Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Олон улсын компьютерийн гэрчилгээ олгох ICDL шалгалтад оролцохыг урьж байна

2021.06.04

“Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2020-2024, “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого 2017-2025” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тавьсан зорилтын хүрээнд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох мэргэжлийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх, бүх нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран тодорхой ажлуудыг хийж байна. Эдгээр ажлуудын нэг нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын шалгалтыг эх орондоо зохион байгуулах ажил юм. Тодруулбал, Харилцаа холбоо, мэдээллийн технологи газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Япон улсын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын төв /JITEC/ зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд Азийн орнуудад зохион байгуулдаг Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ыг Монгол улсад зохион байгуулах эрхийг анх 2006 онд авч байсан. Түүнээс хойш өнөөг хүртэлх 15 жилийн хугацаанд 30 удаагийн шалгалтыг зохион байгуулжээ. Уг шалгалтад нийт 2577 шалгуулагч хамрагдсанаас 258 шалгуулагч амжилттай дүн үзүүлж Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг гардан аваад байна. Энэхүү шалгалт нь мэдээллийн технологийн ур чадварын стандартад үндэслэн мэргэжилтнүүдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшнийг нэгдсэн загварт оруулан тодорхойлж, ур чадварын үнэлгээг бий болгох, улмаар тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой бөгөөд 4 түвшний 12 төрөлтэй байдаг. Шалгалтыг тогтсон хуваарийн дагуу жилд хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн шалгалтыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улсын онцгой комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, нэг танхимд 10-аас илүүгүй шалгуулагч хамруулан зохион байгууллаа. Мөн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олон улсын томоохон шалгалтын нэг болох ТОПСИТ шалгалтыг БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институцтай хамтран зохион байгуулав. Энэхүү шалгалтын систем нь мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчид болон программ хангамж хөгжүүлэгчдийн ажлын талбарт шаардлагатай программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практик ур чадварыг үнэлэх зорилготой гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт юм. Тэгвэл ТИШ болон ТОПСИТ шалгалтуудад хамрагдаж амжаагүй шалгуулагчдадаа зориулан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олон улсын 3 дахь шалгалт болох Олон улсын компьютерын гэрчилгээ олгох /ICDL/ шалгалтыг Мэдээллийн технологийн үндэсний парк дээр зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг үе шаттайгаар ханган ажиллаж байна. Тус шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан, хэрэглэгчдийн компьютерын хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт бөгөөд мэргэжил хамаарахгүйгээр оффисын ажилтан, албан хаагчид бүгд оролцох боломжтой юм. Иймд энэхүү Олон улсын компьютерын гэрчилгээ олгох /ICDL/ шалгалтад төрийн байгууллагын ажилтнууд болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Other news

Монгол Улсын Харилцаа холбоог хөгжүүлэх ерөнхий схем – төлөвлөгөө ба мастер төлөвлөгөөний тухай

