Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг дэмжих хуулиуд чухал үүрэг гүйцэтгэнэ”

2022.05.10

Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.05.10) Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, тус яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол болон төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцлоо.

Хэлэлцүүлгийг эхэнд УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын хамрах хүрээ, онцлог, давуу талын талаар товч танилцуулав. Тэрбээр, “Цахим шилжилт хийхэд хамгийн гол асуудал болох эрх зүйн орчин бүрэн бүрдлээ. Одоо харин хэрэгжилтэд онцгой анхаарах цаг үе та бүхний өмнө ирж байна. Хуулиуд дагаж мөрдсөнтэй холбогдуулан хэрэгжилтийн үед анхаарах асуудлын талаар ярилцаж нэг ойлголттой болох үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Цахим шилжилтийг хийхэд төрийн байгууллагуудын мэдээллийн технологи хариуцсан албан хаагчид та бүхний хичээл зүтгэл маш их. Хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх учиртай юм. Инновац, цахим бодлогын байнгын хорооноос та бүхнийг үргэлж дэмжин ажиллана” гэж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан: Монгол Улсын их хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг баталсан. Эдгээр хуулиуд батлагдснаар Монгол Улсад цахим шилжилт хийх эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 5 төрлийн 68 мэдээлэл ил болсноор авилгын индекс буурах нөхцөл бүрэн бүрдэнэ. Мөн уг хуулиар зохицуулж байгаа дэмжих системийн нэг болох албан бичиг солилцооны дунд системийг нэвтрүүлснээр бичиг хэрэг болон шууданд зарцуулж байсан 43.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ. Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжилтийг хангахад цахим шилжилтийн багц 5 хууль чухал үүрэгтэй юм. Өнөөдрийн байдлаар “e-mongolia” системээр дамжуулан төрийн 61 байгууллагын 657 үйлчилгээг давхардсан тоогоор 10.8 сая удаа иргэдэд цахимаар хүргэсэн нь иргэдэд 99.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна. Цаашид цахим шилжилтийг Монгол Улс бүрэн хийж чадвал иргэдийн халааснаас гарч буй мөнгө болон төрийн зардлыг хэмнэх боломж бидэнд байна. Энэ нь эргээд манай улсын эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эерэгээр нөлөөлөх үндэслэл болно. Мэдээлэл солилцооны бүртгэлийн систем нэвтэрсэнээр үндсэн систем болох ХУР системээс илгээсэн, хүлээсэн авсан мэдээллийг бүртгэн цахим баримт бичгийн үнэн, зөв бодит байдлыг нотлох нөхцөлийг бүрдүүлж эхэлж байна. Мөн хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол иргэнд мэдэгдэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, хаана, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжууд бүрдэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр, ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат “Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийв.

Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт илтгэгчдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Соёлын яамны мэдээлэл технологийн ажилтан н.Ууганбаяр “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд мэдээлэл хариуцагчтай холбоотой хуулиар зохицуулаагүй харилцааг зохицуулсан журам гарах эсэх, мөн мэдээлэл хариуцагчийг тухайн байгууллага ямар шалгуур үзүүлэлтээр  томилох ёстой вэ” гэсэн асуултад ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хуулийн хүрээнд нарийвчилсан шинжтэй гурван журам батлагдана. Тухайн байгууллага нь үйл ажиллагаандаа эдгээр гурван журмыг харгалзан үзээд дотоод журмыг мөрдөж ажиллах ёстой” хэмээн хариуллаа. Мөн Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий,  аймгаас цахимаар оролцож байгаа оролцогчид өөрсдийн асуултууддаа хариулт авсан юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд  УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал “Цаашид хувийн хэвшлийн төлөөллүүдийн саналыг авч, хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Энэ хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, төсөв мөнгөний асуудлыг 2023 оны төсөвт суулгах асуудлыг онцгой анхаарах нь зохистой гэж үзэж байгаа. Хамгийн чухал асуудал бол хүний нөөцийн ажил. Иймд хүний нөөцийг бэхжүүлж, чадавхижуулах шаардлагатай. Түүнчлэн, төр бие даан бүх ажлыг хийх боломжгүй. Төр өөрөө хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөхгүй байх зарчмыг манай салбарт барих ёстой. Тийм учраас миний зүгээс яам болгон дэргэдээ мэдээллийн технологийн төв байгуулдаг асуудлыг таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бид төрийн хамтын ажиллагаа, эко системийг бүрдүүлэх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

