Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсад радио үүссэн нь /Цуврал №1/

2021.01.21

МАХН-ын 6-р их хурлын шийдвэрээр 1927 онд “… агаарын сонсох мэдээг хэрэглэх явдлыг орлого зарлагад харьцуулан гүйцэтгэхийг хичээвэл зохино…” хэмээн тунхагласан ба энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ЗХУ-аас тусламж авахаар гаргасан хүсэлтийг зөвшөөрч, МАХН-ын Төв Хорооноос 1929 оны 2-р сарын 9-ны өдөр тогтоол /19 тоот/ гаргасан байна. Энэхүү 19 тоот тогтоолын хүрээнд Радиог хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд түүний ач холбогдлыг олон нийтэд өргөн сурталчилж, тэдний санаачилгын үндсэн дээр хөрөнгө хуримтлуулах ажил зохиож байжээ. “Агаарын мэдээний хороо”-г байгуулах тухай төлөвлөгөөг 1931 онд Засгийн газар баталж, тус төлөвлөгөөнд 1,4 кВт хүчтэй уртын хэмжээний агаарын мэдээний хороо, 1 кВт хүчтэй богино хэмжээний нэвтрүүлэх ба Улаанбаатар хотноо хүлээн авах газруудын хамтаар байгуулах, Баруун хойт зүгт бүхий Улаангом, баруун зүгт бүхий Жаргалант, Алтайн Хантайшир, Өмнөговийн Дэлгэрхангай, Завханы Жавхлант гэсэн энэхүү зургаан газруудад 150 Вт хүчтэй богино хэмжээний агаарын хороодыг байгуулах, Хөвсгөлийн Хатгал, Орхонсэлэнгийн Алтанбулаг, Хэнтийн Өндөрхаан, Дорноговийн Сайн-Ус, Хангайн Цэцэрлэг ба Ламын гэгээн гэсэн газруудад тус бүр 20 Вт хүчтэй богино хэмжээний агаарын мэдээний хороод байгуулах, Улаанбаатар хотноо олон төрөл зүйлээр нэвтрүүлэх 200 цэгтэй трансляцын узель хэмээх холбоог байгуулж, хүлээн авах мэдээний аппаратыг бэлтгэх, Агаарын мэдээний техник 20, агаарын мэдээний бичээч 20, агаарын сонин ба олон зүйлийн төрлөөр нэвтрүүлэх тухайн ажилчин хүмүүс 10-ыг тус тус ЗСБНХУ-д бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. Төлөвлөсөн ажлуудын нийт зардал 1,064,000 төгрөг, үүгий 404,000 төгрөгийг тус улсын орлого зарлагын дансаар зарцуулах, ЗСБНХУ-ын цахилгаан шуудангийн яаманд 660,000 төгрөгийг төлөх болой хэмээн тусгажээ. Засгийн газрын 1931 оны 3-р сарын 13-ны өдрийн 4-р хурлаар радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэх үүрэг бүхий “Монгол радио” хоршоо байгуулагджээ. 1931 оны майн баярыг тохиолдуулан 5-р сарын 1-ний өдөр төлөвлөсөн ёсоор 4 чанга яригчийг товлосон газруудад байрлуулж, дуу хөгжим, баярын хурлын ажиллагаа болон бусад арга хэмжээг Монгол, Орос, Хятад хэлээр дамжуулсан нь “Шугамын радио сүлжээ”-ний эхлэл болсон байна. Энэ тухай радио холбооны анхны инженер тус сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мятав гуай “Миний мэдэх радио” номондоо: “…Улаанбаатар хотын хөдөлмөрчид өглөөнөөс эхлэн маш хүчтэй хөгжим сонсож эхлэв. Тэр үед хот жижиг, цомхон машин тэрэг цөөтэй, цуурай ихтэй байж, хүүхэд бидний тоглодог индэрийг лоозон туг дарцагаар чимж, улаан туузаар хаалт хийж, харуулын цэргүүд манасан байв. Индрийн урдуур жагсаж яваа хүмүүсээс гадна радио сонсох гэж хүүхэд багачууд, лам нар, өвгөд хөгшид их цугларсан байлаа. Жагсаал дуусахад цугларсан хүмүүс тараад явдаг байсан бол тэр өдөр радио тавьсан газруудад дүүрэн хүмүүс байв. Соёлын төв ордон, Багшийн сургуулийн дотуур байрны барилгын баруун урд өнцөгт, төв шуудангийн зүүн талд гал командын баригдаж байсан барилгын цонхон дээр, Ленин клубын хаалган дээр, одоогийн Драмын театр байгаа газар гаалийн гэж нэрлэсэн том хашааны зүүн хаалганы дээр тус, тус чанга яригчуудыг хүн их цугладаг түлээн зах, өндөр хог гэдэг газрууд руу харуулан байрлуулсан байсан юм…Тэр үед хоёр төрлийн чанга яригч байв, гэрт тавьдагийг нь хавтгай хар, гудамжинд тавьдагийг нь чанга дуугарагч бүрээ гэдэг байлаа. Хатуу цаасаар хийгдсэн гуулин хөгжмийн бүрээ мэт боловч бүрээнээс том байсан юм…” гэж дурсан бичжээ.

