Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

2021.04.02

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Other news

Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах дугаар өөрчлөгдлөө

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2025 оны 190 дугаартай тогтоолоор Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах тусгай дугаарын тоог өөрчилж, 110 дугаар-ийг 11-10 болгосон байна. Энэхүү өөрчлөлт 2026 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд иргэд, байгууллагууд 11-10дугаараар холбогдож, авлигын эсрэг мэдээлэл, санал, гомдлоо илгээх боломжтой болно. Товчоор: Өөрчлөгдсөн дугаар: 11-10 Энэхүү шийдвэрийн дагуу: Иргэд 2026 оны 3-р сарын 1-ээс эхлэн 11-10 дугаараар авлигын эсрэг мэдээлэл, санал, гомдлоо Авлигатай тэмцэх газар руу илгээх боломжтой болно. Ингэснээр авлигатай тэмцэх үйл ажиллагааг илүү үр дүнтэй, шуурхай хийх зорилготой юм. Иргэд та бүхэн энэхүү шинэ дугаар руу холбогдож, авлигын эсрэг санаачилгуудыг дэмжиж, илүү ил тод, нээлттэй орчныг бүрдүүлэхэд хамтран оролцоорой.

Танилц: Монгол хэлний тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд албан бичиг солилцохдоо кирилл болон үндэсний бичгийг хэрэглэх хос бичгийн тогтолцоонд шилжсэн. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь энэхүү хуулийн хэрэгжилтэд тодорхой чиг үүрэг хүлээсэн бөгөөд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:  Монгол хэлний тухай хуулийн 15-р зүйл буюу 15.1.1.-15.1.4. хэсгийн цахим технологи, стандарттай холбоотой зохицуулалтыг тус яам хариуцан хэрэгжүүлж байна. Эдгээр зохицуулалт болон дээд шатны байгууллага, албан тушаалтнаас өгсөн чиг үүрэг, чиглэл, Засгийн газрын 2020 оны 96-р тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын хүрээнд тус яам тодорхой үйл ажиллагаа явуулж ирсэн.  15.1.1. дэх хэсгийн заалтын хэрэгжилт. Монгол хэлний тухай хуулийн 15.1.1. дэх хэсгийн заалт болон “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-т тус яам дангаар болон бусад яам, агентлагуудтай хамтран хэрэгжүүлэхээр 12 арга хэмжээ тусч тэдгээрийг 95-100 хувийн үзүүлэлттэйгээр хэрэгжүүлсэн болно. Эдгээр арга хэмжээний томоохон бөгөөд суурь гэж болох дараах арга хэмжээг онцолж болно. Үүнд: Монгол бичгийн олон улсын стандартыг болгох үйл ажиллагаа 1990 оноос эхлэлтэй бөгөөд энэ ажил Монгол Улсын ба ӨМӨЗО-ны эрдэмтэн, судлаачдын 10 орчим жилийн хамтын ажиллагааны үр дүн болж 1999 онд олон улсын хэл бичгийн ISO/IEC 10646 стандарт, Юникод 3.0 стандартад орж баталгаажсан түүхтэй. Монгол бичгийн олон улсын эдгээр стандартууд батлагдсаны дараа монгол бичгийн үндэсний стандарт “MNS 4932:2000. Монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм“ батлагдсан.  Монгол бичгийн олон улсын стандартын хувьд ISO/IEC 10646 стандартаар монгол бичгийн кодын оноолтыг, харин монгол бичгийн үсэг хувирлын дүрмийг Юникодын техникийн дүрмээр (UTN) тогтоож байна.  Монгол бичгийн үсэг хувирлын дүрмийг боловсронгуй болгох, монгол бичгийн кодчиллын олон улсын стандартыг тогтворжуулах ажиллагааг 2017-2024 онуудад дотоодын болон олон улсын холбогдох байгууллагууд, тухайлбал, Юникод консорциумын Юникодын техникийн хороо, ӨМӨЗО-ны Үндэсний соёлын хороо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж асуудлыг үүсгэсэн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд монгол бичгийн олон улсын кодчиллын асуудал шийдвэрлэгдэж байна. 15.1.2. дахь хэсгийн заалтын хэрэгжилт. Монгол хэлний тухай хуулийн 15.1.2. дэх хэсгийн заалтын хувьд кирилл монгол болон латин үсгийн хооронд харилцан хөрвүүлэг хийх “MNS 5217:2012, Монгол кирилл үсгийн латин хөрвүүлэг” стандарт хүчин төгөлдөр үйлчилж байна. Хуульд заасан байгууллагуудтай хамтран кирилл монгол бичиг ба латин галигийн хооронд харилцан хөрвүүлэг хийх хэрэглээ, эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх шаардлагатай. 15.1.3. дахь хэсгийн заалтын хэрэгжилт. Монгол хэлний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “цахим орчинд монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх” гэж, 15.1.3-т “энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын баталсан кирилл болон үндэсний бичгийн хооронд харилцан хөрвүүлэг хийх, зөв бичих дүрмийн алдаа хянах болон бусад холбогдох программын хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус зааны дагуу кирилл бичгээс үндэсний бичиг рүү хөрвүүлэх программ хангамжийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:  15.1.4. дэх хэсгийн заалтын хэрэгжилт. Энэхүү заалтын хэрэгжилт нь Монгол Улсын бусад хууль, тогтоомжоор ЦХИХХЯ хэрэгжүүлэхээр заасан зохицуулалт буюу программ хангамж, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, шинэ эдийн засгийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-2050”, “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль” болон бусад эрх зүйн баримт бичгүүдэд заасан зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх гэсэн өргөн агуулгатай холбогдож байна. Тухайлал, “Монгол хэлний тухай хууль”-д заасан монгол хэлний цахим технологи, цахим орчин хэрэглээ хөгжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 311 дүгээр тогтоолыг батлуулсан ба “Үндэсний программ хангамжийн цахим их дэлгүүр” (Mindgolia) системийг нийтийн мэдээллийн дэд бүтцийн дэмжих системийн хүрээнд бий болгож, системийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлалыг ЦХИХХЯ-аас батлан хэрэгжүүлж байна. Эдгээр тогтоол, нөхцлөл шаардлагад монгол хэлний технологи, боловсруулалттай холбоотой программ хангамж, систем, хэрэгслүүдийг нэгтгэх, уг системийн нөхцөл, шаардлагад монгол хэлний чиглэлийн нөхцөл, шаардлага тогтоох зэрэг боломж байна. Түүнчлэн монгол хэл, бичгийн цахим технологи, программ хангамжийн секторт олон улсын юникод стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангах бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход чиглэсэн шударга өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэх боломжтой. 

