Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг дэмжих хуулиуд чухал үүрэг гүйцэтгэнэ”

2022.05.10

Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.05.10) Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, тус яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол болон төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцлоо.

Хэлэлцүүлгийг эхэнд УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын хамрах хүрээ, онцлог, давуу талын талаар товч танилцуулав. Тэрбээр, “Цахим шилжилт хийхэд хамгийн гол асуудал болох эрх зүйн орчин бүрэн бүрдлээ. Одоо харин хэрэгжилтэд онцгой анхаарах цаг үе та бүхний өмнө ирж байна. Хуулиуд дагаж мөрдсөнтэй холбогдуулан хэрэгжилтийн үед анхаарах асуудлын талаар ярилцаж нэг ойлголттой болох үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Цахим шилжилтийг хийхэд төрийн байгууллагуудын мэдээллийн технологи хариуцсан албан хаагчид та бүхний хичээл зүтгэл маш их. Хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх учиртай юм. Инновац, цахим бодлогын байнгын хорооноос та бүхнийг үргэлж дэмжин ажиллана” гэж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан: Монгол Улсын их хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг баталсан. Эдгээр хуулиуд батлагдснаар Монгол Улсад цахим шилжилт хийх эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 5 төрлийн 68 мэдээлэл ил болсноор авилгын индекс буурах нөхцөл бүрэн бүрдэнэ. Мөн уг хуулиар зохицуулж байгаа дэмжих системийн нэг болох албан бичиг солилцооны дунд системийг нэвтрүүлснээр бичиг хэрэг болон шууданд зарцуулж байсан 43.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ. Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжилтийг хангахад цахим шилжилтийн багц 5 хууль чухал үүрэгтэй юм. Өнөөдрийн байдлаар “e-mongolia” системээр дамжуулан төрийн 61 байгууллагын 657 үйлчилгээг давхардсан тоогоор 10.8 сая удаа иргэдэд цахимаар хүргэсэн нь иргэдэд 99.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна. Цаашид цахим шилжилтийг Монгол Улс бүрэн хийж чадвал иргэдийн халааснаас гарч буй мөнгө болон төрийн зардлыг хэмнэх боломж бидэнд байна. Энэ нь эргээд манай улсын эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эерэгээр нөлөөлөх үндэслэл болно. Мэдээлэл солилцооны бүртгэлийн систем нэвтэрсэнээр үндсэн систем болох ХУР системээс илгээсэн, хүлээсэн авсан мэдээллийг бүртгэн цахим баримт бичгийн үнэн, зөв бодит байдлыг нотлох нөхцөлийг бүрдүүлж эхэлж байна. Мөн хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол иргэнд мэдэгдэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, хаана, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжууд бүрдэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр, ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат “Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийв.

Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт илтгэгчдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Соёлын яамны мэдээлэл технологийн ажилтан н.Ууганбаяр “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд мэдээлэл хариуцагчтай холбоотой хуулиар зохицуулаагүй харилцааг зохицуулсан журам гарах эсэх, мөн мэдээлэл хариуцагчийг тухайн байгууллага ямар шалгуур үзүүлэлтээр  томилох ёстой вэ” гэсэн асуултад ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хуулийн хүрээнд нарийвчилсан шинжтэй гурван журам батлагдана. Тухайн байгууллага нь үйл ажиллагаандаа эдгээр гурван журмыг харгалзан үзээд дотоод журмыг мөрдөж ажиллах ёстой” хэмээн хариуллаа. Мөн Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий,  аймгаас цахимаар оролцож байгаа оролцогчид өөрсдийн асуултууддаа хариулт авсан юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд  УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал “Цаашид хувийн хэвшлийн төлөөллүүдийн саналыг авч, хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Энэ хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, төсөв мөнгөний асуудлыг 2023 оны төсөвт суулгах асуудлыг онцгой анхаарах нь зохистой гэж үзэж байгаа. Хамгийн чухал асуудал бол хүний нөөцийн ажил. Иймд хүний нөөцийг бэхжүүлж, чадавхижуулах шаардлагатай. Түүнчлэн, төр бие даан бүх ажлыг хийх боломжгүй. Төр өөрөө хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөхгүй байх зарчмыг манай салбарт барих ёстой. Тийм учраас миний зүгээс яам болгон дэргэдээ мэдээллийн технологийн төв байгуулдаг асуудлыг таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бид төрийн хамтын ажиллагаа, эко системийг бүрдүүлэх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

 

Other news

Азийн сангаас хийсэн авлигын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээг цахимжуулна