БНМАУ-ыг радиожуулахад зориулж хөрөнгө гаргах БХК/б/Н-ын ТХ-ны  УТТовчооны 1932 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн хуралдааны 93-р протоколд “…Төв хорооны УТТ-ны гишүүдээс санал авсанаар ЗСБНХУ-ын АКнЗ-ийн нөөцийн фондоос 1305 мянган рубль зоос ба 10 мянган рубль гадаад валютаар Монголд ЗСБНХУ-ын АКнЗ-ийн шийдвэрийг батлах, хуулбарыг илгээх Кержанцевд ТХ-ны нарийн бичгийн дарга И.Сталин …” гэсэн шийдвэрийг гаргаж байжээ. СНЗ-ын 1933 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хурлын  шийдвэрээр “… “Монгол Радио” хоршоо байгуулагдаж, радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэхэд чухал үүрэг хүлээж, зорилтоо амжилттай биелүүлсэнийг тэмдэглээд тус хоршоог татан буулгаж, хуримтлагдсан 261,000 төгрөг, түүний эд хөрөнгийг шинээр байгуулагдсан “Холбооны ерөнхий хороо”-ны мэдэлд шилжүүлжээ…

Радиог дэлгэрүүлэн байгуулах тухай БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг 1933 оны 2 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулжээ. Энэхүү гэрээнд ЗХУ-ын тусламжтайгаар:

  • 1 ба 15 кВт  хүчин чадалтай нэвтрүүлэх станц,  хүлээн авах станцын хамтаар,
  • 1000 цэг ажиллуулах чадалтай радио зангилаа байгуулах,
  • 150 Вт-ын чадалтай харилцааны радио станцуудыг иж бүрнээр нь бүх аймгийн төв суурин газруудад байгуулах,
  • Радио байгууламжуудыг цахилгаан болон зай тэжээлээр хангах,
  • Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гэсэн үүргийг хүлээсэн байна.

Энэ гэрээний хүрээнд анхны радио нэвтрүүлэх станцыг Улаанбаатарын зүүн хойд зүгт байрлах, олноо өргөгдсөний 9 он буюу 1919 онд Хятадын цэргийн холбооны зориулалттай  байгуулагдсан “Ушандын 3 өндөр” /У-Шиан-Диан/ хэмээх гурван өндөр төмөр матчыг ашиглан байгуулахаар барилга байгууламжийг барьсан ба анхны радио өргөн нэвтрүүлэг дамжуулах урт долгионы нэвтрүүлэгч нь 10 кВт хүчин чадалтай, 98 метр өндөртэй гурван өндөр матчын хоёрыг ашигласан “ЗЭЛЭН” антентайгаар хийгдсэн бол, богино долгионы ДРК-1 ба ДРК-15 маркын 1 ба 15 кВт-ын чадалтай станцыг модон матчтайгаар радио холбоо барих, радио нэвтрүүлэг дамжуулахад нөөцөөр ажилллуулах зорилготойгоор тус, тус байгуулсан байна.

