Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монгол Улсад радио үүссэн нь /Цуврал №1/

2021.01.21

МАХН-ын 6-р их хурлын шийдвэрээр 1927 онд “… агаарын сонсох мэдээг хэрэглэх явдлыг орлого зарлагад харьцуулан гүйцэтгэхийг хичээвэл зохино…” хэмээн тунхагласан ба энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ЗХУ-аас тусламж авахаар гаргасан хүсэлтийг зөвшөөрч, МАХН-ын Төв Хорооноос 1929 оны 2-р сарын 9-ны өдөр тогтоол /19 тоот/ гаргасан байна. Энэхүү 19 тоот тогтоолын хүрээнд Радиог хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд түүний ач холбогдлыг олон нийтэд өргөн сурталчилж, тэдний санаачилгын үндсэн дээр хөрөнгө хуримтлуулах ажил зохиож байжээ. “Агаарын мэдээний хороо”-г байгуулах тухай төлөвлөгөөг 1931 онд Засгийн газар баталж, тус төлөвлөгөөнд 1,4 кВт хүчтэй уртын хэмжээний агаарын мэдээний хороо, 1 кВт хүчтэй богино хэмжээний нэвтрүүлэх ба Улаанбаатар хотноо хүлээн авах газруудын хамтаар байгуулах, Баруун хойт зүгт бүхий Улаангом, баруун зүгт бүхий Жаргалант, Алтайн Хантайшир, Өмнөговийн Дэлгэрхангай, Завханы Жавхлант гэсэн энэхүү зургаан газруудад 150 Вт хүчтэй богино хэмжээний агаарын хороодыг байгуулах, Хөвсгөлийн Хатгал, Орхонсэлэнгийн Алтанбулаг, Хэнтийн Өндөрхаан, Дорноговийн Сайн-Ус, Хангайн Цэцэрлэг ба Ламын гэгээн гэсэн газруудад тус бүр 20 Вт хүчтэй богино хэмжээний агаарын мэдээний хороод байгуулах, Улаанбаатар хотноо олон төрөл зүйлээр нэвтрүүлэх 200 цэгтэй трансляцын узель хэмээх холбоог байгуулж, хүлээн авах мэдээний аппаратыг бэлтгэх, Агаарын мэдээний техник 20, агаарын мэдээний бичээч 20, агаарын сонин ба олон зүйлийн төрлөөр нэвтрүүлэх тухайн ажилчин хүмүүс 10-ыг тус тус ЗСБНХУ-д бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. Төлөвлөсөн ажлуудын нийт зардал 1,064,000 төгрөг, үүгий 404,000 төгрөгийг тус улсын орлого зарлагын дансаар зарцуулах, ЗСБНХУ-ын цахилгаан шуудангийн яаманд 660,000 төгрөгийг төлөх болой хэмээн тусгажээ. Засгийн газрын 1931 оны 3-р сарын 13-ны өдрийн 4-р хурлаар радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэх үүрэг бүхий “Монгол радио” хоршоо байгуулагджээ. 1931 оны майн баярыг тохиолдуулан 5-р сарын 1-ний өдөр төлөвлөсөн ёсоор 4 чанга яригчийг товлосон газруудад байрлуулж, дуу хөгжим, баярын хурлын ажиллагаа болон бусад арга хэмжээг Монгол, Орос, Хятад хэлээр дамжуулсан нь “Шугамын радио сүлжээ”-ний эхлэл болсон байна. Энэ тухай радио холбооны анхны инженер тус сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мятав гуай “Миний мэдэх радио” номондоо: “…Улаанбаатар хотын хөдөлмөрчид өглөөнөөс эхлэн маш хүчтэй хөгжим сонсож эхлэв. Тэр үед хот жижиг, цомхон машин тэрэг цөөтэй, цуурай ихтэй байж, хүүхэд бидний тоглодог индэрийг лоозон туг дарцагаар чимж, улаан туузаар хаалт хийж, харуулын цэргүүд манасан байв. Индрийн урдуур жагсаж яваа хүмүүсээс гадна радио сонсох гэж хүүхэд багачууд, лам нар, өвгөд хөгшид их цугларсан байлаа. Жагсаал дуусахад цугларсан хүмүүс тараад явдаг байсан бол тэр өдөр радио тавьсан газруудад дүүрэн хүмүүс байв. Соёлын төв ордон, Багшийн сургуулийн дотуур байрны барилгын баруун урд өнцөгт, төв шуудангийн зүүн талд гал командын баригдаж байсан барилгын цонхон дээр, Ленин клубын хаалган дээр, одоогийн Драмын театр байгаа газар гаалийн гэж нэрлэсэн том хашааны зүүн хаалганы дээр тус, тус чанга яригчуудыг хүн их цугладаг түлээн зах, өндөр хог гэдэг газрууд руу харуулан байрлуулсан байсан юм…Тэр үед хоёр төрлийн чанга яригч байв, гэрт тавьдагийг нь хавтгай хар, гудамжинд тавьдагийг нь чанга дуугарагч бүрээ гэдэг байлаа. Хатуу цаасаар хийгдсэн гуулин хөгжмийн бүрээ мэт боловч бүрээнээс том байсан юм…” гэж дурсан бичжээ.

