Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Харилцаа холбооны салбарын 100 жил: Монгол Улсад телевиз үүсч хөгжсөн түүх

2021.02.01

МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо 1956 оны 10 дугаар сард хуралдахдаа “Радио холбоог 1957-1970 онуудад хөгжүүлэх хэтийн төлөлвлөгөө”-г зохиож, түүндээ зурагт радио байгуулах тухай асуудлыг тусгахыг даалгажээ. Тус хэтийн төлөвлөгөөний дагуу ЗХУ-ын зураг төслийн институт 1964 онд Улаанбаатар хотноо зурагт радио байгуулахаар төвийн зураг төслийг хийсэн байна. Улмаар БНМАУ-ыг 1966-1970 онд хөгжүүлэх дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд “ЗХУ-аас үзүүлэх техник эдийн засгийн тусламжийн тухай” гэрээнд зурагт радиог ЗХУ-ын тусламжаар байгуулах асуудал шийдвэрлэгдэв. 1966 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зурагт радиогийн төв байгуулах суурийг Гандангийн дэнж дээр хийж, тухайн үеийн манай улсын нам төрийн бүх удирдлагууд оролцож, 180 м өндөр цамхагийн сууринд АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу хадаг, цай, мөнгөн ембүүг монгол заншил ёсоор байрлуулж байв. БНМАУ-ын СнЗ-ийн 1967 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 204 дүгээр “Зурагт радиогийн туршилтын нэвтрүүлэг явуулах тухай” тогтоолоор Улаанбаатар хотын зурагт радиогийн ашиглалтыг Холбооны яаманд хариуцуулж, тухайн үеийн “Улсын радио төв”-ийг “Радио, зурагт радиогийн төв” болгон өргөтгөж байгуулахаар тогтжээ. Мөн тогтоолд заасны дагуу Ардын хувьсгалын 46 жилийн ойг тохиолдуулан туршилтын нэвтрүүлгийг 1967 оны 6 дугаар сарын 15- ний өдрөөс хийж эхэлсэн бөгөөд улмаар 1967 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн захирамжаар Холбооны сайд Д.Готовоор ахлуулсан улсын комиссыг байгуулж, хүлээн авчээ. Ийнхүү манай улсын анхны зурагт радиогийн төвийн албан ёсны нээлт 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр болж, энэ өдрийг “Телевиз байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. Тус төвиийг нээх цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр Нарийн Бичгийн Дарга Б.Алтангэрэл нээж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга Ц.Дүгэрсүрэн дэлгэрэнгүй үг хэлж, удирдагч Ю.Цэдэнбал тууз хайчлан нээж байжээ. Тус төвийг 1967 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн АИХ-ын зарлигаар “Октябрийн хувьсгалын 50 жилийн ой”-н нэрэмжит болгож байв. Холбооны яамны харъяанд байсан “Радио, зурагт радиогийн төв”-ийн нэрийг СнЗ-ийн 1970 оны 378 дугаар тогтоолоор “зурагт радио” гэдэг үгийг “телевиз” гэж нэрлэх болсонтой холбогдуулан “Радио телевизийн техникийн төв” болгон өөрчлөн нэрлэхээр болсон байна. Тус техникийн төвийн бүтэц нь аппарат –студийн блок /АСБ/, аппарат программын блок /АПБ/, төв аппарат /ЦА/,аппарат-студийн иж бүрдэл /АСК/, явуулын станц /ПТС/, телевизийн дамжуулах станц /УКВ/ -ээс тус тус бүрдэж байжээ.

Радио телевизийн техникийн төвийн анхны дарга Ц.Мятав “Миний мэдэх радио” номондоо “…УКВ станцыг цех гэдэг байсан бөгөөд түүний харъяанд цамхаг, антенн, фидер, нэвтрүүлэгч хамрагдаж байсан бөгөөд анхны Якорь-5/1,5 маркийн нэвтрүүлэгч нь зурагт радиогийн дүрсийг 5кВт-ын, дууг 1,5 кВ-таар  дамжуулах хүчин чадалтай, мөн хэт богино долгионы хоёр радио нэвтрүүлэгч байдаг байсан бөгөөд Улаанбаатар хотод ФМ  хүлээн авагч байхгүй шалтгаанаар ажиллуулалгүй байсаар бараг 3 жилийн дараа их хэрэгцээтэй станц болсон юм. Ленинградын дамжаанд сурсан Р.Энхжаргал, С.Сосор, М.Галсан, С.Чулуунхүү, И.Ичинхорлоо, Ч.Дарьсүрэн нар анхны УКВ-ын  ИТА  бөгөөд  даргаар С.Чимэддорж, Б.Мягмар нар  ажиллаж  байсан  юм.  Якорь  станцын  чадал  нь  хотын  дүүргүүдэд хангалттай, Налайх 40 км, Тэрэлж  60 км,  Батсүмбэр  90 км, ноён уулын  орой 140-160 км  газар  явж  шалгахад  дуу дүрс сайн байсан юм…” гэж дурсан бичжээ.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Other news

