Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ - 2022” цахим форум 9 сарын 5-6-ны өдрүүдэд болно

2022.08.29

Монгол Улсын санаачилгаар боловсролын салбарын шинчлэлийг хурдасгах, хүнсний тогтвортой тогтолцоог бий болгох, хүртээмжтэй эдийн засгийг тэтгэж, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зэрэгт томоохон түлхэц өгч буй дижитал шилжилтийн талаар улс орнуудын туршлага солилцох яриа хэлэлцээг эхлүүлэхээр Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран 2022 оны 09 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурлыг цахимаар анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус хуралд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, гишүүн улс орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцох бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан дижитал шилжилтийн стратегийг дэлхийн улс орнууд хэрхэн хэрэгжүүлж, тулгарч буй бэрхшээл сорилтыг хэрхэн даван туулж буй талаар өөр хоорондоо туршлага солилцох бөгөөд Монгол Улсын хувьд НҮБ-ийн гишүүн бусад улс орнуудад өөрсдийн туршлагаа хуваалцах юм.

“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” нь дэлхийн болон бүс нутгийн түвшний хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд 2023 онд болох “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт”-аар эцэслэн батлагдах “Дэлхийн дижитал гэрээ хэлэлцээний талаарх зөвлөлдөх уулзалт”-ад дижитал ирээдүйн хамтын зарчмуудыг бий болгох зорилготой юм. Энэхүү уулзалтаар цахим засаглал, цахим хуваагдал, цахим ялгаварлан гадуурхалт, өгөгдөл хамгаалах, хиймэл оюун ухааны зохицуулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Тус олон улсын цахим хуралд Бангладеш, Эстони, Энэтхэг, Шинэ Зеланд, Австрали зэрэг олон улсын удирдагчид, бодлого боловсруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид, хувийн хэвшлийнхэн зэрэг өндөр түвшний илтгэгч, шинжээч, мэргэжилтнүүд оролцоно.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тэмдэглэснээр, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд асар их боломж төдийгүй шинэ эрсдэл дагуулж буй технологийн эрин үе ирж байна. Энэхүү “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” нь бидний хүсч буй ирээдүйн талаарх үндсэн асуултуудыг хөндөж, шийдэлд урам зориг өгөх, дижитал өөрчлөлтийн үед бид хүүхдүүддээ ямар ертөнц үлдээх гэж байгааг тодорхойлох зорилготой юм.

Энэхүү олон улсын цахим хуралд оролцож, олон нийтэд уг хурлын талаар мэдээлэл хүргэхийг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлж оролцох боломжтой. Хурал англи, монгол хэл дээр болох уг хурал 9 сарын 5-ны өдөр Улаанбаатарын цагаар 15 цагт эхэлнэ.

Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/3B1jU6G

Холбоо барих:

ЦХХХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн  Б. Уранзаяа

uranzaya@mddc.gov.mn

Утас: 91190988

НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д. Соёлмаа

Soyolmaa.dolgor@un.org

Утас: 94111220

Other news

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ МАТИЛДА ДИМОВСКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран уулзалтад байлцав. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаа”-гаа илэрхийлээд “Монгол Улс хиймэл оюунд суурилсан ногоон дата төвийг байгуулах хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн шинэчлэл хийхэд онцгой анхаарч байна. Энэ талаар COP17 арга хэмжээнээс өмнө тодорхой шийдэлд хүрч, олон улсад танилцуулна” хэмээн тодотгов. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбар тэр дундаа хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах чиглэлээр  нягт хамтран ажиллаж ирснийг Суурин төлөөлөгч Матилда Димовска онцолсон. Уулзалтын үеэр мөн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан Хиймэл оюуны үндэсний стратегийг сайжруулах ажил, цахим орчин дахь хүүхэд залуусын дээрэлхэлтийн судалгаа, цахим ур чадвар, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийн чиглэлээр хэрэгжүүлсэн DEMOSC төслийн үр дүн, цахим орчин дахь дээрэлхэлтийн эсрэг эхлүүлсэн “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян болон Цахим орчин дахь хүүхдийн хэрэглээг зохицуулах хуулийн төсөл зэрэг сэдвээр ажил хэрэгч яриа өрнүүлж, санал солилцлоо.

