Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

2021.04.02

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Монгол Улсад нам орбитын аль ч үйлчилгээ эрхлэгч компани бизнес эрхлэх боломж бүрдсэн

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсад нам орбитын аль ч үйлчилгээ эрхлэгч компани бизнес эрхлэх боломж бүрдсэн 2022.11.30 ЦХХХЯ-ны харилцааны холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай ярилцлаа. Нам орбит гэж юу вэ? Нам орбитын тухай бидэнд товч тайлбарлаж өгөөч? Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ гэхээр хүмүүс төдийлөн нарийн ялгаж ойлгох нь бага. Юуны өмнө уг ойлголтыг тайлбарлая. Манай дэлхийг тойрсон хиймэл дагуулын 3 тойрог зам (oрбит) байдаг бөгөөд түүний хамгийн наана буюу дэлхийгээс 550 орчим км-ийн зайнд орших тойрог замыг “нам орбит” (LEO) гэж нэрлэдэг. Саяхныг хүртэл ихэнх улс орнууд дэлхийн хамгийн алс буюу 35,000 км зайд орших (GEO) орбит дээр хиймэл дагуулуудаа байршуулж байсан бөгөөд энэ нь тодорхой шалтгаантай байсан. Учир нь наана орших нам орбитыг ашиглахын тулд маш олон тооны хиймэл дагуул байршуулах шаардлага гарч, энэ нь хөөргөлтийн зардал өндөр, хиймэл дагуулын амьдрах хугацаа бага гэх зэрэг шалтгааны улмаас бодит ажил болоход хүндрэлтэй байлаа. Үүнийг “SpaceX” компани шийдвэрлэснээр нам орбитын орчныг шинэ өрсөлдөөний талбар болгож чадсан юм. Тэд хиймэл дагуулд масс үйлдвэрлэлийг нэвтрүүлж, өөрийн сансрын хөлгөөр харьцангуй бага зардлаар хөөргөж, дэлхийг бүрхэх сүлжээ үүсгэх эхлэлийг тавьсан нь энэ салбарын бусад тоглогчдыг сэрээсэн гэхэд болно. Монгол улсад нам орбитын талбарт “Старлинк” компанийн нэр их яригддаг. Бид энэ салбарын бусад тоглогчдын тухай төдийлөн мэдээлэлгүй байна. Манай оронд нам орбитын интернэтийн үйлчилгээ нэвтэрснээр ямар боломж бий болох вэ? Энэ салбарт дэлхий нийтээрээ Старлинк компанийг хамгийн сайн мэддэг ч ижил төстэй үйл ажиллагааг явуулж буй компаниуд жилээс жилд нэмэгдсээр байна. Үүнд Oneweb, Amazon, Kepler, Telesat, GalaxySpace, GlobalStar, Inmarsat, Iridium, LynkGlobal зэрэг тоглогчид байгаа ба манай улсын Ondosat компани ч энэхүү томоохон зах зээл рүү орохоор ажлаа эхлүүлээд байна. МУ-д нам орбитын үйлчилгээ эрхлэгч орж ирснээр өргөн уудам газар нутагтаа хүн ам нь тархан суурьшсан онцлогтой орны хувьд алслагдсан бүс нутгийн иргэдэд интернэтийн үйлчилгээг хүргэх давуу тал үүснэ. Хэдийгээр бид 328 сум сууринг шилэн кабелийн сүлжээнд холбосон ч 4G үйлчилгээ нэвтрээгүй багууд байсаар байна. 