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсын Харилцаа холбоог хөгжүүлэх ерөнхий схем – төлөвлөгөө ба мастер төлөвлөгөөний тухай 2021.02.03 Монгол Улсын Харилцаа холбооны салбарыг урт хугацаагаар 10-15 жилээр хэтийн төлөвлөлт хийх асуудал анх 1957 оноос хөгжлийн шаардлагаар тавигдаж, улмаар 2020 оны өндөрлөгт хүртэлх 60 жилийн хөгжлийн хэтийн төлөвлөлтийг ЗХУ болон барууны орны тусламж, мэргэжилтнүүдтэй манай улсын инженерүүд хамтран ажиллаж, таван удаа хийж, хэрэгжүүлж байв. ЗХУ-ын тусламжтайгаар тус улсын Холбооны яамны зураг төслийн институт “Гипросвязь”-тай хамтран манай улсын Холбооны яам 1960-1970 он хүртэл болон 1970-1990 он хүртэл хоёр үеийг хамарсан ерөнхий схем –төлөвлөгөөг социализмын бүтээн байгуулалтын ид үед гүйцэтгэж хэрэгжүүлжээ. 1957 – 2003 оны хооронд буюу хоёр өөр нийгмийн байгуулалтын үед хийгдсэн хөгжлийн хэтийн төлөвийн таван баримт бичиг нь Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний хөгжлийг буухиалан дамжиж ирсэн нь өнөөдрийн хөгжлийн үндэс суурь нь болж байна. Эдгээр ерөнхий болон мастер төлөвлөгөөг өөр хооронд нь салгаж үзэх боломжгүй бөгөөд нэг нэгнээ цагийн урсгал даган дэмжиж хөгжүүлсээр өнөөдрийн Монголын мэдээлэл, харилцаа холбооны нэгдмэл сүлжээг бий болгож, аналогоос тоон систем рүү улмаар интернэт Ай-Пи “сансарын” орчин руу шилжиж буй үе, үеийн инженерийн философийн урсгал билээ. Анхны ерөнхий схем – төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсэн нь /1957 -1970 он/ Холбооны сайд асан М.Чимэддорж “Дурсамж бодол” номондоо “… Томоохон барилга байгууламжийн хөрөнгө шийдэгдэж, хайгуул, зураг төсөл зохиохоос эхлээд барилга барьж, тоног төхөөрөмж захиалан авч тавьж, ашиглалтанд оруулах хүртэлх ажлын үе шатыг таван жилд багтаахад зарим үед бэрхшээлтэй байсан учир холбооны нэгдсэн сүлжээг шинэчлэхийн тулд харилцаа холбоог 15-20 жилд хөгжүүлэх ерөнхий схем – төлөвлөгөөтэй болгох шаардлагатай байлаа. “…Ерөнхий схем – төлөвлөгөө нь манай улс ардын аж ахуйн дотроос анхных” байж сайд өөрөө удирдан боловсруулсан байна. Улс ардын аж ахуйг 1958-1960 онд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөний жилүүдэд холбооны хөгжил байршлын анхны ерөнхий схемийг боловсруулах ажлыг Монголын холбооны анхны инженер, Холбооны сайд М.Чимиддорж гуайн удирдлагаар зөвлөлтийн мэргэжилтэн нар боловсруулжээ. Ерөнхий схемийн төлөвлөгөөний гол агуулга нь Радио нэвтрүүлэх станц, зурагт радио төв болон Цахилгаан холбоо, Шуудан, Холбооны төв барилга гэсэн бүлэг төслүүд байв. Эдгээр төслүүдийн зураг төслийг хийхэд ЗХУ–ын Холбооны яамны Холбооны зураг төслийн институт /ГПИ/-ын ерөнхий инженер А.А.Сычев тэргүүтэй мэргэжилтний хэсэг гүйцэтгэжээ. Тус улсын харилцаа холбоог 15-20 жилд хөгжүүлэх Ерөнхий схем –төлөвлөгөөг нь холбоог хөгжүүлэх талаар хийх гол ажлын техникийн нөхцөл, гүйцэтгэх дэс дарааг тогтоож, шаардагдах хөрөнгө, хүн хүчний хэрэгцээг тооцоолж чадсан гэж үзээд 1957 онд МАХН-ын ТХ-ны УТТ-ны хурлаар сайшаан баталсан байна. И.Норовжав сайд “…Анхны ерөнхий схемийг боловсруулах ажлыг Монголын холбооны анхны инженер, Холбооны сайдаар 1960 -1963 онуудад ажилласан М.Чимиддорж гуайн удирдлагаар Зөвлөлтийн мэргэжилтний оролцоотойгоор боловсруулсан юм гэж бичжээ. Холбооны төв барилга энэ төлөвлөгөөний дагуу баригдаж, нээлтийг 1960 оны 12 дугаар сарын 3-нд хийв. Энэ барилга нь одоогийн Монгол Шуудан компани, Мэдээлэл, холбооны сүлжээ компани, Монголын Цахилгаан холбоо компани, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар байрлаж буй төв барилга бөгөөд “…Холбооны төв барилгын ашиглалтанд орж байгаа техникийн хэсэг нь 4 давхар нийтдээ 5190 хавтгай дөрвөлжин метр талбайтай 132 тасалгаа бүхий 30 гаруй мянган шоо метр багтаамжтай …” ашиглалтанд орсноос хойш 60 жил болж Радио нэвтрүүлэх станц барьж ашиглалтанд оруулах ажилд анхны инженерүүдийн нэг Ц.Мятав болон төв барилгад холбооны тоног төхөөрөмж суурилуулах ажилд инженерээр төгсөж ирсэн Д.Гарам-Очир, С.Борхүү, Ц.