Харилцаа холбооны салбарын 100 жил: Монгол Улсад телевиз үүсч хөгжсөн түүх

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбооны салбарын 100 жил: Монгол Улсад телевиз үүсч хөгжсөн түүх 2021.02.01 МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо 1956 оны 10 дугаар сард хуралдахдаа “Радио холбоог 1957-1970 онуудад хөгжүүлэх хэтийн төлөлвлөгөө”-г зохиож, түүндээ зурагт радио байгуулах тухай асуудлыг тусгахыг даалгажээ. Тус хэтийн төлөвлөгөөний дагуу ЗХУ-ын зураг төслийн институт 1964 онд Улаанбаатар хотноо зурагт радио байгуулахаар төвийн зураг төслийг хийсэн байна. Улмаар БНМАУ-ыг 1966-1970 онд хөгжүүлэх дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд “ЗХУ-аас үзүүлэх техник эдийн засгийн тусламжийн тухай” гэрээнд зурагт радиог ЗХУ-ын тусламжаар байгуулах асуудал шийдвэрлэгдэв. 1966 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зурагт радиогийн төв байгуулах суурийг Гандангийн дэнж дээр хийж, тухайн үеийн манай улсын нам төрийн бүх удирдлагууд оролцож, 180 м өндөр цамхагийн сууринд АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу хадаг, цай, мөнгөн ембүүг монгол заншил ёсоор байрлуулж байв. БНМАУ-ын СнЗ-ийн 1967 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 204 дүгээр “Зурагт радиогийн туршилтын нэвтрүүлэг явуулах тухай” тогтоолоор Улаанбаатар хотын зурагт радиогийн ашиглалтыг Холбооны яаманд хариуцуулж, тухайн үеийн “Улсын радио төв”-ийг “Радио, зурагт радиогийн төв” болгон өргөтгөж байгуулахаар тогтжээ. Мөн тогтоолд заасны дагуу Ардын хувьсгалын 46 жилийн ойг тохиолдуулан туршилтын нэвтрүүлгийг 1967 оны 6 дугаар сарын 15- ний өдрөөс хийж эхэлсэн бөгөөд улмаар 1967 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн захирамжаар Холбооны сайд Д.Готовоор ахлуулсан улсын комиссыг байгуулж, хүлээн авчээ. Ийнхүү манай улсын анхны зурагт радиогийн төвийн албан ёсны нээлт 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр болж, энэ өдрийг “Телевиз байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. Тус төвиийг нээх цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр Нарийн Бичгийн Дарга Б.Алтангэрэл нээж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга Ц.Дүгэрсүрэн дэлгэрэнгүй үг хэлж, удирдагч Ю.Цэдэнбал тууз хайчлан нээж байжээ. Тус төвийг 1967 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн АИХ-ын зарлигаар “Октябрийн хувьсгалын 50 жилийн ой”-н нэрэмжит болгож байв. Холбооны яамны харъяанд байсан “Радио, зурагт радиогийн төв”-ийн нэрийг СнЗ-ийн 1970 оны 378 дугаар тогтоолоор “зурагт радио” гэдэг үгийг “телевиз” гэж нэрлэх болсонтой холбогдуулан “Радио телевизийн техникийн төв” болгон өөрчлөн нэрлэхээр болсон байна. Тус техникийн төвийн бүтэц нь аппарат –студийн блок /АСБ/, аппарат программын блок /АПБ/, төв аппарат /ЦА/,аппарат-студийн иж бүрдэл /АСК/, явуулын станц /ПТС/, телевизийн дамжуулах станц /УКВ/ -ээс тус тус бүрдэж байжээ. Радио телевизийн техникийн төвийн анхны дарга Ц.