БНМАУ-ыг радиожуулахад зориулж хөрөнгө гаргах БХК/б/Н-ын ТХ-ны  УТТовчооны 1932 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн хуралдааны 93-р протоколд “…Төв хорооны УТТ-ны гишүүдээс санал авсанаар ЗСБНХУ-ын АКнЗ-ийн нөөцийн фондоос 1305 мянган рубль зоос ба 10 мянган рубль гадаад валютаар Монголд ЗСБНХУ-ын АКнЗ-ийн шийдвэрийг батлах, хуулбарыг илгээх Кержанцевд ТХ-ны нарийн бичгийн дарга И.Сталин …” гэсэн шийдвэрийг гаргаж байжээ. СНЗ-ын 1933 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хурлын  шийдвэрээр “… “Монгол Радио” хоршоо байгуулагдаж, радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэхэд чухал үүрэг хүлээж, зорилтоо амжилттай биелүүлсэнийг тэмдэглээд тус хоршоог татан буулгаж, хуримтлагдсан 261,000 төгрөг, түүний эд хөрөнгийг шинээр байгуулагдсан “Холбооны ерөнхий хороо”-ны мэдэлд шилжүүлжээ…

Радиог дэлгэрүүлэн байгуулах тухай БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг 1933 оны 2 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулжээ. Энэхүү гэрээнд ЗХУ-ын тусламжтайгаар:

  • 1 ба 15 кВт  хүчин чадалтай нэвтрүүлэх станц,  хүлээн авах станцын хамтаар,
  • 1000 цэг ажиллуулах чадалтай радио зангилаа байгуулах,
  • 150 Вт-ын чадалтай харилцааны радио станцуудыг иж бүрнээр нь бүх аймгийн төв суурин газруудад байгуулах,
  • Радио байгууламжуудыг цахилгаан болон зай тэжээлээр хангах,
  • Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гэсэн үүргийг хүлээсэн байна.

Энэ гэрээний хүрээнд анхны радио нэвтрүүлэх станцыг Улаанбаатарын зүүн хойд зүгт байрлах, олноо өргөгдсөний 9 он буюу 1919 онд Хятадын цэргийн холбооны зориулалттай  байгуулагдсан “Ушандын 3 өндөр” /У-Шиан-Диан/ хэмээх гурван өндөр төмөр матчыг ашиглан байгуулахаар барилга байгууламжийг барьсан ба анхны радио өргөн нэвтрүүлэг дамжуулах урт долгионы нэвтрүүлэгч нь 10 кВт хүчин чадалтай, 98 метр өндөртэй гурван өндөр матчын хоёрыг ашигласан “ЗЭЛЭН” антентайгаар хийгдсэн бол, богино долгионы ДРК-1 ба ДРК-15 маркын 1 ба 15 кВт-ын чадалтай станцыг модон матчтайгаар радио холбоо барих, радио нэвтрүүлэг дамжуулахад нөөцөөр ажилллуулах зорилготойгоор тус, тус байгуулсан байна.

Анхны радиогийн барилга байгууламжийг ЗХУ-ын Холбооны ардын комиссаратын радиогийн барилга байгууламжийн трестийн “Монгол радио строй” гэдэг Л.А.Осташков даргатай хамт олон гүйцэтгэсэн байна. Радио байгуулалтын ажлууд төлөвлөгөө ёсоор амжилттай явагдаж байсан тул 1934 оны 1 дүгээр сараас анхны радио төвийг байгуулж, төвийн  дарга бөгөөд радиогийн хэргийг эрхлэх ерөнхий хорооны дарга, орлогч дарга, нярав бөгөөд техникч, ерөнхий  ня-бо, мөнгөний нярав ба жолооч тус бүр нэг, нэг хүний орон тоотойгоор байгуулж, Нидэнгийн Цэндсүрэнг даргаар, Түдэвдоржийг орлогч даргаар томилсон байна.