 

Бусад мэдээ

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУЛГАМДСАН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улсын Кибер аюулгүй байдлын тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсанаар кибер орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн суурь орчин бүрдсэн. Тус хуулиар кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцоо, зарчим, эрх зүйн үндсийг тодорхойлж, кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж байна. Хуулийн хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах, бодлого, зохицуулалтыг нэгтгэн хэрэгжүүлэх зорилгоор Кибер аюулгүй байдлын зөвлөл 2023 онд байгуулагдаж, түүний ажлын алба үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Кибер аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа юм. Эдгээр эрх зүйн болон институцийн шинэчлэлийн хүрээнд Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг төрийн байгууллага, холбогдох талуудын төлөөлөл оролцсон уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, кибер аюулгүй байдлын зохицуулалтын олон улсын болон бүс нутгийн чиг хандлага, манай улсад хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар өргөн хүрээнд санал солилцлоо. Мөн чиг үүргийн давхардал, зохицуулалтын тодорхой бус байдал, хэрэгжилтийн явцад тулгамдаж буй бодит асуудлуудыг хөндөн хэлэлцэв. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү үг хэлж, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон бодлогын шинэчлэлтүүд, тэдгээрийн үр дүнг танилцууллаа. Тэрбээр хуулийн хэрэгжилтийн явцад зарим харилцаа эрх зүйн хувьд тодорхой бус, давхардсан, цаашлаад бүрэн зохицуулж чадахгүй байгаа асуудал байгааг онцолж, хиймэл оюун ухаан, үүлэн технологийн үйлчилгээ, хил дамнасан кибер халдлагатай холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулах шаардлага үүсээд байгааг тэмдэглэв. Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас (ITU) 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индекс-ийн судалгаагаар Монгол Улс кибер аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр “Бэхжиж буй” буюу 3 дугаар түвшинд үнэлэгдэж, НҮБ-ын гишүүн 193 орноос 103 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад индексийн оноо 2.1 дахин өсөж, 17 байр урагшилсан эерэг үзүүлэлт боловч кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чадавх, олон улсын хамтын ажиллагааны үзүүлэлт харьцангуй сул буюу Азийн дунджаас доогуур түвшинд байгааг уулзалтаар онцлон дурдлаа. Мөн уулзалтад оролцсон Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл нь хууль, бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоход бодит хувь нэмэр оруулж, Монгол Улсад аюулгүй, найдвартай цахим нийгмийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тодотгов. Уулзалтад нийт 40 гаруй төлөөлөгч оролцож, кибер аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг сайжруулахад тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нээлттэй, ажил хэрэгч санал солилцлоо. Цаашид энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, шаардлагатай эрх зүйн зохицуулалтын санал, зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллагуудад танилцуулахаар болов.

Инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапуудыг дэмжих бодит орчныг бий болгох зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл энэхүү дэмжлэгийг үзүүлэх, шалгуур үзүүлэлт болон журмыг нь гаргах Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал 2024 оны 11 дүгээр сарын 27-нд боллоо. Хурлаар: Ажлын хэсгийн гишүүдийг сонгохдоо мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тухайлан заасан хуулийн этгээд болох шинжлэх ухаан, технологи, санхүү, татвар, жижиг дунд үйлдвэрлэл, инновацын асуудлаар дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын холбогдох мэргэжилтэн, судлаачдыг багтаажээ. Үндэсний зөвлөл нь Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмжих бодит орчныг бий болгох үүрэгтэй юм. Анхдугаар хурлын үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал, Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Золзаяа дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн компаниуддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр тухайн улс орнууд ДНБ-дээ мэдээллийн технологийн салбарын эзлэх хувь хэмжээ, экспорт, хүний нөөцөө хэрхэн нэмэгдүүлж байгаа сайн жишгийг танилцуулж, дотоодын стартап компаниудад энэ төрлийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчны бүрдсэн талаар мэдээлэл өглөө.   ЦХИХХ-ны сайд, Үндэсний зөвлөлийн дэд дарга Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн компаниудад хууль эрх зүйн талаас нь боломжийг нь нээж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Одоо эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж байна.  Үндэсний зөвлөл нь цаашид Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмждэг бодит орчныг бий болгох үүрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү зөвлөл нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргаж, УИХ болон Засгийн газарт танилцуулна. Иймд хүрээгээ зөв тодорхойлж, сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр хийх технологийг шийдлийг нэвтрүүлэх зарчмыг баримтлах шаардлагатай гэдгийг онцоллоо. Түүнчлэн Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн хийсэн. Ebarimt болон E-mongolia-гийг далайд гарцгүй орнууд сонирхож байна. Төрд байгаа эх кодыг экспортлох, олсон орлогыг виртуал бүсэд төвлөрүүлнэ гэдгийг онцлов. Цаашид дижитал эдийн засгийг бий болгох, ДНБ-д мэдээллийн технологийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсаас дэлхийн хэмжээний юникорн “төрүүлэх” суурийг өнөөдөр тавьж байна гэдгийг дурдав. Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дэлхийн улс орнууд өөр өөрсдийн амбицаа зарлаж байна. Тухайлбал, Япон улс 2030 он гэхэд робот техник, хиймэл оюун, IoT, кибер аюулгүй байдал зэрэг салбарууддаа анхаарч, жил бүр дижитал экспортыг 7 их наяд иенд хүргэх зорилт тавьсан бол Австрали улс дижитал худалдааг 30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Харин Казахстан улсын Astana Hub  нь технологийн экспортоо 2025 он гэхэд 500 сая ам.доллар, 2030 он гэхэд 1 тэрбум ам.долларт хүргэх зорилго тодорхойлсон байна. Эдгээр улсууд дээрх зорилгодоо хүрэхийн тулд мэдээллийн технологийн компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна. АСТАНА ХАБ 2027 ОНД АНХНЫ ЮНИКОРН КОМПАНИА ДЭЛХИЙД ГАРГАНА Астана Хаб нь 2018 онд байгуулагдаж, нэг жилийн дотор 35 сая ам.долларын орлогын олж төвлөрүүлсэн байна. Тус улс нь 2023 онд мэдээллийн технологийн экспортоо 80 гаруй хувиар өсгөж, 25,000 ажлын байр шинээр бий болгож,  665 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Астана Хаб 2027 онд анхны юникорн компаниа төрүүлэхээр ажиллаж байна. Тэд өөрсдийнгөө “Технологийн хаб” хэмээн тодорхойлж, олон улсад амбицаа зарлаад байна. УЗБЕКИСТАН УЛС ОЛОН УЛСАД “АУТСОРСИНГ ХАБ” ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ Узбекистан улсын мэдээллийн технологийн экспорт нь 2023 онд 343 сая ам.долларт хүрчээ. Тэд өөрсдийгөө олон улсад “Аутсорсинг хаб” хэмээн тодорхойлсон бөгөөд 2030 он гэхэд 300,000 ажлын байрыг бий болгож, экспортоо 5 тэрбум ам.долларт хүргэх тооцооллыг гаргажээ. МОНГОЛ УЛСЫН ДНБ-Д IT САЛБАРЫН ЭЗЛЭХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ Монгол Улсын хувьд ДНБ-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 3.2 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг бий болгоход дээрх үндэсний зөвлөлийн үүрэг чухалд тооцогдож байна. Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Ажлын албаны даргаар МТҮП-ын захирал Ж.Золзаяа нар ажиллаж байна.

“Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги “- ийн салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгуулав 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй ” Их ,өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги “- ийг  Эрүүл мэнд, Боловсрол Хууль сахиулах , Шүүхийн салбарын хэмжээнд хэлэлцүүлэх салбар дундын хамтарсан хэлэлцүүлэг /2025.07.04/-нд болж байна. Хэлэлцүүлэгт  40 гаруй байгууллагын хиймэл оюун их өгөгдлийн стратегийг салбар бүртээ хэрэгжүүлэх мэргэжилтнүүд  оролцож байна. Энэхүү хэлэлцүүлгийг ЦХИХХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од нээж үг хэлсэн бөгөөд их өгөгдөл, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэн ашиглахад бүх салбарын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн салбарын төлөөллүүд дараах байр суурийг онцоллоо. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од: ЦХИХХЯ, НҮБ-ын дэргэдэх хүүхдийн сантай хамтран энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт 40 гаруй байгууллагын төлөөлөл ирж хиймэл өгөгдөл, их өгөгдлийн чиглэлийг хэрхэн салбартаа ашиглах асуудлыг хөндөж байна. Нэгдүгээр сараас хойш манай улсын хувьд НҮБ-тай хамтран ес дэх удаагийн хэлэлцүүлгийг салбар бүрд амжилттай зохион байгууллаа. Цахим засаглалын индексээр Монгол улс дэлхийд 46 дугаар байранд эрэмбэлэгдэж байгаа нь бүс нутагтаа дээгүүрт эрэмбэлэгдэж байна. Хиймэл оюун ухаан, их өгөгдлийг нэвтрүүлснээр авлигал буурах, төрийн хүнд суртлыг үгүй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэхэд эерэг үзүүлэлтүүдийг бий болгох хүлээлт байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Яан Му: НҮБ-ын хүүхдийн сангийн хувьд Монгол Улсын засгийн газраас  баталсан үндэсний хиймэл оюуны стратегийг хэрэгжүүлэхэд маш ойрхон, уялдаа холбоотой ажиллах болно. Тэр дундаа цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд хүүхэд, залуусын эрхийг хангахад анхаарах болно. БЯ-ны  Цахим боловсролын газрын дарга Т.Бат-Эрдэнэ: Боловсролын салбарт есөн төрлөөр хиймэл оюун ухааныг ашиглаж болох юм байна гэх судалгааг гаргасан. Үүнд багшийн туслах буюу сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах, байгууллагын үйл ажиллагаанд, заах арга зүйд ашиглах, сурагчдад туслах, боловсролын салбарт ашиглагдаж буй дүрэм журмуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдэж авах гэх мэтчилэн ашиглахаар төлөвлөж байна. Боловсролын салбар сүүлийн гурван жилийн хугацаанд суурь дэд бүтэц болон багшийн ур чадварыг сайжруулах, сургалтын хөтөлбөрүүд дээр төвлөрч ажилласан. Энэ жилээс шинэ стратеги төлөвлөгөөнүүдийг боловсруулж, засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулж хиймэл оюун ухааны системийг оруулж ирсэн. ЦХИХХЯ өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж хэрэгжүүлсэн AI stratage арга хэмжээнд зөвлөмж өгч байгаа. Мөн боловсролын яам сургалтын орчинд хиймэл оюун ухааныг ашигласан бүтээл, баримт бичгийг хэрхэн зөв ашиглах зөвлөмжийг боловсруулж нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Үүнтэй холбоотойгоор багш нарын хувьд 9 сарын 1-нээс өмнө заавар, зөвлөмжүүдийг авахаар төлөвлөж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Баттөр: Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааныг ашиглахад хоёр асуудал тулгарч байна. Нэгдүгээрт хиймэл оюун ухаан,  хоёрдугаарт дата мэдээлэл буюу өгөгдлөө цуглуулах асуудал тулгарч байна. Эрүүл мэндийн салбарт гурван үндсэн зарчим байдаг. Тэдгээр зарчмууд нь бидний тэргүүлэх чиглэл гэж явдаг. Өгөгдөл, мэдээллүүдийг цуглуулж явах, тэдгээр мэдээлэлд анализ, дүгнэлт хийх, үүний дараагаар шийдвэр гаргалтдаа тэдгээр мэдээллүүдийг ашиглах ёстой. Хиймэл оюун ухааны хувьд бид хязгаарлагдмал байгаа. Технологийн тусламжтайгаар хиймэл оюун ухааныг ашиглах асуудал тулгардаг. Бидэнд мэдээллүүд байгаа ч цаг алдалгүй шийдвэр гаргах хэрэгтэй байна.