Санжаажамц нар ажилласан байна. Тэдний удирдлагын дор туршлагатай техникчид С.Батдаваа, Л.Гаанжуур, С.Пүрэвсамбуу, Ж.Гомбогив, Х.Гонгор, Ж.Даваадорж, Э.Жамсрандорж, Л.Дэлгэр-очир, Ж.Алтангэрэл, Д.Хасбандан нарын зэрэг “алтан гарт” холбоочид ажилласан байна. БНМАУ-ын харилцаа холбоог хөгжүүлэх анхны ерөнхий схем нь 1957 онд боловсруулагдаж, дээрх том төслүүд хэрэгжсэн бөгөөд 1970-аад оны эх гэхэд тодорхойлсон зорилтууд нь үндсэндээ бүрэн хэрэгжсэн байлаа. Үүнд: Хонхорын радио нэвтрүүлэх төв, Нарангийн хүлээн авах станц, Улаанбаатар хотын зурагт радио станцын төв болон ЗХУ-ын телевизийг “Молния” хиймэл дагуулаас хүлээн авах “Орбит” станц, Холбооны төв барилга зэрэг том төслүүд амжилттай гүйцэтгэж дууссан байна. Энэ схем нь Монгол Улсын холбоог 1957-1970 он хүртэл хөгжүүлэх үндэс нь болж, бодож төлөвлөсөн зүйлүүд нь бүгд биелэгдсэн нь сайд асан М.Чимэддорж гуайн инженерийн ур чадвар, удирдах арга барилын шууд үр дүн байжээ. М.Чимиддорж нь Холбооны яамны ерөнхий инженер, нэгдүгээр орлогч сайдаар /1953-1957онд /ажиллаж байгаад Тээвэр холбооны яамны нэгдүгээр орлогч /1957-1960 онд /, мөн сайд /1960-1962 онд/ байсан, 1951 онд Москва хотын Цахилгаан холбооны институтад радио инженер мэргэжлээр төгссөн. Л.Дамжинжав нь БНМАУ-ын Холбооны сайдаар /1953-1957 онд/, Тээвэр холбооны сайдаар /1957 -1960 онд/ ажиллаж байсан, радиотехникч, төмөр замын инженер- эдийн засагч мэргэжилтэй, улс төрийн дээд боловсролтой. Харилцаа холбооны анхны ерөнхий схем – төлөвлөгөө зохион байгуулах ажлыг дэмжиж зохион байгуулсан байна. Энэ ерөнхий схем-төлөвлөгөөний хүрээнд бүх аймгийн төвийн холбооны байрыг 2-3 давхар болгох, нэг загварын зураг төсөл гаргаж хэрэгжүүлж эхэлжээ. Төлөвлөгөөнд шийдвэрлэгдэж, баригдсан барилга байгууламж, дэд бүтэц нь 60 жилийн дараа ч гэсэн аналог сүлжээгээр дамжин тоон технологи болон Ай-Пи технологийн хөгжлийн үндэс суурь нь болж ашиглагдаж байгаа нь алс хэтийг бүр 60 жилийг харж төлөвлөсөн нь төслийн удирдагч, сайд асан М.Чимиддорж гуайн инженерийн философийн бүтээлч сэтгэлгээ юм. БНМАУ-ын Харилцаа холбооны хөгжил, байршлын ерөнхий схем /1970-1990/ М.Чимиддорж сайд асан номондоо “…Тус улсын эдийн засаг, соёлын хөгжлийг дагаж, ард түмний амьдралд харилцаа холбооны үйлчилгээ өргөн нэвтэрсээр байв. Улсын төлөвлөгөөний комисс, Шинжлэх ухааны академи хамтран Монгол Улсын шийдвэрлэх хүчнийг хөгжүүлэн байршуулах 10-15 жилийн ерөнхий төлөвлөгөөг 1970-аад онд гаргаж, түүний хүрээнд харилцаа холбоог 1970-1990 онд хөгжүүлэн байршуулах хоёр дахь ерөнхий схемийн төлөвлөгөө гарсан билээ. Хоёр дахь ерөнхий схем – төлөвлөгөөг боловсруулахад Зөвлөлтийн холбооны “Гипросвязь” институт оролцсон гэж тэмдэглэжээ. 1970 -1972 онд тус улсын харилцаа холбоог 1976-1990 онд хөгжүүлэх “БНМАУ-ын Харилцаа холбооны хөгжил, байршлын ерөнхий схем”-ийг тэр үеийн ЗХУ-ын Холбооны яамны НИИР, ЦНИИС, ГСПИ-ээр /ахлагч нь доктор Исакова Анна Александровна/ хийлгэсэн нь холбооны салбарын цаашдын хөгжлийг эрчимжүүлэх, туйлын оновчтой зөв шийдэл бүхий техникийн бодлогыг явуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 1990 он гэхэд энэ ерөнхий схемд тавьсан зорилтууд нь үндсэндээ бүрэн хэрэгжсэн юм гэж тэмдэгсэн байна. Уг ерөнхий схемийн техникийн даалгавар боловсруулах Монголын талын ажлын хэсгийн ахлагчаар Д.Гарам-очир, гишүүдэд яамны Л.Лантуу, Д.Цэвэлмаа, И.Норовжав, Р.Дэчинлхүндэв, Л.Нацагдорж, н.Найдансүрэн, Д.Дашцэрэн, Л.Бадарч, Б.Алтангэрэл нарын санал санаачлага чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Энэхүү төлөвлөгөөний үзэл санаа нь БНМАУ-ын Харилцаа холбооны нэгдсэн сүлжээ болох агаарын зэс шугамыг радио релей, тэгш хэмт кабель, сансрын системүүдийн аль ашигтай хувилбараар солих, өргөн уудам нутгийг бүхэлд нь радиожуулах, үндэсний телевизийн нэвтрүүлгийг сум, орон нутагт хүргэх, бүх сумыг телефон холбоогоор хангах, хөдөө орон нутаг малчдыг холбоожуулах, шуудангийн үйлчилгээгээр хангахад чиглэгдсэн байлаа. Д.Готов сайд асан “Амьдралын зам”