Мөн энэ үед буюу 1933-1934 онд тус гэрээний хөрөнгө оруулалтаар орон нутагт радио холбооны станцуудыг байгуулах ажил эрчимтэй хийгдэж, Ховд, Увс, Завханд 500Вт чадалтай  КТК-2 станц, Тамсаг, Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн төвд УП-8 маркийн өсгөгч, КУП-4 маркийн хүлээн авагч, шугамын байгууламжийн хамтаар тус, тус ашиглалтанд орсон байна.

Радиогийн барилга байгууламжийг хүлээн авах тухай СНЗ-ын 82 тоот тушаал 1934 оны 8 дугаар сарын 14-нд гарч, Засгийн газрын төв комиссыг байгуулсан байна. Тус комисс 1933 онд БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр Улаанбаатар хот болон орон нутагт байгуулсан радиожуулалтын иж бүрэн ажлыг хүлээн авснаар 1934 оны 9-р сарын 1-ний өдөр радио станцын ажиллагааг нээх ёслол болжээ.

Энэхүү ёслол шинээр байгуулсан радио станц дээр болж тус станцын жижүүрийн тэмдэглэлд “… 1934 -9-1 өдөр. Тус радио станцын газраа Ерөнхий сайд П.Гэндэн, Намын Төв Хорооны НБДарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэхийн сайд Дамбийням, Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам, ЗСБНХУ-ийн Элчин сайд нарын зэрэг нөхөд ирж, сонирхон үзэж, 13 аймагт радиогоор баярын үг Мэндээс хэлж гүйцэтгэсэн ба 11.00 цагт ирээд нэг цаг болоод буцсан болохыг тэмдэглэмой…” хэмээн ногоон будган харандаагаар уйгаржин монгол бичгээр татлан бичиж үлдээжээ.

Ийнхүү Монгол Улсад радио нэвтрүүлгийг дамжуулах техникийн нөхцөл бүрдэж, 1934 оны 9-р сарын 1-ний өдрийг түүхэнд “Монголд радио байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэдэг болсон билээ. Тухайн үедээ радио өргөн нэвтрүүлгийг радио чимээ, радио мэдээ, радио сонин гэсэнгүй радио уран сайханы нэвтрүүлэг хэмээн нэрлэж, өдөр бүр өглөөний 07.00-09.00, оройн 17.00-19.00 цагт ажиллаж, дуу бичлэгийн төхөөрөмж байхгүй тул нэвтрүүлэг эхлэх, дуусах бүрт дуучин хөгжимчид байдаг байжээ.

Хөдөө орон нутаг болон гадаад орноос холбоо барих, мэдээ хүлээн авах зорилгоор олон төрлийн антен бүхий КТФ, ТМ-10, СВД-9 маркийн хүлээн авах станцуудыг хотоос зайдуу одоогийн төмөр замын төв буудлын баруун талд байгуулсан байна. Радио станцуудыг ашиглалтанд оруулсан анхны жилүүдэд хот хөдөөд ЗХУ-ын 21 мэргэжилтэн сургагч ажиллаж байсны зэрэгцээ Эрхүү хотын Дорнод Сибирийн холбооны гарын дэргэдэх радио техникийн курст Д.Чоймбол, Г.Дамдинсүрэн, С.Лувсанчүлтэм, Самбуу, Хунхүү, Цэвээндолгор, Рэнцэндорж, Балданцэрэн, Ишсамбуу, Ширнэн, Цэрэннадмид, Базарсад нарын 12 хүн суралцаж радио техникчээр бэлтгэгдэн ажилласан анхдагчууд юм.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэнН.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

Other news

Цахим ур чадвар олгох сургалт Дорноговь аймагт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Дорноговь аймгийн төрийн захиргааны болон 14 сумын мэдээллийн технологи хариуцсан 100 орчим албан хаагч хамрагдаж байна. Цахим шилжилт, Кибер аюулгүй байдал, Цахим. бэлэн байдлын үнэлгээ сэдвүүдээр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын процесс аналист П.Оргил, “И-Монгол” академийн цахим ур чадварын газрын сургагч багш Г.Халиун нар хичээл орж байна. Дорноговь аймаг нь Төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор “Цахим Дорноговь” төслийг 7-р сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нэгдсэн дотоод системд 128 байгууллагыг үе шаттай нэгтгэх ажлыг зохион байгуулж байна. Мөн иргэдэд орон нутгийн мэдээллийг нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор “Нээлттэй Дорноговь” апплейкешн нэвтрүүлсэн бөгөөд одоогоор 2000 орчим хэрэглэгч ашиглаж байна. #цахим_аймаг #Дорноговь