400 орчим алслагдсан баг сүлжээнд холбогдож амжаагүй байгаа. Уг асуудал дээрх технологиор шийдэгдэх боломжтой ч бодит байдал дээр энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдийн үнэ тариф хэт өндөр байна. Жишээ нь Старлинк компанийн интернэт үйлчилгээний одоогийн үнэ тариф хэт өндөр байна. Энгийн тооцоо хийж үзэхэд малчин айл 2 сая орчим төгрөгөөр интернэт хүлээн авах төхөөрөмж худалдан аваад үүний дараа сар бүр ойролцоогоор 380.000 төгрөгийн хэрэглээний төлбөрт төлөх шаардлага үүсэх юм. Ирээдүйд чөлөөт өрсөлдөөний зарчмаар энэ үнэ буурах боломжтой гэж харж байна. Тиймээс Цахим хөгжил харилцаа холбооны яам энэ талбарт зах зээлийн өрсөлдөөнийг дэмжинэ. ОУ-д энэ зах зээлд өрсөлдөөн ямар түвшинд байдаг вэ? Манай улс бодлогоор хэрхэн дэмжиж байгаа вэ? Одоогоор дэлхийн хиймэл дагуулын бүтээгдэхүүн үйлчилгээний нийт зах зээлийн багтаамж 380 тэрбум ам.доллар байгаа ба 2040 он гэхэд 1,2 их наяд доллар болж өсөх төлөвтэй байгаа нь энэ зах зээлд асар их боломж буйг харуулж байна. Сүүлийн жилүүдэд улс орнууд энэхүү нам орбитын үйлчилгээ эрхлэгчдэд зориулж бодлого, эрхзүйн орчноо тодорхой болгох чиглэлийн ажлуудыг хийсээр байна. Манай улсын хувьд ч 2022 оноос эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан.  Энэхүү бодлого батлагдсаны дараа 5 дугаар сарын 13-ны өдөр Starlink компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг. Үүний дараа 2022 оны 9 сард тус яамны удирдлагууд Старлинк компанийн удирдлагуудтай уулзалт хийж, Монгол Улсын эрхзүйн орчин, бодлогын баримт бичгийн талаар танилцуулж, Монгол Улс Старлинк компанийн үйлчилгээг нэвтрүүлэхэд хэзээд нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Монгол Улсад интернэтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг бөгөөд Старлинк компанийн хувьд одоогоор тус газарт албан ёсоор хүсэлтээ хараахан ирүүлээгүй байна. Нам орбитын бодлогын баримт бичгийг батлахдаа ямар зарчим баримталсан бэ? Дэлхий нийтэд харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ, интернэтийн бөөний урсгал, интернэтийн жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь тус тусдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байдаг ба манай улсын хувьд ч энэхүү чиг хандлагыг даган хөгжиж ирсэн түүхтэй. Нам орбитын бодлогын чиглэл ч мөн уг бодлоготой уялдан гарсан. Өөрөөр хэлбэл бид нийт нутаг дэвсгэрийг хамарсан шилэн кабелийн суурь сүлжээ, гаднаас манай улсад орж ирж буй интернэтийн бөөний үйлчилгээ, шилэн кабелийн суурь сүлжээг ашиглан иргэдэд хүрч буй өрхийн интернэтийн үйлчилгээ, бидний гар утсанд ирж буй мобайл интернэт зэрэг нь тус тусдаа зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа гэдгийг  салгаж ойлгох хэрэгтэй юм. Монгол Улс нь интернэтийн үнэ тарифын хямд байдлаар Азидаа дээгүүрт ордог орон ба энэ салбарын өрсөлдөөн нь мөн дээрх сүлжээ, үйлчилгээ, бөөний урсгал, жижиглэнгийн урсгал салангид байх бодлого зохицуулалтын орчны хүрээнд өнөөгийн хямд үнэ тарифыг бий болгосон байдаг. Үүнээс дүгнэхэд бид нам орбитын үйлчилгээ эрхлэгчдэд зориулж бодлого, эрхзүйн орчноо бүрдүүлсэн, энэ нь 2005 оноос хойш явж ирсэн харилцаа холбооны салбарын бодлого, эрхзүйн орчинтой уялдсан, мөн чиглэлийн бүх компанид нээлттэй гэж үзэж болох юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