Монгол Улс дэлхийн үүрэн холбооны конгресст үүрээ заслаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын хамгийн том арга хэмжээ “Дэлхийн үүрэн холбооны конгресс 2024” /Mobile world congress/ эхэллээ. Испанийн Хаант улсын Барселон хотод энэ сарын 26-29-ний хооронд болох MWC-т Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар манай улс анх удаагаа өөрийн асар /booth/ байгуулан, төр, хувийн хэвшил хамтдаа Монголын цахим шилжилт, технологийн хөгжил, дэвшлээ сурталчлан оролцож байна. Энэ санаачилга нь Ази, Номхон далайн бүсийн түнш орнуудын дижитал хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэлхийн улс орнуудад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг олон талын ач холбогдолтой юм. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид MWC-ийн хүрээнд хоёр талын уулзалтууд хийж, салбар хуралдаануудад оролцоно. MWC-т дэлхийн олон арван мянган технологи, инновац бүтээгчид, харилцаа холбооны гол тоглогчид, төрийн өндөр дээд албан тушаалтнууд гээд 100 мянга гаруй хүн, 2 мянга орчим компанийн төлөөлөл оролцож байна. Арга хэмжээний хамгийн чухал, томоохон сэдвүүд нь хиймэл оюун ухаан, сансрын хиймэл дагуул, 5G технологи, B2B боломжууд бөгөөд технологигүйгээр салбарынхаа хөгжлийг төлсөөлж болохгүйг баталсан танилцуулга, уулзалтууд үргэлжилж байна.