Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

2021.04.02

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Other news

Мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчдыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж ажиллалаа

Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын (ахлах) байцаагчдыг цахим хөгжил, харилцаа холбооны салбарын бодлого, чиглэл, хууль эрх зүй, мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах зорилгоор нэгдсэн арга хэмжээг  2023 оны 03 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Арга хэмжээг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Энэхүү арга  хэмжээг мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчдын төрийн албан хаагчийн шударга байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дээшлүүлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор зохион байгуулж байна. Хяналт шалгалтын арга хэлбэрийг илүү боловсронгуй болгох, хяналт шалгалтаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учруулж буй бэрхшээл, хүндрэлийг хөнгөвчлөх, шалгаж торгохоос илүү зөвлөн тусалж, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, аливаа аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулан иргэд, аж ахуйн нэгжүүдийн талархлыг хүлээсэн шинэчлэлт, өөрчлөлтийг хийж ажиллахыг улсын байцаагчдад чиглэл болгож, амжилт хүслээ. Уг арга хэмжээний хүрээнд “Сэтгэлгээний шинэлэг арга хэрэгслүүдийг төрийн бодлогод ашиглах нь”, “Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын болон хяналт, шалгалтын бодлого, чиглэл” гэсэн 2 үндсэн бүлэг сэдвээр сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж, энэ хүрээнд оролцогч байгууллагууд болох Монгол Улсын Их Сургууль, Нийслэлийн прокурорын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, төслийн зөвлөхүүд илтгэл танилцуулга хийж, мэдээлэл солилцон, салбарт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар  хэлэлцүүлэг өрнүүллээ.

ЖДҮ-ийн экспортыг нэмэгдүүлэхэд БНХАУ-тай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр /2025.03.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хоёр улсын шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцов. Тодруулбал, Ц.Баатархүү сайд БНХАУ нь шинжлэх ухаан, мэдээллийн технологийн чиглэлд санаачилгатай, хиймэл оюуны салбарт хамгийн бага зардлаар илүү их бүтээмжийг бий болгож байгаагийн зэрэгцээ дэлхийн тавцад шинэ санаа, патентыг хамгийн олноор нь эзэмшиж, хүчирхэг улс болж буйд баяр хүргэв.  Үүний зэрэгцээ, цахим худалдааны талбарт Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Alibaba-гаар дамжуулан экспортлох ажлыг эрчимжүүлж, энэ гуравдугаар сардаа багтаан хоёр талын цахим уулзалтыг зохион байгуулах асуудлыг онцлов.  Мөн Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд Төв аймгийн Зуунмод хотыг шинэчилж, “Хүннү” хот болгон, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн парк байгуулахаар төлөвлөж буйг хатагтай Элчин сайдад дуулгаж, БНХАУ-тай энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан Ц.Баатархүү сайдын саналыг нааштай хүлээн авч, цахим худалдааны салбарт хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр санал нэгдэв.  Үүний зэрэгцээ хоёр улсын шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, харилцан ашигтай хамтдаа хожсон амжилтыг үзүүлж, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. 

Япон улсын Токио, Осакa хотуудад оршин сууж буй Монгол иргэд төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээс авах боломж бүрдлээ

Япон улсад Монгол улсаас 17 мянга орчим иргэд оршин сууж байна. Эдгээр иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, төрийн үйлчилгээг авахтай холбоотой аливаа саад бэрхшээлийг арилгах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Токио хотод байрлах элчин сайдын яаманд, Осака хот дахь ерөнхий консулын байранд тус тус “Хурдан”төрийн үйлчилгээний цэгийг нээлээ. Ингэснээр Хилийн чанадад 5 улсад 9 цэгт, Улаанбаатар хотод 43 цэгт, Орон нутагт 55 цэгт төрийн үйлчилгээг операторын горимоор хүргэх “Хурдан” цэгүүд байгуулагдаад байна. Иргэн та Монгол улсад болон хилийн чанадад өөрт ойр байрлах “Хурдан” цэгээс төрийн 94 төрлийн лaвлагаа тодорхойлолт, 55 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 291 төрлийн олон шатлалт үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй авах боломжтой юм.