Анхны радиогийн барилга байгууламжийг ЗХУ-ын Холбооны ардын комиссаратын радиогийн барилга байгууламжийн трестийн “Монгол радио строй” гэдэг Л.А.Осташков даргатай хамт олон гүйцэтгэсэн байна. Радио байгуулалтын ажлууд төлөвлөгөө ёсоор амжилттай явагдаж байсан тул 1934 оны 1 дүгээр сараас анхны радио төвийг байгуулж, төвийн  дарга бөгөөд радиогийн хэргийг эрхлэх ерөнхий хорооны дарга, орлогч дарга, нярав бөгөөд техникч, ерөнхий  ня-бо, мөнгөний нярав ба жолооч тус бүр нэг, нэг хүний орон тоотойгоор байгуулж, Нидэнгийн Цэндсүрэнг даргаар, Түдэвдоржийг орлогч даргаар томилсон байна.

Мөн энэ үед буюу 1933-1934 онд тус гэрээний хөрөнгө оруулалтаар орон нутагт радио холбооны станцуудыг байгуулах ажил эрчимтэй хийгдэж, Ховд, Увс, Завханд 500Вт чадалтай  КТК-2 станц, Тамсаг, Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн төвд УП-8 маркийн өсгөгч, КУП-4 маркийн хүлээн авагч, шугамын байгууламжийн хамтаар тус, тус ашиглалтанд орсон байна.

Радиогийн барилга байгууламжийг хүлээн авах тухай СНЗ-ын 82 тоот тушаал 1934 оны 8 дугаар сарын 14-нд гарч, Засгийн газрын төв комиссыг байгуулсан байна. Тус комисс 1933 онд БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр Улаанбаатар хот болон орон нутагт байгуулсан радиожуулалтын иж бүрэн ажлыг хүлээн авснаар 1934 оны 9-р сарын 1-ний өдөр радио станцын ажиллагааг нээх ёслол болжээ.

Энэхүү ёслол шинээр байгуулсан радио станц дээр болж тус станцын жижүүрийн тэмдэглэлд “… 1934 -9-1 өдөр. Тус радио станцын газраа Ерөнхий сайд П.Гэндэн, Намын Төв Хорооны НБДарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэхийн сайд Дамбийням, Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам, ЗСБНХУ-ийн Элчин сайд нарын зэрэг нөхөд ирж, сонирхон үзэж, 13 аймагт радиогоор баярын үг Мэндээс хэлж гүйцэтгэсэн ба 11.00 цагт ирээд нэг цаг болоод буцсан болохыг тэмдэглэмой…” хэмээн ногоон будган харандаагаар уйгаржин монгол бичгээр татлан бичиж үлдээжээ.

Ийнхүү Монгол Улсад радио нэвтрүүлгийг дамжуулах техникийн нөхцөл бүрдэж, 1934 оны 9-р сарын 1-ний өдрийг түүхэнд “Монголд радио байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэдэг болсон билээ. Тухайн үедээ радио өргөн нэвтрүүлгийг радио чимээ, радио мэдээ, радио сонин гэсэнгүй радио уран сайханы нэвтрүүлэг хэмээн нэрлэж, өдөр бүр өглөөний 07.00-09.00, оройн 17.00-19.00 цагт ажиллаж, дуу бичлэгийн төхөөрөмж байхгүй тул нэвтрүүлэг эхлэх, дуусах бүрт дуучин хөгжимчид байдаг байжээ.

