Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдлаа

2022.01.06

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Төрийн захиргааны удирдлагын газар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байна.

Other news

Цахим эдийн засгийг эрчимжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такачийг өнөөдөр (2024.10.21) хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд хамтарсан Засгийн газар хөгжил дэвшлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хоёр нь цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбартай хамааралтай ажлууд бий. Мөн их өгөгдөл, хиймэл оюун ухааны хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг онцлов. Мөн Үндэсний танилт нэвтрэлтийн ДАН системийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк холбогдох зөвлөмжийг гаргаж өгсөнд талархаж байна. Төрийн байгууллагууд ХУР, ДАН системийг ашиглан төрийн үйлчилгээг иргэн аж ахуйн нэгжид саадгүй хүргэх, мэдээлэл солилцох, цаасан суурьтай бичиг баримтыг хэрэглээнээс халах чиглэлээр зорилт тавин ажиллаж байна. Засгийн газрын 100 хоногт дроны зориулалтын туршилтын бүсийг байгуулахаар ажиллаж буйг дуулгав. Ирэх дөрвөн жилд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Цахим эдийн засаг”-ийг бүтээх, тоон гарын үсгийн хэрэглээг иргэдийн дунд хэвшил болгох үүднээс “Esign Client” программыг хөгжүүлэх төсөл дээр хамтран ажиллах саналаа илэрхийллээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач хэлэхдээ Монгол Улсад цахим эдийн засгийг эрчимжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломжуудыг тодорхойлох чиглэлд зөвлөх үйлчилгээ үзүүлж, техникийн туслалцааны хоёрдугаар үе шатыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа онцлов. Тус банк нь дэлхийд технологиор тэргүүлэгч орнуудын сайн туршлагыг бусад улс оронд нутагшуулах чиглэлд анхаарч ажилладаг. Энэ хүрээнд Монгол Улстай дата төв байгуулах, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монголын стартап компаниудыг дэмжих хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах чиглэлд цаашид хамтран ажиллах хүсэлтэй буйгаа онцлов.

Цахим шилжилтийг эрчимжүүлэхэд Шүүхийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо чухал

ҮЙЛ ЯВДАЛ Цахим шилжилтийг эрчимжүүлэхэд Шүүхийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо чухал 2022.11.23 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах нийтлэг журам” -д заасан шаардлагад нийцүүлэн “Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ын төслийг боловсруулахад олон нийтийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн, Ажлын хэсгийн гишүүдээс боловсруулсан бодлогын баримт бичгийн төслийн агуулга, бүтэц, зорилго, зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшнийг танилцуулж, оролцогч бодлогод холбогдох байгуулагуудаас төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, салбарын цахимжилтын үйл явцын талаар мэдээлэл хүргэн, мэдээллийн технологийн салбарын компаниуд тус бодлогыг хэрэгжүүлэх дэвшилтэд цахим технологийн шийдлүүдийг танилцуулж мэдээлэл солилцлоо. Уг хэлэлцүүлэгт ЦХХХ-ны сайд Н.Учралын илгээлтийг Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр танилцуулсан илтгэлдээ: Цахим шилжилтийн технологийн боломжийг үндэсний хэмжээнд хангах хамгийн том ажил нь Төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia юм. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг бэхжүүлсэн бөгөөд энэ хуулийн хэрэгжилтийг хангахад шүүхийн байгууллага нь чухал үүрэг гүйцэтгэж, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж байгаа сайн жишээ болж байна. Тухайлбал shuukh.mn дээр Иргэний, Эрүүгийн, Захиргааны хэргийн анхан шатны, давж заалтах шатны болон хяналтын шатны журмаар шйидвэрлэгдсэн хэрэг маргааны тоо мэдээ, шийдвэрийг байршуулсан байна. Шийдвэрийг нийтлэхдээ хувь хүнийг тодорхойлох боломжгүй байдлаар тусгасан нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн хэрэгжилтийн бас нэг сайн жишээ болсныг дурдлаа. Мөн ЦХХХЯ судалгаа хийж Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 430 орчим хуулиас хайлт хийхэд “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэсэн агуулга бүхий үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг илэрч, “бичгээр” гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг хамааруулж, цахим хэлбэртэй байх зохицуулалтыг орхигдуулсан байгааг өөрчлөх асуудал үзэл баримтлалын түвшинд яригдаж байна. Ингэснээр хууль хоорондын нийцлийг хангах ажлууд хийгдэж, төрийн байгууллагууд цахим хэлбэрээр үйлчилгээг үзүүлэх боломж нэмэгдэж, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлэх нөхцөлийг сайжруулна гэж үзэж байна хэмээгээд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд шүүхийн захиргааны байгууллагын үүрэг оролцоо улам бүр нэмэгдэж, шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд ЦХХХЯ-ны зүгээс хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.   Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хууль зүй дотоод хэргийн яам болон хууль сахиулах, бүх шатны шүүх, прокурорын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, ОУ-ын байгууллага, мэдээлэл технологийн компаниуд зэрэг нийт 50 орчим байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, санал, зөвлөмж хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ./2022.11.23/ Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монгол Улсын “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги” батлагдлаа

Кибер орчинд төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах энэхүү стратеги нь дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд: -Кибер аюулгүй байдлыг хангах зохицуулалтын орчинг сайжруулан нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх -Онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хамгаалах -Кибер аюулгүй байдлын уян хатан байдлыг сайжруулж, халдлагад хариу үйлдэл үзүүлэх чадамжийг бүрдүүлэх -Бүх нийтийн кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх -Гадаад болон дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг хэрэгжүүлснээр Монгол Улсын кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлагад хариу үйлдэл үзүүлэх, таслан зогсоох, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо бэхжиж, кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагаа өргөжин, кибер орчинд төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532522757001