Мятав “Миний мэдэх радио” номондоо “…УКВ станцыг цех гэдэг байсан бөгөөд түүний харъяанд цамхаг, антенн, фидер, нэвтрүүлэгч хамрагдаж байсан бөгөөд анхны Якорь-5/1,5 маркийн нэвтрүүлэгч нь зурагт радиогийн дүрсийг 5кВт-ын, дууг 1,5 кВ-таар  дамжуулах хүчин чадалтай, мөн хэт богино долгионы хоёр радио нэвтрүүлэгч байдаг байсан бөгөөд Улаанбаатар хотод ФМ  хүлээн авагч байхгүй шалтгаанаар ажиллуулалгүй байсаар бараг 3 жилийн дараа их хэрэгцээтэй станц болсон юм. Ленинградын дамжаанд сурсан Р.Энхжаргал, С.Сосор, М.Галсан, С.Чулуунхүү, И.Ичинхорлоо, Ч.Дарьсүрэн нар анхны УКВ-ын  ИТА  бөгөөд  даргаар С.Чимэддорж, Б.Мягмар нар  ажиллаж  байсан  юм.  Якорь  станцын  чадал  нь  хотын  дүүргүүдэд хангалттай, Налайх 40 км, Тэрэлж  60 км,  Батсүмбэр  90 км, ноён уулын  орой 140-160 км  газар  явж  шалгахад  дуу дүрс сайн байсан юм…” гэж дурсан бичжээ. Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Зөвшөөрлийг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Үйлчилгээ эрхлэгч иргэдэд дарамт учруулдаг, зардал чирэгдэл болдог байдлыг халж аливаа зөвшөөрлийг хуулийн хүрээнд цахим хэлбэрээр олгох технологийн болон хууль эрхзүйн орчин бүрдүүлэх нь хүнд суртлыг халах, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. Өнөөдөр /2023.08.29/ ЦХХХЯ-нд зохион байгуулагдсан сайдын шуурхай хуралд хэлэлцэгдсэн онцлох асуудал нь Зөвшөөрлийг цахимаар олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай байлаа. Зөвшөөрлийн нэгдсэн сан байгуулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 15, Барилга, хот байгуулалтын яамны 6, Батлан хамгаалах яамны 11, Боловсрол, шинжлэх ухааны яамны 26, Зам, тээврийн хөгжлийн яамны 26, Иргэний нисэхийн ерөнхий газрын 5, Монголбанкны 58, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 81, Соёлын яамны 1, Харилцаа холбооны зохицуулах хорооны 14, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 1, Хууль зүй, дотоод хэргийн яамны 5, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 20, Эрчим хүчний зохицуулах хорооны 55, Эрчим хүчний яамны 6, Санхүүгийн зохицуулах хорооны 67 төрлийн зөвшөөрлийг нийт 20,316 зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд олгосон мэдээллийг www.license.mn цахим хуудаст бүртгэн оруулсан байна. Мөн бүрэн цахим хэлбэрт шилжсэн Сангийн яамнаас олгох 7, Гаалийн ерөнхий газраас олгох 9, УУХҮЯ-наас олгох 10, нийт 26 тусгай зөвшөөрлийг цахим системээр дамжуулж хүсэлт гарган авах боломжтой бол “И-Монгол”, “И-Бизнес” системээр дамжуулан 5 тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр тус тус олгож байна. Зөвшөөрлийг цахим хэлбэрээр шийдвэрлэх талаар ЦХХХЯ тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн зөвшөөрөл тус бүрээр судалгаа хийхэд нийт 249 тусгай зөвшөөрлөөс 21 тусгай зөвшөөрлийг цахимжуулах боломжгүй бөгөөд бусад зөвшөөрлийг цахимжуулах ажлыг “И-Монгол академи” УТҮГ, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-тай хамтран нэвтрүүлэхээр холбогдох ажлыг зохион байгуулж байна.