Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдлаа

2022.01.06

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Төрийн захиргааны удирдлагын газар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байна.

Бусад мэдээ

Э.Батшугар: Дижитал эрин, хиймэл оюун ухааны талбарт  бидний өрсөлдөх давуу тал бол  Монгол  залуус

“Монголын эдийн засгийн форум 2025” энэ сарын 8-9-ний өдрүүдэд Төрийн ордонд “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор зохин байгуулагдлаа. 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Монголын эдийн засгийн форум 2025”-д  “ДИЖИТАЛ ЭРИН: ХИЙМЭЛ ОЮУН БА ДАТА ДЭД БҮТЭЦ” хэлэлцүүлэгт ЦХИХХ-ны Э.Батшугар сайд панелистаар оролцохдоо дараах байр суурийг илэрхийллээ. ЦХИХХ-ны Э.Батшугар сайд: Засгийн газар  “Digital first” гэсэн уриа дор “ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРХЭМЛЭГЧ” ЗАСГИЙН ГАЗАР байна. Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт бидний зорилт хэмээн тодорхойлсон. ЦХИХХЯ  бодлогын гол хэрэгжүүлэгч болон ажиллах юм. Дижитал эрин, хиймэл оюуны талбарт  Монгол Улсын өрсөлдөх давуу тал бол  Монгол  залуус.  Учир нь залуус технологийг маш хурдтай эзэмшиж чаддаг, фейсбүүк хэрэглэгчид 2,2 сая, 4 сая гаруй ухаалаг утас байна. Монгол улсын төлбөр тооцооны 97 хувь нь бэлэн бусаар явж байна. Энэ нь манай залуусыг хийж бүтээх хүсэлтэй байгааг харуулж байна. Манай улсад улс төрийн дэмжлэг байна. Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатар  маш тодорхой “Digital first” гэж хэлсэн. Үүнийг нутагшуулах, амьдралд хэрэгжүүлэх нь бидний асуудал болчихсон. Энэ хүрээнд хамгийн энгийн жишээ дурдахад 24 цагийн дотор гар утсаараа компани бүртгүүлэх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж өгсөн ч хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Мөн төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцдог байх асуудал хэрэгжээд явж байна. Эдгээр бүх асуудлууд засгийн газрын 100 хоногийн хүрээнд ажил болгож төлөвлөгдөөд явж байна. Тэгэхээр намар гэхэд тодорхой үр дүнгүүд гарах болно. Манай улсын хувьд шинэ технологийг хүлээж аваад хэрэгжүүлэхдээ маш хурдан байдаг. Жишээ нь 5G технологи гурван жилийн өмнө мөрөөдөл байсан бол өнөөдөр хэрэгжчихсэн явж байна. Кибер аюулгүй байдлын тухай хууль,  хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль батлагдсан. Монгол улсад долоо хоногт дунджаар 80,000-120,000 халдлага ирдэг. Үүнтэй зэрэгцээд илрүүлж чадахгүй халдлага хэр их байна гэдэг дээ ажиллаж байна. Тэгэхээр хууль эрх зүйн тал дээр нэмэлт өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэйг харуулж байгаа юм. -Монгол Улсын хамгийн том зорилго бол Үндэсний хиймэл дагуултай болох. Засгийн газрын  14 Мега төслүүдийн нэг болж УИХ-аар батлагдсан.  Монгол улс Франц улсын “Талес Алениа Спейс” компанитай гэрээ хийгээд явж байна. НҮБ-аас Монгол улсад хиймэл дагуулын зурвасын зөвшөөрөл өгсөн. Энэ зурвастаа Үндэсний хиймэл дагуулаа хөөргөхөөр хоёр улсын засгийн газар  хэлэлцээр хийж богино хугацаанд Үндэсний хиймэл  дагуултай болохоор ажиллаж байна. Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болсноор дотоодын сансрын холбооны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангаж, бие даасан мэдээлэл харилцааны сувагтай болох юм.  Түүнчлэн бие даасан хараат бус үндэсний сүлжээтэй болох нь үндэсний аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлнэ. Мөн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал шийдэгдэж, алслагдсан газар болон шилэн кабелийн сүлжээ хүрэх боломжгүй бүс нутгийг өндөр хурдны интернэтээр хангаж, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд цахим шилжилтийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм байна. Засгийн газрын гишүүний болон хувь хүнийхээ зүгээс нэг зүйлд итгэлтэй байдаг юм. Төр хувийн хэвшилтэй төсвийн мөнгөөр өрсөлдөж болохгүй, энэ бол шударга бус өрсөлдөөн болно. Ийм учраас төр, хувийн хэвшлийн түншлэл маш чухал юм. Кибер аюулгүй байдал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийг чухалчилж, дэмжиж явах болно. -Хиймэл оюун ухааныг хөгжүүлэн  ашиглаж эхэлснээр эдийн засгийн бүтээмж нэмэгдэж шинэ ажлын байрууд гарч эхэлнэ. Цаашлаад Монгол Улсын компаниуд дэлхийн зах зээл дээр өрсөлдөнө.  Шинээр ажлын байрууд гарч ирнэ. Кибер аюулгүй  байдлын мэргэжилтэн,системийн шинжээч гэх мэтчилэн. Жишээ нь “Е-Mongolia”-г бид сайн мэднэ. 1263 үйлчилгээг цахимжуулсан. 1,5 их наяд төгрөгийг хэмнэсэн.  Бид Хиймэл оюун ухааныг аюул гэхээсээ илүү боломж гэж харах нь зөв юм. “Монголын эдийн засгийн форум 2025”-д хүрэлцэн ирсэн олон улсын төлөөлөгчдөд бид бодолго шийдлээ танилцууллаа. • Монгол Улсад хиймэл оюун, дата дэд бүтцийн хөгжлийн өнөөгийн байдал, бодлогын орчныг үнэлэх  • Дэлхийн чиг хандлагад болон газар зүйн байршилт нийцсэн хөгжлийн гарц, шийдлийг тодорхойлох  • Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үе шатанд олон талт оролцогчдын үүргийг тодорхойлох  • Бодлогын хэрэгжилтэд шаардлагатай хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл хүний нөөцийн асуудлыг хөндөх  • Тодорхой санал, үр дүн гаргах замаар 2030 он хүртэлх чиглэлийг дэвшүүлэх юм.

Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ

–Дэлхий дахинд 3.4 сая кибер аюулгүй байдлын мэргэжилтэн шаардлагатай– Тусгаар тогтнол хэмээх ойлголт зөвхөн дархан хил, дайн тулаан, газрын зургаар хэмжигддэг цаг ард хоцорчээ. Дэлхийн улс орнууд техник технологийн дэвшлийг дагаад кибер орон зайд улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг сахин хамгаалах шинэ сорилттой нүүр тулав. Энэхүү сорилтын шийдлийг хэлэлцэхээр “Кибер тусгаар тогтнол” форумыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Орчин цагт кибер аюулгүй байдал, дижитал хөгжил нь нэг зоосны хоёр тал. Өнөөдөр кибер аюулгүй байдлыг хангахад техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна. Тиймээс Оксфорд, Жайка зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран мэргэжлийн хүмүүсийг бэлдэж эхэлсэн. Кибер аюулгүй байдлын түвшнээр Монгол Улс хууль эрхзүйн орчноо тодорхой болгосон. Хамгийн сүүлд эрсдэлийн үнэлгээ хийлгэх журмаа ч баталсан. Энэ мэтээр төсөв, улс төр, хууль эрхзүйн шийдлийг гаргасан. Одоо эрсдэлийн үнэлгээ хийдэг эрх бүхий байгууллага, кибер аюулгүй байдлын аудит хийдэг байгууллагуудын үйл ажиллагааг хэвшүүлэх, онц дэд бүтэцтэй байгууллагуудын мэдээллийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих асуудал бий. 2022 онд гаргасан Засгийн газрын 207 дугаар тогтоолд  нэмэлт өөрчлөлт оруулаад явж байна. Төсөвт мэдээллийн технологийн зардлыг 2026 оноос ерөнхий бус задалж оруулахаар болсон. Ингээд ирэхээр Кибер аюулгүй байдалд хандах соёл төлөвшинө. Эрсдэлийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээ бэлдэх, халдлагад өртсөн байгууллагыг оношилж, харилцан мэдээлэл солилцох соёл бий болно. Хиймэл оюунд суурилсан халдлага эрчимжихийн хэрээр хиймэл оюунд суурилсан хамгаалалтын програм хөгжиж байна” хэмээн ярилаа. 2014 онд дэлхийн нийт хүн амын 37,4 хувь интернэт хэрэглэгч байсан бол 2024 онд 10 сард 66,2 хувьд хүрчээ. (5.35 тэрбум хүн) интернэт хэрэглэгч болжээ. Үүнээс 63,8 хувь нь сошиал медиа хэрэглэгч байна. Гэвч технологийн хувьслыг дагаад хиймэл оюун дээр суурилсан кибер халдлага 2028 он гэхэд 64.4 тэрбум $ хохирол дэлхийн эдийн засагт учруулах аж. 2023 оны судалгаагаар дэлхий дахинд 3,4 сая кибер аюулгүй байдлын мэргэжилтэн шаардлагатай байна. Үүнээс 2,7 сая нь Ази, Номхон далайн бүс нутгуудад байна. ТЕГ-ын МАБГ-ын дарга, Хурандаа Ц.Хүрэлбаатар “Мэдээлэл технологийн хөгжлийг хиймэл оюун түүчээлж байна. Кибер орон зай, аюулгүй байдалд Ази номхон далайн бүс нутагт рансомвэйр халдлага түгээмэл байна. Ингэхээд батлан хамгаалах, гадаад харилцаа, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага руу чиглэж байна. Мөн геополитикийн нөхцөлөөс шалтгаалж кибер халдлага эрчимжиж буй. Майкрософтын статистикаа харахад өдөр тутамд 600 сая халдлагыг хамгаалж байгаагаа илэрхийлжээ. Кибер халдлага олон улсад тогтворгүй нөхцөл байдал үүсгэх зорилгоор нийлүүлэлтийн сүлжээ рүү довтолж байна” хэмээн онцоллоо. Геополитик зөрчилдөөнтэй холбоотой кибер халдлагаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хохирол 2021 онд 6 их наяд ам.долларыг давжээ. Ялангуяа, Оросын довтолгооны үеэр 2022 онд Украйн 4500 гаруй кибер халдлагад өртөж, эдийн засгийн хохирол 1 тэрбум ам.