6G-ээр секундэд 20 гаруй кино татна

Эрдэмтэд “Утасгүй мэдээлэл дамжуулах хурдны шинэ дээд амжилтыг секундэд 938 гигабайт” хэмээн тогтоолоо. Энэхүү хурд нь 30 гигабайт багтаамжтай 4К киног ердөө 0.26 секундэд татаж авах боломжтой. 150 ГГц хүртэлх радио давтамжийг ашиглах боломжийг олгодог радио болон оптик технологийг хослуулснаар ирээдүйд 7-24 ГГц, 90-300 ГГц гэх мэт өндөр давтамжийн зурвасуудыг ашиглан илүү хурдан 6G сүлжээг үүсгэнэ. Радио дохио үүсгэхийн тулд гэрлийг ашигладаг миллиметр долгионы фотониктэй өндөр хурдны электрон төхөөрөмжийг нэгтгэнэ. Ингэснээр эрдэмтэд өмнөх утасгүй системээс тав дахин их зурвасыг бий болгох юм. Энэхүү технологи нь сүлжээний түгжрэлийг бууруулснаар шоу тоглолт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд утасгүй холболтыг дээд хурдаар ашиглана. Дээрх технологийг одоогоор лабораторид туршиж байгаа бөгөөд ойрын таван жилийн дотор уг технологийг арилжааны төхөөрөмжид нэгтгэхийг зорьж байна. Мөн арилжааны зориулалттай загвар бүтээхээр төлөвлөжээ. Эх сурвалж: Technology innovation

Цахим хөгжлийн асуудал хариуцсан сайд нар “Digital Almaty 2023” форумд оролцлоо

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Astana hub” технологийн паркийн 2023.02.02-04-ний өдрүүдэд зохион байгуулсан “Digital Almaty 2023” форумд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хүндэт зочны хувиар уригдан оролцлоо. Форумд ЕЭАЗХ-ны гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн болон Цахим хөгжлийн асуудал хариуцсан сайд нар оролцож, технологийн үзэсгэлэн үзэж танилцаж, улс бүрийн технологийн салбар дахь амжилт, ололт, туршлагын талаар илтгэлүүдийг дугуй ширээний уулзалтаар танилцуулсан юм. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инноваци, агаар-сансарын үйлдвэрлэлийн сайд Багдат Мусин, технологийн салбарын хөрөнгө оруулагч, Freedom Finance компанийн захирал Тимур Турлов нартай уулзаж Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах боломж, бололцооны талаар харилцан ярилцсан бөгөөд дараагийн шатны уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар ярилцаж тохирлоо. Түүнчлэн Алматы хотын түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдол өгч буй скүүтер түрээсийн компаниудын тэргүүлэгч “Jet” компаний захирал Серик Успановтай уулзаж, тус компанийн хөрөнгө оруулалт татсан туршлага, технологийг Монголд нэвтрүүлэх, цаг агаарын ижил нөхцөлтэй Астана хотод хэрэгжүүлсэн туршлага, үр дүнгийн талаар ярилцаж, технологийн дэвшлийг ашиглаж түгжрэлийг бууруулах талаар холбогдох байгууллагатай холбож дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.