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН E-BUSINESS ПЛАТФОРМ МОБАЙЛ АППЛИКЕЙШНТЭЙ  БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан  “Цахимаар нэн тэргүүнд”  бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе шаттай хийгдэж байна. Өнөөдрөөс “Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформ мобайл аппликейшнтэй  боллоо. Та  “E-Business” Аппликейшнийг ашигласнаар: Нийт 953 төрлийн үйлчилгээг гар утасаараа авна Жишээлбэл: ГАР УТАСНААСАА БИЗНЕСЭЭ ХЯНАХ , УДИРДАХ боломжтой боллоо. Монгол Улсад сар бүр дунджаар 1,540 хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулагддаг бөгөөд тэдгээрийн 72.8 хувь нь Улаанбаатар хотод, 27.2 хувь нь орон нутагт бүртгэгддэг гэсэн судалгаа бий. E-Business платформ мобайл аппликейшнтэй болсоноор орон зай цаг хугацаанаас үл хамааран гар утаснаасаа цахимаар ж, бизнесийн үйл ажиллагаагаа нээж, хянах  боллоо. Өнгөрсөн хугацаанд E-Business платформ нь 186,969 хэрэглэгчтэй, нийт 953 төрлийн үйлчилгээг 437,274 удаа амжилттай үзүүлсэн байна. Үүнээс хамгийн их хандалт авсан үйлчилгээ нь: Түүнчлэн E-Business платформ мобайл аппликейшнаар бизнес эрхлэгчдэд зориулсан нийгэм, эдийн засгийн албан ёсны шинэ мэдээ, мэдээллийг цаг үетэй нь нийцүүлэн, шуурхай хүлээн авах боломжийг бүрдүүлсэн нь аппликейшний бас нэгэн онцлог юм. E-Business нь Монгол Улсад бизнесийн орчныг илүү ил тод, хүртээмжтэй, авлигагүй, хүний оролцоог багасгасан хэлбэрээр зохион байгуулахад чиглэсэн үндэсний хэмжээний шийдэл болж байна. Ялангуяа орон нутгаас бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, итгэлтэй орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. E-Business мобайл аппликейшн нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэгчдийн цаг, зардлыг хэмнэхийн зэрэгцээ өөрийн бизнесийн мэдээлэлд эзэн байх, хариуцлагатайгаар удирдах соёлыг төлөвшүүлж байна. Ингэснээр бизнес эрхлэгчид төрийн албан хаагчаас шууд хамааралтай байдал багасаж, бизнесийн үйл ажиллагаагаа илүү ил тод, бие даасан байдлаар зохион байгуулах нөхцөл бүрдэж буй нь Монгол Улсын бизнесийн экосистемийг дараагийн шатанд гаргах бодит суурь болж байна.

“Цахимд хэвшье” уриан дор үндэсний хэмжээнд өрнөж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” нэгдсэн арга хэмжээ Ховд аймагт хэрэгжиж байна

Цахим шилжилт аймаг, орон нутагт бодитоор хэрхэн хэрэгжиж байгаа, иргэд цахим хэрэглээг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадаж байгаа эсэх, төрийн үйлчилгээ иргэдэд тэгш, хүртээмжтэй хүрч чадаж байгаа болон цаашид төрөөс, салбараас бодлогын ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад хариулт өгөх, цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ гишүүн 22 байгууллага хамтран зохион байгуулж буй “Цахимд хэвшье” уриа бүхий “Цахим хөгжлийн өдөрлөг” өнөөдөр (2024.04.05) баруун бүсийн 2 дахь аймаг Ховд аймагт үргэлжилж байна. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, ЦХХХЯ-наас батасан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохион байгуулж буй уг арга хэмжээний хүрээнд Ховд аймагт: Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтнууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ, аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал, цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломж, орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн талаар танилцуулга, мэдээллүүд Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн ажилтан, захиргаа, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, нийтлэг журам, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/, цахим орчны зохицуулалт, docx, erp, sudalgaa.gov.mn, ekids системийн талаар сургалт Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад зориулсан цахим орчин дахь хүүхэд хамгаалал, цахим ур чадвар дээшлүүлэх сургалт Жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллага, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 22 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл, сургалт зэрэг арга хэмжээнүүд нэгэн зэрэг зохион байгуулагдана.