ҮЙЛ ЯВДАЛ Азийн сангаас хийсэн авлигын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээг цахимжуулна 2022.03.11 Манай улс “Цахим Үндэстэн” болох зорилтынхоо хүрээнд эхний ээлжид төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” – д 60 байгууллагын 639 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд энэ 2022 онд 1200 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Ингэхдээ авлигад хамгийн их өртдөг үйлчилгээг нэн тэргүүнд цахимжуулах юм. Тус асуудлаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй уулзлаа. Уулзалтын үеэр Азийн сангаас сүүлийн 10 жилд хийсэн авилгын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах, нээлттэй өгөгдлийг сайжруулах талаар санал солилцохын зэрэгцээ бүх нийтийн цахим боловсролыг сайжруулахад шаардлагатай  судалгаа хийх, зорилтот бүлэгт тохирсон агуулга боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцов. Азийн сан нь Ази тивийн хөгжиж буй улс орны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой ашгийн бус олон улсын хөгжлийн байгууллага. Тус байгууллага нь сайн засаглал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдал, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон бүс нутаг, олон улсын харилцаа чиглэлд үйл ажиллагаа явуулдаг юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газраас 21 аймгийн засаг даргын тамгын газрын дарга нарт хугацаатай үүрэг өглөө

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох “Шилэн” ажиллагааны хэрэгжилтийг хангах хүрээнд ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газраас 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нартай онлайн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Салбарын Улсын ерөнхий байцаагч С.Ганзориг: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн “Хаалттай”, “Хязгаарлалттай” гэж заасан мэдээллээс бусад олон нийтэд нээлттэй, ил тод болгох шаардлагатай мэдээллийг ил болгож, байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулах талаар чиглэл өгөв. Мэдээллээ үнэлж ирүүлээгүй 12 аймаг, мөн мэдээлэл ирүүлсэн ч хуулийн хэрэгжилтийн шаардлага хангаагүй, мэдээлэл дутуу 9 аймагт хугацаатай үүрэг өгч ажиллалаа. 2023.04.05

Java програмчлалын олимпиад болж аваргууд тодорлоо

Монгол Улсад анх удаа ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч нарын дунд Java программчлалын хэлээр тавдугаар сарын 13-нд олимпиад зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. ЦХХХЯ дэмжин хамтран ажилласан тус олимпиадын багш нарын төрөлд “Nest education” сургуулийн багш Д. Өсөхбаатар тэргүүн байр, “Сант” сургуулийн багш А.Батжаргал дэд байр, “Амжилт кибер” сургуулийн багш Ц.Ганхүү гуравдугаар байрт шалтгарав. Сурагч нарын ангилалд Дархан хотын “Оюуны-Ирээдүй цогцолбор” сургуулийн 12-р ангийн сурагч Б.Төрхүү тэргүүн байр, “Nest education” сургуулийн 11-р ангийн сурагч Х.Онолт дэд байр, “Олонлог EXE” сургуулийн 10-р ангийн сурагч Б.Дөлгөөн гуравдугаар байрт тус тус орсон байна. Мөн 10 тусгай байрыг шалгарууллаа. Энэхүү олимпиад нь улирал бүр мэдээлэл зүйн багш нар болон сурагчид гэсэн ангиллаар болох бөгөөд Java, Javascript, Python, C++ хэлнүүд дээр ээлжлэн явагдах юм. Дараагийн улирлын олимпиад Python хэл дээр болох аж. Цахиурын эринд бүхий л салбар, шинжлэх ухаанд мэдээлэл технологийн суурьтай мэргэжилтнүүдийн эрэлт өсч байна. Монгол Улс дижитал шилжилт бүрэн хийж дуусгахад 30,000 орчим IT-ийн инженер шаардлагатай гэж үздэг. Иймээс MLC Business School нь Болгарын SoftUni Global-тай хамтран 20,000 IT инженер бэлтгэх “20K Программист” хөтөлбөр санаачлан зохион байгуулж байна. Сануулахад, тус олимпиадад нийт 36 ерөнхий боловсролын сургууль оролцсоны 14 нь улсын, 22 нь хувийн сургуулийн сурагчид оролцжээ. Долоогоос наймдугаар ангийн 12 сурагч, есөөс аравдугаар ангийн 16 сурагч, 11-12-р ангийн 37 сурагч тус тус оролцсон байна. Мөн 65 сурагчдаас 11 эмэгтэй сурагч тус олимпиадад оролцжээ.