргэжлийн түвшинд ашиглаж байна.