Хөдөө орон нутаг болон гадаад орноос холбоо барих, мэдээ хүлээн авах зорилгоор олон төрлийн антен бүхий КТФ, ТМ-10, СВД-9 маркийн хүлээн авах станцуудыг хотоос зайдуу одоогийн төмөр замын төв буудлын баруун талд байгуулсан байна. Радио станцуудыг ашиглалтанд оруулсан анхны жилүүдэд хот хөдөөд ЗХУ-ын 21 мэргэжилтэн сургагч ажиллаж байсны зэрэгцээ Эрхүү хотын Дорнод Сибирийн холбооны гарын дэргэдэх радио техникийн курст Д.Чоймбол, Г.Дамдинсүрэн, С.Лувсанчүлтэм, Самбуу, Хунхүү, Цэвээндолгор, Рэнцэндорж, Балданцэрэн, Ишсамбуу, Ширнэн, Цэрэннадмид, Базарсад нарын 12 хүн суралцаж радио техникчээр бэлтгэгдэн ажилласан анхдагчууд юм.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэнН.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

Бусад мэдээ

“Хүнсний хувьсгалд нэгдэж буй дотоодын үйлдвэрүүдэд шинэ инновац нэвтрүүлэхэд хамтран ажиллах боломжтой”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 -р тогтоолын хэрэгжилтийн явцыг үнэлж, цаашид хэрхэх талаар санал солилцов. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 35 төрийн байгууллага 114 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас ХХААХҮЯ-тай хамтран “Emongolia”-д Хөдөө аж ахуйн бирж, ЖДҮ санг нэвтрүүлсэн байна. Мөн УИХ-ын 36 дугаар тогтоолд иргэд, олон нийтэд чиглэсэн “Хоол, хүнсний зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах” болон долоо хоног тутам “Хүнсний аюулгүй байдлын цаг” гэсэн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх гэсэн заалт орсон. Тус үүргийг өргөн нэвтрүүлгийн 16 телевиз хүлээж байгаа ба ЦХИХХЯ хяналт тавин ажиллаж байгаа юм. ЦХИХХЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од хэлэхдээ “Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо, өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй хамтран ажиллаж “Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлгийг ард түмэнд хүргэж, соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байна” хэмээн онцлов.   Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд “Хүнсний хувьсгал”-д нэгдэж буй дотоодын үйлдвэрүүдэд шинэ инновац нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх, инновацын үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам батлагдлаа

Инновацын экосистемийг хөгжүүлэх нь мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох гол түлхүүр юм. Монгол Улс 2012 онд Инновацын тухай хуулийг баталсан боловч Дэлхийн Инновацын Индекс (Global Innovation Index)-ийн 2024 оны тайланд 133 орноос 67-р байрт эрэмбэлэгдсэн нь инновацын бүтээгдэхүүний экспорт, гарааны бизнесийн хөгжил хангалтгүй байгааг харуулж байна.  Олон шинэлэг санаа дотоодын зах зээлд биш, гадаадын хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэй хилийн чанадад хөгжиж байна. Эдгээр сорилтыг шийдвэрлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам инновацын экосистемийг бэхжүүлэх ажлыг эхлүүлж, “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх, инновацын үйл ажиллагаанд грант олгох журам”-ыг Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар шинэчлэн батлуулав.  Журам батлагдсанаар инновацын шийдэл бүхий бизнес санааг хөгжүүлэх болон технологийн хөгжүүлэлтэд улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэж байна.  Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам инновацын шийдэл бүхий бизнес санаанд санхүүжилт олгох уралдаан тэмцээнийг тун удахгүй зохион байгуулахаар ажиллаж байна. Харин зах зээлд нэвтрүүлсэн шилдэг инновацын бүтээгдэхүүн үйлчилгээнд шагнал олгох, гарааны бизнес эрхлэгчдэд татварын дэмжлэгийг Засгийн газрын 2018 болон 2023 тогтоолоор зохицуулж байна.  Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам инновацын экосистемийг бэхжүүлэх дараах ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Үүнд: АНУ-ын хувьд инновацын санхүүжилтийн сангаар дамжуулж SBIR хөтөлбөрийн хүрээнд жил бүр 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, өндөр технологийн инновацыг дэмжиж, 15,000 гаруй компанид дэмжлэг үзүүлж байна.  Үзбекистан улсын хувьд инновацын чадавхын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд 50,000 ам.доллар хүртэлх санхүүжилтыг олгодог. 500 гаруй технологийн төслийг дэмжсэнээс 260 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.  Казахстан улсын хувьд “Дижитал Казахстан” стратегиа 2018 онд баталж, 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг стартап компаниудад үзүүлж, 1200 гаруй стартапыг бий болгосон. Эхлэлийн санхүүжилтийн хөтөлбөрөөр компаниуд 5000-20,000 ам.долларыг олгожээ. Инновацын шийдэл бүхий шинэлэг санаа, стартапуудыг дэмжсэнээр нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ эдийн засгаа солонгоруулж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.

Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам “Шийдэлтэй уулзалт: Шуудангийн шинэчлэл” дугуй ширээний уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар шуудангийн салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, хүргэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар нээлттэй санал солилцсон юм. Уулзалтыг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэлэхдээ “Цахим эдийн засгийг дэмжих гол дэд бүтэц бол Шуудан юм. Шуудангийн харилцаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл. Харамсалтай нь Монгол Улсад орхигдоод 10 гаруй жилийн нүүрийг үзжээ. Өнөөдрийн байдлаар энэхүү салбарт тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ч зах зээл нь 40 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орлогын 2 хувийг л бүрдүүлдэг гэсэн үг. Иймд нэн түрүүнд хууль эрхзүйн орчныг шинэчилж, ойлгомжтой болгох чиглэлд ажиллаж байна. Хоёрдугаарт, шуудангийн салбарт дроныг нэвтрүүлэх, Apple pay, Paypal зэрэг гадаадын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн хүргэлтийн системийг сайжруулахын тулд гааль, татварын асуудлыг бүс нутгийн хэмжээнд ойлгомжтой болгоно. Ингэснээр үндэстэн дамнасан худалдааны эргэлт сайжирна” хэмээн онцлов. Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс “Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай тус яамны Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж хэллээ. Тэрбээр “8 бүлэг, 27 зүйлтэй Шуудангийн тухай хуулинд Монгол Улстай ижил хөгжиж буй статустай орнуудын холбогдох эрх зүйн зохицуулалттай харьцуулахад зохицуулагдаагүй орхигдсон харилцаа цөөнгүй байна. Тухайлбал, шуудангийн сүлжээ эзэмшигч, түүний эрх үүрэг, хяналтын тогтолцоо, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл зэрэг зохицуулалтыг илүү нарийвчлан зохицуулах шаардлагатай” гэдгийг дурдав.  Шийдэлтэй уулзалт | Шуудангийн шинэчлэл дугуй ширээний уулзалтад яамны харьяа болон салбар байгууллагын удирдлагууд болон Улсын бүртгэлийн газар, Монгол банк, Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Шуудангийн үйлчилгээ үзүүлэгчдийн нэгдсэн холбоо зэрэг төрийнн хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөл оролцлоо. Аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн зүгээс хаягжилтыг тодорхой болгох, шуудангийн нэгдсэн кодыг нийтийн хүртээл болгох, тээвэр зууч, ханган нийлүүлэлтийн сүлжээ, хяналтын тогтолцоог сайжруулах, гаалийн бүрдүүлэлтийг цахимжуулах зэрэг санал хүсэлтийг гаргав Уулзалтын дараа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс зөвлөмж гарган, хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллах юм.