долларт хүрсэн гэж тооцогдож байна (ITU). Кибер аюулгүй байдлын индексийн Техникийн чадамж үзүүлэлтээр Арабын Нэгдсэн Эмират Улс 20 оноотой, Монгол Улс 6,64 оноотой аж. “Кибер аюулгүй байдлын тусгаар тогтнол” форумыг ЦХИХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөл, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ-өөс санаачлан, жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд үндсэн чиглэлд туссан хууль тогтоомжийн төслийг боловсруулах, захиргааны хэм хэмжээний актын тоог 2 дахин бууруулах, эрх олгосон заалтын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байна.  Тухайлбал, ЦХИХХ-ны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор ХЗДХ-ийн сайдтай хамтарсан үзэл баримтлалын төсөл боловсруулжээ.  Харилцаа холбооны тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу, шинэчлэл хийх үү гэдэг асуудал бий. Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 онд хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгасны дагуу Харилцаа холбоо болон Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд хэрэгжилтийн үр дагаварт 2023 онд, Шуудан болон Радио долгионы тухай хуульд хэрэгжилтийн үр дагаварт 2024 онд тус тус үнэлгээ хийжээ.  Тухайлбал, Харилцаа холбооны тухай хууль нь 1996 онд батлагдаж, үүнээс хойш 20 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулав. Тиймээс орчин үеийн технологийн үсрэнгүй хөгжилтэй зэрэгцүүлэн тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын оронд шинэчлэн найруулах саналтай байгаагаа салбарын хуульчид дурдав.  Харин Сансрын тухай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа эсэхэд урьдчилан тандан судалгаа хийжээ. Мөн нисэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-ын тухай хуулийн төсөл ч боловсруулсан.  Эдгээр нь анхдагч хуулийн төслүүд юм. Түүнчлэн 2024 онд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсан. Улмаар виртуал бүсэд бүртгэлтэй мэдээллийн технологийн компанид татварын болон татварын бус дэмжлэг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр дараах ажлууд хийгджээ.  Мэдээлэл, технологийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх бодлого, анхдагч хуулийн төсөл, тулгамдаж буй бусад асуудлаар салбарын хуульч, мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал хүсэлтийг ийнхүү сонслоо. Уг хэлэлцүүлэгт ЦХИХХ-ны Сайдын зөвлөх М.Тулгат, Д.Нарантуяа, ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар, ХХБЗГ-ын дарга Д.Баясгалан, СБТГ-ын дарга Ш.Батзаяат, ХХ-ийн дарга Л.Нямдорж тус яамны холбогдох албан хаагчид болон харьяа, салбар байгууллага, ХХЗХ, үүрэн холбооны оператор болон мэдээллийн технологийн компаниудын хуулийн нэгжийн албан хаагчид оролцлоо. ЦХИХХЯ байгуулагдсанаас хойш Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Тоон гарын үсгийн тухай хууль батлагдсан. Гэхдээ дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан хурдтайгаар хөгжиж буй энэ үед хууль хоорондын уялдаа, шинэ технологийг даган гарах хуулийн хэрэгцээ шаардлага бий. Тиймээс ЦХИХХЯ-наас салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч ажиллаж байна.