E-Mongolia-с авсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөх асуудлаар Банкуудын төлөөлөлтэй уулзлаа

ҮЙЛ ЯВДАЛ “E-Mongolia”-с авсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөх асуудлаар Банкуудын төлөөлөлтэй уулзлаа 2022.08.16 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр / 2022.08.16 / арилжааны банкуудын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад Монголын банкны холбоо, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Капитрон банк, М банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны төлөөлөл оролцсон юм.  Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд энэ оны 05 дугаар сараас мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд банкны үйлчилгээг цахимаар авах, үйлчлүүлэх, банк нь e-mongolia-с олгосон баримт бичгийг хүлээн зөвшөөрөн гүйлгээ хийх зэрэг тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, боломжийн талаар талууд санал солилцлоо. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар цахим бичиг баримтыг цаасан бичиг баримтын нэгэн адил үзнэ хэмээн заасан байдаг ч бусад хууль тогтоомжид энэхүү зохицуулалт ороогүй байдгаас үүдэн, арилжааны банкууд заавал иргэний бичиг баримтыг шаардах тохиолдол байдаг гэсэн юм. Иймд цаашид холбогдох хууль эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөх оруулах нь чухал болоод байгааг банкуудын төлөөлөл онцолсон юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс Хууль зүйн яамтай хамтран банкны салбар дахь цахим шилжилттэй холбоотой үүсээд буй хүндрэл гацаа болсон хууль эрх зүйн асуудлыг ирэх намрын чуулганаар шийдвэрлүүлэх тал дээр хамтран ажиллах болно гэдгээ онцлов.  Иргэдэд түргэн шуурхай, хүндрэлгүй үйлчлэх, цахим шилжилтийг түүчээлэхэд талууд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам “Шийдэлтэй уулзалт: Шуудангийн шинэчлэл” дугуй ширээний уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар шуудангийн салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, хүргэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар нээлттэй санал солилцсон юм. Уулзалтыг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэлэхдээ “Цахим эдийн засгийг дэмжих гол дэд бүтэц бол Шуудан юм. Шуудангийн харилцаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл. Харамсалтай нь Монгол Улсад орхигдоод 10 гаруй жилийн нүүрийг үзжээ. Өнөөдрийн байдлаар энэхүү салбарт тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ч зах зээл нь 40 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орлогын 2 хувийг л бүрдүүлдэг гэсэн үг. Иймд нэн түрүүнд хууль эрхзүйн орчныг шинэчилж, ойлгомжтой болгох чиглэлд ажиллаж байна. Хоёрдугаарт, шуудангийн салбарт дроныг нэвтрүүлэх, Apple pay, Paypal зэрэг гадаадын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн хүргэлтийн системийг сайжруулахын тулд гааль, татварын асуудлыг бүс нутгийн хэмжээнд ойлгомжтой болгоно. Ингэснээр үндэстэн дамнасан худалдааны эргэлт сайжирна” хэмээн онцлов. Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс “Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай тус яамны Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж хэллээ. Тэрбээр “8 бүлэг, 27 зүйлтэй Шуудангийн тухай хуулинд Монгол Улстай ижил хөгжиж буй статустай орнуудын холбогдох эрх зүйн зохицуулалттай харьцуулахад зохицуулагдаагүй орхигдсон харилцаа цөөнгүй байна. Тухайлбал, шуудангийн сүлжээ эзэмшигч, түүний эрх үүрэг, хяналтын тогтолцоо, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл зэрэг зохицуулалтыг илүү нарийвчлан зохицуулах шаардлагатай” гэдгийг дурдав.  Шийдэлтэй уулзалт | Шуудангийн шинэчлэл дугуй ширээний уулзалтад яамны харьяа болон салбар байгууллагын удирдлагууд болон Улсын бүртгэлийн газар, Монгол банк, Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Шуудангийн үйлчилгээ үзүүлэгчдийн нэгдсэн холбоо зэрэг төрийнн хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөл оролцлоо. Аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн зүгээс хаягжилтыг тодорхой болгох, шуудангийн нэгдсэн кодыг нийтийн хүртээл болгох, тээвэр зууч, ханган нийлүүлэлтийн сүлжээ, хяналтын тогтолцоог сайжруулах, гаалийн бүрдүүлэлтийг цахимжуулах зэрэг санал хүсэлтийг гаргав Уулзалтын дараа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс зөвлөмж гарган, хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллах юм.