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт өнөөдөр (2023.10.09) ажиллаж байна. Энэ хүрээнд тус аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын газрын дарга М.Отгонбат нартай уулзаж, санал солилцлоо. Төв аймаг нь Цахим аймаг хөтөлбөрийн хүрээнд иргэдэд бүх төрлийн мэдээ, мэдээлэл өгөх, санал хүсэлт, өргөдөл гомдол авах “Дижитал -Төв аймаг” аппликейшныг энэ ондоо багтаан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн тус аймгийн 18 сумдын 21 чиглэлийг хамарсан 1046,8 км шилэн кабельтай бөгөөд гурван сум шилэн кабельд холбогдоогүй аж. Мөн “Цахим Төв аймаг” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч цаашид уг хөтөлбөрийг боловсронгуй болгох хүрээнд цахим дэд бүтцийг бий болгон мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулахаар ажиллаж буй талаар аймгийн удирдлагууд мэдээлэв. Тус аймаг нь засаг захиргааны хувьд Монгол Улсын хамгийн олон сумтай аймаг буюу 27 сум, 97 багтай, 94 мянган хүн амтай. Аймгийн эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй бөгөөд 5.1 сая толгой малтай, газар тариалангийн 306.8 мянган га эргэлтийн талбайтай гэдгээрээ онцлогтой.

“Инновац, сансрын технологийн бизнес түншлэл-2024” арга хэмжээ болж байна

Япон-Монголын инновац, сансрын теxнологи, бизнесийн түншлэлийг дэмжиx, төр, хувийн хэвшлийн тогтвортой харилцаа, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэx зорилготой “Инновац, сансрын технологийн бизнес түншлэл-2024” арга хэмжээ өнөөдөр (2024.08.21) зохион байгуулагдаж байна. Арга хэмжээнд Япон Улсын гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), сансрын судалгааны агентлаг (JAXA) болон Нийслэлийн бизнес, инновац, хөгжлийн газар, Цахим шилжилтийг дэмжиx холбоо (DX Mongolia), Япон улсын тандан судалгааны хиймэл дагуулын консорциумын (CONSEO), Монгол-Японы төв зэрэг 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, илтгэл танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэхүү түншлэлийн уулзалт нь Монгол Улсын инновацын одоогийн нөхцөл байдал, хоёр улсын инновац, сансрын технологийн чиглэлээр туршлага солилцох, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ санаачилга, шинэ технологийг нэвтрүүлэх, цаашдын хамтын ажиллагааны хүрээг тэлэх чухал ач холбогдолтой юм.

“Кибер тусгаар тогтнол форум” 2025 амжилттай зохион байгуулагдлаа

Кибер аюулгүй байдлын зөвлөл, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал болон Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүд хамтран “Хиймэл оюун — кибер аюулгүй байдал” сэдвийн хүрээнд Кибер тусгаар тогтнол форум–2025-ыг гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Форумын нээлтэд ЦХИХХ-ны сайд, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Э.Батшугар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал С.Ганбямба нар хүндэт зочноор оролцож, кибер орчин дахь эрсдэл, хиймэл оюуны хурдацтай хөгжил, тэдгээрийн үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаар онцлон дурдав. Тэд мөн форумын оролцогчдод хандан үг хэлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэлээ. Тус форумд Төрийн байгууллага, хувийн хэвшил, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ болон мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд, онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагуудын төлөөлөл болох 280 гаруй мэргэжилтэн, албан хаагчид оролцлоо Хиймэл оюуны хөгжилтэй зэрэгцэн бий болох шинэ төрлийн эрсдэл, сорилтыг тодорхойлох, үндэсний кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой энэхүү арга хэмжээ нь салбарын мэргэжилтнүүдийн үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.